Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2022/0125/Э |
Дугаар | 2022/ШЦТ/136 |
Огноо | 2022-11-10 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/136
2022 11 10 2022/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Намуун,
Улсын яллагч Т.С,
Хохирогч С.Н,
Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиргүүд бөө овогт Ц.О холбогдох 2229002130126 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
/Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар баг Соёмботой овоо гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглаж С.Н газарт унаган толгой нүүр лүү цохисны улмаас бороолж эдгэсэн баруун эгэмний хугарал, хамрын нурууны хугарал, зүүн зовхины цус хуралт гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр Ө, Ш, Т гэх хүмүүстэй дөрвүүлээ Өмнөговь аймаг руу ууланд явах гэж байгаад болиод буцаад ирсэн. Олон хоног дарааллаад архи уучихсан байсан. Тэр өдөр уул руу явсан, болсон юмыг согтуу байсан учраас сайн мэдэхгүй байгаа. Согтуудаа хийсэн энэ хэрэгтээ их гэмшиж байна. Энэ хүний хохирлыг 12 сарын дундуур төлж барагдуулах болно...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Н мэдүүлэхдээ: “...2022 оны 06 сарын 16-ны орой найз О-той цуг явж байгаад О-ын таньдаг хүмүүс гэх машинтай хүмүүстэй таарсан. Тэр хүмүүс О-г цуг суугаад салхинд гаръя гэсэн. О цуг явъя гээд Ламын овоо гэх газар очсон. Очоод 2, 3 шил архи гаргаад машины гэрэлд ууцгаасан. Ууж байх явцад энэ О гэх залуу надтай цуг явсан Б гэх залууг дуу буруу дууллаа гэж босож ирж барьцалдаж авсан. Би хамт явж байгаа залууг өмөөрөөд салгах санаатай дундуур нь орсон чинь гурвуулаа барьж цохиж, доороо оруулсан. Миний өрөөсөн гар эгэм сойлттой байсан. Босч чадахгүй нэг хэсэг дэвсүүлсэн. Надтай цуг явсан 2 залуу салгах гэж их оролдсон. Салгаж дийлэхгүй байсан. Тэгж тэгж байгаад салгаад би дээшээ боссон. Машины гэрэлд очоод утас дугархаар нь утсаар яриад сууж байтал гэнэт араас хүчтэй юмаар цохисон. Юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Цохисон, би унасан, хамрааас цус гарсан, утсаа алдсан. Намайг хамраас нь цус гоожоод байгаа болохоор нь ухаан алдлаа гэж бодсон байх. Явахдаа машины гэрэл доор уначихсан байсан миний утсыг шүүрч аваад бүгдээрээ машиндаа ороод зугтаасан. Надтай цуг явж байсан О гэх залуу хамраас нь цус гоожоод тогтохгүй байна гээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд намайг эмнэлэгт үзүүлээд, гэрт хүргэж өгсөн. Маргааш нь эмнэлэгт очиж үзүүлэхэд эрүүний яс хугарсан юм шиг байна өрөөсөн мөр хөдөлж болохгүй байсан. Өмнөговийн эмнэлэгт очоод зураг авхуулахад хадаас нь салчихсан байна, дахиж хадуулах шаарлагатай, удах юм бол хадаас нь дотроо буглана гэсэн. Хамрын яс бас хугарсан байсан. Дахиж хадуулах гэхээр урьд захирагчийн ажлын албанд ажиллаж байсан болохоор ор, хоногийн мөнгө 10 хувь хөнгөлүүлж хэвтэж байсан. Одоо хэвтье гэхээр нийгмийн даатгал төлдөггүй гэдгээрээ 1,200,000 төгрөгийн ор, хоногийн мөнгө гарч байгаа. Тэндээс хадаасны мөнгө 600,000 төгрөг. Тэр хадаасыг дахиж 7 юм уу 8 ялтастай хадаасаар сольж хадахгүй бол 6 ялтастай хадаас нь эргүүлж хадаж болохгүй гэсэн...” гэв.
Улсын яллагч Т.С нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.С би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ц.О холбогдох эрүүгийн 2229002130126 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах ялын дүгнэлтийг гаргаж байна. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл хохирол учруулсан идэвхтэй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хүндэвтэр хохирлын хооронд шалтгаант холбоо байна. Хохирогч С.Н-ийн эрүүл мэндэд учирсан бороолж эдгэсэн баруун эгэмний хугарал, хамар нурууны хугарал, зүүн зовхины цус хуралт гэмтэл нь шүүгдэгч газарт унаган цохисны улмаас үүсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагаврын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ц.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч С.Н нь хохирлын баримт гаргаж өгөөгүй. Шүүгдэгч Ц.О нь хохирол төлбөр төлөөгүй болно...” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.О-ийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч С.Н-ийн ”.. Би 2022 оны 06 дугаар сарын 16-ны орой 19 цаг өнгөрч байхад танил найз О-н танил Б гэдэг хүнээр гэрийг нь заалгаад бид хоёр очсон юм тэгээд гэрт нь очиход О гэртээ байж байхад нь уулзчихаад бид гурав Б-ийн яванд нэг шил бензин олж хийе гээд хамт гарч яваад гэрээс нь зүүн урд талд хашаагүй гэрийн гадаа О-ын таньдаг хүнтэй тааралдаж уулзахад тэр хоёр эхнэр, нөхөр бололтой хоёр хүн байсан тэгээд бид гуравыг машинд суулгаад төв рүү ороод нэрийг хэлж мэдэхгүй байна эхнэр нь бололтой хүүхэн 3 шил 1 литрийн Тундра архи худалдаж аваад гарч ирээд бид нар хөдлөөд баруун засмалаар явж байхад жолоо барьж явсан хүнийг таньдаг бололтой нэг машинтай хүн замд тааралдаж тэр хүнтэй уулзаад машинаа тавьчих миний машинд суучих гаръя гэж ярьцгаагаад тэр залууг гэрт нь очиж машиныг нь тавиулаад машиндаа суулгаж явж байгаад Ямаан хүрэнгийн гэр хорооллоос хоёр хүүхэн нэмж суулгаад сумаас хойшоо засмалаар явж байгаад Гэгээнтний овооны зүүн урд доор зогсоод бид нар машины гадаа гэрлээ тусгаж байгаад авсан архиа Б гэдэг хүүхэн нь задлаад бид нар хувааж ууцгаасан юм тэгээд хоёр дахь шил архи уугаад дуулж сууж байхад сүүлд замд таарч машинаа гэртээ тавьж суусан залуу Б рүү чи дуу буруу дуулаад байна гээд шууд барьж аваад хоорондоо маргалдаад эхлэхээр нь би тэр хоёрын дундуур орж салгахад намайг 2 эрэгтэй нэг эмэгтэй гурвуулаа нийлээд нүүр нүдгүй нүдэж цохиж зодоход нь би хариу хөдөлж чадахгүй зодуулсан миний баруун эгэм хугарч хадуулаад удаагүй сойлттой байсан юм тэгээд О, Б хоёр намайг тэр гурваас салгаж босгоход нь алхаж яваад машины гэрэлд очиход дүү Д над руу утсаар залгаад ярьсан юм би гэрт хариагүй байна гээд байхад машин унаж очсон залуу машинаасаа хүрз лоом хоёр гаргаж ирээд энэ мууг энд нь булчихая гээд над руу хүрз, лоомоо бариад давшилахад нь хажуунаас О тэр залууг хорьж байхад миний араас сүүлд машинд суусан залуу дагзруу их хүчтэй цохиход хамарнаас цус гараад шууд газар унасан юм энэ үед миний гар утас шидэгдэж газар унасан юм би ч босвол ахиж зодох байх гэж бодоод босохгүй хэвтээд байсан чинь намайг зодсон хоёр эрэгтэй нэг хүүхэн гурав нөгөө хоёр хүүхнийг суулгаад машинаараа хөдлөх гээд ухараад зогсоход машин барьж явсан залуугийн эхнэр нь машинаас бууж ирээд миний гар утсыг аваад машин луу гуйж очиж суугаад хөдлөх гэж байхад нь О чи миний найзын гар утсыг өгөөчээ гэхэд өгөөгүй шууд хөдлөөд зугатаад явцгаасан юм тэгээд явсан юм...Тэр гурван хүнд зодуулснаас болж миний зүүн эрүү цуурсан гэж эмч хэлсэн...хамар хугарсан, зүүн талын хадуулсан мөр түр түр гээд дуугараад хөдлөхгүй их хүндүүртэй бас зүүн нүд хөхөрсөн, баруун хөмсөгний дээд талд язарсан, зүүн талын нэг хавирга хугарсан юм шиг байна...гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14-р хуудас/,
2022.09.30-ны өдрийн дахин өгсөн “...Одоо дахиж хагалгаанд орж эгэмээ хадуулах шаардлагатай байгаа. Одоо хагалгаанд ороход ор хоногийн мөнгө 1.200.000 төгрөг, хадаасны мөнгө 600.000 төгрөг болж байгаа. Нийтдээ 1.800.000 төгрөг шаардлагатай байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17-р хуудас/,
Гэрч Ц.О-ын “...Би 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байтал Н болон манай хамаатны дүү Б 2 манайд ирсэн. Тэгээд 18 цагийн орчимд байх Н болон Б нарыг сумын төврүү дөхүүлж өгөх гээд манай гэрээс гараад явж байтал О, Ш, Ө болон хүмүүс Т гэж дууддаг зүс таних эмэгтэй нар машинтай явж байхтай таарсан. Тэгээд “...хаа хүрч байгаа юм” гэхээр нь сумын төврүү дөхөж байна гэсэн чинь “...суучих овоо руу салхинд гарья” гэхээр нь хамт явцгаасан. Тэгээд овооны цаад талд очиж сууцгаасан. О, Ө нарын хамт явж байсан хэд 2 шил архи авчихсан байсан. Тэрийгээ бүгд хамт сууж байгаад ууцгаасан. Нэлээн ууж байгаад бүгдээрээ дуу дуулж байсан чинь О болон Н нар хоорондоо дуу буруу дууллаа, солгой дууллаа гээд муудалцаж эхэлсэн. Тэгэхээр нь бид нар “...одоо боль” гээд салгасан. Тэгээд Н, Б бид 3-г байсан газраа үлдээгээд бусад нь машиндаа суугаад явцгаасан.Тэгээд Н зодуулчлаа дуудлага өгчих гэхээр нь би Б утсаар дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд Н ахыг аваад явсан. Харин Б бид 2 гэрлүүгээ харьцгаасан... Н, Б бид 3 огт архи уугаагүй байсан бөгөөд овоон дээр очоод би амсах нь амссан. Олуулаа байсан учир 1,2 удаа л авсан байх. Би согтоогүй эрүүл байсан. Харин Н-г зодсон О гэгч нь нэлээн согтсон байсан байх нэлээн уурлаад Н-рүү дайраад дийлдэхгүй байсан...Тэд нар дуу дуулж байснаа гэнэт О гэгч нь босож ирээд “...дуу буруу дуулсан, солгой хоолойтой” гээд Н-г цохиод авсан. Тэгээд л муудалцаж эхэлсэн... Бид нар гэгээ тасарч байхад овоон дээр очсон. Тэгээд сууж байгаад 11,12 цагийн үед л байх Н, О нар л хоорондоо муудалцаж, зодолдсон. Бусад нь зодолдоогүй, хоорондоо маргалдаагүй. О нь Н-г дороо хийчихээд тархи толгойруу нь цохиод байсан. Салгах гээд татахаар дийлдэхгүй байсан. Н бараг О-г цохиогүй байх. Харанхуй болж байсан тул сайн харагдахгүй байсан...Би болон О, Т гэж дууддаг эмэгтэй, Ш, Н, Б, Ө нар байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-21-р хуудас/,
Гэрч Б.Ш-ы “...Би 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажил явдал гарсан тул аймаг орчихоод 16:00 орчимд байх суманд ирсэн. Би аймгаас ирэхдээ Ө-тэй хамт ирсэн бөгөөд суманд ирээд Ө-тэй хамт явж байгаад О, Т, О, Н, Б нартай уулзаад салхинд гарахаар болсон. Замдаа 2 шил 1 литрийн Тундра гэх архи дэлгүүрээс аваад сумын хойд талын овооны цаана очиж сууцгаасан. Тэгээд тэд нар архиа ууцаагаад, юм яриад л байж байтал би утсаар ярих хэрэг гараад цаад талын овоон дээр очиж 30-40 минут орчим болсон байх. Хамт явж байсан хэд маань дуу дуулж байх шиг сонсогдож байснаа гэнэт хоорондоо маргалдаж, хэрэлдээд байсан. Би очоод “...яагаад муудаад байгаа юм бэ?” гэхэд “...дуу гутаалаа” гээд байсан тэгээд хоорондоо хэрэлдэж, зодолдоод байхаар нь би салгаад О, Т нарыг Ө-ийн машинд суулгаад аваад явсан. Харин О, Н, Б нарыг тухайн газар нь үлдээчихсэн. Суман дээр буугаад би эгчийндээ очиж хоносон...Би огт архи, согтууруулах ундааны зүйл уугаагүй. Тэд нар л уусан. Гэхдээ тэд нар ерөнхийдөө өөрийн ухаантай гайгүй байсан...Намайг овоон дээр утсаар ярьж байгаад муудалцаад байх шиг болохоор нь очтол “...дуу буруу дуулсан, солгой хоолойтой” гээд муудалцаад байсан дуунаас болж л муудсан байх... Н, О нар л хоорондоо зодолсон. Бусад нь зодолдоогүй, хоорондоо маргалдаагүй. Намайг очиход Н, О 2 бие биенийхээ толгой, нүүр орчимд цохилцоод ана мана үзэлцэж байсан. Тэгээд би салгаад О-ийг машинд шууд суулгаад явсан...Би болон О, Т, О, Н, Б, Ө нар байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-25-р хуудас/,
Гэрч М.Ө-ийн “...Би тухайн үед Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумаас дөнгөж Цогтцэций суманд орж ирээд байж байсан. О, Т, Ш нар нь надтай хамт аймгаас ирсэн хүмүүс бөгөөд тухайн хүмүүс нь сумаас хойшоо намайг салхинд хамт гарья гэхээр нь би хамт салхинд гарах гээд явж байтал танихгүй 2 залуу надтай хамт явж байсан хүмүүсийн л танил бололтой машинд хамт суугаад явах гэсэн чинь багтахгүй байхаар нь 2 удаа тухайн хүмүүсийг тасалж зөөсөн. Замаараа дэлгүүр ороод миний ээмэг зүүлтийг барьцаанд тавьж, дэлгүүр ороод уух юм авцгаасан. Тэгээд сумаас хойшоо хэсэг яваад овооны цаад талд сууцгаасан. Би бол огт архи пиво уугаагүй, эмнэлгээр явж байгаа. Зүгээр салхинд гарах гээд л хамт сууж байсан. Тэгээд тэд нар архиа ууж байсан чинь Танихгүй 2 залуугийн нэг нь О-ийн суух гэж байгаа хүүхэн гэгдэх Т-ийн биед нь хүрч бөгс, гуя зэргийг нь илж таалаад байсан чинь О уурлаад тэр танихгүй залуутай мудалцаад байсан. Тэгэхээр нь би “...та нар болиочээ машин тэрэг эвдлээ” гээд О, Т, Ш нарыг машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд манайд ирээд унтацгаасан...Би огт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин надтай хамт явж байсан хүмүүс болон тухайн танихгүй 2 залуу нийлээд 1 литрийн Тундра архи 2 шил, 3 ширхэг том пиво ууцгааж байсан. Тухайн хүмүүс ер нь маш их согтсон байсан... Миний танихгүй 2 залуугийн нэг нь Т гэх эмэгтэйг өмнө нь таньдаг байсан гээд юм ярьж байсан. Тэгээд тэр залуу О-ийн эхнэр Т-ийн бөгс, гуяыг нь илж таалаад байсан. Тэгээд л хоорондоо муудалцаад байсан...Хоорондоо зодолдож байна гэж бие биенийгээ барьж авч ч чадахгүй согтуу байсан хүмүүс газар өнхөрч ойчоод л байсан. Би тэгэхээр нь “...та нар ууж чадахгүй байж боль” гээд би 1 пивийг нь хүртэл асгасан. Хоорондоо зодолдох гээд бие биенийгээ ч барьж авч чадахгүй “...чамайг ална” гэхчлэн л хашгираад байсан. Тэр үед Ш уулан дээр утсаар ярьж байгаад хүрч ирээд “...юу болоод байгаа юм бэ?” гэхээр нь би танихгүй - залууг үлдээгээд бусдыг нь машиндаа суулгаад аваад явсан...Би болон О, Т, Ш болон тухайн танихгүй 2 залуу байсан. Тэгээд муудлцаад байхаар нь би О, Т, Ш нарыг аваад явсан. Харин нөгөө 2 залууг тэнд нь орхиод явсан...” гэсэн мэдүүлэг /27-29-р хуудас/,
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 730 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 45-47-р хуудас/,
Яллагдагч Ц.О-ийн “...Би Нандинхүүгийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 79-80-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.О нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар баг соёмботой овоо гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглаж С.Н-ийг газарт унаган толгой нүүр лүү цохисны улмаас бороолж эдгэсэн баруун эгэмний хугарал, хамрын нурууны хугарал, зүүн зовхины цус хуралт гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй байх тул прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ц.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч С.Н нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө 1,800,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Хохирогч С.Н-ийн эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтаа шаардлага хангасан хэлбэрээр гаргаж ирүүлээгүй, хэрэгт хавсаргаагүй байх тул хохиролын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Шүүгдэгч Ц.О-ийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6,6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн тал дээр маргадаггүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна байна. Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.О-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.О-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.О-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хиргүүд бөө овогт Ц.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.О-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Н нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.О иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА