| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00138/И |
| Дугаар | 235 |
| Огноо | 2019-05-20 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 235
2019 оны 05 сарын 20 өдөр Дугаар 153/ШШ2019/00235 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 1-24 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Хуншиг овогтой Чимэдийн Цгийн хүсэлттэй Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 1-24 тоот модон, 1 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Ц шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Баатарын Чимэд нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 1-24 тоотод байрлах байшинг анх 1957 онд ашиглалтанд орсон үеэс хойш амьдарч байсан ба 1992 онд цэнхэр тасалбараар худалдан авсан. Аав маань 2000 онд нас барсан. Түүнээс хойш одоог хүртэл түүний охин Ч.Ц миний бие нь 3 хүүхдийн хамт амьдарч байна. Би 1969 онд төрсөн бөгөөд төрсөн цагаасаа хойш эцэг эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 1-24 тоотод амьдарч ирсэн бөгөөд одоо ч хүртэл амьдарч байна. Би эцэг эхээс тавуулаа бөгөөд ах Ч.Цогтбаяр 2014 онд нас барсан. Манай эгч, дүү нар бүгд тус тусдаа амьдралтай болсон бөгөөд энэ байрыг намайг өмчлөхийг зөвшөөрсөн. Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 1-24 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Ц нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 1-24 тоот модон, 1 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн конторын зарим орон сууц, барилгын анхны үнийн тодорхойлолтын хуулбар,
-Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 1-24 тоот модон, 1 давхар үл хөдлөх хөрөнгийн байршлын кадастрын зураг,
-Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 1-24 тоот модон, 1 давхар үл хөдлөх хөрөнгийн гэрэл зураг,
-Гэрч Ц.Сонинхүүгийн шүүхэд өгсөн “би 1990 онд Буянт сумаас гэр бүлийн хамт Ховд аймгийн Жаргалант сум руу шилжиж Алагтолгой багийн 1-23 тоотод ирж амьдарсан. Тухайн үед тэр хавийн айлуудыг Станцын орон сууцны айлууд гэдэг байсан. Айл бүр хашаагүй, задгай байсан. Бид энэ хаяг дээрээ 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Ч.Ц нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 1-24 тоотод амьдардаг бөгөөд манай хөрш айл юм. Манайхыг 1990 онд энэ байшинд амьдрахаар ирэхэд Ч.Цгийнх энэ байрандаа амьдарч байсан. Манайхаас өмнө байсан. Тэгэхэд Ч.Ц жаахан охин байсан. Эцэг эх, ах, дүүгийн хамт амьдардаг байсан. Би энэ байрандаа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан байгаа” гэх мэдүүлэг,
-Гэрч Я.Хишигсүрэнгийн шүүхэд өгсөн “миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-25 тоотод оршин суудаг. Энэ байшин нь 1958 онд анх ашиглалтад орсон. Тэгээд манай аав, мөн Ч.Цгийн аав Чимэд нар хамт энэ байшинд орж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна” гэх мэдүүлэг,
-Гэрч Ч.Цэцэгмаагийн шүүхэд өгсөн “манай аавыг Чимэд гэдэг. Ээжийг Д.Цэрэнжав гэдэг. Бид эцэг эхээс зургуулаа. Хамгийн том ахыг Ч.Цагаанцоож гэдэг, тэрээр Улаанбаатар хотод амьдарч байгаа. Дараагийн ахыг Ч.Цогтбаяр гэдэг. 2014 онд нас барсан. Дараагийн эгчийг Ч.Ц гэдэг. Тэрээр 1967 онд төрсөн, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-24 тоотод оршин суудаг, дараагийн эгчийг Ч.Цэрмаа гэдэг бөгөөд мөн Улаанбаатар хотод амьдардаг. Хамгийн бага дүү Ч.Отгонбаяр, тэрээр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт амьдардаг. Бид нар анх төрсөн цагаасаа эхлэн Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-24 тоотод байрлах байшинд амьдарч байсан. Манай эгч Ч.Цгоос бусад нь бүгд тусдаа гарсан. Эгч Ч.Ц нь тус байшинд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Энэ байшингийн өмчлөлийн асуудлаар маргаан байхгүй” гэх мэдүүлэг,
-Гэрч Ч.Отгонбаярын шүүхэд өгсөн “би 1977 онд төрсөн, Чимэдийн бага охин, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 12-07 тоотод оршин суудаг. Манайх эцэг эхээс тавуулаа байсан. Ах Ч.Цогтбаяр нас барсан. Хамгийн том ахыг Ч.Цагаанцоож гэдэг, тэрээр Улаанбаатар хотод амьдарч байгаа. Дараагийн эгчийг Ч.Ц гэдэг. Тэрээр 1967 онд төрсөн, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-24 тоотод оршин суудаг, дараагийн эгчийг Ч.Цэрмаа гэдэг бөгөөд мөн Улаанбаатар хотод амьдардаг. Эгч Ч.Цэцэгмаа нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт амьдардаг. Бид нар анх төрсөн цагаасаа эхлэн Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-24 тоотод байрлах байшинд амьдарч байсан. Манай эгч Ч.Цгоос бусад нь бүгд тусдаа гарсан. Эгч Ч.Ц нь тус байшинд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Энэ байшинг дээр үед манай аав ээж хоёрыг Ахуй үйлчилгээнд ажиллаж байхад улсаас өгсөн. Энэ байшингийн өмчлөлийн асуудлаар маргаан байхгүй” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 1-24 тоот модон, 1 давхар орон сууц нь 1958 онд ашиглалтад орсон, Чимэдийн нэр дээр бүртгэлтэй байдаг, н.Чимэд нь тус байшинд 1958 оноос 2000 он хүртэл амьдарч байсан, Ч.Ц нь эцэг Чимэдтэй хамт 1969 оноос эхлэн тус байшинд амьдарч байгаад эцэг н.Чимэд нь нас барсны дараа тэрээр хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
Иймд хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ч.Ц нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 1-24 тоот модон, 1 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн болох нь нотлогдож байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Цгийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106.1-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 1-24 тоот модон, 1 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь , тоот регистрийн дугаартай, Хуншиг овогтой Чимэдийн Ц мөн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Цгийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА