Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4-р багт оршин суух Харчин овогт Л.Ц ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 27-ны өдөр 139/2018/00012/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ц, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд төрсөн. Улсад 20 жил 8 сар ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1986 оны 01 сарын 01-нээс 1991 оныг дуустал мал малласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, шагнал урамшуулал зэргийг үндэслэн 1986 оны 01 сарын 01-нээс 1991 оныг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Л.Ц нь 1986 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь:

1. Дундговь аймгийн архивын тасгийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 325 тоот тодорхойлолт /ХХ-2/,

2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 08/600 тоот албан бичиг /ХХ-3/,

3. Л.Цгийн 1987 онд авч байсан Хүндэт жуух бичиг /ХХ-4/,

4. Л.Цгийн 1988 онд авч байсан Аврагын диплом /ХХ-5/,

 

5. Л.Цгийн Дундговь Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1981 оны 01 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /ХХ-16/,

6. Л.Цгийн Дундговь Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1991 оны 01 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /ХХ-17/,

7. Дундговь аймгийн архивын тасгийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 04 тоот тодорхойлолт /ХХ-14/,

8. Л.Цгийн 1987 оны 05, 06, 08 сар, 1988 оны 11 сар, 1989 оны 01, 09, 10 сар, 1990 оны 06, 12 сар, 1991 оны 03, 05, 07 саруудад авч байсан цалингийн тооцооны баримтын хуулбар /ХХ-18-49/,

9. Л.Цгийн 1990 оны 12 сарын эмнэлгийн хуудасны хуулбар /ХХ-50/,

10. Л.Цгийн 1991 оны төрөлтийн түүхийн хуулбар /ХХ-51/,

11. Гэрч Д.Маамын ...Л.Ц нь Дундговь аймгийн Луус сумаас бэр болж шилжиж ирсэн. 1986 оны 01 сараас 1992 он хүртэл буюу нэгдэл тартал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Үйзэн бригадад төллөх мал малласан. Би 16 наснаасаа эхлэн мөн Мандах нэгдлийн Үйзэн бригадад 1992 он хүртэл мал малласан. Бид нэг нутагт, нэг нэгдэлд хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг /ХХ-10/

12. Гэрч Н.Дорждагвын ...Би 1956 оноос эхлэн 1991 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд мал маллаж байсан. Тэгэхэд Л.Ц нь 1986 онд Дундговь аймгийн Луус сумаас бэр болж ирээд Мандах нэгдлийн Үйзэн бригадад 1991 он хүртэл хонь малласан хүн... гэх мэдүүлэг /ХХ-11/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин Л.Цгийн 1990 оны 12 сарын 31-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байх тул уг хугацааны ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Харчин овогт Лувсандоржийн Цэдэвмаа /РД:ЗК66100105/-г 1986 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА