Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90,

шүүгдэгч Б.Бямба-Эрдэнэ, Г.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал  суманд  1997 оны 01 дүгээр сарын 25-нд төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, тусгай  дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй,  хэрэг үйлдэх  үедээ Зэвсэгт хүчний 016 дугаар ангид холбоочин ажилтай байсан, ам бүл-3 ээж, дүүгийн  хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5-р хэсэг, Улиастайн  9-р байрны 07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Харчуу овогт Буянхишигийн Бямба-Эрдэнэ /РД:МИ97012515/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 02 дугаар сарын 05-нд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “ Баянзүрх сервис”ХХК-д засварчин ажилтай байсан, ам бүл ганцаараа  Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 хэсэг хангамжийн гудамжны 310 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Тайж овогт Гүүнээгийн Бямбасүрэн  /РД:ЦБ83020573/ нарт

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3311 дугаартай, 105/2017/0106/Э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Бямба-Эрдэнэ, Г.Бямбасүрэн нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн голын орчимд 2016 оны 09 дүгээр сарын 13-өдөр согтуугаар иргэн Б.Бат-Эрдэнийг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бямба-Эрдэнэ мэдүүлэхдээ: Би холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийнхээ талаар ярихгүй гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бямбасүрэн мэдүүлэхдээ:  Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  Хэргийнхээ талаар ярихгүй гэв.

 Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

  Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Бат-Эрдэнэ:…Би 2016 оны 09 дүгээр   сарын 13-ны өдөр 18 цагийн үед эхнэртэйгээ маргалдаад гэрээсээ гараад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Туул голын эрэг дээр очоод ганц пиво уугаад буцаж явтал бургасан дунд 2 залуу архи уугаад сууж байсан. Тэгээд тэр  хоёроос гал асуухад хүрч ирээд ав гэхээр нь би очоод галаар нь тамхиа асаагаад нөгөө хоёрт тамхиа өгсөн, тэгээд нөгөө 2 залуутай танилцахад хоёуланг нь Бямба гэж байсан. Тэгээд надад аяганд нэг архи  хийгээд өгөхөөр нь би уусан. Тэгээд нөгөө 2 залуутай жаахан юм яриад сууж байгаад би явах гэтэл  нэг нь  цуг явах уу гэсэн . Тэгээд жаахан сууж байтал өндөр залуутай юм яриад маргалдсан, өндөр залуу би ална гээд байсан, тэгээд өндөр залуу үгийн зөрүү өгөлгүй намайг цохиж унагаагаад миний ам, хамар, нүд, чих лүү цохиод би ухаан алдсан байсан, нэг сэртэл миний өмд, пүүз, цамц, малгай, оймс, оймсонд байсан 42.500 төгрөг байхгүй байсан. Тэгээд би  маргааш өглөө нь голоор хайтал нөгөө 2-ын намхан нь миний өмдийг өмссөн гол гараад явж байхаар нь цагдаад мэдэгдсэн…надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би Б.Бямба-Эрдэнэ, Г.Бямбасүрэн нараас эмчилгээний зардал бусад зардалд 200.000 төгрөг авсан…гэх мэдүүлэг  /хх-ийн 10-р тал/

Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Бямба-Эрдэнийн:…Би 2013 оны  09 дүгээр сарын13-нд  Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн голын хажууд ... Бямбасүрэн гэх залуутай танилцаж ... 1 шил архи хуваагаад ууж байтал голын цаанаас Бат-эрдэнэ гэх залуу тамхи байна уу гэхээр нь байхгүй гэсэн, тэгтэл нөгөө Бат-эрдэнэ гэх залуу бид хоёр  дээр ирээд танилцаад хажууд суугаад архинаас цуг уусан, ... хэсэг сууж байгаад Бат-Эрдэнэ хүмүүсийн нэр хэлээд чи таних уу гээд байсан, би танихгүй гэсэн, тэгтэл Бат-Эрдэнэ чи ер нь юу вэ гээд надруу дайраад босч ирээд цамцаа газар шидсэн, тэгээд надруу дайрахаар нь нүүрлүү нь 2 удаа гараараа цохитол газар суусан, тэгтэл хажуунаас Бямбасүрэн нөгөө залуугийн гар цээж рүү 2 удаа өшиглөсөн, би газар унахаар нь нуруу луу нь 2 удаа өшиглөсөн, би газар унасан байсан цамцыг нь аваад, өмсөж байсан пүүзийг нь тайлж авсан, Бямбасүрэн өмдийг нь тайлж аваад салаад явсан, ... оймсонд нь мөнгө байгаагүй, би пүүзийг нь тайлж авсан болохоор мэдэж байна...гэх мэдүүлэг. /хх-ийн 31-р тал/

Мөрдөн байцаалтанд яллагдагч Г.Бямбасүрэнгийн:..Би 2016 оны 09 дүгээр  сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн голын хажуугаар явж байгаад Бямба-Эрдэнэ гэх залуутай тааралдсан. Бямба-Эрдэнэ гэх залуу хоёулаа 1 шил архи хуваагаад уучих уу гэхээр нь зөвшөөрч 1 ш Ерөөл архи хувааж уугаад сууж байтал голын цаана 1 залуу явж байснаа бид хоёроос тамхи байна уу гэхээр нь байхгүй гэхэд нөгөө залуу голын цаанаас гол гатлаад хүрээд ирсэн, тэр залуу нилээн согтуу байсан, тэр залуу ирээд ...өөрийгөө Бат-Эрдэнэ гэж танилцуулсан, бид 2 архинаасаа хийж өгөөд ярьж суусан. Бямба-Эрдэнэ нөгөө Бат-Эрдэнэ гэх залуутай маргалдсан, юунаас болж маргалдсан талаар би сайн мэдээгүй. Бат-Эрдэнэ гэх залуу босч ирээд хар өнгийн цамцаа тайлаад газар шидээд Бямба-Эрдэнэ лүү дайрахаар нь Бямба-Эрдэнэ нүүр лүү нь 2 удаа цохиж унагаагаад би суухаар нь цээж гар луу нь 2 удаа өшиглөсөн. Бямба-Эрдэнэ нөгөө залууг нуруу луу нь 2 удаа өшиглөсөн. Бямба-Эрдэнэ газар байсан хар өнгийн цамц, өмсөж байсан шар өнгийн пүүзийг авсан, би өмдийг тайлж авсан, ... согтуудаа хүний хувцас авсан байна лээ, .. өмдний халаасанд 1000 төгрөг байсан, өөр мөнгө байгаагүй, маргааш нь надтай таараад миний оймсонд байсан 10.000 мянган төгрөг байхгүй байна гээд байсан. Цагдаа дээр ирэнгүүтээ 40.000 мянган төгрөг гээд байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн №12874 дугаартай дүгнэлтэнд:

1.Б.Бат-Эрдэнийн биед зүүн нүдний зовхи, чих баруун алганд зулгаралт, уруул, язрал, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамарт  зөөлөн  эдийн  няцрал  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэсэн дүгнэлт /хх-ийн 17-р тал/

 -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39-40-р тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Танхайн гэмт хэргийн  объект нь:  Нийгмийн хэв журам байна. Хүний нэр төр, эрх чөлөө, эрүүл мэнд, нийтийн болон  хувийн  өмчийн эрх зэрэг нь  энэ хэргийн давхар  объект байж болно.

Танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь  бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэл байдаг.

Сувъектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх бөгөөд сэдэлт нь  бусдыг үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй,

Субъект нь 14 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай  Монгол улсын болон  гадаадын иргэн , харьяалалгүй этгээд  хэн байж болно.

 Гэмт хэрэг  бүлэглэн үйлдэх  гэдэгт:  Нэгдсэн санаа зорилго бүхий хоёр буюу түүнээс дээш тооны этгээдүүд хавсран гэмт хэрэг үйлдэж буйг хэлдэг.

 Догшин авирлах  гэдэгт олон нийтийг  илтэд үл хүндэтгэн  хүч хэрэглэх буюу  хүч хэргэлэхээр заналхийлж , нийгмийн хэв журмыг бүдүүлэгээр зөрчсөн үйлдлийг  ичгүүр сонжуургүйгээр авирлаж харгис  хэрцгий аргаар зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн байхыг хэлнэ. Түүнчлэн танхайрах  явцдаа  бусдын биемахбодид  хөнгөн, хүндэвтэр  гэмтэл учруулсан, эд хөрөнгийг  нь устгасан, гэмтээсэн зэргийг догшин  авирласан гэж үзнэ.

        Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгээс дүгнэхэд Б.Бямба-Эрдэнэ, Г.Бямбасүрэн нар нь бүлэглэн согтуугаар  иргэн  Б.Бат-Эрдэнийг үл ялих  зүйлээр шалтаглан  зодож  биед гэмтэл  учруулсан   байна.

Иймд шүүгдэгч Б.Бямба-Эрдэнэ, Г.Бямбасүрэн нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн голын орчимд 2016 оны 09 дүгээр сарын 13-өдөр согтуугаар иргэн Б.Бат-Эрдэнийг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэн Б.Бямба-Эрдэнэ, Г.Бямбасүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Бямба-Эрдэнэ, Г.Бямбасүрэн нар нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх- н 39-40-р тал/

Хохирогч  Б.Бат-Эрдэнэ  нь  өөрт учирсан хохиролд 200.000 төгрөгийг хүлээн авлаа. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн  байх тул  шүүгдэгч нарыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 70-р тал/

Шүүгдэгч Б.Бямба-Эрдэнэ, Г.Бямбасүрэн нар нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн  55.1.1-т  зааснаар  анх удаа хүндэвтэр  гэмт хэрэг үйлдсэн,  55.1.9-т  зааснаар  хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа,  55.1.3-т  зааснаар  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа  хөнгөрүүлэн оногдуулсан хорих ялыг биечлэн  эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн   283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Харчуу овогт Буянхишигийн Бямба-Эрдэнэ, Тайж  овогт Гүүнээгийн Бямбасүрэн нар нь бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан  зодож бусдын  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Буянхишигийн Бямба-Эрдэнийг 3 /гурван / жил 1 /нэг / сарын  хугацаагаар хорих ялаар, Гүүнээгийн Бямбасүрэнг 3 /гурван / жил  1/ нэг / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  Б.Бямба-Эрдэнэд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг Г.Бямбасүрэнд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.

          4. Б.Бямба-Эрдэнэ, Г.Бямбасүрэн нар нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар  Б.Бямба-Эрдэнэд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг, Г.Бямбасүрэнд оногдуулсан 3 /гурван / жил 1 /нэг/ сарын хорих ялыг   тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч нарт хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

             6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Б.Бямба-Эрдэнэ, Г.Бямбасүрэн нарт урьд нь бусдын батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

             7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бямба-Эрдэнэ, Г.Бямбасүрэн нарт бусдын батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ