Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00958

 

 

Б.Хандмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 145/ШШ2019/00591 дүгээр шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 204/МА2020/00007 дугаар магадлалтай,

Б.Хандмаагийн нэхэмжлэлтэй,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах 411 дүгээр байрны 4 давхрын 21 тоот 52 мкв 2 өрөө, 3 давхрын 18 тоот 76.52 мкв 3 өрөө, 5 давхрын 30 тоот 52 мкв 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, дээрх орон сууцыг эд хөрөнгө хураагдсан жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хандмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хандмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганбаяр, Л.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Хандмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 3 нэхэмжлэгч нэг хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Г.Батцэцэгийн хувьд одоо өөрийн амьдарч байгаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 411 дүгээр байрны 3 давхрын 18 тоот 76.52 мкв орон сууцыг 2012 онд Гэгээн суварга ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж орон сууцны үнэ хөлсийг хэсэгчлэн төлж дуусгаад амьдарч байхад Гэгээн суварга ХХК-ийн үүсгэн байгуулагч Я.Оюунгэрэл, О.Баатарсүрэн нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгчөөр дуудагдсанаас үүдэж уг орон сууц нь бүхэлдээ битүүмжлэгдсэн. Үүнээс үүдэж уг орон сууцыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Л.Оюунцэцэгийн 2019.3.15-ны өдрийн 17150287/18 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг үндэслэн хураагаад 2019.3.05-ны өдрийн 17150287/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тухайн орон сууцыг битүүмжилсэн. Г.Батцэцэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдийн эрх хөндөгдөж өөрийн өмчлөх эрх зөрчигдлөө гэж үзсэн учраас шүүхэд дээрх 2 тогтоолыг хүчингүй болгож өөрийн орон сууцаа битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Г.Батцэцэг нь 29 айлын орон сууцыг барилга угсралтын ажил эхлэх үеэс нь байрны урьдчилгаа гэж 25,000,000 төгрөгийг өгөөд 2013.4.15-ны өдөр 25,000,000 төгрөгийг гүйцээж өгөөд 19 дугаартай орон сууц захиалгаа барих гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурсан. Уг гэрээнд өгсөн мөнгөө бичээд тухай бүр нь гарын үсгээ зураад он сараа бичээд явсан байдаг. Нэхэмжлэлд мэдүүлснээс 2011 оноос 2013.4.15-ны өдөр хүртэл хэсэгчилж 25,000,000 төгрөг, 2014 оны хавар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 60 айлын орон сууцны 2 дугаар орц 57 тоот 2 өрөө орон сууцыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга н.Амартүвшинд зараад 45,000,000 төгрөгийг банкны зээл гарахаар нь бэлнээр өгсөн байдаг. Ажил гүйцэтгэгч тал буюу Гэгээн суварга ХХК нь 70,000,000 төгрөгийг орон сууцны үнэ гэж хэсэгчилж төлсөн гэж тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч Б.Отгонсүрэнгийн хувьд мөн Г.Батцэцэгтэй ижил ашиг сонирхолтой байгаа. Б.Отгонсүрэн нь өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа учраас гуравдагч этгээдийн байр сууринаас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г.Батцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Л.Оюунцэцэгийн үйлдсэн 2019.3.05-ны өдрийн 17150287/11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоос өөрийн эд хөрөнгө болох 29 айлын орон сууцны 411 дүгээр байрны 4 давхрын 21 тоот 52 мкв 2 өрөө байрыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх мөн 2019.3.15-ны өдрийн 17150287/16 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Б.Отгонсүрэн нь мөн орон сууц захиалгаар барих гэрээг 2012.3.15-ны өдөр байгуулаад урьдчилгаа гэж 2013.3.16-ны өдөр 10,000,000 төгрөг төлөөд үүнээс хойш хэсэгчлэн төлөөд нийтдээ 52,400,000 төгрөгийг төлсөн. Мөн 11,425,000 төгрөгийг илүү өгч барилга барихад хөрөнгө оруулсан гэж мэдүүлж байгаа. Эдгээр хүмүүс нь 2014 онд байр ашиглалтанд орох үед улсын комисс хүлээж аваад улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргасан боловч шүүхээс уг орон сууцыг бүхэлд нь битүүмжилсэн гэдэг үндэслэлээр өмчлөх эрхийг үүсгэж өгөхгүй татгалзсан байдаг. Ингэж явсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хурааж битүүмжлэгдээд дуудлага худалдаанд орох үед шүүхэд хандаад нэхэмжлэл гаргаж байгаа.

Б.Даваасүрэн нэхэмжлэгчийн хувьд 29 айлын орон сууц буюу 411 дүгээр байрыг баригдахад орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж орон сууц захиалж үнийг хэсэгчилж төлж дуусгасан байдаг. Б.Даваасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Оюунцэцэгийн үйлдсэн 2019.3.15-ны өдрийн 17150287/17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, 2019.3.15-ны өдөр үйлдэгдсэн 17150287/13 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоос өөрийн одоогийн амьдарч байгаа 411 дүгээр байрны 5 давхрын 30 тоот 52 мкв 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Б.Даваасүрэн нь 52 мкв 2 өрөө орон сууцыг 53,976,000 төгрөгөөр захиалан авахаар тохиролцож гэрээ байгуулаад 2012.11.07-ны өдөр 15,000,000 төгрөгийг цалингийн зээл авч өгөөд гэрээ байгуулсан. Тухайн өдрөө 6,000,000 төгрөг барилгын материал авч өгсөн байдаг. 2011, 2012, 2013 онуудад 29 айлын орон сууцанд сарын 450,000 төгрөгийн цалинтай цахилгаанчнаар ажиллаж нийт 36 сарын цалин гэж 16,200,000 төгрөгийг захиалсан орон сууцны үнэнд суутгуулж цалингүй ажилласан байдаг. Өөрийн өмчлөлийн вероса маркийн машинаа Баянхонгор аймаг руу 8,500,000 төгрөгөөр зарж орон сууц захиалсан үнэд бодож Гэгээн суварга ХХК-д өгсөн байдаг. Хэсэгчилж төлсөөр нийт 54,200,000 төгрөгийг байрны үнэд төлсөн байна. Энэ талаар орон сууц барих гэрээнд мөнгө өгөх тоолондоо мөнгөний дүнг бичээд хойно нь гарын үсэг, он сараа бичээд явсан байдаг. Үүгээр орон сууц захиалах гэрээний дагуу мөнгө өгсөн гэдэг нь тогтоогдож байгаа. Мөн банкнаас авсан зээлийн гэрээгээр нотлогдож байгаа гэж үзэж байна. Иймд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах 411 дүгээр байрны 4 давхрын 21 тоот 52 мкв 2 өрөө, 3 давхрын 18 тоот 76.52 мкв 3 өрөө, 5 давхрын 30 тоот 52 мкв 2 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, дээрх орон сууцыг эд хөрөнгө хураагдсан жагсаалтаас хасаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Ганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Хандмаагийн гаргасан нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан тус газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Л.Оюунцэцэгийн үйлдсэн 2019.3.05-ны өдрийн 17150287/11, 17150287/10, 17150287/13 тус тус дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд Гэгээн суварга ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн нь хуулийн дагуу тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5-д заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийн дагуу 2019.3.05-ны өдөр дээрх эд хөрөнгийг битүүмжилсэн. Битүүмжлэхдээ О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нарын үүсгэн байгуулсан Гэгээн суварга ХХК-ийн эзэмшлийн хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу битүүмжилсэн. Г.Батцэцэг, Б.Даваасүрэн, Б.Отгонсүрэн нарын эд хөрөнгө гэдэг нь нотлогдохгүй байна. Эдгээр хүмүүсийн өгсөн мөнгө Гэгээн суварга ХХК-ийн данс руу орсон уу, О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нарын үүсгэн байгуулсан хүмүүсийн данс руу нь орсон уу гэдэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгч байгаа нотлох баримтаар харагдахгүй байна. Ямар ч хүн гарын үсэг зураад яваад байж болно. Хэн ч зээлийн баримт бүрдүүлээд аваад ирж болох тул нотлогдохгүй байна гэж үзэж байна. Б.Даваасүрэн сарын 400,000 төгрөгийн цахилгаанчнаар ажиллаад бүтэн цалингаа суутгуулаад явна гэхээр тухайн хүн юугаар амьдарч байгаа вэ гэдэг нь сонирхолтой байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Оюунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эдгээр орон сууцтай холбогдуулан төлбөр төлөгчийн үүсгэн байгуулсан Гэгээн суварга ХХК-ийн хөрөнгө болох нь холбогдох эрх бүхий байгууллагаас авсан гэрчилгээгээр тогтоогдсон байгаа. 2017.5.26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн газарт захиран зарцуулах эрхийг эдгээр байруудад түдгэлзүүлсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаалсан, битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулж, түүнийг төлбөрт суутгана гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж явж байгаа. Мөн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т төлбөр төлөгчийн бэлэн болон бэлэн бус мөнгөн хөрөнгөөс эхлэн хэрэгжүүлнэ. Төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол энэ хуульд заасан дарааллын дагуу бусад хөрөнгөөс суутгал хийнэ гэсний дагуу дараах ажиллагаа буюу хуулийн этгээдийнх нь хөрөнгө рүү халдаж төлбөрийг төлүүлэхээр эд хөрөнгийг хурааж битүүмжилсэн гэжээ.

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 145/ШШ2019/00591 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар Б.Хандмаагийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах 411 дүгээр байрны 4 давхрын 21 тоот 52 мкв 2 өрөө, 3 давхрын 18 тоот 76.52 мкв 3 өрөө, 5 давхрын 30 тоот 52 мкв 2 өрөө орон сууцнуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, дээрх орон сууцыг хураагдсан эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1415, 1414, 1416 дугаар шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 280,800 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 204/МА2020/00007 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 145/ШШ2019/00591 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Хандмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хандмаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хандмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.28-ны өдрийн 145/ШШ2019/00591 дугаартай шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2020.01.23-ны өдрийн 204/МА2020/00007 дугаартай магадлал зэргийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Иргэн Б.Отгонсүрэн, Г.Батцэцэг, Б.Даваасүрэн нар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баруун талд байрлах 411 дүгээр байрыг баригдаж эхэлж байхад нь Гэгээн суврага ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан байдаг. Ингээд орон сууцны үнийг бэлэн мөнгөөр хэсэгчлэн төлж гэрээн дээр мөнгө хүлээж авсан болон мөнгө хүлээлгэн өгсөн талууд гарын үсгээ зурсан байдаг. Гэгээн суврага ХХК нь барилга баригдаж улсын комисс хүлээж авмагц эдгээр 3 иргэний орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн газарт хандахад шүүгчийн захирамжийг үндэслэн 411-р байрны 29 айлын орон сууц бүгд битүүмжлэгдсэн гэсэн үндэслэлээр өмчлөх эрхийн гэрчилгээг олгоогүй байдаг. Дээрх 3 иргэний Гэгээн суврага ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г орон сууц баригдаж эхэлж байхад байгуулагдсан бөгөөд захиалагч нар нь захиалгаа өгч зарим тохиолдолд бэлэн мөнгөөрөө барилгын материал авч өгсөн байдаг. Иргэн Б.Даваасүрэн нь орон сууцнаас барилцаж хөдөлмөрийнхөө хөлсийг орон сууцныхаа үнэд тооцож өгсөн байдаг учраас Улсын дээд шүүхийн худалдах худалдан авах гэрээг ажил гүйцэтгэх гэрээнээс хэрхэн ялгах талаар хууль тайлбарласан тогтоолд зааснаар дээрх гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзнэ. Хавтаст хэргийн материалд өгсөн орон сууц захиалгаар бариулах гэрээг гэрээний талууд хүлээн зөвшөөрдөг бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөлүүдийг тусгасан хүчин төгөлдөр гэрээ юм. Ийм байхад нэхэмжлэгч талд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх 3 иргэний орон сууц өмчлөх эрхийг нь үүсгэхгүй байгаа. Учир нь Гэгээн суврага ХХК улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ажилтанд удаа дараа мэдүүлэг гаргаж эдгээр 3 иргэн орон сууц өмчлөх эрхтэй, төлбөр авагч Дүгэртэй гэрээ хийхээс өмнө барилгад хөрөнгөө оруулж захиалсан орон сууцныхаа үнийг төлсөн байсан гэдэг боловч улсын бүртгэлийн газар эдгээр эд хөрөнгө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу төлбөрт хураагдсан гэсэн үндэслэлээр өмчлөх эрхийг нь үүсгэдэггүй билээ.

Хоёр. Иргэд хоорондоо ажил гүйцэтгэх, худалдах худалдан авах гэрээ байгуулахад эд зүйлийн үнийг заавал дансаар шилжүүлэх шаардлага тавигддаггүй билээ. Нэхэмжлэгч нар Гэгээн суврага ХХК-д орон сууцны үнийг бэлнээр болон барилгын материалаар төлсөн талаар нэхэмжлэлд хангалттай тайлбарласан бөгөөд гэрээн дээр гараар бичиж талууд гарын үсгээ зурсан байдаг. Мөн нэхэмжлэгч нар гэрээ байгуулах үед банкнаас зээл авсан мөнгөн дүн Гэгээн суврага ХХК-д бэлнээр өгсөн тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурсан баримттай таардаг. Нэхэмжлэгч нар нь орлогын эх үүсвэрээ нотолсон баримтуудаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэгээн суврага ХХК нь 2012 онд Итгэлт миллион ББСБ-аас зээл авах үед энэхүү компанийн барьж байсан 411 дүгээр байрны 29 айлын орон сууц нь 3 давхар хүртлээ баригдсан байсан бөгөөд энэхүү дутуу баригдсан барилгын үнэлгээг хөрөнгийн үнэлгээний компаниар хийлгэхэд 350 орчим сая төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Мөн Гэгээн суврага ХХК-ийн хөрөнгө нь 6 сая төгрөг бөгөөд Татварын хэлтсээс Гэгээн суврага ХХК-ийн төлсөн татварын тайлан зэргээр хөрөнгийн хэмжээ нь нотлогдож Б.Отгонсүрэн, Б.Даваасүрэн, Г.Батцэцэг нар нь 29 айлын орон сууцыг барихад өөрсдөө хөрөнгөө оруулж орон сууц захиалсан нь нотлогддог.

Гурав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр төлөгч нь төлбөр авагч Д.Дүгэрт буюу Итгэлт миллион ББСБ-д нийт 16 байрыг 1 мкв-ыг нь 1 сая төгрөгөөр тооцож шилжүүлсэн байсан. Д.Дүгэр нь эдгээр байрыг 1 мкв-ыг нь 1.3 саяар зарсан байсан. Итгэлт миллион ББСБ нь төлбөр төлөгч буюу 411 дүгээр байрыг барьсан төлбөр төлөгч нараас 400 гаруй сая төгрөгөө 780 орчим болгож хүү, алданги нэмэгдүүлсэн хүү гээд бүх ашгаа нэмэгдүүлж шүүхийн шийдвэр гаргуулж авсан хэрнээ мөн дээр нь нэмж үнэтэй барьсан орон сууцуудыг нь зах зээлийн үнээс хямд авч дахин нэмж ашиг олсон. Ингэхээр төлбөр төлөгч зээлээ төлж барагдуулах ямар ч боломжгүй болсон. Эдгээр 3 нэхэмжлэгчтэй ижилхэн гэрээ хийж төлбөрөө дансаар болон бэлнээр төлсөн бусад иргэдийн өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн байгууллага гаргаж өгчихөөд эдгээр 3 иргэнийг төлбөр төлөгч нарын хүү, охин, бэр гэдгээр ялгаварлаж орон сууцнуудынх нь өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй хохироож байна.

Дөрөв. Давж заалдах шатны шүүх хурал болж давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч талаас 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж нэмж гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэн уншиж сонсгосон боловч магадлалын тогтоох хэсэгт энэ талаар бичээгүй байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны журам зөрчсөн гэдэгт хамаарах эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. Иймд дээрх үндэслэлүүдээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.23-ны өдрийн 204/МА2020/00007 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хандмаа нь Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 16, 17, 18 тоот эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах 411 дүгээр байрны 4 давхрын 21 тоотын 52 м.кв 2 өрөө, 3 давхрын 18 тоотын 76.52 м.кв 3 өрөө, 5 давхрын 30 тоотын 52 м.кв 2 өрөө орон сууцуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, дээрх орон сууцыг хураагдсан эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах гэж өөрчилсөн. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Б.Отгонсүрэн, Г.Батцэцэг, Б.Даваасүрэн нар нь Гэгээн суврага ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, төлбөрийг бэлэн мөнгөөр болон банкнаас зээл авч, мөн барилгын материал, хөдөлмөрийнхөө хөлсөөр тооцож төлсөн. ...ийм байхад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. ...Нэхэмжлэгч нар нь орон сууцыг барихад өөрсдөө хөрөнгөө оруулж, ...орон сууц захиалсан орлогын эх үүсвэрээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад үнэлээгүй гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 17 дугаар шүүхийн 2014.12.23-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр Я.Оюунгэрэлээс 130,009,840 төгрөгийг гаргуулж Монконкорд ХЗХ-д, мөн шүүхийн 2016.01.19-ний өдрийн 30 дугаар шүүгчийн захирамжаар Ч.Пүрэвбатад 175,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн Гэгээн суварга ХХК-ийн захирал О.Баатарсүрэнгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн шүүхийн 2016.11.18-ны өдрийн 466 дугаар шийдвэрээр О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нараас 162,245,975 төгрөгийг гаргуулж Н.Энхтуяад, 18,618,630 төгрөгийг гаргуулж Цэншижир ББСБ-д, 186,740,814 төгрөгийг гаргуулж Итгэлт миллион ББСБ-д, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.4.18-ны өдрийн 460 дугаар тогтоолоор О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нараас 751,509,512 төгрөг, 50525 ам.доллар гаргуулж Д.Дүгэрт олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Шүүхийн дээрх шийдвэрүүдийн дагуу албадан гүйцэтгүүлэх захирамжууд гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 2019.3.05-ны өдрийн 17150287/10, 17150287/11, 17150287/13 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудаар төлбөр төлөгч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нарын үүсгэн байгуулсан Гэгээн суврага ХХК-ийн өмчид бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах 411 дүгээр байрны 4 давхрын 21 тоотын 52 м.кв 2 өрөө, 3 давхрын 18 тоотын 76.52 м.кв 3 өрөө, 5 давхрын 30 тоотын 52 м.кв 2 өрөө орон сууцуудыг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т заасныг зөрчөөгүй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх уг эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ, иймд төлбөр төлөгч нарын өмчид бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй талаар 2 шатны шүүхээс зөв дүгнэсэн байна.

Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдол үндэслэлгүй, шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, тухайн маргаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна гэж үзлээ.

 

Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 145/ШШ2019/00591 дүгээр шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 204/МА2020/00007 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ