Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 225

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 16 өдөр             Дугаар 153/ШШ2019/00225              Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 72 айлын орон сууцны 48 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Цагаан туг овогт Сономын Оийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, хүсэлт гаргагч С.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт Сономын 7 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж, 1984 онд 10 дугаар ангиа төгсөөд 1984-1986 онд Санхүү эдийн засгийн техникумыг санхүү, эдийн засагч мэргэжлээр төгсөж ирээд Тээврийг удирдах газарт сэлбэг хариуцсан нягтлан бодогчоор ажилласан. Улмаар 1988 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дашдэлэгийн Тогтохбаяртай гэр бүл болж тус Тээврийг удирдах газарт ажиллаж байгаад 1990 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Тээврийг удирдах газрын даргын тушаалаар Үйлчилгээний авто паркад нягтлан бодогчоор шилжин ажилласан.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Тээврийг удирдах газрын харъяа Үйлчилгээний авто паркийн даргын ажилд авсан тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажилласан жилийг тогтоолгохоор хүсэлтээ гаргаж байна.

Иймд С.О намайг Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа Үйлчилгээний авто паркад 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.О нь Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа Үйлчилгээний авто паркад 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-С.Оийн нэр дээрх 178153 дугаартай, ажлын тухай мэдээний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаартай “Үйлчилгээний авто паркийн орон тоо, цалингийн тухай” тушаалын хуулбар,

-Үйлчилгээний авто паркийн даргын 1994 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 295 дугаартай лавлагаа,

-С.Оийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,

-С.Оийн 9575 дугаартай Санхүү эдийн засгийн техникумын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 150 дугаартай “С.О нь ажилласан жил нөхөн даатгалд хамрагдаагүй нь үнэн болно” гэх албан бичиг,

-Гэрч Б.Оюуны шүүхэд өгсөн “С.О нь 1990 онд Ховд аймгийн Тээврийг удирдах газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1992 онд Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харьяа Үйлчилгээний парк байгуулагдахад С.О бид хоёр хамт шилжин ажилласан. Бид хоёр Үйлчилгээний паркад 1995 он хүртэл ажилласан. С. О Үйлчилгээний паркад нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би 1978-1995 он хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газарт тоо бүргэгчээр ажилласан” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Б.Оюуны 1974 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Б.Цэвэгмэдийн шүүхэд өгсөн “би 1990 оны 9 дүгээр сараас Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харьяа Үйлчилгээний авто паркад ерөнхий нягтлан бодогчоор 1995 оныг дуустал ажилласан. С.О нь намайг 1990 оны 9 дүгээр сарын дундуур Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харьяа Үйлчилгээний паркад нягтлан бодогчоор ажилд ороход тус байгууллагад нягтлангаар ажиллаж байсан. Бид хамт тус байгууллагад 1994 оныг дуустал хамт ажиллаж байсан. Би тус байгууллагад ерөнхий нягтлангаар, С.О нь материал хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч С.О нь 1990-1994 оны хооронд Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа Үйлчилгээний авто паркад хамт ажиллаж байсан гэх Б.Оюуныг гэрчээр асуулгасан бөгөөд гэрч Б.Оюун нь Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа Үйлчилгээний авто паркад 1990-1995 оны хооронд ажиллаж байсан болох нь түүний нэр дээрх 1974 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаартай “Үйлчилгээний авто паркийн орон тоо, цалингийн тухай” тушаалын хуулбараар нотлогдож байна.

Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар С.О нь Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа Үйлчилгээний авто паркад 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, Цагаан туг овогт Сономын Оийн Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа Үйлчилгээний авто паркад 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.МАРИНА