| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0844/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/76 |
| Огноо | 2023-01-10 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/76
2023 01 10 2023/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Б.Энэрэл,
Шүүгдэгч **, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.**д холбогдох ** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ** оны * дүгээр сарын **-ны ** төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, **туслах ажилтнаар ажилладаг, ам бүл *, эхнэрийн хамт ** дүүргийн ** дугаар хороо, * Тоотод оршин суух бүртгэлтэй, урьд: ** шүүхийн ** оны ** сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ** дугаар зүйлийн 1**т зааснаар 2 жилийн хугацаагаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргий эрүүгийн хэргийн анхан шатны * дүгээр шүүхийн 2015 оны * сарын *-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, ** /регистрийн дугаар: *****/.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Шүүгдэгч Б.** нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, * хотхоны орчимд хохирогч * харилцан тохиролцсон хэлцэл, итгэлцлийн хүрээнд захиран зарцуулах эрхгүйгээр итгэмжлэн үлдээж хариуцуулсан гар утас, шилтэй архи зэргийг завшсан болох нь :
- хохирогч *..2022.**-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо *** хороолол хавьцаа очихоор такси барьж, саарал өнгийн приус 20 маркийн автомашинд суусан бөгөөд машинд явж байтал миний утас цэнэггүй болчихоор нь таксины жолооч ахаас цэнэглэгч байна уу гэж асуухад тэр “ах байна” гээд цэнэглэгч гаргаж ирээд миний ай фоне 11 про макс гар утсыг аваад машиндаа цэнэглэсэн. Тэгээд явж байгаад дэлгүүрээс аяга аваад цааш явах байсан бөгөөд ** хотхоны дэлгүүрээс аягаа авахаар гадаа нь зогссон, би жолооч ахад “ахаа би дэлгүүр орчхоод гараад ирье” гэж хэлээд дэлгүүр орчихоод аягаа аваад гараад иртэл миний сууж ирсэн такси хөдлөөд явчихсан байсан, тэр хавиар хайсан боловч байгаагүй...камерын бичлэг шүүж үзтэл тэр таксины жолооч хөдлөөд явчихаж байгаа бичлэг байсан. Би тэр такинд замдаа явж байхдаа ахаас цэнэглэгч асуугаад гар утсаа цэнэглэсэн байсан ба тэр ах намайг гар утсаа цэнэглэж үлдээснийг мэдэж байсан, ингээд цагдаагийн байгууллагад хандсан...Би дэргэд нь гар утсаа тэр ахаар цэнэглүүлж оролдож байгаад үлдээгээд буусан, тэр ах миний гар утсаа үлдээснийг мэдэж байсан...Миний гар утас нь Ай фоне 11 про макс загварын ногоон өнгөтэй, цагаан өнгийн кейстэй, дэлгэцийн доод хэсэгтээ цууралттай, 64гб багтаамжтай гар утас байсан. 2019 онд Солонгос улсаас 3.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан...Мөн 0.75 литрийн Соёрхол нэртэй задлаагүй шинээрээ архи байсан ба тэр архийг дэлгүүрээс 20.000 төгрөгөөр авсан үнээр үнэлнэ.../хавтаст хэргийн 7-8 дахь тал/...Би гар утсаа тахилтаас гарахдаа л цэнэглүүлсэн, миний гар утас огт унтраагүй. Дэлгүүр дээр буухад голын хайрцаг дээр цэнэглээтэйгээ л байсан...Яг нүдэн дээр нь би гар утсаа цэнэглэгчээс нь салгаагүй үлдээсэн...Камерын бичлэгт намайг ороход л бараг хөдлөөд явж байгаа бичлэг байгаа. Тийм болохоор санаатай авч явсан гэж бодож байна. Би гар утсаа цэнэглээд нэлээн хэдэн хувьтай болчихсон байсан. Гарч ирээд хартал такси байхгүй болохоор нь гудамжид явж байсан үл таних хүний утаснаас өөрийнхөө дугаар луу залгаад аваагүй, 2 дахь удаа залгахад салгачихсан. Дараа нь таксины жолоочоос буцааж утсаа авахад 5, 10 хувь цэнэгтэй байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн: СХД **дугаар хороо ** хотхоны 32 а байрны гадна хяналтын камерын бичлэгт ертөнцийн зүгээр урд талаас мөнгөлөг саарал өнгийн улсын дугаар тодорхой харагдах боломжгүй, Тоёота Приус 20 маркийн автомашин 2022 оны* үгээр сарын **-ны өдрийн 18 цаг 26 минут 08 секундэд дэлгүүрийн ойролцоо ирж байгааг харуулав...18 цаг 26 минут 30 секундэд хохирогч нь тухайн автомашинаас бууж дэлгүүр орохоор явж байгааг харуулав...2022 оны ** дүгээр сарын **-ны өдрийн 18 цаг 27 минут 55 секундэд тухайн автомашин зам дээрээс хөдөлж ертөнцийн зүгээр хойш чиглэлтэй явж байгааг улаан өнгийн сумаар зааж харуулав. 2022 оны * дүгээр сарын **-ны өдрийн 18 цаг 28 минут 46 секундэд хохирогч нь дэлгүүрээс гарч ирэхэд таксидаж ирсэн гэх тухайн тээврийн хэрэгсэл байхгүй байгааг харуулав /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,
- гэрч **...Би он сар өдрийг нь сайн санахгүй байна, ямар байсан 2022 оны * дүгээр сард ажилдаа ирэхдээ ** ах надад унтарчихсан Iphone маркийн гар утас харуулсан бөгөөд ** ах энэ утсыг согтуу хүн миний машинд үлдээчихсэн, би таксинд явж байсан бөгөөд буугаад ирэхгүй болохоор нь явчихсан юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ийм маркийн гар утаснууд ашигладаггүй, асаавал асаачих, хүн нь залгаад авна биз дээ гэж хэлтэл тийм үү гэж хэлээд л өөрөө авсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дахь тал/,
- гэрч **... Манай нөхөр таксинд явдаггүй бөгөөд тухайн өдөр цагийг нь сайн санахгүй байна би таксинд явна гэж хэлээд гэрээсээ гарсан. Манай нөхөр тухайн өдөр ямар нэг гар утас надад харуулаагүй. Гэхдээ гэртээ ирээд согтуу хүн гар утсаа машинд үлдээсэн байна гэж хэлж байсан. Тухайн өдөр үнээ тугалаад би ажил ихтэй байсан учир **тай тэр талаар асууж тодруулаагүй, мөн би ч тухайн утсыг нь хараагүй. Тухайн өдөр манай 1 үнээ тугалах гээд бүтэх гээд байхаар нь нөхөр **г би залгаж дуудсан, гэхдээ цагийг нь санахгүй байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/,
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны үнэлгээ: Айфоне 11 про макс маркийн гар утас хэрэглэж байсан 1.600.000 төгрөг, Соёрхол нэртэй 0.75 литрийн архи шинэ 20.000 төгрөг нийт 1.620.000 төгрөг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
- шүүгдэгч Б.**гийн...Би 2022 оны * дүгээр сарын **-ны өдөр өөрийн эзэмшлийн ** улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээрээ такси үйлчилгээнд явсан. Ингээд 18 цаг орчим *-н ** дугаар хороо ** огтууруулах ундаа хэрэглэсэн 20 гаран насны эрэгтэй миний хажуу суудал дээр суугаад * орно гэж хэлээд байсан. Ингээд 1 шил Соёрхол нэртэй архи барьчихсан байсан, замдаа явж байгаад тухайн залуу “миний гар утсыг цэнэглээд өгөөч, унтарчихлаа” гээд гар утас өгөхөөр нь би урд салоны голд цэнэглэж өгсөн. Тэгээд * автобусны буудал дээр ирэхэд тухайн залуу “Би энд буухгүй, дэлгүүр ороод аяга аваад гараад ирье” гэж хэлээд орчихсон...Тахилтаас гараад * ороод дээшэ ** хороолол гарахад арав гаран мянган төгрөгийн тооцоо гарсан. Уг тооцоогоо аваагүй, үхэр тугалах гээд яараад явчихсан...Хөдлөөд явсныхаа дараа харахад гар утас нь байсан бөгөөд яарч байсан учир буцаж очиж чадаагүй...Би тэгээд утсыг нь оролдоогүй, машинд 2 хоносон. Эзэнд нь хүлээлгэж өгөхөд унтарчихсан байсан. Би хохирогчид гар утас болон машинд үлдээсэн 1 шил архийг буцаагаад хүлээлгээд өгчихсөн.../хавтаст хэргийн 59-60/...Би ** модны захад ** гэх хүний туслах ажилтнаар ажилладаг ба тухайн утсыг 2022.04.16-ны өдөр “ энэ утсыг хүн машинд орхичихсон юм” гэж хэлээд үзүүлтэл ашиглагдах боломжгүй утас байна гэж хэлсэн, гар утас унтарчихсан байсан.../хавтаст хэргийн 85/...Миний бие эхнэр ** хэдэн цаг хэдэн минутад залгасан талаарх цаг хугацааг санахгүй байна...Хурдан ир гэхээр нь таксины мөнгөө аваагүй шууд гэр лүүгээ явсан. Маргааш ажлын хүнээс таксинд суусан хүн юмаа үлдээсэн яах уу гэж асуусан, буцааж өг гэхээр би холбогдож чадахгүй байж байтал цагдаагаас дуудахаар нь цагдаа дээр ирж, гар утас болон архийг нь буцааж өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 127 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2.2. Тус шүүгдэгчийн үйлдсэн “хөрөнгө завших” гэмт хэргийн субьектив болон обьектив шинж хангагдсан, тус хэргийн зүйлчлэл зөв болох нь дараах үндэслэл, нотлох баримттай байна.
2.2.1. Шүүгдэгч Б.** нь харилцан эрх, үүрэг хүлээсэн хэлцэл, итгэлцлийн хүрээнд захиран зарцуулах эрхгүйгээр хохирогчийн эд хөрөнгийг түр итгэмжлэн хариуцсан атлаа өөрийн өмч мэт ашиглаж, захиран зарцуулах бодит боломжийг гэм буруугийн санаатай хэлбэр, идэвхтэй үйлдлээр бүрдүүлсэн буюу завшсан болох нь тогтоогдсон.
Тодруулбал, шүүгдэгч Б.** такси үйлчилгээ үзүүлэх, хохирогч * такси үйлчилгээ авах талаар тэд харилцан итгэлцэж эрх, үүрэг хүлээсэн буюу хэлцэл хийгдсэн байх ба тухайн үйлчилгээг авах явцдаа 8 нь гар утсаа автомашины цэнэглэгчид холбуулсан төдийгүй очих ёстой газраа хүргүүлэхээс өмнө зам дагуух дэлгүүрээс “аяга” авахаар түр зогсолт хийхийг хүсэхэд Б.** хүлээн зөвшөөрсөн улмаар энэ үед * автомашины цэнэглэгчид холбуулсан өөрийн гар утас, авч явсан шилтэй архи зэргийг харилцан зөвшилцсөн “такси үйлчилгээ”-ний итгэлцлийн үндсэн дээр түр үлдээсэн буюу итгэмжлэн хариуцуулсан байх боловч * аяга авахаар дэлгүүр рүү ормогц Б.** нь хохирогчийн итгэмжлэн үлдээсэн буюу хариуцуулсан тухайн эд хөрөнгийг хууль бусаар авч яван өөрийн өмч мэт ашиглаж, захиран зарцуулах боломжийг бүрэн бүрдүүлсэн гэмт үйлдэл хийсэн болох нь :
- хохирогч * удаа дараа эх сурвалжаа зааж, тогтвортойгоор өгсөн мэдүүлэг /хх-65/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-17/,
- гэрч *...2022 оны * дүгээр сард ажилдаа ирэхдээ ** ах надад унтарчихсан Iphone маркийн гар утас харуулсан, ингэхдээ утсыг согтуу хүн миний машинд үлдээчихсэн, би таксинд явж байсан ба буугаад ирэхгүй болохоор нь явчихсан гэж хэлсэн...Би ийм маркийн гар утаснууд ашигладаггүй, асаавал асаачих, хүн нь залгаад авна биз гэж хэлтэл тийм үү гээд утсаа өөрөө авсан...гэх мэдүүлэг /хх-86/,
- гэрч *...Манай нөхөр тэр өдөр таксинд явсан, гэртээ ирээд ямар нэг гар утас надад харуулаагүй, гэхдээ согтуу хүн гар утсаа машинд үлдээсэн байна гэж хэлж байсан...Тухайн өдөр үнээ тугалаад би ажил ихтэй байсан учир тэр талаар асууж тодруулаагүй...гэх мэдүүлэг /хх-89/,
- шүүгдэгч Б.**гийн...Тэр өдөр өөрийн эзэмшлийн * улсын дугаартай Приус * маркийн тээврийн хэрэгслээрээ такси үйлчилгээнд явсан. Ингээд 18 цаг орчим * хороо * эцсээс согтууруулах ундаа хэрэглэсэн 20 гаран насны эрэгтэй миний хажуу суудал дээр * но гэж хэлээд байсан. Ингээд 1 шил Соёрхол нэртэй архи барьчихсан байсан, замдаа явж байгаад тухайн залуу “миний гар утсыг цэнэглээд өгөөч, унтарчихлаа” гээд гар утас өгөхөөр нь би урд салоны голд цэнэглэж өгсөн. Тэгээд * автобусны буудал дээр ирэхэд тухайн залуу “Би энд буухгүй, дэлгүүр ороод аяга аваад гараад ирье” гэж хэлээд орчихсон...Таксины тооцоог аваагүй байсан.../хх-59-60/...Маргааш нь ажлын хүнээс таксинд суусан хүн гар утсаа үлдээсэн, яах уу гэж асуухад буцааж өг гэсэн, холбогдож чадахгүй байж байтал цагдаагаас дуудахаар нь гар утас, архийг нь буцааж өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85, 127 дахь тал/ зэргээр тогтоогдсон байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
2.2.2. Шүүгдэгчийн үйлдсэн “хөрөнгө завших” гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэр, шунахай сэдэлт зорилгоор хэрэгжүүлсэн болох нь дээр дурдсан нотлох баримтын эх сурвалжийн хүрээнд бодитой илэрхийлэгдсэн байх тул шүүгдэгчийн гэмт үйлдлийг зөвтгөн цагаатгах үндэслэлгүй.
Шүүгдэгч, хохирогч нар анхнаасаа харилцан итгэлцэл буюу хэлцлийн хүрээнд эрх, үүрэг хүлээж, хохирогч нь такси үйлчилгээгээр очих ёстой газраа хүргүүлэхээс өмнө зам дагуух дэлгүүрээс “аяга” авахын тулд автомашины түр зогсолт хийхийг хүсэж, улмаар харилцан тохиролцож итгэлцсэний үндсэн дээр шүүгдэгчид захиран зарцуулах эрхгүйгээр өөрийн цэнэглэж байсан гар утас, авч явсан шилтэй архи зэргийг итгэмжлэн үлдээж хариуцуулсан нь тухайн эд хөрөнгийг өөрийн мэт захиран зарцуулах, такси үйлчилгээний төлбөрт тооцон авах зэрэг эрхийг хохирогчоос шүүгдэгчид олгосон гэж үзэх үндэслэл огт биш байх бөгөөд шүүгдэгч нь такси үйлчилгээгээ бүрэн төгс гүйцэтгэсний эцэст такси үйлчилгээний төлбөрөө нэг мөр авах ёстой байтал эсрэгээр гэмт үйлдэл хийсэн нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж буй үндэслэл, баримт болно.
Тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн согтуурсан байдал нөлөөлсөн буюу такси үйлчилгээгээр очих ёстой газраа хүргүүлэхээс өмнө зам дагуух дэлгүүрээс “аяга” авахын тулд харилцан тохиролцсоны улмаас автомашиныг нь түр зогсоолгож улмаар өөрийн эд зүйлсээ итгэмжлэн түр үлдээж хариуцуулахад үүсэх сөрөг үр дагаварыг зөв тооцоолж чадаагүй, нөгөө талаас шүүгдэгч нь нэгэнт тохиролцсон итгэлцэл, хэлцлийн хүрээнд хохирогч нь өөрийн цэнэглэгдэж байсан гар утас, авч явсан шилтэй архиа итгэмжлэн түр үлдээсэн буюу хариуцуулсан байгааг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогчийг очих ёстой газарт хүргэх үүргээ зөрчин түүнийг дэлгүүрт ормогц орхиж явсан нь хохирогчийн согтуурсан тухайн байдлыг далимдуулан түүний итгэмжлэн үлдээсэн тухайн эд хөрөнгийг завших гэмт санаа, сэдэлт зорилго, түүний хэрэгжилтийг бодит илэрхийлж байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь тийнхүү харилцан тохиролцсон итгэлцэл, хэлцлийн дагуу хохирогчийг очих ёстой газарт хүргэх үүргээ зөрчин түүнийг дэлгүүрт ормогц орхиж явсан тухайгаа “үнээ тугалах гээд эхнэр дуудсан” гэж мэдүүлсэн байх боловч тус мэдүүлэг тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэлгүй байх бөгөөд бодит эх сурвалжгүй болох нь тогтоогдсон байна.
2.2.3. Шүүгдэгчийн үйлдсэн “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бусад төсөөтэй гэмт хэргийн зарим шинжтэй харьцуулан шалгавал :
- хохирогч нь өөрийн тухайн эд хөрөнгийг өөрийн гэм буруу, санамсаргүй тохиолдлоор шүүгдэгчийн автомашинд мартаж буусан буюу гээгдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжгүй,
- хохирогч нь анхнаасаа харилцан тохиролцсон итгэлцлийн үндсэн дээр тухайн эд хөрөнгөө түр итгэмжлэн үлдээж хариуцуулсан болохыг шүүгдэгч мэдэж байсан байх тул хулгайлах гэмт хэргийн болон залилах гэмт хэргийн шинжгүй байхаас гадна шүүгдэгч нь анхнаасаа хохирогчийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах сэдэлт зорилготой байгаагүй буюу “ шууд хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх шинжтэй үйлдэл” хийсэн гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хөрөнгө завших” гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзлээ.
2.3. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь түүний эрхийн асуудал ба тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-84-85, 126-127, шүүх хуралдааны тэмдэглэл/ болно.
Б.**гийн гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдийг өөр хооронд нь харьцуулан шалгахад түүний эрх зөрчигдөөгүй, өмгөөлөгчөөр бүрэн хангагдсан байхаас гадна тэрээр анхлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн утга, агуулгатай баримт сэлт, мэдээллүүд авагдсан /хх-10-12, 84-85, 126-127/, энэ нь хохирогчийн болон хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаас зөрүүгүй байгааг дурдах нь зүйтэй.
2.4. Тус хэрэгт өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэж, хэргийг буцааж, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулсан байх тул тус хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
2.5. Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд шүүгдэгч Б.** хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлтэй, харин шүүгдэгч Б.**гийн үйдэл хөрөнгө завших гэмт хэргийн шинжгүй тул цагаатгуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.**г хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг:
Хохирогч нь өөрт учирсан хохирлоо биет байдлаар буцаан авсан /хх-65/ байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч Б.** 2004, 2015 онд эрүүгийн хариуцлага хүлээсэн байх боловч түүнийг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-23, 46-47, 50-53/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн
төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь тус гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 2, мал малладаг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримт хэрэгт цугларсан /хх-38-44, 59, 89, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатарын хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг 7 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.**гийн ар гэрийн амьдрал ахуй болон тогтмол орлогогүй, мал маллаж амьжиргааны эх үүсвэрээ хангаж буй гэх зэрэг нөхцөл байдлыг харгалзахад торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй гэж үзэж, харин зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан болно.
Зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл хэлбэрийг сонгохдоо : Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл хэлбэр болох “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох” гэдгийг тухайн шүүгдэгчийн байнга буюу түр оршин суугчийн хувьд шууд харьяалагдаж буй засаг захиргааны тусгайлсан нэгж болох сум, дүүрэг эсхүл баг, хорооны нутаг дэвсгэрээс эсхүл амьдарч буй орон байрнаасаа гадагш явахыг хориглох утга агуулгын хүрээнд ойлгож, хэрэглэх үндэслэлтэй байх тул тус хориглолтыг хэрэглэхэд шүүгдэгчийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал маллаж буй нөхцөлд нийцэхгүй буюу эрх зүйн байдлыг нь дордуулахад хүргэнэ гэж үзэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл хэлбэр болох “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр зорчих” гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгчийн оршин суугаа газрын нутаг дэвсгэр нь засаг захиргааны үндсэн нэгж болох аймаг эсхүл нийслэлийн алинд нь шууд харьяалагдаж байгааг шалгуур болгож, тухайн харьяалагдаж байгаа засаг захиргааны үндсэн нэгжийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл заавал авна” гэсэн утга агуулгын хүрээнд ойлгож, хэрэглэх үндэслэлтэй бөгөөд тус шүүгдэгчийн оршин суугаа * дүүрэг нь нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд нийслэл Улаанбаатар хотод шууд харьяалагдаж байх тул *д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Тодруулбал, тус оногдуулсан ялын утга агуулгыг “шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр * дүүргийн * дугаар хороо, * тоотод оршин суух газрын хаягаа өөрчлөхгүй” гэж тодотгон ойлгож, хэрэгжүүлэхийг тэмдэглэх нь зүйтэй.
2. Бусад асуудал
Уг хэрэгт 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.**г хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**г эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг 7 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР