| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 159/2024/0071/З |
| Дугаар | 221/МА2025/0053 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2025/0053
“Т ” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.З
Гомдлын шаардлага: “Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-н 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 000000 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 76 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.З
Хариуцагч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 159/2024/0071/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Т ” ХХК-иас “Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-н 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 000000 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гарган маргасан байна.
2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 76 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ” ХХК-ний Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-н 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 000000 дугаартай шийтгэлийн хуудсаар “Т ” ХХК-ийг 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. … Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харъяаллыг ноцтой зөрчиж хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан. Зөрчлийн хэрэг дурдагдаад байгаа 8 ширхэг 9.4 м3 шинэс модыг хэн хэзээ, ямар техник хэрэгслээр бэлтгэсэн нь тодорхойгүй, түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний нөхцөл болзлыг хэрхэн зөрчсөн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй буюу хэрэг бүртгэлийн ажиллагаагаар тогтоогдсон зүйл байхгүй байна.
3.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад шинжилгээ хийлгэхэд Шүүх шинжилгээний хуульд заасан журмын баримтална гэсэн байдаг. Энэ хэрэгт шинжилгээ хийлгэж шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасны дагуу шинжээчийн хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичгийг авч хэрэгт хавсаргаагүй буюу шинжээч нь тусгай мэдлэгтэй эсэх нь тодорхойгүй байна.
3.3. … Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан байна. Хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь дээрх хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс хариуцагчийг хууль бус шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн буруутгах үндэслэлгүй гэж дүгнэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журам зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
3.4. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 76 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
2.1. Гомдол гаргагч “Т ” ХХК нь Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчин хяналтын улсын байцаагч Н.Б д холбогдуулан “2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 000000 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2.2. Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь “… Т ХХК-ийг 2024 онд үйлдвэрлэлийн огтлолоор шинэс мод бэлтгүүлэхээр тусгаарласан талбайгаас мод бэлтгэхдээ зохих зөвшөөрөл олгогдсон талбайгаас бэлтгээгүй” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж шалгаад 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 000000 дугаартай шийтгэлийн хуудсаар “… мод бэлтгэхдээ мод бэлтгэх гэрээний нөхцөлд заасныг зөрчсөн” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг баримтлан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг “Т ” ХХК-д оногдуулсан байна.
2.3. Дээрх шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчаас эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх “... “Т ” ХХК нь тусгаарласан талбайгаас мод тээвэрлэх хяналтын хуудсаар 107.092 м.куб шинэс мод талбайд бэлтгэсэн гэх боловч тусгаарласан талбайд хийсэн хяналт шалгалт, шинжээчийн дүгнэлтээр 28 м.куб модыг тухайн талбайгаас бэлтгээгүй, мөн тусгаарласан талбайн гадна талд зохих зөвшөөрөлгүйгээр 8 ширхэг буюу 9.425 м.куб шинэс мод бэлтгэсэн нь дээрх хуулиудад заасан мод бэлтгэх, талбай тусгаарлах гэрээний нөхцөл болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж дүгнэхээр байх тул байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 000000 дугаартай шийтгэлийн хуудсаар “Т ” ХХК-д шийтгэл оногдуулж 10,000,000 төгрөгөөр торгосон нь хуульд нийцсэн буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэн, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2.4. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д “Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл олсон орлогыг хурааж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-д “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ”, 35.4.1-д “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-д “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн”, 35.4.3-д “засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” гэж тус тус заасан.
2.5. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд мод бэлтгэх үйл ажиллагааг зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр бэлтгэхийг хориглосон байх бөгөөд гомдол гаргагч “Т ” ХХК нь мод бэлтгэхдээ гэрээнд мод бэлтгэлийн ажлын технологийн картыг хавсаргаагүй, ойгоос мод бэлтгэх ажлын эхлэлийн актыг байгаль хамгаалагчаар үйлдүүлээгүй мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн, мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлэж хүлээлгэж өгөөгүй, мод бэлтгэх гэрээний нөхцөл болзлыг зөрчиж ойд үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолт хийхдээ талбай тусгаарласан солбилцлоос өөр талбайд мод бэлтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
2.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн харъяаллыг ноцтой зөрчиж хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан” гэх гомдлын тухайд:
2.7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг” ойлгоно” гэж, 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ” гээд мөн хэсгийн 6.37-д “байгаль орчны хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9, 2.1, 2.2 дахь заалт, 3, 4, 5, 6 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7 дахь заалт, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28 дахь хэсэг, 6.24 дүгээр зүйл, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1, 7.2, 7.4, 7.6, 7.7, 7.8, 7.9 дүгээр зүйл, 7.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7 дахь хэсэг, 7.13 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 16.1, 16.3, 16.4, 16.8, 16.10 дахь заалт, 7.15 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 5.2, 5.3 дахь заалт, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 7.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.17, 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил” гэж, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.
2.8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар байгаль орчин хяналтын улсын байцаагч нь Ойн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих эрхтэй байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/000 дүгээр “2024 оныг ойн жил болгон зарлах тухай” тушаалыг үндэслэн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Ойн байгалийн ургамал, ойн дагалт баялаг түүж бэлтгэх, худалдаалах, тээвэрлэх байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 000 дугаар удирдамжийн хүрээнд хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд түүнийг хяналт шалгалт хийх эрх хуулиар тусгайлан олгогдоогүй гэж үзэхээргүй байна.
2.9. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан Н.Б 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах” тухай тогтоол гаргаж, шинжээчийн дүгнэлт гаргахыг Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангийн инженер У.Б-д даалгаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх, үүргийн тайлбарлан, баримтад гарын үсэг зуруулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа шинжээчийн тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичгийг хэрэгт хавсаргаагүй, шинжээчийн хувийн мэдээллийг шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
2.10. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 76 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ