Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 218

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 16 өдөр

                   Дугаар 153/ШШ2019/00218

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, регистрийн дугаартай, Цогт овогт Ишжамцын Ц холбогдох 443,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 153/2019/00057/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.Цогтбаяр нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41011734 тоот гэрээ байгуулан 95116924 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Y5 /gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 399.000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 106,627 төгрөг, нийт 505,627 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Цогтбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Маргах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлага болох 505,627 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч И.Ц холбогдуулан 505,627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний 505,627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И.Цогтбаяр нь төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн ба нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний төлөөлөгч нь  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 15,819 төгрөгийн 50 хувь болох 7,909.5 төгрөгийг хариуцагч И.Цогтбаяраас гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч И.Цогтбаяр нь уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Ц холбогдох 505,627 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 505,627 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 15,819 төгрөгийн 50 хувь болох 7,909.5 төгрөгийг хариуцагч И.Цогтбаяраас гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       Б.МАРИНА