Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 00003

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир, улсын яллагч Б.Бүжинлхам, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Хуягбаатар, шүүгдэгч Г.Ууганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ууганбатад холбогдох эрүүгийн 201614000514 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэрэгжилтэй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 10-04 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овгийн Ганбатын Ууганбат./ ФБ 96101450/

                                                         Үйлдсэн гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ууганбат нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах Тахилт хүнсний дэлгүүрийн гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн тамхи нэхэж догшин авирлаж танхайран Х.Алтанганжуурыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл гэмтэл санаатай учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

      2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах Тахилт хүнсний дэлгүүрийн гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн тамхи нэхэж догшин авирлаж танхайран Х.Алтанганжуурыг зодож бие махбодид зүүн чихний хэнгэрэгэн хальсны цооролт бүхий  хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

1.  Шүүгдэгч Г.Ууганбат шүүхийн хэлэлцүүлэгт: Би мэдүүлэг өгөхгүй. Хохирогч Х.Алтанганжуурыг дэлгүүрийн гадна зодсоноо хүлээж байна гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Хуягбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:  Хүү минь насанд хүрээгүй байгаа бөгөөд Ууганбатад зодуулснаасаа болоод шөнө орой унтахдаа айж цочдог, уур уцаартай болсон. Цаашид хүү маань чихний гэмтлээсээ болоод хөдөлмөрийн чадвар алдах вий гэж айж байна. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Би 2 хүүхэдтэй энэ хүүхэд гэмшиж байгаа байх цаашид анхаарна биз, хөнгөн ял оногдуулж өгнө үү. Цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжилнэ  гэв.

    3. Насанд хүрээгүй хохирогч Х.Алтанганжуурын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 11 сарын 04-ний өдөр би найз Мөнхбат, Ариунболд нартай Дэнж багийн Тахилт нэртэй хүнсний дэлгүүрийн тэнд явж байхад Ууганбат хэдэн хүмүүсийн хамт Од дэлгүүрийн гадна зогсож байгаад ганцаараа бид гурав дээр хүрч ирээд зогс гээд зогсоогоод та гурав тамхи олж чадах уу гэхээр нь Мөнхбат чадна гэж хэлсэн. Ууганбат бид гурваас та гурав цохилт дааж чадах уу гэхээр нь бид нар айгаад чадна гээд хэлсэн. Би эхлээд намайг танихгүй юм чинь цохихгүй байх гэж бодоод дуугараагүй гэтэл Ууганбат за тооллоо шүү. Нэг хоёр гээд тоолоод эхлэхээр нь би айгаад чадна гэчихсэн юм. Ууганбат эхлээд Мөнхбатын зүүн хацарлуу нэг удаа алгадсан. Дараа нь миний зүүн хацарлуу нэг удаа алгадсан. Дараа нь Ариунболдыг алгадсан юм. Намайг алгадахад зүүн тал тэр чигээрээ ирвэгнээд сонин мэдрэмж төрсөн. Манараад чих шуугиад байсан юм. Бид гуравыг Ууганбат цохисоны дараа та гурав яв тамхи олж ир гээд хэлэхээр нь бид 3 Тахилт нуур хүнсний дэлгүүр лүү ороод нуугдаж байгаад явсан. Бид нарт худалдагч нь тамхи өгөхгүй байсан. Ууганбатад зодуулснаас болж миний зүүн чихний хэнгэрэг цоорсон гэх мэдүүлэг /хх-ийн 10 талд/

     4. Насанд хүрээгүй гэрч Ш.Буянтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тахилт дэлгүүрийн ойролцоо явж байтал Ариунболд дэлгүүрээс гоймон авна гээд орсон Ариунболд дэлгүүрээс гарч иртэл, миний зүс таних Ууганбат ах тахилт дэлгүүрийн урд таараад Ариунболд, Алтанганжуур бид гурвыг тамхи олоод ир гэсэн. Тэр үед байхгүй гэсэн чинь наашаа энд зогс гэж хэлж байгаад Ууганбат ах бид хоёрыг нэг, нэг удаа алгадсан. Тэгээд бид гурвыг тамхи олоод ир гэж хэлхээр нь бид гурав зугтаасан, дахин таараагүй  гэх мэдүүлэг /хх-ийн 17 талд/

         5. Гэрч  Б.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тахилт хүнсний дэлгүүрээс 2 ширхэг ролтон бэлэн гоймон авчихаад дэлгүүрээс гараад иртэл миний зүс таних Ууганбат ах дуудаад та гурав нийлж байгаад тамхи аваад өг гэсэн, тэгтэл Мөнхбат, Алтанганжуур бид гурав мөнгө байхгүй тэгээд ч авч өгөхгүй гэсэн юм. Тэгтэл Ууганбат ах яагаад авч өгч чадахгүй юм. Зээлээд ширхэгээр аваад өг гэсэн юм. Тэгсэнээ гэнэт наашаа энд зогс гэж хэлсэнээ эхлээд Алтанганжуурыг алгадсан дараа нь бид хоёрыг нэг, нэг удаа алгадсан. Тамхи олоод ир гэхээр нь тахилт дэлгүүр лүү орчихоод буцаад гараад иртэл Ууганбат ах байхгүй байхаар нь зугтаагаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/

    6. Гэрч Э.Одбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ууганбат надад хэлэхдээ хүүхдийн чихний хэнгэрэг хагалсан гэж хэлсэн би тэр үед хамт байгаагүй манай найз их харамсаж байгаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхэд зодсон өдрөө сэтгэл санаа нь их тогтворгүй байсан байх гэж бодож байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 23 талд /

7. Гэрч Ж.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. ...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Х.Алтанганжуур гэдэг хүүхэд хүүхдэд зодуулсан гэсэн байдалтай ирж үзүүлэхэд зүүн талын хэнгэрэгийн хальс доод хэсгээр гэмтлийн гаралтай шинэ цоорхой байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24 талд/

  8. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №765 дугаартай дүгнэлт “...Х.Алтанганжуурын биед зүүн чихний хэнгэрэгэн хальсны цооролт үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шинэ гэмтэл байна гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарагдана шинжээч эмч Ч.Буянзаяа гэсэн дүгнэлт / хх-ийн 16  талд /

9. ... 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Элит эмнэлэгийн эмчийн бүртгэлийн дэвтэр байх бөгөөд уг дэвтэрийн 2016 оны 11-р сарын 04-ний өдөр үзүүлсэн хүмүүсийн бүртгэлд Алтанганжуур гэх хүн үзүүлсэн тухай бүртгэлтэй байна...гэсэн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26 тал/

     10. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

   Шүүгдэгч Г.Ууганбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, түүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

 Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283,284,285,286,290-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

                                                                       ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ганбатын Ууганбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Г.Ууганбатыг  3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Ууганбатад оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.  Хохирогч Х.Алтанганжуур нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Г.Ууганбатад оногдуулсан 3  жил 1 хоногийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар ялтан Г.Ууганбатад  хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ууганбатад урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ