Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0629

 

 

 

 

 

 

2021 10 04 128/ШШ2021/0629

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овгийн Л.С /РД:********/,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд:  ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрхийн улсын бүртгэлийн Ү-220301****  дугаартай С дүүрэг * дугаар хороо, * дугаар хороолол, * байр,*** тоот хаягт байрлах орон сууцны бүртгэлд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн баталгаат ипотекийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А /цахимаар/, гуравдагч этгээд Х банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: иргэн Л.С\ миний бие улсын бүртгэлийн Ү-220301**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн 0001320** гэрчилгээтэй өмчлөлийн С дүүрэг * хороо, * хороолол, * байр,** тоотод байрлах байрыг өөрийн эхнэр Д.Д хамт эзэмшдэг болно.

Гэтэл Б ХХК-ийн захирал У.Б нь миний эхнэр Д.Д залилан мэхэлж, бусдыг төөрөгдүүлж байрыг чинь нэгхэн сарын барьцаанд тавьчихаад өгье, урамшуулал болгож дөрвөн сая төгрөг өгье, байраа барьцаанд тавихад нөхрийн чинь зөвшөөрөл хэрэггүй, хуульд өөрчлөлт орсон хэмээн өөрийн таньдаг нотариатч дээр дагуулан очиж, хууль бус хэлцлийг таньдаг хүнээрээ дамжуулан батлуулж, улмаар хууль бус итгэмжлэлийн үндсэн дээр бусдын байрыг банкинд барьцаалж, хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулан, одоо бидний байр Х банкны барьцаанд хураагдах дээрээ тулан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шатанд маргаан үүсээд явж байна.

Б ХХК-ийн захирал У.Б нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр миний эхнэр Д.Д өөрийн таньдаг нотариатч Д.Б дээрээ дагуулан очиж улсын бүртгэлийн Ү-220301**** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн 00013**** гэрчилгээтэй өмчлөлийн С дүүрэг, * хороо, * хороолол, * байр *** тоотод байрлах байрыг маань намайг байхгүйд, миний зөвшөөрөлгүй бусдад барьцаанд тавих итгэмжлэлийг гэрчилж Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар, Иргэний хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн үйлдлээс болж надад ихээхэн хэмжээний хохирол болон сэтгэл санааны дарамт учруулсан.

Дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан У.Б болон Д.Б гэгчийн бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан хууль бус үйлдлийг шалгуулахаар өргөдөл гаргаж, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 190500*** дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл дээр зурсан гарын үсэг Л. С мөн эсэхийг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилоход 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5267 тоот шинжээчийн дүгнэлтээр Л.С гарын үсэг биш болох нь тогтоогдсон болно.

Мөн нотариатч Бнь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Д, Л.С нарын өмчлөлийн дээрх эд хөрөнгийг хамтран өмчлөгч Л.С зөвшөөрөлгүй хийгдсэн хууль бус гэрээ хэлцлийг гэрчилсэн гэдгийг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоосон. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусан, гэм буруутайг нь тогтоож У.Б болон нотариатч Д.Б нарыг яллагдагчаар татах гэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3301 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Б иргэн намайг байхгүйд миний өмчлөлийн байрыг бусдад шилжүүлэн өгөх хууль бус итгэмжлэлийг гэрчлэн хууль бус үйлдэл хийж иргэн намайг хохироосон. Энэ хууль бус үйлдлийг буюу 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрчилсэн Л.С, Д.Д нараас төлөөлөгч У.Б олгосон итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1093 дугаар шийдвэрээр итгэмжлэлийг хүчингүй болгосон. Хариуцагч тал гомдол гаргаагүй бөгөөд энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Улмаар цагдаагийн байгууллага болон прокурорын эрх бүхий шийдвэр, баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шийдвэрийн хамт Улсын бүртгэлийн ерөнхий газар хандан дээрх бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгөөч гэсэн боловч шийдвэрлэх боломжгүй шүүхэд хандана уу гэсэн хариуг өгсөн болно.

Иймээс С дүүрэг * хороо, * хороолол, * байр,** тоот байрыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргасан учир нь У.Б гэгч этгээд нь нэхэмжлэгчийн эхнэрт байрыг чинь нэг сар барьцаанд тавиад өгье, урамшуулал болгон 4 сая төгрөг өгнө гэж хуурч мэхлээд, таньдаг нотариатаар итгэмжлэл гэрчлүүлснээс энэ маргаан үүссэн. Энэ хууль бус үйлдлийг нь Цагдаагийн хэлтсээс шалгаж, тухайн этгээд нь гэм буруутай байна гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хаасан. Энэ хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5267 тоот шинжээчийн дүгнэлтээр итгэмжлэл дээрх гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Итгэмжлэлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн байна.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х банк нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд барьцааны гэрээ хүчингүй болгох бие даасан шаардлага гаргаж байсан боловч нэхэмжлэгч хариуцагч нар нь харилцан тохиролцсоныг баталж 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамж гарсан. Ингээд маргаан бүхий эд хөрөнгөөс татгалзсан шийдвэр гарсан байдаг. Гэвч үүний дараа Х банк ХХК-д манай барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэсэн боловч чөлөөлөөгүй өнөөдрийг хүрч байгаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х банк ХХК-ийн хуульч нартай харилцан тохиролцсон. Гэвч тус хэлтсийн захирал нь хүлээн зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Л.С  /УУ7104****/, Д.Д /УД7105****/ нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаартай, С дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол ** дүгээр байрны *** тоот орон сууц бүртгэлтэй байх бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Х банктай байгуулсан барьцааны гэрээг бүртгүүлэхээр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гарган өгсөн байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг гаргах шаардлагыг хангасан, 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан.

2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1790001880 дугаартай зээлийн гэрээ, БИ1790001880-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр 330,000,000.0 сая төгрөгийн зээл авах үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн Ү-220100****, Ү-220504****, Y220301**** дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байна. Барьцааны гэрээг 133 дугаартай нотариатчийн гэрчилсэн өмчлөгч Л.С, Д.Д нарын иргэн У.Б  олгосон итгэмжлэл, барьцааны гэрээний дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан хориглох заалт байхгүй байсан тул 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу бүртгэгдсэн байна. Энэ нь шүүхэд хуулбарлаж өгсөн улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа ипотекийн гэрээний хуулбараас тодорхой харагдана.

Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр үйлдэж гарын үсэг зурж, талуудын аль нэг хүсвэл нотариатаар гэрчлүүлэн, бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэнээр баталгааждаг. Хуулийн энэхүү хэлбэрийн шаардлагыг тус гэрээ бүрэн хангасан байна.

Барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, барьцаанд бүртгүүлэх 133 дугаартай нотариатчийн гэрчилсэн итгэмжлэлд иргэн Л.С-ийн гарын үсэг үнэн зөв эсэхийг шалгах боломж улсын бүртгэлийн байгууллагад байдаггүй.

Улсын бүртгэлд бүртгэгдсэн ипотекийн гэрээнээс харахад гэрээнд оролцогч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь тухайн этгээдүүдийн гарын үсгээр баталгаажсан, хөндлөнгийн гэрчээр гэрчлэгдсэн, нотлох баримтад үндэслэсэн ямар нэг хууль зүйн зөрчилгүй байсан тул улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь С дүүрэг * дугаар хороо, * дугаар хороолол, ** байр, *** тоот хаягт байрлах орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 01093 дугаартай шүүхийн шийдвэрээр Л.С-гээс У.Б-д олгосон итгэмжлэлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гаргаж, хүчин төгөлдөр болсон..." гэжээ.

Х ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан ЗГ179000**** дугаартай зээлийн гэрээ болон талуудын хооронд байгуулагдах зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Л.С, П.А, П.Д нартай 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр БИ17900018**** дугаартай баталгаат ипотекийн гэрээг байгуулж, Л.С, Д.Д нарын өмчлөлийн С, * дугаар хороо, * дугаар хороолол, ** дугаар байрны *** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү- 220301**** дугаартай 36 м.кв орон сууцыг барьцаалсан.

Банк Л.С, Д.Д нарын үл хөдлөх хөрөнгийг барьцаалах гэрээ байгуулахдаа Л.С, Д.Д нараас У.Б-д Улсын бүртгэлийн Ү-220301**** дугаартай С дүүрэг, *-р хороо, *-р хороолол ** байрны *** тоот орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцаанд төлөөлөх, үүргийн гүйцэтгэл хангуулах гэрээнд болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүчин төгөлдөр, нотариатчаар гэрчлэгдсэн итгэмжлэлийг үндэслэн У.Б-тэй 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Би 17900018*** дугаартай Баталгаат ипотекийн гэрээг байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна гэж заасны дагуу хамтран өмчлөгчийн зөвшөөрөл хэсэгт үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч Д.Д-г У.Б төлөөлөн гарын үсэг зурсан болно.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01093 дугаартай шүүхийн шийдвэрээр Л.С, Д.Д нараас У.Б-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь банк, нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй бөгөөд хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг шүүхээс тогтоодог. Гэрээ хүчин төгөлдөр эсэхтэй холбоотой маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасны дагуу эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэргийн шүүхийн харьяалалд хамаарч байна. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар маргаан бүхий хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болсон талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй буюу гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.

Нотариатч нь итгэмжлэлд төлөөлүүлэгч өөрөө биечлэн гарын үсэг зурсан болохыг тодорхойлон тамга, тэмдгээ даран гэрчилсэн тохиолдолд итгэмжлэлийг банкны хувьд шаардлагыг хангаж байна гэж үзэх үндэслэл болох юм. Мөн нотариатчаар гэрчлэгдсэн итгэмжлэлийн хувьд банк хүчин төгөлдөр эсэхийг шалгах үүрэг хүлээхгүй бөгөөд гарын үсгийг үнэн зөв гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэрээг улсын бүртгэлд бүртгэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байхгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгүүлсэн болно. Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хөндөгдөөгүй буюу уг асуудлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Х ХХК нь Б ХХК, Ч.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн тайлбар, татгалзлаа гарган мэтгэлцэх, эсхүл иргэний хэргийн шүүхэд хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд иргэний хэргийн шүүхээс хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэн тохиолдолд эрх нь зөрчигдсөн гэж үзэж улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар улсын бүртгэлийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч оролцож байгаа. Х банк ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор маргаан бүхий хөрөнгийг барьцаалсан байдаг. Улсын бүртгэлийн Ү-220301**** дугаартай С дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол ** байрны *** тоот орон сууцыг барьцаалсан. Тус барьцааны гэрээнд гарын үсэг зурахдаа нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэлийг үндэслэн У.Б нь Д.Д-г төлөөлөн гарын үсэг зурсан. Энэ итгэмжлэлтэй холбоотойгоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарч У.Б-д итгэмжлэл олгосон гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь банк иргэний хоёрын хооронд байгуулсан барьцааны гэрээг дуусгавар болгох шууд үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл тус нотариатчаар гэрчилсэн гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус болсноор банкны барьцааны гэрээ дуусгавар болоогүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар зээлийн гэрээтэй холбоотой маргаанаар банкны хувьд гуравдагч этгээдээр Л.С-г оролцуулах хүсэлт гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус хүсэлтээсээ татгалзсан байдаг. Иргэний хуульд заасны дагуу барьцаа хөрөнгөөсөө татгалзаж байгаа бол тэр талаараа мэдэгдэл хүргүүлээд Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой. Банкны хувьд барьцаа хөрөнгөөсөө татгалзсан үйл баримт байхгүй. Энэ нь юугаар харагдах вэ гэвэл Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1403 дугаартай захирамжид нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр Л.С, Д.Д, А.Д нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба эдгээр гуравдагч этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг мөн шүүхэд бичгээр ирүүлсэн гэж дурдсан байдаг.

Өөрөөр хэлбэл барьцаа хөрөнгөтэй холбоотойгоор ямар ч зүйл тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлээгүй гэсэн үг. Нотариатад өөрөө биечлэн гарын үсэг зурсан болохыг тодорхойлон тамга тэмдгээ даран гэрчилсэн ба итгэмжлэлээр тухайн гэрээ нь хүчин төгөлдөр гэдэг итгэл үнэмшилтэй гэрээ байгуулсан. Мөн улсын бүртгэлд бүртгэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнийтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нөхцөл байдал байхгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бүртгүүлсэн болно. Өөрөөр хэлбэл тус захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас болоод нэхэмжлэгчийн эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж үзэж байгаа.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхээр хэрэг шийдвэрлэгдсэнээр барьцааны эрх дуусгавар болсон асуудал байхгүй, итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус учир барьцааны гэрээг хүчингүй болгох талаар улсын бүртгэлийн газар хандсан зүйл байхгүй. Тухайн үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгох биш бүүр анхны барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгохоор ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.С нь өмчлөлийнх нь орон сууцыг түүний зөвшөөрөлгүйгээр баталгаат ипотекийн барьцаанд бүртгэсэн үндэслэлээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаартай С дүүрэг * дугаар хороо, * дугаар хороолол, ** байр,**** тоот хаягт байрлах орон сууцны бүртгэлд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн баталгаат ипотекийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, иргэн Л.С /УУ7104****/, Д.Д /УД7105****/ нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаарт бүртгэлтэй *** тоот орон сууцыг өмчлөгч Л.С-с зээлийн барьцаанд тавих, барьцаалбар төлөөлөх, үүргийн гүйцэтгэл хангуулах, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг У.Б-д олгосныг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэлээр Х банк ХХК нь Б ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан ЗГ179000**** дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг уг үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулахаар Л.С-тэй БИ17900018**** дугаартай баталгаат ипотекийн гэрээг байгуулж, Л.С-гийн мэдүүлгээр баталгаат ипотекийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаарт бүртгэжээ. Дээрх итгэмжлэлийн дагуу баталгаат ипотекийн гэрээ болон гэрээг бүртгүүлэх мэдүүлэгт Л.С-г төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зуржээ.

Гэвч баталгаат ипотекийн гэрээг бүртгүүлэх Л.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан мэдүүлэгт хавсаргасан итгэмжлэл хуульд нийцээгүй байсан талаарх гомдол, нэхэмжлэлээр эрүү, иргэний хэргүүд дараах байдлаар шийдвэрлэгджээ.

Д.Д-гийн өөрийн өмчлөлийн байраа бусдад итгэмжлэл хийж өгөн шилжүүлсэн ч залилуулсан байж болзошгүй гэх гомдлоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 190500*** дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаад, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3301 дугаартай тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан бөгөөд хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5267 тоот дүгнэлтээр 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл дээр зурагдсан гарын үсэг Л.С-н гэх гарын үсгийн загварууд, бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байгааг тогтоосон.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1093 дугаар шийдвэрээр нотариатч итгэмжлэл гэрчлэхдээ төлөөлүүлэгч Л.С-г оролцуулаагүй, итгэмжлэлд гарын үсэг зуруулаагүй нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 нотариатын үйлдэл хийлгэж байгаа үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох, 21.1.2 үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан зөвлөгөө өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, 31 дүгээр зүйлийн 31.1.4 үйлчлүүлэгч нь ... эсхүл төлөөлөх эрхгүй байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзах хуулийн шаардлагыг зөрчсөн, Нотариатын үйлдэл хийх зааврын ... д зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлэх заалтыг зөрчсөн гэж дүгнээд Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Б-ын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрчилсэн Л.С, Д.Д нараас төлөөлөгч У.Б-д олгосон итгэмжлэлийг хүчингүй болгосон байна.

Улмаар эрхийн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаарт 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 8/6215 тоот албан бичгээр Х банк ХХК нь барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг иргэний шүүхэд гаргасан тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй хэмээн хариу өгчээ.

Нэхэмжлэгч Л.С итгэмжлэл олгоогүй нь шүүхээр тогтоогдсон, өмчлөлийн орон сууцыг нь өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр баталгаат ипотекийн барьцаанд бүртгэсэн үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан бол хариуцагч улсын бүртгэлийн байгууллага ийнхүү бүртгэх үед итгэмжлэл хуулийн шаардлага хангасан эсэхийг шалгах үүрэггүй гэж, барьцаалагч буюу гуравдагч этгээд барьцааны гэрээг нотариатчаар гэрчлэгдсэн итгэмжлэлийн дагуу байгуулсан гэж маргадаг бөгөөд хэдийгээр баталгаат ипотекийн барьцааг бүртгэх үед өмчлөгчөөс олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүйг барьцаалагч болон улсын бүртгэлийн байгууллага мэдэх боломжгүй, шалгах үүрэг байгаагүй, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тухайн үедээ тогтоогдоогүй ч итгэмжлэлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл үүссэн байна.

Ийнхүү баталгаат ипотекийн гэрээг бүртгүүлэх үндэслэл болсон итгэмжлэл дээрх гарын үсэг итгэмжлүүлэгчийнх биш болох нь эрүүгийн хэрэг шалгах явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, улмаар итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байхад Улсын бүртгэлийн ерөнхий газар барьцаалагч барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг иргэний шүүхэд гаргасан үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзсан нь хуульд нийцээгүй байна. Учир нь өмчлөгч Л.С нь барьцааны эрхийг дуусгавар болсныг бүртгүүлэхээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/ -ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар мэдүүлэг гаргаагүй, харин мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар барьцааны бүртгэл буруу ташаа болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаартай бүртгэлийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр барьцааны гэрээг бүртгэсэн хэсэгт өөрчлөлт оруулуулахаар 6.4-т зааснаар хүсэлт гаргасан байх тул энэ тохиолдолд хүсэлтийг шийдвэрлэхэд барьцаалагч барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг иргэний шүүхэд гаргасан буюу барьцаалагч зөвшөөрөөгүй үндэслэл хамаарахгүй юм.

Барьцаалагч Х банк ХХК нь Б ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гарган, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Л.С, Д.Д нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас нэхэмжлэгч татгалзаж, нэхэмжлэгч, хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг ... төгрөг гаргуулах, төлбөрийг хугацаа тогтоон төлөх, тогтоосон хугацаандаа төлөөгүй тохиолдолд тодорхой барьцаа хөрөнгүүдээс гаргуулахаар эвлэрснийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1403 дугаартай захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, талуудын эвлэрлийг баталсан энэ шийдвэр шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр энэ шийдвэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тогтсон үл хөдлөх эд хөрөнгүүдэд энэ маргаанд хамаарах Л.С /УУ710****/, Д.Д /УД7105****/ нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаарт бүртгэлтэй С дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол ** дүгээр байрны ***тоот орон сууц ороогүй байна.

Өөрөөр хэлбэл Х банк ХХК нь Б ХХК-иас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай иргэний хэргийг шийдвэрлүүлэхдээ Б ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан ЗГ179000*** дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БИ179000188*** дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан Л.С, Д.Д нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаарт бүртгэлтэй С дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол ** дүгээр байрны *** тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаас татгалзсан, энэ нь иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзаж гаргаснаар Л.С, Д.Д нарын эрх ашиг сонирхол хөндөгдөхөөргүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг, нөгөө талаас иргэний хэргийн хариуцагч Б ХХК-тай эвлэрэхдээ үүргийн гүйцэтгэлийг Л.С, Д.Д нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаарт бүртгэлтэй С дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол ** дүгээр байрны *** тоот орон сууцнаас гаргуулахааргүй тохиролцсоноос харагдаж байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гуравдагч этгээд буюу баталгаат ипотекийн бүртгэлийн хувьд барьцаалагч Х банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Банкны хувьд барьцаа хөрөнгөөсөө татгалзсан үйл баримт байхгүй. гэх тайлбар мөн л үндэслэлгүй юм.

Дээрхээс дүгнээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар барьцаалагчаар бүртгэгдсэн Х банк ХХК барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулахыг зөвшөөрөөгүй энэ тохиолдолд 6.3, 6.4-т зааснаар барьцааны гэрээг бүртгүүлэх мэдүүлгийн үндэслэл болгосон итгэмжлэлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулаагүй тул барьцааны бүртгэлийг 6.6-д зааснаар шүүх хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хэдийгээр бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзсан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хариу хуульд нийцээгүй ч үйл баримтад хамт дүгнэсэнчлэн баталгаат ипотекийн барьцааг бүртгэх үед өмчлөгчөөс олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүйг улсын бүртгэлийн байгууллага мэдэх боломжгүй, шалгах үүрэг байгаагүй, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тухайн үедээ тогтоогдоогүй байсан нөхцөл байдлыг харгалзан шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасныг баримтлан Л.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-220301**** дугаартай Л.С, Д.Д нарын өмчлөлийн С дүүрэг * дугаар хороо, * дугаар хороолол, ** байр,*** тоот орон сууцны бүртгэлд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн баталгаат ипотекийн гэрээний бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА