Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/83

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205000002517 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 14-нд Архангай аймгийн Хайрхан сумд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Хайрхан сумын *******ийн ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор  Сонгинохайрхан дүүргийн *******, Зүүн баян уулын 1 тоотод өвөө, эмээ нарын хамт оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/, ******* овогт *******ийн *******. 

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс” гэх нэртэй зочид буудлын гадна хохирогч ийн эзэмшлийн 1.400.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung 21 Fe” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: “2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2 залуутай караокед танилцаж буудал руу хамт явсан. Тэгээд нэг залуугаас нь утсаар чинь яриад өгье гэж хэлж гар утсыг нь авсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

           

Хоёр: Эрүүгийн 2205000002517 дугаартай хэргээс.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн хохирогчоор өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 19-нд модны хоёрт байрлах “Хаан” нэртэй нийтийн караоке руу би нэг найзын хамт орсон ороод дуулж байхдаа үл таних нэгэн залуутай танилцсан. Нийтийн караокед дуулж байгаад бид гурав караокеноос гарах болсон. Би караокеноос гараад өөрийн байрлаж байсан буудал руу явж ганц хоёр юм уух уу  гэж асуугаад бид гурав буудал руу явсан. Надтай хамт явсан найз маань унтчихсан. Би караокед танилцсан залуугийн хамт буудлын доор байрлах караокед орсон. Караокед ороод 6 дуу дуулчхаад бид хоёр гарсан. Караокеноос гараад хороололд нэг бааранд орсон, би орсон баарныхаа нэрийг сайн мэдэхгүй байна. Хорооллын бааранд удаан байгаагүй, гараад “I Loft” гэх бааранд орсон. Тухайн баарнаас гараад шууд байрлаж байсан буудал руугаа очсон. Буудалдаа ирээд караокед танилцсан залуу надад гар утсаа өгч байгаач хүнтэй яриад буцаагаад ороод ирье гэж хэлээд миний гар утсыг аваад гарсан. Би хамт гарсан бөгөөд нөгөө залуу утсаар яриад ийш тийшээ алхаад байсан. Алхаж байгаад булан тойроод зугтаагаад алга болсон..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

 2. “Кости Эстимэйт” ХХК-ийн “...Samsung S21 Fe загварын гар утас 1 ширхэг 1.400.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан...” (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

3. Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Хохирогч 4 дугаартай зураг дээрх хүн 2022 оны 10 дугаар сарын 19-нд Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Тэс” зочид буудалд караокед танилцсан залуу гар утсаар чинь түр яриад буцаагаад өгье гэж хэлээд миний гар утсыг аваад явчихсан гэх хүн мөн гэж ******* овогтой *******ыг зааж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 31-38 дахь тал)

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс” нэртэй зочид буудлын доторх хяналтын камерын бичлэгийг гар утсан дээр буулгаж авсан. Тухайн бичлэг рүү ороход 2022 оны 10 дугаар сарын 19-нд шөнийн 03 цагийн үед хяналтын камерт гар утсаар яриад эргүүлээд өгье гэж хэлээд аваад зугтаасан этгээд хохирогчийн байрлаж байсан “Тэс” нэртэй буудал руу орж ирж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс” зочид буудлаас утсаар яриад эргүүлээд өгье гэж хэлээд аваад зугтаасан этгээд хохирогчийн байрлаж байсан “Тэс” нэртэй буудлаас гарч байгааг харуулав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 43-44 дэх тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би ганцаараа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй байна нэг нийтийн караокед ороод 1 шил пиво уугаад дуулаад сууж байгаад тэнд байсан 2 залуутай танилцаад тэр 2 залуутай хамт архи ууж байгаад тэндээсээ хамт гараад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг буудалд ороод буудалд нь байсан 1 шил архийг хувааж уугаад гээд залуутай нь хамт буудлынх нь доор байх караокед ороод дуулаад хүний 1 лааз пиво авч уучхаад тэндээсээ гараад хороололд байдаг Лазер бааранд орсон. Тухайн үед хамт явсан нэг найз нь буудалд тасарчихсан унтаад үлдсэн. Тэгээд Лазер бааранд ортол ширээ байхгүй байсан болохоор Лазераас гараад талбайн тэнд байдаг нэг бааранд ороод хүний 1 лааз пиво уучхаад гараад буцаад буудал руу очсон. Буудалд нь очоод ээс утсыг нь хүнтэй ярьчхаад өгье гэж хэлэн аваад тэр чигтээ утсыг нь аваад явсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 05-06 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гурав: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

Улсын яллагчаас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхтөрөөс “миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэргийн шинж нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйчлэгдэнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээгүй боловч илээр авсан өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч, тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.          

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч , яллагдагч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг дүгнэвэл;

шүүгдэгч ******* нь хохирогч ээс “утсаар чинь яриад өгье” гэж худал хэлж, хохирогчийн эзэмшлийн Samsung S21 Fe загварын 1.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаар яриад буцааж өгөх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үг хэллэг болон үйлдлээр хуурч мэхэлж, итгэлийг нь эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилгын үүднээс өөртөө шилжүүлэн авчээ. 

Өөрөөр хэлбэл хохирогч нь шүүгдэгч *******ын худал үгэнд хууртаж өөрийн эзэмшлийн гар утсаа сайн дураараа шилжүүлэн өгсөн, шүүгдэгч нь дээрх аргаар хохирогчийн эд зүйлийг өөрийн захиран зарцуулах боломжид хууль бус аргаар авсан нь  Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

 

Иймд  хяналтын прокуророос  *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргээр  хөнгөрүүлэн зүйлчлэв.

Камерын бичлэгээс үзэхэд хэргийн үйл баримт “Тэс” зочид буудлын дотор болсон байхад гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг хяналтын прокурор яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоолдоо “Тэс” гэх нэртэй зочид буудлын гадна үйлдэгдсэн гэж зөрүүтэй бичсэнийг шүүх залруулсан болохыг тэмдэглэж байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс” зочид буудал дотор хохирогч ийн эзэмшлийн “Samsung S21 Fe” загварын 1.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаар яриад өгье гэж залилсан болох нь:

ийн хохирогчоор өгсөн: “...Буудалдаа ирээд караокед танилцсан залуу надад гар утсаа өгч байгаач хүнтэй яриад буцаагаад ороод ирье гэж хэлээд миний гар утсыг аваад гарсан. Би хамт гарсан бөгөөд нөгөө залуу утсаар яриад ийш тийшээ алхаад байсан. Алхаж байгаад булан тойроод зугтаагаад алга болсон..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), Кости Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан...” (хавтаст хэргийн 25-26 дахь тал), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 31-38 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 43-44 дэх тал), *******ын яллагдагчаар өгсөн: “...Буудалд нь очоод ээс утсыг нь хүнтэй ярьчхаад өгье гэж хэлэн аваад тэр чигтээ утсыг нь аваад явсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 123-124 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, ийн эзэмшлийн Samsung S21 Fe загварын “гар утсаар  чинь яриад өгье” гэж худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулж залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай хэлбэрээр шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсанЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирлын тухайд шүүгдэгч ******* нь залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч эд 1.400.000 төгрөгийн хохирол учруулснаас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 900.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөгийг хохирогч ийн эзэмшлийн Хаан банкны 5035165706 тоот данс руу шилжүүлсэн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж хэрэгт хавсаргуулсан нь шүүгдэгч *******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.

 

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 заалтад заасан гэмт хэрэгт 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхтөрөөс “...миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзаж шүүхээс торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг гаргалаа.

*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Тав: Бусад асуудлын талаар.

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. ******* овогт *******ийн *******ыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ