Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 226

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 17 өдөр               Дугаар 153/ШШ2019/00226            Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Бүрвэн овогт Рагвагийн Б ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 05-18 тоотод оршин суух, ПЙ62122588 тоот регистрийн дугаартай, Батлагийн Оюунцэцэгт холбогдох Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Нартын хашаа” нэртэй өвөлжөө, хаваржааны хашааны өмчлөгчөөр тогтоолгож, Б.Оюунцэцэгийг албадан нүүлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Р.Б /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч Б.Оюунцэцэг, гэрч Ш.Цэлхээжав /онлайнаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оны Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн малчин М Баттулгаас Хаг багийн нутаг дэвсгэр “Нартын их өтөг” буюу “Цагаан хашаа” гэх газар байрлалтай хаваржааны хашааг 2,500,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Уг хашааг М Баттулга нь тус сумын Батлагийн Хуяг-Очир, Ням-Очир, Түмэнжаргал гэх залуучуудаас худалдаж авсан байсан. Тус “Нартын их өтөг” гэх өвөлжөө, хаваржааны газрыг мөн “Нартын хашаа” ч гэж нэрлэдэг. Гэтэл 2015 оноос Батлагийн Оюунцэцэг гэх хүн уг хашааг миний хашаа, Баттулга та хоёр манай дүү нараас дээрэмдэж авсан гэх зэргээр хэл амаар доромжлон манай малчин Д.Энхээг байнга доромжилж манай малыг байнга хөөж туугаад дээрх хашааг эзэмших болсон. Тус хаваржаа, өвөлжөөний газраас 500 м газарт миний Түймэртийн ам гэдэг хаваржааны газар байдаг. Уг “Нартын хашаа”-г би өвөлжөө хийж авах гэсэн. Б.Оюунцэцэг нь саяхан “Нартын хашаа” гэх миний эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаанд өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж авсан байсан.

Иймд дээрх маргааныг шийдвэрлэж, Мөнххайрхан сумын Хаг багийн Нартын хашаа нэртэй өвөлжөө, хаваржааны хашааг эзэмшиж байгаа Б.Оюунцэцэгийг албадан нүүлгэж уг хашааг миний өмчлөгч эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Оюунцэцэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 1999 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Ш.Цэлхээжаваас Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг дэвсгэрт байрлах Нартын хашаа гэх хашааг 1,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед энэ хүний охин нь нас барсан тул тэр газраа байж болохгүй болсон учир надад зарсан. Уг хашаа нь тус багийн Иргэд нийтийн хурлаар баталгаажсан албан ёсны гэрчилгээтэй бөгөөд миний бие 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Р.Б нь Мөнххайрхан сумын Хаг багийн нутаг Түймэртийн ам нэртэй газарт хаваржааны газартай бөгөөд Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “...малчин, мал бүхий өрхөд нэг өвөлжөө, нэг хаваржаа эзэмшүүлнэ” гэсэн тогтоолтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Б.Оюунцэцэгт холбогдуулан Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Нартын хашаа” нэртэй өвөлжөө, хаваржааны хашааны өмчлөгчөөр тогтоолгож, Б.Оюунцэцэгийг албадан нүүлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Р.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Нартын хашаа” нэртэй хашааг би 2006 онд Баттулга гэдэг хүнээс 2,500,000 төгрөгөөр худалдан авсан, үүнээс хойш тус газрыг байнга ашиглаж ирсэн. Одоо өвөлжөөний зориулалтаар ашиглах гэсэн боловч Б.Оюунцэцэг нь хууль бусаар эзэмшээд байна” гэж, хариуцагч Б.Оюунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаан тайлбарлахдаа “би Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Нартын хашаа” нэртэй хашааг 1999 онд Ш.Цэлхээжав гэдэг хүнээс 1,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тэр үед тус газар нь гэрчилгээгүй байсан учир 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж авсан” гэж тус тус тайлбарлалаа.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Зохигчдын маргаж буй Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Нартын хашаа” нэртэй хашааг “Цагаан хашаа”, “Нартын их өтөг”, “Гартын их өтөг”, “Нартын цагаан өтөг” гэж олон янзаар нэрлэдэг, эдгээр нь нэг өвөлжөө, хаваржааны газар болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Р.Басангомбын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдагдсан “Цагаан хашаа”, “Нартын их өтөг” гэх хашаа нь энэхүү Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Нартын хашаа” нэртэй хашаа мөн болохыг тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдлаа.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Нартын хашаа” нэртэй өвөлжөө, хаваржааны зориулалттай хашааг нэхэмжлэгч Р.Б нь 2006 онд М.Баттулгаас худалдан авсан, Р.Б нь тус хаваржаанд ойрын хэдэн жил хаварждаг гэж гэрч М.Баттулга, Б.Мөнхбат нар мэдүүлдэг, харин гэрч Ш.Цэлхээжав нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Нартын хашаа” нэртэй өвөлжөө, хаваржааны зориулалттай хашааг 2003 онд Б.Хуяг-Очирт худалдсан гэж мэдүүллээ. Гэвч нэхэмжлэгч Р.Б нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Нартын хашаа” нэртэй өвөлжөө, хаваржааны зориулалттай хашаа дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулаагүй байна. Харин хариуцагч Б.Оюунцэцэг нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Нартын хашаа” нэртэй өвөлжөө, хаваржааны зориулалттай хашааг 30 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээтэй болох нь хэрэгт авагдсан Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Аймаг, сумын Засаг дарга иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдлийг үндэслэн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох бөгөөд тус эрхийн гэрчилгээ нь газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг төрөөс баталгаажуулсан үнэт цаасны зохих нууцлал бүхий хууль ёсны баримт бичиг юм. Иймд хариуцагч Б.Оюунцэцэг нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Нартын хашаа” нэртэй өвөлжөө, хаваржааны зориулалттай хашааг Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж байх тул нэхэмжлэгч Р. Быг шүүхэд гаргасан Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Нартын хашаа” нэртэй өвөлжөө, хаваржааны хашааны өмчлөгчөөр тогтоолгож, Б.Оюунцэцэгийг албадан нүүлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Оюунцэцэгт холбогдох Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Нартын хашаа” нэртэй өвөлжөө, хаваржааны хашааны өмчлөгчөөр тогтоолгож, Б.Оюунцэцэгийг албадан нүүлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.МАРИНА