Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 220

 

Н.Дайриймаа, “Шинэс” ХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 991 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0185 дугаар магадлалтай, Н.Дайриймаа, “Шинэст” ХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 991 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Дайриймаа, “Шинэст” ХК-ийн “Нийслэлийн улсын бүртгэлийн газраас “Эрэл” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000293923 дугаарын гэрчилгээгээр олгосон 2.94 км талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газарт олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0185 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 991 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Дайриймаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Шинэст ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Дайриймаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шүүхийн магадлалын хянавал хэсэгт "Эдгээр үйл баримтаас үзэхэд "Эрэл" ХХК-ийн өмч болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороололд байрлах 2.94 мкв талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр замыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029538 дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000293923 дугаар гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5-13.10, 14 дүгээр зүйлийн 14.2, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.

Гэтэл “Төмөр зам” гэж хөдлөх бүрэлдэхүүн буюу зүтгүүр, вагон, түүнчлэн төмөр замаар явдаг бусад техник хэрэгсэл зорчиход зориулан хос ган төмрийг буюу царигийг газартай холбож, тодорхой зурвас газар дээр зураглалын дагуу зохион бүтээгдэж барьсан байгууламжийг хэлэх бөгөөд уг царги нь газраас салмагц "төмөр зам" гэж тодорхойлох боломжгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтийн дагуу иргэн Н.Дайриймаагийн хашаанд байрлах 11 дүгээр салаа замын доорх газрыг хэн ч эзэмшиж, ашиглаагүй төрийн өмчийн газар байдаг. “Эрэл” ХХК нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дуудлага худалдаагаар Байшин үйлдвэрлэх комбинат буюу “Гурваннуур” компанийн өмчид хамаарах 1 ширхэг 2.94 км урт төмөр замыг хувьчилж авсан байдаг. Харин “Анар” нэртэй 11 дүгээр салаа зам нь “Барилга иж бүрдэл” \БИБ\ компанийн эд хөрөнгө байсан бөгөөд “БИБ”-ээс “Эрэл” ХХК ямар ч эд хөрөнгө хувьчилж аваагүй болно.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4-д заасан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар"-ыг хавсаргаагүй байхад бүртгэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан "мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол" гэж тус тус заасныг зөрчиж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь илэрхий байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийхгүй байна.

Аливаа эд хөрөнгийн өмчлөх эрх нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болдог. Гэтэл "иргэн Н.Дайриймаагийн эзэмшлийн хашаа руу ороход зориулсан 11 дүгээр салаа төмөр замыг /үл хөдлөх хөрөнгө/ газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээгүйгээр "Эрэл" ХХК-ийг өмчлөгчөөр тогтоон бүртгэж баталгаажуулсан нь бүртгэл үнэн зөв, нэгдсэн байх зарчмыг зөрчсөн, үндэслэлгүйгээр өмчлөх эрх үүссэн нөхцөл гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч иргэн Н.Дайриймаа болон “Шинэст” ХК нар нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2013 онд “Эрэл” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороололд байрлах 2.94 км.кв талбайтай, төмөр замын зориулалттай 12 салаа төмөр замын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газарт байрласан төмөр замд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

Н.Дайриймаа нь “...“Эрэл” ХХК нь манай эзэмшлийн хашаа руу ордог 11 дүгээр салаа төмөр зам /338 м/-ыг өөрийн болгох гэж хуурамч баримт бүрдүүлсэн...” гэж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул нь “...11 дүгээр салаа замыг бүртгэсэн нь манай эрхийг зөрчсөн, уг зам байрлаж байгаа газрыг ”Эрэл” ХХК эзэмших, ашиглах эрхгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласнаас үзвэл маргааны гол нь бүх 12 салаа замын бүртгэл бүхэлдээ биш зөвхөн тухайн 11 дүгээр салаа замын бүртгэлтэй хамааралтай  байна.

Энэ хэргийн гуравдагч этгээд “Эрэл” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороололд байрлах 2.94 км.кв талбайтай, төмөр замын зориулалттай 12 салаа төмөр замын өмчлөгч болох нь холбогдох нотлох баримтуудаар нэгэнт нотлогдож тогтоогдсон, энэ үйл баримтын талаар захиргааны хэргийн шүүх дүгнэх шаардлагагүй.  

Дээрх 12 салаа төмөр замын өмчлөгчөөр “Эрэл" ХХК-ийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “бүртгэлийн гэрчилгээ”гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус заасантай нийцжээ. 

Өөрөөр хэлбэл, “Эрэл” ХХК-аас өмчлөх эрхээ бүртгүүлэхээр гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан бичиг баримтууд нь хуульд заасан шаардлага хангасан тул бүртгэлийн байгууллага Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4-д заасан “Мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах” үндэслэл байгаагүй байна. 

Хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодизи зураг зүйн газрын шинжээчдийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “...гуравдагч этгээдийн өмчлөлийн 12 салаа төмөр замын 10, 11, 12 дугаар салаа төмөр замын доорх газар нь бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй, 11 дүгээр салаа төмөр замын 225 м.кв талбай нь нэхэмжлэгч Н.Дайриймаагийн эзэмшлийн газартай давхцаж байгаа...” гэх дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу маргаж буй бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

Учир нь, захиргааны байгуулагаас “Эрэл” ХХК-д 12 салаа төмөр замыг өмчлөх эрхийн гэрчилгээг олгох үндэслэл болсон “өмчлөгч” гэдгийг батлах нотлох баримт хангалттай байснаас гадна энэ бүртгэлийн улмаас нэхэмжлэгч Н.Дайриймаагийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй талаар хоёр шатны шүүх тодорхой зөв дүгнэсэн байна.  

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...өмчлөгч гэдгийг хангалттай нотлох баримт байхгүй..., ...газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр өмчлөгчөөр бүртгэсэн, ... бүртгэл үнэн зөв, нэгдсэн байх зарчмыг зөрчсөн...” гэх гомдлыг хангах боломжгүй юм.

Энэ хэргийн нэхэмжлэгч “Шинэст” ХК нь гомдол гаргаагүйгээс гадна Н.Дайриймаагийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох маргаанд гомдолгүй болохоо мэдэгдсэн албан бичгийг хяналтын шатны шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй. 

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарал бүхий Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Дайриймаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзулын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 991 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0185 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                     Л. АТАРЦЭЦЭГ