Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/80

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч С.*** түүний өмгөөлөгч А.Ганзориг,

хохирогчийн өмгөөлөгч А.Бүдханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт ***ийн ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205018652499 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2002 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эмэг эх, дүүгийн хамт Баянгол дүүрэг *** дугаар хороо *** дугаар байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ***ийн ***. /***/

 

Шүүгдэгч С.*** нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг *** дугаар хороо 12 дугаар байрны 6 дугаар орцны 5 давхарт хохирогч Б.***гийн биед халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*** мэдүүлэхдээ: “Тухайн өдрийн үйл явдлыг санахгүй байгаа. Зөвхөн хичээлдээ явсан, хичээлээсээ тараад автобусанд сууснаа санадаг. Үүнээс болж хараа болон толгойдоо бэртэл авсан, бэрхшээлтэй байна. Харааны хувьд юмыг таллаж хардаг. Цаашдаа бүтэн харах эсэх нь тодорхойгүй. Толгойны хувьд нүхтэй болсон. Үүнээс болж толгой өвдөнө. Хохирол төлбөртэй холбоотой асуудлыг манай ээж мэдэж байгаа” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн “... Баянгол дүүргийн *** дугаар хороонд байрлах 12 дугаартай ертөнцийн зүгээр хойд зүгт харсан орцтой, хойд зүгт харсан 9 давхар барилга байв. Уг барилгын ертөнцийн зүгээр хойд зүгт харсан 6 дугаартай ногоон өнгөтэй төмөр хаалгатай орц байх ба уг орцоор нэвтэр ороход дээш өгсөх шаттай ба уг шатаар дээш 5 давхарт шатны доод хэсэгт улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 12-14 дэх тал/

 

Хохирогч Б.***гийн “... Би болсон зүйлийн талаар санахгүй байна. Би толгойны гавлын яс цуураад Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд ороод 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгээс гарсан.

... Би *** гэдэг хүнийг танина. Бид хоёр 10 жилдээ нэг ангид хамт сурч байхдаа 9 дүгээр ангиасаа эхлэн найзалж эхэлсэн. Бид хоёр өмнө нь огт маргалдаж байгаагүй. ... Би гэмтэл авсандаа гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32 дахь тал/

 

Гэрч Б.*** ийн “Би 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 19 цаг 45 минутын үед өөрийн зээ хүүхдээ дагуулаад Баянгол дүүргийн *** дугаар хороо 12 дугаар байрны 199 тоотод байх гэрээсээ гараад цахилгаан шатанд суух гэтэл шатны доод хэсэгт хүн дугарах чимээ гарахаар нь хартал миний төрсөн охин болох *** нь хана налчихсан, хөлөө ташуу жийсэн, нуруундаа цүнхээ үүрчихсэн, ойр орчимд нь их хэмжээний цус асгарсан байдалтай байсан. Тэгээд би очоод охиноо хараад 103 дуудсан.

... Өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр манай охин *** нь 11 цагаас хичээлтэй байсан ба Монгол Улсын Их Сургуулийн 2 дугаар курсийн оюутан учир орой 18 цагаас хичээл нь тарна гээд гарсан. Тэгээд явсных нь дараа 11 цагийн үед манай гэрийн үед манай охины 10 жилдээ нэг ангид сурсан *** гэх найз нь ***д юм өгөх гэсэн юм, мессэж бичихээр хариу байхгүй байна гээд зогсож байхаар нь би надад өгчих гэхэд үгүй, би өөрөө өгнө гээд зогсоод байхаар нь тэр хүүхэд шатаар буугаад явчихсан.

Мөн манай байрны жижүүр Энхтуяа гэх эмэгтэй надад танай охин 19 цагийн үед намайг хог шалгаад уг байрны 5 давхарт явж байхад цахилгаан шатны үүдэнд нэг залуутай хамт гараа бариад инээгээд зогсож байсан гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дахь тал/

 

Гэрч Ц.*** ийн “... Би 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 18 цаг 54 минутад уг байрны 6 дугаар орц руу орж 9 давхраас 1 давхар хүртэл орцны хогийг шалгаад шатаар уруудаад 5 давхарт бууж иртэл манай байрны 199 тоотын охин цахилгаан шатны урд нэг залуутай инээгээд зогсож байсан. Намайг харахад хоорондоо маргалдсан зүйл харагдаагүй ба зүс таних охин байсан болохоор хөөлгүй шууд хажуугаар нь зөрөөд буусан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Мөн би тухайн залууг нь сайн харж чадаагүй царайг нь хараад танихгүй ба хажууд нь өөр хүн байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7620 дугаартай:

“...1. Б.***гийн биед дагзны ясны олон тооны ясны хэлтэрхий үүсгэсэн, цөмөрсөн ил хугарал, уг хугарлаас баруун чамархай, хөхлөг сэртэн дайрсан нийлмэл хугарал, зүүн дух, зулай ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун дух, зүүн зулай, дагзны дэлбэнгийн цусархаг нязрал, тархины аалзан хальсан доорх баг хэмжээний цус харвалт, дагзны хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 58-59 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны *** дугаар сарын 01-ний өдрийн Биологийн шинжилгээ №3300 дугаартай:

“...3.4 Zara гэсэн шошготой хар өнгийн жинсэн өмдөн дээрх хүний цус нь O /I/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 66-68 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1055 дугаартай:

“... 1. Б.***гийн биед дагзны ясны олон тооны ясны хэлтэрхий үүсгэсэн, цөмөрсөн ил хугарал, уг хугарлаас баруун чамархай, хөхлөг сэртэн дайрсан нийлмэл хугарал, зүүн дух, зулай ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун дух, зүүн зулай, дагзны дэлбэнгийн цусархаг нязрал, тархины аалзан хальсан доорх бага хэмжээний цус харвалт, дагзны хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ.

Дээрх гэмтлийн дараах тархины зүүн дагз, баруун духны дэлбэнгийн эдийн зөөлрөл /энцефаломаляци/ өөрчлөлт үүссэн байна.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эдгээр гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 146-151 дэх тал/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний №6858 дугаартай түүхийн хуулбар. /хэргийн 153-168 дахь тал/

 

С.***гийн яллагдагчаар өгсөн “... *** бид хоёр ерөнхийдөө 12 жил хамт суралцсан найзууд байгаа юм. 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баасан гаригт би өөрийн гэр болох 33 дугаар байрнаас гараад АТМ орж мөнгө авахаар явж байхдаа оройн 16-17 цагийн үед Дүүхээ төвийн автобусны буудал дээр ***тай тааралдсан. *** автобусны буудлын яг урд үүдэнд нь юм ярилцсан. *** сургуулиасаа ирж байна гэж надад хэлсэн. ***гийн гэр 5 давхарт байдаг бөгөөд бид хоёр 5 давхрын яг доошоо буудаг шатан дээр суугаад ярилцаж байсан юм. 10 жилийн ангийнхан зугаалгаар явна гэж байсан тэр үед нь хоёулаа хамт очих уу гэж ярилцаж байсан. *** би лав очихгүй, чи очих юм уу гэхэд би очихгүй гээд хоёулаа санал нийлээд очихооргүй болж байсан. Тэгээд би гэрээсээ гарахдаа өмнө нь цуглуулсан байсан чихэрнүүдээ ***д өгөх гэж байсан бөгөөд савтай чихрээ гаргаж ***д өгөөгүй цүнхэндээ үлдээсэн.

Би тэгээд гэнэт уур хүрээд гартаа байсан шууны дасгал хийдэг бөөрөнхий 2 ширхэг чулууг атгаж явсан бөгөөд 1 ширхгийг нь гартаа атгаж байгаад чулуугаараа ***гийн толгойн ар хэсэгт цохисон. Гэтэл *** урагшаа шатны доошоо уначихсан. Уначхаад хөдлөхгүй байхаар нь би очоод ***г тэврээд өргөтөл толгойноос нь цус гарч байсан. Цус гарсан байхаар нь айсандаа орхиод зугтаасан. ***г би өргөөд дийлэхгүй байсан. Би уг орцноос гүйж гараад таарсан автобусандаа харалгүй сууж явж байгаад буусан байсан. Нэг мэдэхэд далан давхрын оршуулганы хажууд ганцаараа алхаж байсан. Тэр хавьд караокены газар байсан бөгөөд үүдний шат хэсэгт нь сууж байгаад өглөө үүр цайхад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд аав намайг хайчихсан байж байсан. Аав намайг ***г цохиод гэмтээсэн гэдгийг мэдсэн байсан бөгөөд би ***г цохиж гэмтээснээ аавдаа мөн хэлсэн.

***г цохисон хоёр чулуугаа би далан давхрын тэр хавьд явж байхдаа хаячихсан санаж байна. Гэхдээ яг хаана хаясан бэ гэдгээ одоо зааж чадахгүй. 1 ширхэг нь яг хэдэн килограмм гэдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ гарт барихад мэдэгдэхээр хүнд байгаа юм.

Би ***г яагаад цохисноо тухайн үед мэдээгүй ээ. Бид хоёрт тэр үед хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй. ***д би 10 дугаар ангиасаа хойш сайн болсон бөгөөд энэ цаг хугацаанаас хойш сэтгэлдээ бодож явдаг байсан юм. ***д хоёулаа үерхэе найзлая гэсэн санал хэлж байгаагүй. Тухайн үед ийм зүйл хэлээгүй.

... Би ***гийн биед хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ***г хурдан эдгээсэй гэж хүсэж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 188-199 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч С.*** нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг *** дугаар хороо 12 дугаар байрны 6 дугаар орцны 5 давхарт хохирогч Б.***гийн биед халдаж түүний биед дагзны ясны олон тооны ясны хэлтэрхий үүсгэсэн, цөмөрсөн ил хугарал, уг хугарлаас баруун чамархай, хөхлөг сэртэн дайрсан нийлмэл хугарал, зүүн дух, зулай ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун дух, зүүн зулай, дагзны дэлбэнгийн цусархаг нязрал, тархины аалзан хальсан доорх баг хэмжээний цус харвалт, дагзны хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулжээ.

   Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.*** нь Б.***гийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч Б.*** болон түүний өмгөөлөгч А.Бүдханд нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 10,907,702 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгдэгч С.***гөөс 16,443,000 төгрөгийг төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт мөнгөн дүнгээр нэхэмжилсэн төлбөр төлөгдсөн байна.

Харин хохирогч, түүний өмгөөлөгч нар цаашид хохирогчид эмчилгээ хийлгэх нийт 7,088,000 төгрөгийн тооцоо гаргасан ба энэ төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болох дурдах нь зүйтэй

Мөн иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Мөнгөнсүх нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардалд гарсан 5,486,150 төгрөгийг нэхэмжилснийг /хэргийн 22 дахь тал/ шүүгдэгч С.*** төлсөн талаарх Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримт шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул уг төлбөр төлөгдсөн гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүгдэгч С.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “4 жилийн  хугацаагаар хорих ял” оногдуулах дүгнэлтийг гаргасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж ... үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх үндэслэлтэй гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзориг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч А.Бүдханд нь тусгайлан санал гаргаагүй бөгөөд “Улсын яллагчтай санал нэг байна” гэжээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.*** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, цаашид гарах хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч С.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар буюу үйлдсэн гэмт хэргийн хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Учир нь шүүгдэгч С.***гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.***гийн эрүүл мэндэд учирсан гэмтлээс үлдсэн уршигт үлдэц буюу хор уршиг их байх тул торгох ялыг сонгон оногдуулах боломжгүй юм.

 

Нөгөөтэйгүүр улсын яллагчаас шүүгдэгч С.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

            Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж заасантай зөрчилдөнө.

            Өөрөөр хэлбэл, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинж болгон заасан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуульд үл нийцнэ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ***ийн ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.***г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар С.***д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар С.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 49*** дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ