Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/63

 

 

 

 

 

 

 

 

 

     2023            01           20                                         2023/ШЦТ/63                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монголмууд овогт Батнасангийн Батбаярт холбогдох эрүүгийн 22100 3049 1469 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, хоол үйлдвэрлэл, үйлдвэрийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 6а байрны 610 тоотод оршин хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 971 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Монголмууд овогт Батнасангийн Батбаяр /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Батбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 6а байрны 610 тоот дахь гэртээ “хүүхэд хараалаа” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Оюун-Эрдэнийн толгой, бие рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.    

                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.Батбаяр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Батбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Болсон асуудалд харамсаж байна, миний буруу.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн 22100 3049 1469 дугаартай хэргээс:

1. Хүчирхийллийн аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдэлийн түвшин “бага” гэж тогтоосон үнэлгээний баримт (хэргийн 18 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Оюун-Эрдэнийн хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би нөхрийн 9509хх11 дугаар луу удаа дараа залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би орой 20 цагт ажлаасаа буугаад ...гэртээ ирээд, зурагт үзээд, хоол ундаа хийж идчихээд байж байхад манай нөхөр 22 цаг өнгөрч байхад архи уусан байдалтай орж ирсэн. Тэгээд манай нөхөр том охиныг удаа дараа дуудахад охин маань очоогүй болохоор уурлаад, охины араас ариун цэврийн өрөө рүү орж загнаад байхаар нь очоод “наадах чинь чамайг согтуу болохоор айгаад байна” гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр “би хүүхэдтэй юм ярьж байна, чи аавыг нь хүүхдийнх нь хажууд доромжиллоо” гээд шууд миний шуу хэсэг рүү нэг удаа цохисон.

Ингээд би нөхөртэй гээ маргалдахад манай нөхөр ариун цэврийн өрөөнөөс гараад явахаар нь би охиндоо “чи дуудах үед нь зүгээр гараад очихгүй, одоо эндээс гар” гэхэд охин гарахгүй байхаар нь миний уур хүрээд “ядаргаатай гичийнүүд вэ, бүгдээрээ маяглачих юм” гэж хэлсэн. Ингэхэд манай нөхөр “чи миний хүүхдийг гичий гэж хэллээ” гээд толгой, бие рүү цохиод эхэлсэн. ...Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 22-23 дахь тал),

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15832 дугаартай:

“1. Э.Оюун-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн шанаа, хүзүү, баруун мөр, бугалга, өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 34-35 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Батбаярын яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 45 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 47 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 50 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 57 дахь тал) баримт, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 971 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 61-66 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч нар гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Батбаярын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Батбаяр нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 6а байрны 610 тоот гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа  “аав нь хүүхэдтэйгээ ярьж байхад хүүхдийн хажууд хүндэтгэлгүй хандаж доромжиллоо, зүй бус үг хэрэглэж хүүхэд хараалаа” гэх шалтгаанаар хамтран амьдрагч Э.Оюун-Эрдэнийн толгой, бие рүү нь цохиж зодон, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрх чөлөөнд халдсанаас эрүүл мэндэд нь “...тархи доргилт, зүүн шанаа, хүзүү, баруун мөр, бугалга, өвдөг, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:   

- хүчирхийллийн аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдэлийн түвшин бага гэж тогтоосон үнэлгээний баримт (хэргийн 18 дахь тал),

- хохирогч Э.Оюун-Эрдэнийн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би нөхрийн 9509хх11 дугаар луу удаа дараа залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би орой 20 цагт ажлаасаа буугаад ...гэртээ ирээд, зурагт үзээд, хоол ундаа хийж идчихээд байж байхад манай нөхөр 22 цаг өнгөрч байхад архи уусан байдалтай орж ирсэн. Тэгээд манай нөхөр том охиныг удаа дараа дуудахад охин маань очоогүй болохоор уурлаад, охины араас ариун цэврийн өрөө рүү орж загнаад байхаар нь би очоод “наадах чинь чамайг согтуу болохоор айгаад байна” гэж хэлсэн.

Тэгэхэд манай нөхөр “би хүүхэдтэй юм ярьж байна, чи аавыг нь хүүхдийнх нь хажууд доромжиллоо” гээд шууд миний шуу хэсэг рүү нэг удаа цохисон. Ингээд би нөхөртэйгээ маргалдахад манай нөхөр ариун цэврийн өрөөнөөс гараад явахаар нь би охиндоо “чи дуудах үед нь зүгээр гараад очихгүй, одоо эндээс гар” гэхэд охин гарахгүй байхаар нь миний уур хүрээд “ядаргаатай гичийнүүд вэ, бүгдээрээ маяглачих юм” гэж хэлсэн.

Ингэхэд манай нөхөр “чи миний хүүхдийг гичий гэж хэллээ” гээд толгой, бие рүү цохиод эхэлсэн. ...Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 22-23 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15832 дугаартай:

“1. Э.Оюун-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн шанаа, хүзүү, баруун мөр, бугалга, өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 34-35 дахь тал),

- шүүгдэгч Б.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 45 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан.

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа, хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг;

гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг;

гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг, мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгох бөгөөд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.

Шүүгдэгч Б.Батбаяр болон хохирогч Э.Оюу-Эрдэнэ нар нь гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч гэр бүлийн амьдралаар хамтран амьдардаг, дундаасаа үр хүүхэдтэй эцэг, эх болох нь тэдгээрийн мэдүүлэг болон хэргийн баримтаар тогтоогдсон тул тэдгээр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” этгээдэд тооцогдох юм.   

Шүүгдэгч Б.Батбаяр нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 6а байрны 610 тоот гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа “аав нь хүүхэдтэйгээ ярьж байхад хүүхдийн хажууд хүндэтгэлгүй хандаж доромжиллоо, зүй бус үг хэрэглэж хүүхэд хараалаа” гэх шалтгаанаар хамтран амьдрагч Э.Оюун-Эрдэнийн толгой, бие рүү нь цохиж зодон, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрх чөлөөнд халдсанаас эрүүл мэндэд нь “...тархи доргилт, зүүн шанаа, хүзүү, баруун мөр, бугалга, өвдөг, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон ба хохирогч Э.Оюун-Эрдэнийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Батбаярын цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас үүссэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.

Хэргийн хохирогч Э.Оюун-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.    

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

Энэ хэргийн хохирогч Э.Оюун-Эрдэнэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад “......Надад нэхэмжлэх хохирол байхгүй, гомдол санал байхгүй” гэж хохирогчоор дахин мэдүүлсэн (хэргийн 22-23 дахь тал) байх тул эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх хохирол төлбөргүй гэж үзнэ. 

Шүүгдэгч Б.Батбаяр нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 971 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар ялыг биелүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон /тогтоолын №15/ талаар түүний урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан баримтад тэмдэглэгдсэн баримттай (хэргийн 57 дахь тал) байх бөгөөд “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүх, шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүх, шүүгдэгч Б.Батбаярыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан, Б.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт Б.Батбаяр нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Оюун-Эрдэнэ нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

ТОГТООХ нь:

 

1. Монголмууд овогт Батнасангийн Батбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Б.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 /найман зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Батбаяр нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.Батбаяр нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Оюун-Эрдэнэ нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   С.БАЗАРХАНД