Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/68

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ***  овогт ***гийн ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205022322498 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот *** дүүрэгт төрсөн, халх, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, өвөг эцэг, эмэг эх, дүү, ах нарын хамт *** дүүрэг 8 дугаар хороо *** байр *** тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 875 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг зааснаар ялыг нэмж нэгтгэн 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ХМШЗ/08 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон, ***  овогт ***гийн ***. /РД:***/

 

Шүүгдэгч Б.*** нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Samsung гар утас худалдааны төв дотор Э.*** гийн анхаарал болгоомжгүй байдлыг далимдуулан түүний эзэмшлийн Samsung S 22 ultra маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Билгүүний өгсөн “...Миний бие 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ***  ХХК-д хуулийн мэргэжилтнээр өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***  ХХК-ны байрнаас Samsung S 22 ultra маркийн 4,500,000 төгрөгийн үнэ бүхий гар утас хулгайд алдагдсан хэрэгт компаний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон оролцож байна.

Тухайн үед кассчинаар түр ажиллаж байсан Э.*** гаас эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээний дагуу 1,250,000 төгрөгийг цалингаас нь суутган авсан байгаа. Компанийн хохирол болох 4,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би шүүх хуралд оролцох шаардлагагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 111-112 дахь тал/

 

Э.*** гийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ***  цахилгаан барааны их дэлгүүрт ажиллаж байсан. 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр кассчинаар түр ажиллаж байх хугацаандаа компаний эд хөрөнгө Samsung S 22 ultra маркийн ногоон өнгөтэй шинэ гар утсыг хулгайд алдсан. Улмаар цагдаагийн байгууллагаар шалгуулсан бөгөөд компаний зүгээс цалингаасаа 1,250,000 төгрөгийг суутгуулсан байгаа. Тиймээс уг мөнгөө нэхэмжилмээр байна. Би шүүх хуралдаанд оролцож амжихгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 116-117 дахь тал/

 

Э.*** гийн хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Samsung гар утас худалдааны төвд ажиллаж байхад 10 цаг 54 минутын үед гаднаас нэг үл таних 18-25 орчим насны залуу орж ирээд би гар утас лизингээр авах гэсэн юм гэхээр нь би нэхэмжлэл бичиж өгсөн. Тэгээд тухайн эрэгтэй нь миний бичиж өгсөн нэхэмжлэлийг аваад манай байгууллагын хажуу талд байрлах ***  худалдааны төвд байдаг хэрэглээний лизинг үзүүлдэг ажилтантай уулзаж иргэний үнэмлэхээ шалгуулж зээлээ судлуулаад тэгээд буцаад манай ажил дээр орж ирээд гар утас үзэж байгаад Samsung S 22 ultra загварын гар утсыг хулгайлаад аваад явсан байсан. Гар утас хулгайлсан залуу нэхэмжлэл бичүүлэхдээ *** овогтой *** *** гэсэн бичиг баримт үзүүлсэн байсан.

... Миний алдсан гар утас цоо шинэ байсан. 4,449,000 төгрөгийн үнэтэй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дахь тал/

 

Кости эстимэйт ХХК-ны Samsung S 22 ultra загварын гар утсыг 4,500,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 25-27 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... Э.***  хариулсан нь: 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Samsung гар утас худалдааны төвөөс гар утас хулгайлсан гэх залуу 2 дугаарын хүн мөн байна. Би царайг нь сайн санаж байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 45-51 дэх тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 44 минут 46 секундэд 18-25 орчим насны эрэгтэй хохирогчийн Samsung S 22 ultra загварын гар утсыг авч гарч явж байгааг зургаар харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 52-53 дахь тал/

 

Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “...1. ...цагаан өнгийн ямар нэгэн бичиглэлгүй CD дээр уг гэмт хэрэг үйлдэгдэж байгаа бичлэгийг хуулбарлан авсныг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 54 дэх тал/

 

Б.***ын яллагдагчаар өгсөн “... Миний бие нь 2022 оны 6 дугаар сарын үеэр /өдрийг нь сайн санахгүй байна/ Samsung нэртэй гар утас худалдааны төв рүү гар утас лизингээр худалдаж авахаар орсон. Тэгээд гар утас үзэж байгаад худалдагчийг нь хараагүй байхад Samsung S 22 ultra нэртэй гар утсыг нь мэдэгдэхгүй хулгайлж аваад гарсан. Тухайн гар утсыг 25 дугаар эмийн сангийн хойд талын автобусны буудалд 1,450,000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгөөр нь бооцоотой цахим тоглоом буюу bet тавиад дууссан.

Надад мөнгө хэрэгтэй байсан учраас дээрх гэмт хэргийг үйлдэх болсон юм. ... Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 35-36 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.*** нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Samsung гар утас худалдааны төвд худалдагчаар ажиллаж байсан Э.*** гийн хайхрамжгүй хандсан нөхцөл байдлыг далимдуулан Samsung S 22 ultra маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “*** ” ХХК-нд 4,449,000 төгрөгийн хохирол учруулжээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.*** нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба хохирогч ***  ХХК-нд 4,449,000 төгрөгийн хохирол учирсан болох нь уг компаний санхүүгийн баримтаар гар утсыг 4,449,000 төгрөгийн үнэлгээтэй болох нь /хэргийн 6 дахь тал/ тогтоогдсон.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.***аас 4,449,000 төгрөг гаргуулж хохирогч “*** ” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 “*** ” ХХК хулгайд алдагдсан гар утасны төлбөрт худалдагчаар ажиллаж байсан Э.*** гаас 1,250,000 төгрөг суутган авсан талаар иргэний нэхэмжлэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь мэдүүлжээ.

Иргэний нэхэмжлэгч Э.***  нь хулгайд алдагдсан гар утасны төлбөрийг шүүгдэгч Б.***ын өмнөөс төлөх үүрэг хүлээхгүй тул түүнээс суутгаж авсан мөнгийг эрүүгийн хэргийн хохирлын төлбөрт тооцох үндэслэлгүй бөгөөд энэ төлбөрийн асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэн шүүгдэгч Б.***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

Ингэж шийдвэрлэхдээ урьд шүүгдэгч Б.*** нь *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ХМШЗ/08 дугаартай захирамжаар 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 19 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг 11 сар 19 хоногийн хорих ялаар сольсон бөгөөд /хэргийн 70-73 дугаар тал/ одоо уг хорих ялаас шийдвэр гүйцэтгэх байгууллагын ялын тооцоогоор 9 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлджээ. /хэргийн 88 дахь тал/

Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялд эдлээгүй үлдсэн 9 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Б.***ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 25 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***  овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.***ыг 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Б.***т *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ХМШЗ/08 дугаартай захирамжаар оногдуулсан 11 сар 19 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.***т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Б.***ын цагдан хоригдсон 25 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.***аас 4,449,000 төгрөг гаргуулж хохирогч “*** ” ХХК-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ