Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 23 өдөр           Дугаар 153/ШШ2019/00237                 Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 10-10 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Авгас овогт Дашийн Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, хүсэлт гаргагч Д.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1967 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Би 1983 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав Даш, ээж Зэвэг нарын хамт 1987 оны 11 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгор хаг буюу 3 дугаар бригадад бог мал малласан. 1987 оны 11 дүгээр сараас Улаанбаатар хотод оёдлын 1 сарын курсэд суралцахаар явсан. Тухайн үед намайг мал маллаж байхад миний нэр дээр хөдөлмөрийн дэвтэр нээж байгаагүй бөгөөд миний хөдөлмөрийн хөлс аав Дашийн нэр дээр бодогддог байсан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох болоход тухайн үед ажиллаж байсныг нотлох баримт архиваас миний нэр дээр олдохгүй, харин аав Дашийн нэр дээр 70 дугаар дансны баримт гарч ирж байгаа тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Даш овогтой Б намайг 1983 оны 6 дугаар сараас 1987 оны 11 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгор хаг /3 дугаар/ бригадад хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б нь 1983 оны 6 дугаар сараас 1987 оны 11 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгор хаг буюу 3 дугаар бригадад хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2067 дугаартай албан бичиг,

-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг бригадын 1984-1985, 1987 оны Дашийн нэр дээрх 70 дугаар дансны хуулбарууд,

-Д.Бгийн 0659946 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Д.Бгийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

-Гэрч Т.Доржнамжилын шүүх хуралдаанд өгсөн “...би 1943 онд төрсөн. 1956 оноос эхлэн эцэг эхийн хамт малчнаар ажилласан бөгөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Слциализм нэгдэлд 1996 он хүртэл ажилласан. Ингэхдээ би тус нэгдэлд малчин, хэсгийн ахлагч, агент, багийн даргаар ажиллаж байсан. Д.Б нь Д.Даш гэдэг хүний хүүхэд. Тэрээр эцэг эхийн хамт мал маллаж байсан. Д.Б нь Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийг 8-р анги төгссөн. Харин 10-р анги төгссөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тэрээр эцэг эхийн хамт мал маллаж байсныг мэднэ, гэхдээ сургуулийн амралтаар ирж мал маллаж байсан уу, эсвэл малчин болоод мал маллаж байсан уу гэдгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

-Гэрч Ж.Даваасүрэнгийн шүүх хуралдаанд өгсөн “...миний бие Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул иргэн бөгөөд 1978 оноос эхлэн 1991 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд бригадын даргаар ажиллаж байсан. Д.Б нь Д.Даш гэдэг хүний хүүхэд. Тэрээр эцэг эхийн хамт мал маллаж байсан. Д.Б нь Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийг 8-р анги төгссөн. Харин 10-р анги төгссөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэрээр сургуулийн амралтаар ирж мал маллаж байсан уу, эсвэл малчин болоод мал маллаж байсан уу гэдгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 56 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

-Гэрч Д.Норовнямын шүүх хуралдаанд өгсөн “би насаараа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд ажилласан. Д.Б нь эцэг Дашийн хамт нэгдлийн мал маллаж байсан. Харин тэрээр сургуулийн амралтаар ирж мал маллаж байсан уу, эсвэл малчин болоод мал маллаж байсан уу гэдгийг мэдэхгүй байна. Эцэг эх нь малчин хүний хүүхдүүд сургууль авч чадахгүй бол шууд мал дээр гардаг байсан” гэх мэдүүлэг,

-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 3-р бригадын 1987 оны Д.Норовнямын нэр дээрх 70 дугаар дансны хуулга зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Д.Б нь 1983 оны 6 дугаар сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийн 8-р анги төгссөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэгээр нотлогдож байх бөгөөд харин тэрээр 1984-1985 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар сургуулийг 9-10 дугаар анги төгссөн болох нь Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар сургуулийн 1984-1985 онд төгсөгчдийн анкетад хийсэн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож, түүний “...би 10 дугаар анги төгсөөгүй” гэх тайлбар няцаагдаж байна. Иймд хүсэлт гаргагч Д.Бгийн 1984, 1985 онуудад ерөнхий боловсролын сургуульд сурч байсан хугацааг малчнаар ажиллаж байсан хугацаанд тооцох боломжгүй юм.

Харин түүний 1985 оны 6 дугаар сараас 1987 оны 11 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна. Учир нь хүсэлт гаргагч Бтэй Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд хамт ажиллаж байсан гэх Ж.Даваасүрэн, Д.Норовням нарыг гэрчээр асуусан бөгөөд эдгээр нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1985-1987 оны ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 56 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 3-р бригадын 1987 оны Д.Норовнямын нэр дээрх 70 дугаар дансны хуулгаар нотлогдож байна.

Иймд хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг бригадын 1984-1985, 1987 оны Дашийн нэр дээрх 70 дугаар дансны хуулбаруудаар хүсэлт гаргагч Д.Б нь 1985 оны 6 дугаар сараас 1987 оны 11 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгор хаг буюу 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, Авгас овогт Дашийн Бгийн 1985 оны 6 дугаар сараас 1987 оны 11 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгор хаг буюу 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч Д.Б нь 1983 оны 6 дугаар сараас 1985 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА