Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/29

 

2023         01          23                                        2023/ШЦТ/29

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

 

О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

 

Нарийн бичгийн дарга Н.Б,

Улсын яллагч Г.А,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан О аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Ат холбогдох эрүүгийн 2325000000011 дугаартай хэргийг тус шүүхийн 106 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ын А, Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр О аймгийн Б сумын У багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “П” гэх нэртэй компьютер тоглоомын газарт насанд хүрээгүй хохирогч Б.Нын эзэмшлийн самсунг А13 маркийн гар утсыг ширээн дээр байхад нь гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, захиран зарцуулах боломж бүрдүүлэн 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Б.Нын “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн орчим ганцаараа О аймгийн Бсум, У багийн нутаг дэвсгэрт байрлах “П” гэх нэртэй ПС тоглоомын газар орж 1 цаг орчим тоглосон. Би тоглож байх үедээ өөрийн эзэмшлийн А13 маркийн гар утсаа компьютерын гарынхаа зүүн талд гаргаж тавьсан. Тэгээд би тоглож дуусчихаад тухайн ПС-тоглоомын гарахдаа компьютерын ширээн дээрээ гар утсаа мартаад гарчихсан байсан. Тэгээд би тухайн тоглоомын газраас гарч яваад 10-20 минутын дараа гар утсаа хайгаад олохгүй болохоор нь буцаж ПС тоглоомын газраа очиж байхгүй болчихсон байхаар нь би хяналтын камерын үзэхэд миний сууж байсан ширээн дээр хар өнгийн хувцастай хүн ирж суугаад миний гар утсыг гартаа барьж үзэж байгаад аваад гарч байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан....”, “... Би тухайн ПС тоглоомын газраас гарч ирснийхээ дараа 10-20 минутын дараа өрийн эзэмшлийн самсунг А13 загварын гар утсаа ПС тоглоомын газар сууж байсан ширээн дээрээ үлдээж явснаа мэдчихээд буцаж “П” гэх нэртэй ПС тоглоомын газар орж өөрийнхөө сууж тоглож байсан ширээн дээр үзэхэд миний гар утас байхгүй байсан болохоор ПС тоглоомын газраас гарч ирчихээд 14 цаг 20 минутын орчим найз Энхтөгөлдөрийн *** дугаараас өөрийнхөө *** дугаар луу 2 удаа залгахад авахгүй дуудуулж байснаа 3 дах удаагаа залгахад миний *** гэсэн дугаар холбогдох боломжгүй болсон. Миний гар утасны цэнэг 50 хувиас илүү байсан. Би өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан тул санал хүсэлт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 20-р тал/,

 

Гэрч Б.Бийн “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед О аймгийн Бсум, У багийн нутаг дэвсгэрт байрлах “П” гэх нэртэй ПС тоглоомын газар У бид хоёр тоглож байхад А 13 цагийн үед ирсэн. Аыг бид хоёр дээр ирэх үед бид хоёрын хажууд хүүхдүүд суучихсан тоглож байсан тэгээд А бид хоёроос хол суусан. Удалгүй У бид хоёрыг хажуу талд сууж байсан хүмүүс босож явсан чинь А бид хоёрын хажуу талд ирж суусан. Тэгээд А бид хоёр хажууд сууж тоглож байгаад А бид хоёроос хар өнгийн гар утас харуулаад “та хоёрын гар утас мөн үү” гэж асуухаар нь У бид хоёр “биш” гэж хэлчхээд үргэлжлүүлж хэсэг тоглож байгаад 14 цагийн орчим бид гурав тухайн тоглоомын газрын гадна үүдэн дээр зогсож байхад А Пс тоглоомын газар харуулж байсан гар утсаа гаргаж ирж харуулаад “аваад гараад ирлээ, энэ яах уу” гэж асуусан. Тухайн үед манай ах машинтай явах гээд хүлээж байсан би мэдэхгүй гэж хэлээд яваад өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

 

Гэрч С.Уын “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед О аймгийн Бсум, У багийн нутаг дэвсгэрт байрлах “П” гэх нэртэй ПС тоглоомын газар Б бид хоёр тоглож байхад 13 цагийн үед А ирсэн. Аыг ирэхэд Б бид хоёрын хажуу талд хүүхдүүд суучихсан тоглож байсан болохоор А бид хоёроос хол суусан. Тэрнээс хойш 40-50 минутын дараа бид хоёрын хажуу талд сууж байсан хүүхдүүд босож яваад оронд нь А ирж бид хоёрын хажуу талд ирж суусан. Тэгээд удалгүй А бид хоёрын хажуу талд суучихаад 3 камертай гар утас харуулаад “та хоёрын гар утас мөн үү” гэж асуусан тэгэхээр нь Б бид хоёрын гар утас “биш” байна гэж хэлсэн. Удалгүй тухайн тоглоомын газраас гарч ирээд манай ээж дуудаад байсан болохоор би түрүүлээд явчихсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

 

”Ашид билгүүн ХХК”-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №5292 дугаартай “... Самсунг А13 загварын гар утас 32 gb багтаамжтай 1 ширхэг 450,000 төгрөг /зах зээлийн дундаж ханшаар/. ...” гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 29-32-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас болон шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр О аймгийн Бсумын У багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “П” гэх нэртэй компьютер тоглоомын газарт насанд хүрээгүй хохирогч Б.Н өөрийн эзэмшлийн самсунг А13 маркийн гар утсыг ширээн дээр гээсэн, уг эд зүйлийг гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, захиран зарцуулахаар авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Б.А нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр О аймгийн Бсумын У багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “П” гэх нэртэй компьютер тоглоомын газарт насанд хүрээгүй хохирогч Б.Нын эзэмшлийн самсунг А13 маркийн гар утсыг ширээн дээр байхад нь гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, захиран зарцуулах боломж бүрдүүлэн 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Нын “2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн орчим ганцаараа О аймгийн Бсум, У багийн нутаг дэвсгэрт байрлах “П” гэх нэртэй ПС тоглоомын газар орж 1 цаг орчим тоглосон. Би тоглож байх үедээ өөрийн эзэмшлийн А13 маркийн гар утсаа компьютерын гарынхаа зүүн талд гаргаж тавьсан. Тэгээд би тоглож дуусчихаад тухайн ПС тоглоомын гарахдаа компьютерын ширээн дээрээ гар утсаа мартаад гарчихсан байсан. Тэгээд би тухайн тоглоомын газраас гарч яваад 10-20 минутын дараа гар утсаа хайгаад олохгүй болохоор нь буцаж ПС тоглоомын газраа очиж байхгүй болчихсон байхаар нь би хяналтын камерын үзэхэд миний сууж байсан ширээн дээр хар өнгийн хувцастай хүн ирж суугаад миний гар утсыг гартаа барьж үзэж байгаад аваад гарч байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг / хх-ийн 18, 20-р тал /,

-Гэрч Б.Бийн “...А Пс тоглоомын газар харуулж байсан гар утсаа гаргаж ирж харуулаад “аваад гараад ирлээ, энэ яах уу” гэж асуусан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

 

-Гэрч С.Уын “...Тэгээд удалгүй А бид хоёрын хажуу талд суучхаад 3 камертай гар утас харуулаад “та хоёрын гар утас мөн үү” гэж асуусан тэгэхээр нь Б бид хоёрын гар утас “биш” байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

 

-Гар утсанд үнэлгээ тогтоосон “”Ашид билгүүн ХХК”-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №5292 дугаартай дүгнэлт / хх-ийн 29-32-р тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Завших гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Б.А нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр О аймгийн Бсумын У багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “П” гэх нэртэй компьютер тоглоомын газарт насанд хүрээгүй хохирогч Б.Нын эзэмшлийн самсунг А13 маркийн гар утсыг ширээн дээр үлдээсэн байхад нь гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нь “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Б.Аын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч Б.А нь насанд хүрээгүй хохирогч Б.Нын 450.000 төгрөгийн үнэ бүхий гээгдэл эд зүйлийг завшиж бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.

Б.Аын үйлдсэн дээрх   гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Нт хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.  

Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

Насанд хүрээгүй хохирогч Б.Нын эд зүйл буюу гар утсыг хүлээлгэн өгсөн, насанд хүрээгүй хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаагаас шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулж, яллагдагч тус саналыг хүлээн зөвшөөрсөн байна.  

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, өсвөр насны, сургуульд суралцаж хүмүүжиж байгаа болон бусад хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Ат 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад: энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх... гэж заасныг журамлан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа  байдлыг харгалзан шүүгдэгч Б.Аыг ялаас чөлөөлж шийдвэрлэв.

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг баримтлан, шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОРХОНТАМИР