| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00139/И |
| Дугаар | 255 |
| Огноо | 2019-05-24 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 255
| 2019 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2019/00255 | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Төмөрхүүгийн Туулын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 18-19 тоотод оршин суух, регистрийн дугаартай, Олхонууд овогт Намжилийн Зд холбогдох, 924,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Т.Туул, хариуцагч Н.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Туул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Туул нь Казакстан улсын “Баян суму” компанийн худалдагчаар ажилладаг. 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Гүнз майнинг дэлгүүрийн худалдагч Н.З гэдэг эмэгтэй охин Уранцэцэгийн хамт ирж надаас 474,500 төгрөгийн чихэр падаанаар зээлж аваад одоо хүртэл төлөхгүй заллин хийгээд худал яриад яваад байна. Манай компани нь чихрийн үнийг тухайн авсан сардаа багтааж мөнгөө хийж тооцоогоо нийлэх журамжтай. Хэрэв тухайн сардаа мөнгөө хийж тооцоо хийхгүй бол алданги тооцож үндсэн барааныхаа үнэ дээр сар бүр 50,000 төгрөг нэмж төлдөг. Н.З Ж.Уранцэцэг гэдэг энэ 2 эмэгтэйг удаа дараа шаардаж хэлсэн боловч нэгч мөнгө төлөөгүй өдий хүрлээ. Энэ 2 эмэгтэй миний чихэр аваад 9 сар гараад явж байна. Очоод хэлэхээр дандаа худал хэлж, хууран мэхэлсээр өнөөдөр шүүхэд хандахад хүрлээ.
Ж.Уранцэцэг гэгч нь танай шүүхэд ажилладаг юм байна. Анх чихэр авахдаа энэ 2 эмэгтэй хамт ирж авсан. Тухайн үед энэ 2 хүнийг ажилтай, төрийн албанд ажилладаг болохоор итгээд өгсөн. Ийм болохоор энэ 2 эмэгтэйгээс чихрийн мөнгө болох 474,500 төгрөг, 9 сарын алданги 450,000 төгрөг, нийт 924,500 төгрөгийг яаралтай төлүүлж намайг болон манай компаныг хохиролгүй болгож өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч Н.З шүүхэд гаргасан тайлбартаа: Н.З миний бие “Баян сулу”-аас гаргасан 924,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Баян сулу” чихрийн төвөөс 474,500 төгрөгийн чихрийг падаанаар аваад нь төлөөгүй байгаа.
Миний ажиллуулж байгаа дэлгүүр нь сүүлийн саруудад тогтмол үйл ажиллагаагаа явуулаагүй учраас мөнгийг нь төлж чадаагүй өдийг хүрсэн.
Иймд үндсэн үнэ 474,500 төгрөгийг 2019 оны 5 дугаар сараас эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр төлж барагдуулах бөгөөд нэхэмжлэлийн үлдэгдэл шаардлага 450,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Т.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Туул миний бие 474,500 төгрөгийн чихэр иргэн Н.Зд зээлүүлж өгсөн. Н.З нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 30-ний өдөр хүртэл сар бүр 100,000 төгрөг өгөхөөр тохиролцож, нэхэмжлэлийн зөрүү болох 450,000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж байна гэв.
Хариуцагч Н.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нхэмжлэлийн шаардлагаас 474,500 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 30-ний өдөр хүртэл сар бүр 100,000 төгрөг төлөхөөр, эсвэл өөрийн дэлгүүр болох “Мини маркет” дэлгүүрийг хугацаанаас өмнө зарагдсан тохиолдолд 474,500 төгрөгийг бэлэн өгч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 450,000 төгрөгөөс татгалзаж эвлэрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Туул нь хариуцагч Н.Зд холбогдуулан 924,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Туул, хариуцагч Н.З нар нь дараах байдлаар эвлэрлээ. Үүнд нэхэмжлэлийн шаардлага болох 924,500 төгрөгөөс хариуцагч Н.З нь 474,500 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 30-ний өдөр хүртэл сар бүр 100,000 төгрөг төлөхөөр, эсвэл өөрийн дэлгүүр болох “Мини маркет” дэлгүүрийг хугацаанаас өмнө зарагдсан тохиолдолд 474,500 төгрөгийг бэлэн төлөхөөр, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 450,000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Туулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 26,738 төгрөгийн 50 хувь болох 13,369 төгрөгийг хариуцагч Н.Згаас гаргуулан нэхэмжлэгч Т.Туулд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Туулийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Золзаяад 924,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Н.Золзаяа нь нэхэмжлэлийн шаардлагаас 474,500 /дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч Т.Туулд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 30-ний өдөр хүртэл сар бүр 100,000 төгрөг төлөхөөр, эсвэл өөрийн дэлгүүр болох “Мини маркет” дэлгүүрийг хугацаанаас өмнө зарагдсан тохиолдолд 474,500 төгрөгийг бэлэн төлөхөөр, нэхэмжлэгч Т.Туул нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөс татгалзаж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Туулийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 26,738 төгрөгийн 50 хувь болох 13,369 төгрөгийг хариуцагч Н.Золзаяагаас гаргуулан нэхэмжлэгч Т.Туулд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА