| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2023/0049/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/54 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Н.Нандин-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/54
2023 01 18 2023/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ, хохирогч Б.Батцэрэн, шүүгдэгч Ц.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цагаанхүүгийн Отгонбаярт холбогдох эрүүгийн 22100 2421 1427 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Биокомбинатад хоёрдогч түүхий эд болон хог хаягдал худалдан авах газарт ачигч ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат 11 дүгээр гудамжны 144 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Цагаанхүүгийн Отгонбаяр /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Отгонбаяр нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батцэрэнтэй маргалдаж, толгой болон цээжин тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Ц.Отгонбаяр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Отгонбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө болсон асуудлын хувьд Цолмонбаатар “муушиг тоглоё” гэж 16 цагт утсаар залгаж дуудахаар нь би орой 20 цагт очсон. Намайг очиход Цолмонбаатар, Батцэрэн, эхнэр хүүхдүүдийнхээ хамт, бас Болорцэцэг байсан. Намайг ороход архи үнэртэж байсан ба ширээн дээр 0.75 граммын Эдэн нэртэй архи байсан. Би “Цолмон ах архи уудаг болсон юм уу” гэхэд “ах нь уудаггүй” гэж хэлсэн. Тэр архинаас Батцэрэн уугаад нэлээн согтсон байсан. Тэгээд би Цолмонбаатар ахтай нэлээн тоглож шөнийн 23 цаг болсон. Тэгээд Болорцэцэг, Батцэрэн хоёр Цолмонбаатар ахаас гуйж байгаад бурхан дээр нь байсан архийг авч уусан. Дараа нь Батцэрэн “гарч машин барина” гэж 2-3 удаа гарч явсан. Тухайн үед эхнэр нь Батцэрэнг яаж загнаж байсныг Батцэрэн өөрөө мэдэж байгаа. Би байж байгаад гэртээ харих гэж гарч явсан. Манай тэр хавийн гудамж гэрэлтэй.
Гэтэл ардаас Батцэрэн гүйгээд ирсэн. “Яасан бэ” гэхэд “20.000 төгрөг өгчих, архи авах гэсэн юм” гэхээр нь би “дэлгүүр хаалттай” гэхэд “Биогийн дэлгүүр оръё” гэж хэлсэн. Би “өгөхгүй” гэтэл миний зүүн шанаа руу цохиж, толгой руу нүдээд эхэлсэн. Энэ үед эхнэр нь ирж салгаад, энэ хоёр явсан.
Тэгээд удалгүй эхнэр нь залгаж “Батцэрэн зодуулсан байна, хүрээд ир” гэж дуудсан. Би эгчтэйгээ хамт очиход Батцэрэнгийн толгой нь цус болчихсон, над руу “би чамайг барна шүү” гээд орилоод байсан. Тэгээд манай эгч намайг “хариад байж бай” гэж хэлсэн. Тэгээд л маргааш, нөгөөдрөөс нь би зодсон болоод явчихсан. Би их гайхсан.
Гэрчийн мэдүүлэгт Болорцэцэг нь Цолмонбаатарын гэрт гүйж ороод “Батцэрэн хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн байна лээ. Цолмонбаатар “гарахад Батцэрэн гудамжинд хэвтэж байсан, Отгонбаярыг хараагүй” гэж мэдүүлсэн байсан. Тэгээд би Батцэрэн рүү олон удаа залгасан. Гэмтэл дээр байхад нь хүртэл очсон. Гэтэл намайг “ганц ч залгаагүй” гэж хэлж байгаа. Надтай эд нарын нэг нь ч яриагүй.
Батцэрэн тэр өдөр юу болсныг мэдэж байгаа. Би гомдолтой байна. Намжилмаа “би гүйгээд очиход Отгонбаяр гар утасны гэрлээ тусгаад, Батцэрэнгийн толгой руу нь өшиглөж байсан” гэж мэдүүлж байгаа. Гудамжны гэрэлтэй газар гар утасны гэрэл тусгана гэж байхгүй. Хэрэг гэрчийн мэдүүлгээр явдаг юм байна. Би өмнө ийм байдалд орж үзээгүй учраас хэцүү байна.
Би Батцэрэнг 10-аад жилийн өмнөөс мэднэ. Цолмонбаатар ахынд орж хөзөр хамт тоглож байсан. Урьд ийм зодоон, маргаан болж байгаагүй. Би ийм зүйл болохыг мэдсэн бол Цолмонбаатар ахын гэрт очихгүй байх байсан.
Гэрч нар хоорондоо маргалдсан гэж мэдүүлж байгаа. Миний хардах хамгийн гол зүйл бол эд нар нэг гэр бүлийн хүмүүс байгаа юм. Намжилмаа нь Цолмонбаатар ахын дүү, Батцэрэн Цолмонбаатар ахын хүргэн дүү, Болорцэцэг Цолмонбаатар ахын бэр. Гэр бүлийн хүмүүс учраас намайг хөнгөхөн асуудалд хийж байна. Надад өөрийгөө хамгаалах боломж байхгүй, би хүчинд автаж байна. Анх байцаагч дуудаж “Батцэрэн чамайг түрүүлж цохисон уу, тэрийгээ хэл” гэж хэлсэн. Би “Батцэрэн намайг цохисон, би зодоогүй” гэж хэлсэн. Гэрчийн мэдүүлгээр яллах дүгнэлт бичигдсэн байна.
Намайг харих үед 23 цаг 10 минут болж байсан. Намжилмаа над руу 23 цаг 45 минутын орчим залгасан. Би Болорцэцэг, Батцэрэн хоёрыг Био комбинат руу явсан гэж бодож байна. Энэ хоёр “таксигаар Сансар явж шоудна” гэж ярьж байсан. Био комбинат явсан, эсхүл хойшоо явсан гэж бодож байна. Батцэрэн болохоор “би юу ч санахгүй байна, гэмтлийн эмнэлэгт ухаангүй сэрсэн” гэж мэдүүлж байгаа. Эцсийн үг болгож хэлэх зүйл алга, Прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрч байна.” гэсэн тайлбар, мэдүүлэг
2. Хохирогч Б.Батцэрэнгээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Тэр өдөр би 13 цагийн орчимд Цолмонбаатар ахын гэрт ирсэн. Тэгээд Болорцэцэгтэй хамт 2 шил архи уугаад сууж байхад шүүгдэгч ирсэн. Шүүгдэгч “архи уугаагүй” гэж байна. Отгонбаяр ирээд 2 дахь шил архийг ууж эхлэхэд би тасарсан байсан. Анхандаа би юм санахгүй байсан. Дараа нь санахад шүүгдэгч намайг хашааны буланд зодоод зогсож байсан юм.
Зодуулснаас болж миний “дагзны яс 7-8 см цуурсан байна” гэсэн. Тухайн үед ашгүй манай эхнэр ардаас гарч ирэхэд Отгонбаяр намайг түлхэж унагаад цааш зугтсан гэж хэлсэн. Одоо шүүгдэгч худал мэдүүлж байна. Тухайн өдөр Болороо эгч “архи ууя” гэхээр нь хамт архи уусан. Бид хоёр 2 шил архи уусан ба сүүлийн архийг би ганцаараа уусан. Шүүгдэгчийг урьд өмнө таньдаг байсан, хамт хөзөр тоглодог байсан.
Одоо би авсан гэмтлийнхээ улмаас 2-3 жил хүнд хөдөлмөр эрхэлж болохгүй болсон. Би 2 хүүхэдтэй, өр зээлтэй, амьдрал хэцүү байна. Одоо ажлаа хийхгүй байгаа. Групп хараахан тогтоолгоогүй, тогтоолгоно. Хурлаар орж байж шийдэгдэнэ гэж хэлсэн. Би эрүүл мэндээрээ хохирсон. Маш их гомдолтой байна.
Би хохиролд баримтаар нэхэмжилсэн 1.200.000 төгрөгийг авсан. Одоо өвчтэй байсан хугацааны цалин, бусад хохиролд нийт 13.187.422 төгрөгийг нэхэмжилж байна. Би помпын туслах оператор хийдэг. Сард урамшуулалтайгаа нийлээд 3.700.000 төгрөгийн цалин авдаг байсан. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажилгүй байсан 6 сарын хугацааны цалингаа нэхэмжилж байна. Хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмж манай компаниас төлөгдсөн. Сард 300.000 гаран төгрөгийг, нийт 2 сар авсан. Манай компани цалинг багаар буюу 800.000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгалыг төлдөг байсан. Гомдолтой байна, хохирлыг барагдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
Гурав. Эрүүгийн 22100 2421 1427 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Батцэрэнгийн хохирогчоор өгсөн:
“...2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө асуудал болсон шиг санагдаж байна, би тухайн өдрийн 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туслах Аж ахуйн 1-15 тоотод хадам ах Цолмонбаатарын гэрт эхнэрийн хамт ирсэн. Тэгээд бид нар 0.75 литрийн савлагаатай Эдэн нэртэй архийг хувааж уусан ба орой хэдэн цагт ирснийг нь мэдэхгүй байна, Отгонбаяр гэх залуу ирээд хөзөр тоглож байсан. Отгонбаяр нь “цөс өвдөөд байна” гээд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй сууж байсан ба манай эхнэр мөн хэрэглээгүй. Тэгээд Отгонбаяр ирснээс хойш би тасраад юу болсон талаар сайн санахгүй байгаа юм.
Манай эхнэр надад хэлэхдээ “Отгонбаяр гэх залуу чамайг газар унагаад толгой руу чинь цохиод байсан” гэсэн. Би тэр өдрийн шөнө 03-04 цагийн Гэмтлийн эмнэлэгт толгойн дээрээ боолттой сэрсэн юм. Тухайн үед би юу болсон талаар санахгүй байгаад саяхнаас санаж эхэлсэн. Отгонбаяр намайг дагуулж гараад, нүүр лүү 1-2 удаа цохихоор нь би газар унаад өгсөн. Тэгэхэд миний толгой болон цээж, хэвлий рүү өшиглөхөөр нь би зүүн гараараа толгой хэсгээ хамгаалж гэмтээсэн. Отгонбаяр тухайн үед миний толгой руу ямар нэгэн хатуу зүйлээр цохиод, хэл амаар доромжлоод байсан. ...Би маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 20 дахь тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Цолмонбаатарын гэрчээр өгсөн:
“...2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 16-17 цагийн үед манай гэрт Батцэрэн нь эхнэр, хоёр хүүхдийн хамт ирсэн. Батцэрэн нь манай төрсөн дүү Намжилмаагийн нөхөр байгаа юм. Орой бид хөзөр тоглоод байж байхад манай хойд айлын залуу болох Отгонбаяр орж ирээд, хамтдаа хөзөр тоглосон ба Эдэн нэртэй 0.75 литрийн архи хувааж ууцгаасан. Орой нь Отгонбаяр, Батцэрэн нар дахин архи авна гээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрээс гарсан юм. Удалгүй бэр охин Болор гэрт орж ирэхдээ “Отгонбаяр, Батцэрэн нар хоорондоо муудалцаад байна” гэж хэлсэн.
Манай дүү Намжилмаа гэрээс гараад нэг минут ч хүрээгүй буцаж орж ирээд “Батцэрэн зодуулаад үхэх гэж байна” би гэрээс гараад гудамж эргээд харахад Батцэрэн ганцаараа газар хэвтчихсэн, толгойноос нь цус гарсан байдалтай байхаар нь гэртээ оруулаад толгойг нь угаахад толгойных нь зүүн болон орой хойд тал нь хагарсан байсан. Харин цуг гарсан Отгонбаяр харагдахгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 24 дэх тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Намжилмаагийн гэрчээр өгсөн:
“...Би 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нөхөр Батцэрэн, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байх ах Цолмонбаатарын гэрт очсон юм. Тэгээд бид нар хоол унд идээд, юм яриад сууж байсан. Тухайн үед манай нөхөр ахынд ганцаараа архи уусан ба нэлээн согтсон байсан. Орой 19 цагийн үед гаднаас Отгонбаяр гэдэг хүн ирсэн, манай нөхөр ууж байсан архинаасаа өгөхөд уухгүй байсан.
Тэгээд манай нөхрийн архи нь дуусахад Отгонбаяр гэдэг хүн “архи авч өгье” гээд байсан ба тэр хоёр хамт дэлгүүр орохоор болсон. Отгонбаяр нь манай эгч Болорцэцэгтэй түрүүлж гэрээс гарсан, манай нөхөр араас нь ганцаараа гарсан юм.
Тэгэхэд удалгүй Болорцэцэг орж ирээд “Батцэрэн Отгонбаяртай муудалцаад байна” гэхээр нь араас нь гарахад хоёр хүн чанга яриад муудалцаад байгаа нь сонсогдохоор нь гудамжаар хойшоо эргээд очиход манай нөхрийг газар унагаад, утасныхаа гэрлийг асаачихаад толгой руу нь хөлөөрөө өшиглөж байсан. Мөн бие рүү нь өшиглөөд зогсож байсан ба манай нөхрийн бие тэр чигтээ цус нөж болчихсон байхаар нь би орилоод гүйж очоод нөхрөө тэврээд, Отгонбаярыг холдуулахад зодох гээд дайраад байсан. Тэр үед Отгонбаяр гартаа нэг зүйл барьчихсан, тэр нь цус болчихсон харагдаж байсан. Ингээд Отгонбаяр шууд зугтаагаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 26-27 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Болорцэцэгийн гэрчээр өгсөн:
“...2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шөнө болсон асуудал гэвэл би Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туслах Аж ахуйн 1-15 тоотод байх үеэл Цолмонбаатарын гэрт очиж хоорондоо тоглож, архи ууцгаасан юм. Тухайн үед Батцэрэн нь эхнэр, хүүхдүүдийн хамт Цолмонбаатарын ахын гэрт ирсэн байсан ба хөзөр тоглосон. Батцэрэн бид хоёр архи уусан, харин Цолмонбаатар, Батцэрэнгийн эхнэр Намжилмаа нар архи уугаагүй. Тэдний гэр бүлийнхэн архи уудаггүй юм. Тэгээд байж байхад гаднаас нэг залуу орж ирсэн. Батцэрэн түүнтэй ярихдаа Отгонбаяр гэж байсан.
Тэр залуу, Батцэрэн бид гурав үлдсэн архийг уугаад дуусгасан учир бид гурав дэлгүүр гарч архи авахаар болсон. Тэгээд Отгонбаяр бид хоёр гэрээс түрүүлж гараад, гудамжны үзүүр хүрэхэд араас Батцэрэн ирсэн бөгөөд Отгонбаяр, Батцэрэн хоёр хоорондоо маргалдаад байсан. Гадаа харанхуй байсан учир би буцаж гэрт ороод Батцэрэнгийн эхнэрт “танай нөхөр маргалдаад байна” гэж хэлсэн. Тэгээд Намжилмаа нөхрийнхөө араас гэрээс гараад явсан. Удалгүй “манай нөхрийг алчихлаа ш дээ” гээд гар, хөл нь цус болчихсон орж ирсэн. ...Батцэрэнг гэрт оруулж ирэхэд “Отгонбаяр зодчихлоо” гээд орилоод байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 29-30 дахь тал),
5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14648 дугаартай:
“1. Б.Батцэрэнгийн биед баруун зулай, чамархай, суурь ясны их далавч хүрсэн хугарал, хугарал орчмын тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, баруун зулай чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун талын 5, 6, 7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 34-36 дахь тал),
6. Хохирогч Б.Батцэрэн нь Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 12-15, 38-63, 115-124 дэх тал),
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Отгонбаярын яллагдагчаар өгсөн:
“...Надад бусдыг цохиж, зодсон асуудал байхгүй. Гэр бүлээрээ нийлээд намайг хэрэгт гүтгэж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 72 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 75 дахь тал) баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 78 дахь тал), Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 79 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч нар гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Отгонбаярын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Отгонбаяр нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батцэрэнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, толгой болон цээжин тус газарт нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “...баруун зулай, чамархай, суурь ясны их далавч хүрсэн хугарал, хугарал орчмын тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, баруун зулай чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун талын 5, 6, 7-р хавирганы хугарал” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан:
- хохирогч Б.Батцэрэн (хэргийн 20 дахь тал), гэрч Д.Цолмонбаатар (хэргийн 24 дэх тал), гэрч Н.Намжилмаа (хэргийн 26-27 дахь тал), гэрч Б.Болорцэцэг (хэргийн 29-30 дахь тал) нарын мэдүүлэг,
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14648 дугаартай:
“1. Б.Батцэрэнгийн биед баруун зулай, чамархай, суурь ясны их далавч хүрсэн хугарал, хугарал орчмын тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, баруун зулай чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун талын 5, 6, 7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 34-36 дахь тал),
- хохирогч Б.Батцэрэн нь Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 12-15, 38-63, 115-124 дэх тал) зэрэг бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Б.Батцэрэнгийн биед учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Ц.Отгонбаяр түүний толгой болон цээжин тус газарт нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн шууд санаатай гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Отгонбаяр нь хохирогч Б.Батцэрэнгийн биед хүнд гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,
- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Тухайн хэргийн нөхцөлд хохирогч Б.Батцэрэнгийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь уг гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, сувилуулах, шинжилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” байна.
Энэ хэргийн хохирогч Б.Батцэрэн нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ, эм тарианы зардалд нийт 1.230.422 төгрөг (хэргийн 12-15 дахь тал) нэхэмжилснээс шүүгдэгч Ц.Отгонбаяр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.200.000 төгрөг (хэргийн 125 дахь тал) нөхөн төлсөн баримттай байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Б.Батцэрэнгээс “...Эмчилгээ, эм тарианы зардал болон цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин болон бусад хохирол нийт 13.187.422 төгрөг нэхэмжилнэ.” хэмээн мэдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн мэдүүлгийг, холбогдох баримтын хамт шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.
Хохирогчоос шүүх хуралдаанд хэрэгт хавсаргуулахаар гаргасан эмчилгээний зардлын баримтыг (хэргийн 124 дэх тал) шүүх нэг бүрчлэн судлахад 37.853 төгрөг болж байх болж тул хохирогч Б.Батцэрэнд нөхөн төлөгдөх хохирол, хор уршгийн баримттай гарсан эм тариа худалдан авсан 37.853 төгрөг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлээс үлдэх 30.422 төгрөг, нийт 68.275 төгрөгийн шаардлагыг хангаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.
Харин 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн шатахууны төлбөр 110.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй, тухайн гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын зөрүүд шүүх 1.154.545 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Учир нь: Нийгмийн даатгалын сангаас хохирогч Б.Батцэрэнд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 2022 оны 9 дүгээр сард 95.455 төгрөг, мөн оны 10 дугаар сард 350.000 төгрөг, нийт 445.455 төгрөгийг олгосон баримттай байна.
Шүүх Төрийн мэдээллийн сангаас гаргасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт баримтыг (хэргийн 123 дахь тал) албан ёсны үнэн зөв баримт гэж үзэж, уг тодорхойлолт баримтын цалин хөдөлмөрийн хөлс хэсэгт тусгагдсанаар хохирогчийн дундаж цалингийн хэмжээг 800.000 төгрөгөөс түүний ажилгүй байсан хугацааны цалин орлогын зөрүүг тооцон бодоход 2022 оны 9 дүгээр сарын цалингийн зөрүү 704.545 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын цалингийн зөрүү 450.000 төгрөг, нийт 1.154.545 төгрөг болж байна.
Үүн дээр эмчилгээ эм тарианы зардалд нэхэмжилсэн 1.230.422 төгрөгөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгдсөн 1.200.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 30.422 төгрөг, эм тариа худалдан авсан баримттай зардлын 13.090 төгрөг, 24.763 төгрөг, нийт 68.275 төгрөгийн шаардлагыг тус тус хангаж, нийт шүүгдэгчээс 1.222.820 төгрөгийг гаргуулж хохирогчид нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батцэрэнгээс “учирсан гэмтлийн улмаас 2022 оны 9 сараас одоог хүртэл хойш ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, ажилгүй байгаа” гэж мэдүүлсэн хэдий ч түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримтад 2022 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд цалин хөдөлмөрийн хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт хийгдсэн баримттай байх тул дээрх хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй байсан гэж үзэх нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй байна гэж дүгнэн, ажилгүй байсан хугацааны цалин орлого нэхэмжилсэн шаардлагаас үлдэх хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.
Дээрх үндэслэлээр шүүх, шүүгдэгч Ц.Отгонбаяраас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 1.222.820 /нэг сая хоёр зуун хорин хоёр мянга найман зуун хорь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Батцэрэнд олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх 11. 964.602 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хэргийн хохирогч Б.Батцэрэн нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардал болон цалин орлоготой холбоотой шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Отгонбаяр нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 68 дугаар талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт хохирогчийн эмчилгээ сувилгаатай холбоотой баримтаар нэхэмжилсэн зардлын зарим хэсгийг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналд үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгонбаярыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг 03 /гурав/ жилээр тогтоож шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт Ц.Отгонбаяр нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Цагаанхүүгийн Отгонбаярыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ц.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Отгонбаяр нь оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Ц.Отгонбаяраас 1.222.820 /нэг сая хоёр зуун хорин хоёр мянга найман зуун хорь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хотхоны 82-33 тоотод оршин суух, ******** регистрийн дугаартай, Баянхаан овогт Билгүүний Батцэрэнд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх 11.964.602 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Батцэрэн нь цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардал болон цалин орлоготой холбоотой шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Энэ хэрэгт Ц.Отгонбаяр нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД