| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2022/00080/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/134 |
| Огноо | 2022-11-04 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/134
ГЭХ ТОГТООЛ
2022 11 04 2022/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
157ыӨЫХэргийн индекс: 157/2022/0080/Э/226/2022/0039
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б
Шүүгдэгч П.А нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт П. А холбогдох эрүүгийн 2239000000044 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хэргийн харьяалал тогтоож, шилжүүлж ирүүлснийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Тэмүүжингийн 14-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт П А. /РД:ХК86010910/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр А.Б байнга буюу 2017 оны 1 дүгээр сард Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Яармагийн дэнж гэх газар өөрийн гэртээ шалтгаангүйгээр түүнийг хөлөөрөө өшиглөх, лоом мэт нарийн төмрөөр хөл, гар, нуруу толгой гэдэс рүү цохиж, хоолойг нь боосон. Мөн "Би чамайг яг одоо алаад мөчлөөд хаясан ч хэн ч намайг хүн алсан гэж сэжиглэхгүй шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж, үснээс нь зулгаан тарчлаан, зодсон. А.Б балаар нүдийг нь сохлоно гэж заналхийлэн догшин авирлаж "би хүнтэй явалдсан нь үнэн, охиноо А өгнө. Үхсэн ч харамсахгүй" зэргээр гэрээслэл бичүүлэн харгис хэрцгий харьцсан.
-2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 4-р баг Тэмүүжин 14-04 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр А.Б шалтгаангүйгээр хоолойг нь боож, толгой угаасан усаар нүүр лүү цацаж гэрээс зугтан гарахад нь 25-95 УБЦ дугаартай Хонда CRV маркийн тээврийн хэрэгслээр дайрч ална гэж хөөж, улмаар гудамжинд үсдэн чирч харгис хэрцгий харьцаж догшин авирласан,
-2021 оны 08 дугаар сарын 15-аас 2021 оны 08 дугаар сарын 18-ны хооронд Хэнтий аймгийн Дадал сумын төвд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр А.Б маргалдсаны улмаас хохирогчийг цамцаар хоолойг нь боож, толгой руу нь гараараа цохиж, тээврийн хэрэгсэлд суулган Хэнтий аймгийн Дадал сумын баруун талд байрлах "Ой модонд" буюу эзэнгүй газар аваачиж "чамайг ална" гэж айлган сүрдүүлж, толгой, нүүр, гар хэсэг рүү нь нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирласан,
-2021 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Дадал сумын 4-р баг Тэмүүжин 14-04 тоот байх хашаан дотор шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу жирэмсэн эхнэр А.Б ташиж унагаагаад хөл, гар хэсэгт нь өшиглөн зодож харгис хэрцгий харьцаж догшин авирласан,
-2021 оны 12 дугаар сарын 26-ны өглөө Хэнтий аймгийн Дадал сумын 4-р баг Тэмүүжин 14-04 тоотод байрлах өөрийн гэртээ "Өөрийн цахим хуудсандаа сэтгэгдэл орууллаа" гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу жирэмсэн эхнэр А.Б "чамайг алж байгаад сална" гэж айлган сүрдүүлж, хөл хэсэг рүү нь өшиглөн зодож догшин авирласан,
-2021 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Хэнтиий аймгийн Дадал сумын 4-р баг Тэмүүжин 14-04 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу жирэмсэн эхнэр А.Б хандан хоёр хүүхдийнхээ хоолойг хутгаар хэрчинэ гэж айлган сүрдүүлж, 2 ширхэг хутга шалан дээр зоох зэрэг аргаар 2017 оноос хойш гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга, зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан үйлдэл гаргасан ба 2021 оны 11 дүгээр cap, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдэд эхнэр А.Б нь жирэмсэн байсан бөгөөд энэ гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2239000000044 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Н.А шүүгдэгчийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс:
1. Хохирогч А.Б 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нөхөр болох А бид хоёр ханилаад 8 жил болж байна. Хэнтий аймгийн Дадал суманд ирж амьдраад 5 жил болж байна. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Том нь 6 настай бага нь 4 настай. Манай нөхөр А 2017 оноос хойш намайг удаа дараа зоддог болсон. Тэгэхдээ маш аймшигтайгаар зоддог. Зоддог шалтгаан нь xий хардалт юм. Ер нь бол янз янзын шалтгаанаас болж намайг зоддог. Гэр бүлийн шалтгаан ч бас байгаа. Сая 2021 оны 12 дугаар сарын 26-ны өглөө босоод гэнэт уурлаад намайг ална гээд заналхийсэн. Тэгээд бид хоёр хэрэлдээд намайг дарамтлаад ална гээд миний баруун хөл рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би аргагүй эрхэнд цагдаад дуудлага өгсөн. Ер нь бол энэ хүнтэй хамт амьдрахад сэтгэл санааны болоод амь насны өндөр эрсдэлд орж байна. Сүүлдээ хоёр хүүхдээ хүртэл хоолойг нь хэрчин гэж хутга авч заналхийсэн. Энэ үед манай найз О хажууд байсан. Мөн эд хөрөнгийг чинь бүгдийг нь шатаан гэж хэлсэн. Өчигдрийн байдлаар ийм зүйл болсон. Цагдаагийн байгууллага энэ хүнийг аваагүй бол намайг алах байсан. Би энэ хүний сэтгэл зүйн байдлыг сайн мэдэж байна.
Намайг энэ 4 жилийн хугацаанд 5-6 удаа зодож байсан. Манай гэрийн хашаан дотор зодоод тэгээд машиндаа суулгаж баруун талын модон дотор оруулж зодож байсан. Энэ явдал 2021 оны 07 дугаар сард болж өнгөрсөн. Энэ үед хоолой багалзуурдаж улайж хөхөрсөн. Биеийн ихэнх хэсэг зодуулсаны улмаас хөхөрч няцарсан. Ингэхдээ дандаа гар хөлөөрөө зоддог. Энэ үед би цагдаад мэдэгдээгүй өнгөрсөн. Тэрний өмнө 2020 оны 01 сард намайг ажлаасаа цайны цагаар ирээд ямар ч шалтгаангүй гэрт орж ирээд зодсон. Би гараад зугтаахад араас машинаар хөөгөөд дайрч алах шахаад намайг үсдээд гудамжаар чирсэн. Тэгтэл манай хойд айлын хүмүүс гарч ирж намайг авсан. Энийг ч мөн цагдаад мэдэгдээгүй өнгөрсөн. Мөн 2020 оны 12 дугаар сард намайг найз нөхөлтэйгөө уулзлаа гэж намайг гэрийн гадаа хавсарч унагаагаад зодсон. Энэ үед миний хөл rap хөхөрч хавдсан. Мөн толгой руу өшиглөсөн. Мөн л би цагдаад мэдэгдээгүй өнгөрсөн. А бол гаднаас нь харахад их даруухан дөлгөөхөн хүн харагддаг. Гэхдээ энэ хүн бол маш хэрцгий хүн, өдөр болгон үг хэлээр болон үйл хөдлөлөөрөө дарамталдаг. Гэрийн жижиг эд зүйлс авч чулууддаг. Намайг алаад мөчлөөд нуухад чамайг намайг алсан гэж хэн ч хардахгүй шүү гэж хэлж байсан удаатай. Би энэ хүнээс маш их айж байна. Дээрхи үйлдлүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би их гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/
2.Хохирогч А.Б 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2014 оноос П.А гэх Улаанбаатар хотын залуутай танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болж, гэр бүл болоод гэрлэлтээ батлуулж 2015 онд анхны охин төрсөн, одоо 6 настай, манай нөхөр П.А нь 2017 оноос шалтгаангүй хардаж намайг 2021 он хүртэл хэд хэдэн удаа зодсон нийт 5-6 удаа л лав зодсон ба би нэг ч удаа цагдаад мэдэгдэж байгаагүй. Энэ хүнийг гайгүй болно гэж найдаад цагдаад хэлдэггүй байсан, хэд хэдэн удаа айхтар зодуулсан ба намайг зодохоороо хоолой бооно, гараараа нүүр толгойн хэсэгт зодно, цохино өвлийн хүйтэнд гадаа нүүр нүдгуй цохиж орос бакал гутлаар өшиглөнө, автомашинаар дайрч алах шахна гэх мэт үйлдлүүд гаргадаг юм. Ингээд 2021 оны 12 сарын 25-ны өдөр нөхөр бид хоёр пэйст тавьсан постноос болж хэрүүл маргаан үүсээд орой нь хамт унтаж байгаад намайг баруун хөлний гуян тус газар нэг удаа өшиглөөд маргааш өглөө босоод чамайг алнаа гэхээр нь би урьд нь олон удаа зодуулсан учраас айгаад гар утас нууж аваад цагдаад хэлсэн юм. Түүнээс 2021 оны 12 сарын 26-ны өдөр бол намайг зодоогүй ба мөн 2021 оны 12 сарын 26-наас 27-нд шилжих шөнө 02 цагийн үед байх намайг унтаж байхад гэнэт гэрэл асаагаад би хоёр хүүхдийнхээ хоолойг хэрчинэ гэсэн. Тэр үед П.А бага зэрэг жаахан архи уусан эрүүл шахуу байсан. Яг тэр үед миний нуусан байсан 2ш хутгийг шалан дээр зоосон байсан. Манай найз Отгонтуяа манайд унтаж байсан ба П.А хандан чи болиоч гэж байсан. Ийм л хүн. Харсан хүн бараг л байхгүй байх, хүнгүй газар эсвэл хүнгүй үед гэртээ зоддог. Хүүхдийн хажууд юу ч ярьдаггүй. Байнга л зоддог хүн. 2017 оны 01 сард, 2020, 2021 оны өвөл 03, 11 саруудад олон удаа зодсон. Гар хөлөөрөө л зоддог, юм барьж зоддоггүй юм. Жижиг газар хэцүү, хүн амьтан муу хэлэх байх гэж бодоод л хэлээгүй юм. Ааш авир багатай хүн шиг санагддаг ч намайг байнга ингэж зодож дарамталж байна. Шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Уулын модонд аваачиж зодсон нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/
3.Хохирогч А.Б 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “О гэж сумын хүн байгаа, цагдаагаас дуудаж байна гэж хэлсэн боловч жирэмсэн, хоёр бага насны хүүхэдтэй ирж чадаагүй. Тухайн үед нэг удаа мэдүүлэг өгнө гэж өгсөн гэсэн, байн байн мэдүүлэг өглөө гээд нөхөр нь уурласан гэсэн. Яг бариагүй, хоёр хүүхдийн чинь хоолойг хэрчинэ гэсэн намайг хэлээгүй, тэр үед хутга газар зоолттой байсан, хэзээ зоосонг нь мэдээгүй. О нь Сэлэнгэ аймаг шилжсэн, хаана байгааг нь мэдэхгүй холбоо барьж чадахгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/
4.Хохирогч А.Б 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Энэ үйл явдал 2017 оны 01 дүгээр сарын эхээр шиг санаж байна. Дөнгөж шинэ он гараад байсан юм. Тухайн үед миний ажиллаж байсан Батлан хамгаалах байгууллагын цэргийн хувцас оёдог оёдлын компанид ажиллаж байсан юм. Тухайн үед манай байгууллага оны өмнө шинэ жилээ ажлын ачааллаас болоод тэмдэглэж чадаагүй юм. Тэгээд оны дараа байгууллагын шинэ жилээ тэмдэглэсэн. Тухайн үед 2 байгууллага нийлсэн 40-50 хүн оролцсон. Би тухайн үед гэрээсээ гарахдаа өөрийн нөхөр болох А үйл ажиллагаанд оролцох талаараа хэлээд гарсан. Тэгэхэд надад би хүүхдээ харж байя яваад ир гээд явуулсан. 21 цагаас арга хэмжээ эхлээд шөнийн 00 цагийн орчимд арга хэмжээ дууссан. Түүний дараа ажлынхаа 3 эмэгтэй, 1 эрэгтэйтэй хамт үргэлжлүүлэн сууя гээд явж байтал манай нөхөр А залгаад асуухаар нь учраа хэлтэл уурлаад хурдан гэртээ ир гэсэн. Тэгэхээр нь би ажлынхаа хүмүүсээр хүргүүлсэн. Тухайн үед манай гэр Яармагийн дэнж гэх газарт байдаг байсан. Яг хаягийг сайн санахгүй байна. Би гэртээ 01 цагийн орчимд буугаад гэр лүүгээ орох гээд байшингийн үүдэнд очтол манай нөхөр А гэрээс гарч ирээд ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр миний цээж рүү өшиглөж намайг газарт унагаасан. Намайг цээжээ бариад амьсгалж чадахаа болиод газарт хэвтэж байхад бакаль гэх орос түрийтэй гутлаар миний дээрээс нүүр нүдгүй өшиглөж зодсон. Мөн лоом шиг нарийн төмрөөр миний хөл, гар, нуруу, толгой, гэдэс зэрэг байж болох бүх газар луу зодсон. Би тухайн үедээ зодуулаад шоконд ороод өвдөлтийг нь мэдрэхээ больтлоо зодуулсан. Намайг төмрөөр зодож дуусаад босгож ирээд гэрийн үүдэнд байсан машин налуулаад гараараа миний хоолойг боосон. Би амьсгалж чадахгүй байна, би үхлээ шдээ гэж арайхийн хэлэхэд намайг тавьсан. Би шууд газарт унасан. Миний дээрээс хараад "Би чамайг яг одоо алаад мөчлөөд хаясан ч хэн ч намайг хүн алсан гэж сэжиглэхгүй шүү" гэж хэлсэн. Тэр үед би тусламж гуйж хашгирахад ойр хавьд хүн байгаагүй. Хажуу хашааны хүмүүс шөнө дунд байсан болохоор сонсоогүй байх. Тэгээд А хүүхдээ харахаар гэртээ ороход нь би арай гэж босоод хашааны хаалга руу гүйсэн. Тэгтэл гутал маань хальтраад зугатаж чадахгүй байсан. Хашаанаас гараад гудамжаар уруудаад гүйж байхдаа авраарай, туслаарай гэж хашгирахад хэн ч байхгүй байсан. Тэгтэл А араас гүйж ирээд намайг барьж аваад үснээс гараараа үсдээд хашаа руу чирсэн. Би хэсэг явж байгаад арай гэж гараас нь мултараад төв зам руу гүйж байгаад дахин баригдаж үсдүүлээд гэртээ очсон. Намайг гэрт оруулаад чамайг дахиж зодохгүй, чи охиноо хөхүүлчих гэж хэлсэн. Би охиноо хөхүүлж унтаад өглөө сэрсэн. Өглөө сэрэхэд бал цаас хажууд тавиад мөн миний хувцас хунарыг миний хажууд тавьсан байсан.
Тэгээд А бал авч миний нүд рүү тулгаад "яг одоо нүдийг чинь сохолно шүү, миний хэлсэн үгийг бичээд гарын үсгээ зур" гэж заналхийлсэн. Тэгэхээр нь би хэлснийг нь бичсэн. Тэгэхдээ "Би хүнтэй явалдсан нь үнэн, Охиноо А өгнө, үхсэн ч харамсахгүй" гэж надаар ээжид минь хандаж бичүүлээд гарын үсэг зуруулж авсан. Мөн миний утсыг эвдэлсэн учир тусламж гуйх аргагүй болгосон байсан. Тэр үед миний хажууд А манай ээж рүү залгаад "Охиноо олж ир, охин чинь ирээгүй" гэж утсаар хэлсэн. Тэгээд А миний охиныг аваад хаашаа ч юм гараад явсан. Тэр үед охин минь 2 настай байсан. Би гарсан хойгуур нь гэрээсээ гарч такси бариад Нарантуул зах орж Хэнтий аймгийн унаанд сууж гэртээ ээж дээрээ ирсэн. Тухайн үед манай ээж Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийдийн суурин 30-01 тоотод амьдардаг байсан. Ээждээ би болсон бүх асуудлыг ярьж, мөн ээж дээр дусал тарианд орж эмчлүүлсэн. Би 1 cap орчим гэртээ хэвтэн эмчлүүлсэн. Зодуулах үед миний бүх шүд хөдөлсөн байсан. Хэсэг хугацаанд юм идэх боломжгүй байсан. Энэ үед миний бие тэр чигтээ бүхэлдээ хөхөрч няцарсан байсан. Эмнэлэгт хандаагүй, би ээжээс гуйгаад эмнэлэг цагдаад битгий хэлээрэй гэж гуйсан. Үүнээс 1 сарын дараа би эгчтэйгээ очиж охиноо авч ирсэн. Мөн түүнээс дахин нэг сарын дараа А Хэнтийд ирж надаас уучлалт гуйж бид хоёр буцан нийлсэн. Учир нь манай нас барсан ээж тухайн үед хүүхдээ бодоод нэг удаа уучилчих гэж намайг ятгасан юм. Хүүхдээ өнчрүүлээд яахав дээ гэж хэлсэн. 2017 онд ийм зүйл болсон юм.
Тухайн үед миний сэтгэл санаа тавгүй, тайван бус байсан болохоор он сараа буруу санасан байна лээ. Уг үйл явдал нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр болсон юм. Тэр өдөр манай нөхөр Дадал сумын Засаг даргын тамгын газарт ажилладаг байхдаа цайны цагаараа орж ирээд хэнээс юу сонссон юм бүү мэд намайг орон дээр түлхэж унагаагаад амьсгалж чадахаа больтол хоолойг минь боосон. Би ноцолдоод босч ирэхэд толгой угаасан усыг миний нүүр лүү цацаад хутга хайж эхлэхэд би гэрээсээ гарч зугтаасан. Би гэрээс гараад зугтаахад араас машинтайгаа хөөгөөд дайрч алах шахсан. Намайг барьж аваад үсдээд машин руугаа чирэхэд би тусламж гуйж хашгирсан. Энэ үед О гэрээсээ гүйж гарч ирээд болиулж намайг гэртээ оруулсан. Ариунболд гадаа байж байгаад яваад өгсөн. Тэгээд О хүүгийнх нь төрсөн өдөрт хүмүүс ирэхээр нь би явсан. Би яваад ажил дээрээ байж байгаад ажил тарах үеэр эмнэлэг орж У эмчид үзүүлсэн. Мөн найз Ц эмчид учраа хэлж танайд очиж хоноё гэж гуйсан. Ийм асуудал болсон юм.
Би өмнө мэдүүлэг өгөхдөө энэ үйл явдлыг сарыг нь буруу санасан байсан. Сэтгэл санаа тогтворгүй байсан болохоор тэр байх. 2021 оны 08 дугаар сарын дундуур байсан юм. Өглөө оройдоо бага зэрэг сэрүүвтэр байсан гэхээр 08 сарын дундуур буюу 08 сарын 15-18-ны орчим байсан байх. Энэ үед манай нөхөр А намайг гэр бүлийн маргаанаас болоод зодсон юм. Тэгэхдээ намайг машинд суулгаад цамцаар маань хоолойг минь боож, толгой руу хэд хэдэн удаа гараараа цохисон. Түүний дараа шууд хөдлөөд машинтайгаа манай сумын баруун талын ой мод руу авч орсон. Ой модонд очоод машинаас чирч буулгаад хөл гараараа намайг зодсон. Ингэхдээ толгой, хөл, нүүр гар луу цохисон. Мөн одоо чамайг ална гээд ямар нэгэн юм хайгаад байсан. Би бодохдоо цохих том мод ч юм уу эсвэл боож алах уяа хайж байна гэж бодсон. Тэгээд зодуулаад яг үхэхийн даваан дээр би А өвдөг сөхрөн амь өршөөгөөч гэж гуйсан. Хоёр хүүхдээ бодоод амьд үлдээгээч гэж гуйхад намайг чирээд машинд суулгасан. Тэгээд гэртээ ирсэн. Гэрт ирэхэд миний өмсөж явсан бүх хувцас урагдсан байсан. тухайн үед оройн 21-22 цагийн орчим болж байсан. Маргааш нь өглөө сэрэхэд манай нөхөр байхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн найз болох Э дээр очиж болсон бүх асуудлыг ярьж өгч толгойгоо бариулсан. Ийм асуудал болсон юм.
2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотоос манай нөхөр А хоёр найз хотоос ирсэн юм. Гэрт бид дөрөв хоол идээд юм ярьж ганц хоёр пиво ууж сууцгаасан юм. Тэгэхдээ хашаан дотор байх гэрийн хажуу талын буудлын гэрт байсан юм. Тэгээд амрах гээд шөнө 23 цагийн орчимд бид хоёр гэр лүүгээ орох гээд явж байтал А намайг гэнэт ташиж унагаагаад хөл гар луу минь өшиглөсөн. Яаж байгаа юм бэ гэтэл юм хэлээгүй. Би буцаж зугтаагаад нөгөө хоёр найз дээр нь орсон. Тэгээд буцаж гараад цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. Тэгтэл А гэр лүүгээ орсон. Харин би хажуу гэрт хоносон. Өглөө нь толгой хүчтэй өвдөж, хөл гар хөх няц болсон байсан. Харин маргааш нь А надаас чамайг хэн зодоо вэ, хөл гар чинь яагаа вэ гэж асуусан. Тэгэхээр нь би чи ийм болгосон оо санахгүй байна уу гэхэд санахгүй байна. Намайг уучлаарай дахиж ингэхгүй гэж хэлсэн. Ийм асуудал болсон юм. Энэ асуудлыг би өөр хүнд хэлээгүй.
2021 оны 12 дугаар сарын 25-ны орой би "өөрийн цахим орчинд хурдан салах юмсан" гэх утгатай пост оруулсан. Тэрийг уншаад манай нөхөр надад уурлаж би чамайг алж байгаад сална гэж хэлсэн. Тэр оройноо би нөхрийн хажууд их дарамттай хоносон. Зүрх өвдөөд унтаж чадаагүй. Маргааш өглөө нь босоод намайг ална гээд дарамтлаад байсан. Бид хоёр хэрэлдээд намайг миний хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би энэ хүнд ингэж дарамтлуулж амьдарч чадахгүй гээд найз руугаа цагдаа дуудаарай гэж мессэж бичсэн. Тэгээд цагдаа нар ирж А авч явсан. Тэгээд тэр өдөр 16 цагийн орчимд би нөхрөө очиж авсан. Ингээд тэр орой нь би гэртээ өөрийн найз болох Отгонтуяаг хань болоод хоноод өгөөч гэж гуйсан. Шөнө дунд унтаж байхад 02 цагийн орчимд намайг хүн татах шиг болсон. Хэн бэ гээд бостол А орны хажууд гэрэл асаагаад зогсож байсан. Тэгээд надад хандаж “би хоёр хүүхдийнхээ хоолойг хутгаар хэрччихүү” гэж хэлсэн. Манай найз О бид хоёр гайхаад босоод хартал газарт шалан дээр хоёр хутга зоолттой байсан. Хүүхдүүд унтаж байсан. Бид хоёр маш их айсан. Харин А юм дуугаралгүй гадаа гараад машинаа асаах гэж оролдсон. Энэ хооронд бид хоёр цагдаа дуудсан. Ингээд цагдаа ирэхэд А зугтаагаад цагдаа нар хөөгөөд араас нь явсан. Ийм асуудал болсон. Манай хүүхдүүд одоо том охин 6 настай, хүү 4 настай. Хүүхдүүд энэ талаар огт мэддэггүй. Хүүхдүүдийнхээ хажууд ийм үйлдэл гаргадаггүй. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 дугаар хуудас/
5.Гэрч А.О 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б А хоёрын гэр манай гэрээс урагшаа 3 гудамжны урд байдаг юм. 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн орчимд би хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх гээд ойр зуурын юм гэртээ бэлдээд байж байтал гадаа эмэгтэй хүн намайг дуудаад авраарай гээд байсан. Би гараад хартал манай найз Б нөхөртөө гудамжинд зодуулж байсан. А үснээс нь зулгаагаад чирээд явж байсан. Би нөхрөө дуудаж болиулсан. Яагаад байгаа юм гэхэд нөхөр нь юм дуугараагүй яваад өгсөн. Би Б гэртээ оруулж юу болсон талаар асуухад гэр бүлийн маргаанаас болж зодлоо гэж байсан. Тэгээд би Ц эмчийнх рүү явлаа гээд яваад өгсөн. Ийм асуудал болсон юм. Өөр асуудлуудыг нь би сайн мэдэхгүй байна. Бид хоёр байнгын уулзаад байдаг хүмүүс биш болохоор нарийн ширийн асуудлыг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/
6.Гэрч А.О 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:”Б талаар би тэр энэ гэж үнэхээр сайн мэдэхгүй байна. Болсон асуудлуудыг тэр болгон надад ирж ярьдаггүй. Хаяа манай эмийн сангаар орж ирж үйлчлүүлдэг. Нийгмийн идэвхи сайтай, сумын иргэдийн хурлын төлөөлөгч, сумын шилдэг залуу гэр бүл гэдгээр нь мэднэ. Бусад нарийн ширийн зүйлийг би үнэхээр мэдэхгүй. Тэр өдрийг би сайн санаж байна. Манай хүүгийн төрсөн өдөр болж байсан юм. 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байсан. Гэнэт гэрийн гадаа О авраарай гэж эмэгтэй хүн хашгираад байхаар нь би гараад хартал Б нөхөр нь болох А манай хашааны гадаа гудамжаар үснээс нь чирээд, Баяртуяа газарт чирэгдээд явж байсан. Тэгэхээр нь би болиоч ээ чи яагаад байгаа юм бэ гэтэл юм дуугарахгүй Б тавьсан. Би тэгэхээр нь Б аваад гэртээ орсон. Би Б юу болсон талаар асуухад гэр бүлийн маргаан, хардалтаас болоод намайг ингэж зодлоо гэж хэлсэн. Надад өөр онц юм яриагүй. Удалгүй манай гэрт хүүгийн төрсөн өдрийн хүмүүс ирээд Б Ц эмчийнх рүү явлаа гээд яваад өгсөн. Цагдаад мэдэгдхүү гэж асуухад би өөрөө хэлнэ гээд яваад өгсөн. Ийм зүйл болсон. Би А, Б хоёрын энэ асуудлаас өөр ямар ч асуудлыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/
7.Гэрч Б.Э 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 08 цагт би гэртээ байж байхад манай найз Б яаралтай цагдаа дуудаарай гэж над руу мессэж бичсэн. Тэгээд би цагдаад хандсан. Цагдаа дуудлагаа авсан байсан. Тэгээд Б уулзаад юу болсон талаар гэрт нь очоод асуухад А манай найзыг ална гэж дарамталж сүрдүүлсэн байсан. Манай найзын сэтгэл санаа маш их айдастай, сэтгэлийн маш их дарамтанд орсон байсан. Тэгээд би тайвшруулж хамт байсан. Энэ асуудлаас өмнө миний мэдэхээр 2021 оны 08 дугаар сард өглөө уулзахаар ирэхдээ Б харахад илт зодуулсан байдалтай хөл нь доголчихсон, толгой нь энэ тэндээ овойж товойж хавдсан байсан. Гар нь хөхөрсөн тэгэхдээ их том том хөхөрсөн байсан. Тэгээд юу болсныг асуухад өнгөрсөн шөнө А модонд аваачиж зодоод ийм болгочихлоо гэж байсан.
А эрүүл байхдаа зоддог. Зодох шалтгаан нь эхнэрийнх нь утас руу хэн нэгэн утсаар ярих төдийд шалтаглаж зоддог. Мөн 2021 оны 03 дугаар сарын эхээр Б мөн гэрт ирсэн. Тэгэхэд хүзүүг нь боосон байсан. Юу болсон талаар асуухад гэртээ зодоод байхаар нь зугтаагаад гарсан байгаа юм. Тэгээд араас А машинаараа хөөгөөд дайрангаа алдаад гудамжинд барьж аваад зодоход хойд айлынх нь хүмүүс тусалсан байсан.
Миний сонссоноор 2017 онд Улаанбаатар хотод мөн зодохдоо хэвтэрт ортол нь зодоод ээжид нь охин чинь зугтаагаад явчихлаа тэгээд олдохгүй байна. Өөр хүнтэй явалдаад тэрнийгээ дагаад алга болчихлоо гэж хэлсэн байгаа юм. Тэгэхдээ өөрөөр нь гэрээслэл бичүүлээд ээж рүү нь утсаар ярьсан гэсэн. Гэрээслэл бичүүлэхдээ ална гэж дарамталж байгаад чамайг алаад мөчлөөд нуухад хэн ч олж чадахгүй шүү гэж айлган сүрдүүлж байгаад ээжид нь хандаж "ээжээ би өөр хүнтэй болсон, хайх хэрэггүй шүү" гэсэн гэрээслэл бичүүлж байсан удаатай гэж би Б өөрөөс нь сонсож байсан. Ер нь бол Дадал суманд байхдаа байнгын өдөр болгон дарамталдаг. Миний мэдэхээр нь байнгын давтамжтай гэмээр нэг юм уу хоёр cap болоод их бага хэмжээгээр зодоод байгаа юм. Энэ удаад тэсгэлгүй цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.
Өмнө нь цагдаагийн байгууллагад хандахгүй байсан учир нь гэвэл Б Дадал сумын иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч, мөн Дадал сумын үлгэр жишээ залуу гэр бүл тул нэр хүндээ хамгаалж цагдаа сэргийлэхэд хандахгүй шүү цагдаад битгий хэлээрэй гэж надаас гуйдаг байсан. Эдгээр нь бол миний мэдэх хамгийн том асуудлууд юм. Миний мэдэхгүй, гэр дотроо юу болдгийг би нарийн сайн хэлж мэдэхгүй байна. А гэх энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авахуулахыг хүсч байна. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг. Энэ хүний асуудал арай дэндээд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/
8.Гэрч Б.Э 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Намайг 2021 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн орчим А.Б над руу яаралтай цагдаа дуудаарай гэж надруу мессэж явуулсан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Нөхөр болох П.А нь архи тамхи хэрэглээд байдаггүй мөртлөө А.Б зодоод байдаг юм. Хэрүүл маргаан бол байнгын л болж байдаг байсан. Тэрний өмнө 2021 оны 7-8 сарын орчим надтай өглөө сумын төвд А.Б таарсан юм. Тэгэхэд сумын төвийн баруун урд талын мод руу машинаар авч явж зодсон гэж надад хэлсэн. Тэгэхэд Б хүзүүг юмаар боосон юм шиг улаан алаг болчихсон, хөл гар гуя нь хөх алаг болчихсон доголчихсон байсан. Тэгээд ёстой алуулангаа алдлаа арай гэж л амьд гарлаа гэж хэлж байсан надтай уулзахдаа. Тэрний өмнө 3-р сард гэртээ зодоход арай гэж зугатаасан юм билээ. Энийг нь би хараагүй. Өөрөө ярьсан юм. Тэгэхэд зугтаахад нь араас нь машинаараа хөөгөөд алах гээд явж байхад нь хүн таараад аварч байсан гэсэн. Би Б зодуулаад ирэхэд нь танай нөхөр согтуу юмуу гэхэд үгүй эрүүл гэдэг юм. Дандаа л эрүүлээр зодоод байдаг гэсэн. Урд нь хотод байхдаа 2017 онд гэж байсан байхаа нэг удаа хэвтэрт ортлоо зодуулж байсан гэсэн. Тэгж зодохдоо Б өөрөөр нь гэрээслэл бичүүлээд өөрөө "танай охин чинь хүнтэй суугаад явчихлаа" гэж ээжид нь утсаар ярьж хэлээд зодож байсан гэсэн. А.Б найз олон дахин зодуулсаар байгаад их айдастай байдаг болсон байна лээ. Надад л ярьдаг юм. Цагдаад өгөөч гэхээр өөрөө иргэдийн хурлын төлөөлөгч болохоор санаа нь зовоод байдаг юм гэж байсан. Бас 2020 оны шилдэг гэр болж байсан болохоор ер нь хэлж чаддаггүй байсан. Би энэ П.А хуулийн дагуу арга хэмжээ авахуулах саналтай байна. Архи уугаагүй байж хүн зодоод байдаг би гайхаад байна. Ер нь хэзээ алчих бол гэж боддог” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/
9.Гэрч Д.О 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б 10 жилийн сургуулиас хойш найзалж байна. А нь Б нөхөр юм би сайн танихгүй. Б надад 2021 оны зун нөхөр А намайг модонд аваачаад толгой болон гуя хэсэг рүү цохиж байсан гэж надад хэлсэн. Мөн 2021 оны 12 сарын 26-ны өдөр би Б Э, О, Б ах бид хэд очоод пиво ууж байгаад тарах гэтэл А нь Э, Б ах нарыг хүргэж өгөх гэтэл машин нь асахгүй байхаар нь А тэр хоёрыг хүргэж өгнө гээд алхаад явсан. Тэгээд О, Б бид 3 үлдээд юм яриад сууж байтал А гаднаас орж иртэл О гэртээ харилаа гээд явах гэтэл Б та 2 түр байж байгаад яваач гэхэд О маргааш ажилтай гээд яваад Б бид 2 үлдээд унтаж байтал шөнө 2 цагийн үед Б намайг сэрээгээд наад А наагуур чинь сэрүүн яваад байна юу хийгээд яваад байгаа юм болдоо би айгаад байна гэж хэлсэн. Тэгтэл А над руу хандаж би 2 хүүхдээ хутгаар хоолойг нь хэрчээд алчих уу ер нь та нарыг бүгдийг нь алчих уу? гээд 3 ширхэг хутга гаргачихсан нэгийг нь газарт зоочихсон байж байсан. Тэгээд Б бид 2 айгаад 2 хүүхдийнх нь унтаж байсан орон дээр очтол гэрээсээ гараад машинаа асаах гээд байж байхад нь Б гэрээ дотор талаас нь түгжээд миний утсаар цагдаа нар луу залгатал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
10. Гэрч С.Ц 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...намайг ажил дээр байхад үдээс хойш 16-17 цагийн орчимд эмнэлэг дээр ирсэн. Намайг харахад хоолой нь улайчихсан багалзуурдуулсан байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад нөхөртэйгээ муудалцаад зодуулчихлаа гэж байсан. Өөр юм хэлээгүй. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандая гэтэл Б өөрөө үгүй гэсэн. Тэгээд гэртээ харихгүй өнөөдөр танай гэрт хоноё гэж хэлсэн. Тэгээд би гэртээ аваачсан. Нөхрөөсөө их айсан байдалтай юу ч дуугарахгүй байсан. Тэгээд орой манайд байж байхад 21 цагийн орчимд нөхөр нь манай гадаа машинтайгаа ирхэд намайг байхгүй гэж хэлээрэй, мэдвэл бөөн асуудал болно гэхээр нь би нөхөрт нь манайд байхгүй гэж хэлээд явуулсан. Тэгээд манайд хоноод маргааш өглөө нь явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/
11. Гэрч Б.Д 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би энэ хоёр хүнийг одоогоос 3-4 жилийн өмнөөс таних болсон. Би найз М.Б хамт 2021 оны 11-р сарын дундуур найз П.А очсон юм. Тэднийд очоод хоол цай идэж ганц хоёр пиво уусан. Би шөнө 23 цагийн үед амраад П.А, А.Б нар амрана гээд явсан бид хоёр хашаанд нь байх амралтын гэрт үлдсэн юм. Хэсэг хугацааны дараа А.Б орж ирээд А үглээд гэсэн билүү юм ярьж байгаад л гараад явсан. Тухайн үед ярьсан юмыг нь би одоо санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 209-211 дүгээр хуудас/
12. Гэрч М.Б 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Надтай найз нөхдийн харилцаа холбоотой. А Б гэх эхнэр нөхөр хоёртой 2021 оны 11 сарын дундуур тэдний гэрт уулзсан.Тэднийх хашаандаа олон гэртээ байсан бөгөөд бид нар нэг гэрт нь ганц нэг пиво ууж сууцгаасан. Тэр үед А болон түүний эхнэр нь Б, найз Д бид нар сууж байхад шөнө 22 цагийн үед тэр хоёр яагаад гарсныг мэдэхгүй байна. А эхнэртэйгээ гадагшаа гарсан чинь удаагүй эхнэр нь нөхөртэйгөө маргалдсан шинжтэй орж ирэхдээ унаж нэг хөл шалбарчихлаа гэж ярьж байсан шиг санаад байна. Гэхдээ би шалбарсан хөлийг нь хараагүй. Тэгээд бид нар үлдсэн тал пиво уучихаад эхнэр нь гэртээ явж бид хоёр унтаж амарсан. Маргааш өглөө нь тэр хоёр хоорондоо маргалдсан шинжтэй харагдсан бөгөөд нүүр болон биед нь ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй. Бид хоёр тэнд 2-3 хоноод явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 215-216 дугаар хуудас/
13.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 17-19 дүгээр хуудас/
14.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж гаргасан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №50 дугаартай: “1.2.3.4.5.А.Б биед гэмтэл тогтоогдсонгүй. 6.А.Б нь 9-10 долоо хоногтой жирэмсэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/
15. 25-95 УБЦ улсын дугаартай CRV маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 100-104 дүгээр хуудас/
16. Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШД-91 дугаартай:
"Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 25-95 УБЦ улсын дугаартай Honda CR-V тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2021 оны 01 сарын байдлаар 3.463.497,38 төгрөгийг бүхэлчлэн 3.500.000.0 /гурван сая таван зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх дүгнэлт /хх-ийн 110-112 дугаар хуудас/
17.Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг Бор өнгийн иштэй, 25 см-ийн урттай, 15 см-ийн ажлын хэсгийн урттай хутга 1ш, Хүрэн өнгийн иштэй 18 см-ийн урттай 10 см-ийн ажлын хэсгийн урттай хутга 1ш/ эд мөрийн баримт хутганы зураг /хх-ийн 116-120 дугаар хуудас/
18.Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багийн засаг дарга Д.Г тодорхойлолт /хх-ийн 121 дүгээр хуудас/
19.Б овогт П А /РД:ХК86010910/-н иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, газар эзэмших эрхийн лавлагаа, Монгол банкны зээлийн мэдээллийн сан, зээлийн мэдээллийн лавлагаа, Татварын ерөнхий газрын иргэнд олгох тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, /хх-ийн 123-131 дүгээр хуудас/
20.Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /хх-ийн 62-64 дүгээр хуудас/
21.Яллагдагч П.А 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би эхнэр А.Б 2021 оны 12 дугаар сарын 25-ны орой маргаж муудалцсан юм. Уг асуудал анх юунаас болсон гэхээр манай эхнэр өөрийн пэйсбүүк дээрээ сэтгэл санаа авах юм байхгүй, баяртай гэж хэлэхгүй юм байх даа гэсэн стори оруулсан байхаар нь би эхнэр А.Б хандаж чи заавал олон нийтийн сүлжээнд ингэж юм бичих шаардлага байна уу гэж хэлсэнээс болж маргалдсан. Эхнэр бид хоёр тэр өдрөө бол шууд гэртээ амарсан юм, ямар нэгэн байдлаар хэрүүл зодоон болоогүй. Ингээд маргааш нь буюу 2021 оны 12 сарын 26-ны өглөө гэнэт цагдаа ирсэн. Тухайн үед нь би гэрийнхээ гадаа байсан ба цагдаа нар надад хандан танай гэрт ямар хүмүүс маргалдав, яагаад дуудлага өгөв гэсэн, тэр үед би хариуд нь манай эхнэр дуудлага өгсөн байж магадгүй манайд бид хоёр л байна гэж хэлээд би үлдээд хэсгийн төлөөлөгч манайд орж эхнэртэй уулзаад гарч ирээд надад хандан цагдаагийн хэсэг орох боллоо эхнэр тань дуудлага өгсөн юм байна гэсэн. Тэгээд цагдаа дээр очиход хэсгийн төлөөлөгч яагаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байнаа таныг шалгана гээд үүнээс хойш энэ асуудалд шалгуулж байгаа юм. 2021 оны 12 сарын 25-ны орой маргалдсан зодсон зүйлгүй гэдгээ хэлсэн. 2021 оны 12 сарын 26-наас 27-нд шилжих шөнө манайд эхнэр бид хоёроос гадна эхнэрийн найз Отгонцэцэг хоносон юм. Би шөнө жаахан бухимдаад байхаар нь гуанзан дээр очиж хононо гэж түлхүүрээ хайх гээд гэрэл асаахад эхнэр А.Б сэрээд юугаа ухаад байгаа юм гэхээр нь бүгдийг чинь ална шүү гээд хашгирсан юм. Гараад машинаа асаах гээд асахгүй байж байхад цагдаа ирээд тэгээд 2021 оны 01 сарын 28-нд аймаг орсон. Тэр шөнө орой нь А.Б найзууд манайд жаахан архи уугаад явсан ба тэр архинаас нь би 2 хундага уусан байсан юм. Тэгээд жаахан халсан мөн бухимдалтай байсан болоод бүгдийг чинь ална шүү гэж хашгираад л гараад явсан юм, түүнээс хутга бариагүй. Тэр хутганы асуудал бол орой нь би цагдаа дээрээс ирэх үед эхнэр мөн найзуудтайгаа манайд архи уугаад байсан болохоор би өлсөөд мах хуурч идсэн. Тэгээд мах хөшиглөж байсан хутгаа газар зоосон. Манайх гэр дотроо шалгүй газраар хулдаас дэвссэн байдаг юм. Уг нь энэ асуудлаас хойш би найз нөхдийг нь гэрт нь хүргэж өгөөд ирээд унтахаар хэвтсэн нилээн хугацаа өнгөрсөн юм, яагаад хутга барьсан гэж хэлсэнийг мэдэхгүй байна. Шөнө бүгдийг чинь ална шүү гэж хашгирсан нь бол үнэн, гартаа хутга барьж ална хоолойг чинь хэрчинэ энэ тэр гэсэн юм бол байхгүй, шөнө намайг босоход А.Б өөрөө тэр хутгыг бариад сууж байсан намайг зоосон гэж санасан байх. Отгонтуяа А.Баяртуяатай хамт сууж байсан. Одоо нөхрөө дагаад Сэлэнгэ аймаг шилжээд явсан, яг хаана байгааг мэдэхгүй байна, холбоогүй байгаа. Бид хоёр сүүлийн үед өнгөрсөн зүйлийг ярихгүй байгаа, зан харилцаа урьдын адил хэвийн байгаа. Гомдоод уурандаа өгсөн байх гэж бодож байна. Түүнээс зодсон зодуулсан асуудал болоогүй юм. Яагаад гэдгийг мэдэхгүй юм, ер нь бол бид хоёрын харилцаа нилээн муу байсан юм. Түүнээс л болсон байх шалтгаан нь эхнэр ажлынхантайгаа тэнээд архи дарс хэрэглээд байсан ба би хардаад хардалтаас болоод л хэрэлдээд байсан юм. Би урьд нь эхнэрээ зодож байсан. 2017 оны асуудлыг би огт санахгүй байна. 2020 оны 01 сард биш 03 сард мөн л манай эхнэр 2 хоног архи уугаад алга болсоноос болоод би хардаж хэрүүл маргаан үүсээд А.Б дээгүүрээ хагас нүцгэн гараад гүйхээр нь би араас нь куртикийг нь аваад машинаар явсан чинь машинаар хөөсөн болсон. 2020 оны 12 сарын асуудлыг мэдэхгүй байна. 2021 оны 07 сард хадлангийн үе байсан ба би ажилтай хөдөө явсан хойгуур хүмүүстэй архи уугаад байснаас болж зодсон. Би А.Б хашаан дотор үсдэж дарсан, машинтайгаа харанхуйд сумын баруун талд модон дунд оруулж буулгах гэж хөөсөн гараас нь татсан. Тэр үед би хүүхдүүдээ хайртай гэхээр нь буцаж хаалгаа хаагаад гэрт нь хүргэж өгсөн. Би модон дотор оруулж зодоогүй харанхуйд айлгах гэж буулгах гээд л байсан юм. Яг тэр газрыг одоо олох боломжгүй. Би өмнө нь цэнхэр өнгийн CRV маркийн автомашинтай байсан дүүдээ бэлэглэсэн. Одоо Улаанбаатарт л байгаа байх. Хэнтий аймагт байхгүй байгаа. Хутгыг тухайн үед нь цагдаагийн байгууллага хураан авсан. Дадал сумын хэсгийн төлөөлөгч хураан авсан. Сарын орлого багадаа 700.000 төгрөг орчим. Зундаа бол өснө. Дадал суманд амралтын газар ажиллуулдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 54-57 дугаар хуудас/
22.Шүүгдэгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр А.Баяртуяаг хардаад зоддог байсан. Эхнэр А.Б архи уудаг. Тэгээд би уураа барьж чаддаггүй. 2-3 хоног утсаа салгаад зугаалгаар яваад өгдөг. Би архи битгий уу гэж хэлдэг. Тэгээд уурладаг. Түүнээс болж хэрүүл маргаан болдог. Одоо эхнэртэйгээ эвлэрсэн хамт амьдарч байгаа. 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бага хүү төрсөн. Бид 3 хүүхэдтэй. Дахиж ийм харгис хэрцгий үйлдэл гаргахгүй. Би хорих ял авбал 3 хүүхдээ яаж амьдрахыг төсөөлж чадахгүй. Би уур бухимдлаа барьдаг болсон. Ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.А өмгөөлөгч Б.Б нь гэм буруугийн талаар маргахгүй, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс:
1.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/
2.Хохирогч А.Б “ Миний бие А.Б нь Дадал суманд амьдардаг. Нөхөр П.А 2012 онд танилцсан. Охин 7 настай, хүү 5 настай, бага хүү 2 сартай амьдарч байна. Хамтран амьдрах хугацаанд удаа дараа гэр бүлийн маргаан гардаг байсан. Одоо эвлэрсэн. Хамтран амьдарч байгаа. Өмнөх гаргасан үйлдлийг уучилсан. Гомдолгүй байгаа тул хэргийг хөнгөвчилж өгнө үү” гэх хүсэлт /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/
3.А.Г, А.Н, А.Э нарын төрсний гэрчилгээний хуулбар /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч П.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр А.Б байнга буюу 2017 оны 1 дүгээр сард Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Яармагийн дэнж гэх газар өөрийн гэртээ шалтгаангүйгээр түүнийг хөлөөрөө өшиглөх, лоом мэт нарийн төмрөөр хөл, гар, нуруу толгой гэдэс рүү цохиж, хоолойг нь боосон. Мөн "Би чамайг яг одоо алаад мөчлөөд хаясан ч хэн ч намайг хүн алсан гэж сэжиглэхгүй шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж, үснээс нь зулгаан тарчлаан, зодсон. А.Б балаар нүдийг нь сохлоно гэж заналхийлэн догшин авирлаж "би хүнтэй явалдсан нь үнэн, охиноо А өгнө. Үхсэн ч харамсахгүй" зэргээр гэрээслэл бичүүлэн харгис хэрцгий харьцсан.
-2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 4-р баг Тэмүүжин 14-04 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр А.Б шалтгаангүйгээр хоолойг нь боож, толгой угаасан усаар нүүр лүү цацаж гэрээс зугтан гарахад нь 25-95 УБЦ дугаартай Хонда CRV маркийн тээврийн хэрэгслээр дайрч ална гэж хөөж, улмаар гудамжинд үсдэн чирч харгис хэрцгий харьцаж догшин авирласан,
-2021 оны 08 дугаар сарын 15-аас 2021 оны 08 дугаар сарын 18-ны хооронд Хэнтий аймгийн Дадал сумын төвд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр А.Б маргалдсаны улмаас хохирогчийг цамцаар хоолойг нь боож, толгой руу нь гараараа цохиж, тээврийн хэрэгсэлд суулган Хэнтий аймгийн Дадал сумын баруун талд байрлах "Ой модонд" буюу эзэнгүй газар аваачиж "чамайг ална" гэж айлган сүрдүүлж, толгой, нүүр, гар хэсэг рүү нь нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирласан,
-2021 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Дадал сумын 4-р баг Тэмүүжин 14-04 тоот байх хашаан дотор шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу жирэмсэн эхнэр А.Б ташиж унагаагаад хөл, гар хэсэгт нь өшиглөн зодож харгис хэрцгий харьцаж догшин авирласан,
-2021 оны 12 дугаар сарын 26-ны өглөө Хэнтий аймгийн Дадал сумын 4-р баг Тэмүүжин 14-04 тоотод байрлах өөрийн гэртээ "Өөрийн цахим хуудсандаа сэтгэгдэл орууллаа" гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу жирэмсэн эхнэр А.Б "чамайг алж байгаад сална" гэж айлган сүрдүүлж, хөл хэсэг рүү нь өшиглөн зодож догшин авирласан,
-2021 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Хэнтиий аймгийн Дадал сумын 4-р баг Тэмүүжин 14-04 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу жирэмсэн эхнэр А.Б хандан хоёр хүүхдийнхээ хоолойг хутгаар хэрчинэ гэж айлган сүрдүүлж, 2 ширхэг хутга шалан дээр зоох зэрэг аргаар 2017 оноос хойш гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга, зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан үйлдэл гаргасан ба 2021 оны 11 дүгээр cap, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдэд эхнэр А.Б нь жирэмсэн байсан бөгөөд энэ гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч А.Б 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нөхөр болох А бид хоёр ханилаад 8 жил болж байна. Хэнтий аймгийн Дадал суманд ирж амьдраад 5 жил болж байна. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Том нь 6 настай бага нь 4 настай. Манай нөхөр А 2017 оноос хойш намайг удаа дараа зоддог болсон. Тэгэхдээ маш аймшигтайгаар зоддог. Зоддог шалтгаан нь xий хардалт юм. Ер нь бол янз янзын шалтгаанаас болж намайг зоддог. Гэр бүлийн шалтгаан ч бас байгаа. Сая 2021 оны 12 дугаар сарын 26-ны өглөө босоод гэнэт уурлаад намайг ална гээд заналхийсэн. Тэгээд бид хоёр хэрэлдээд намайг дарамтлаад ална гээд миний баруун хөл рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би аргагүй эрхэнд цагдаад дуудлага өгсөн. Ер нь бол энэ хүнтэй хамт амьдрахад сэтгэл санааны болоод амь насны өндөр эрсдэлд орж байна. Сүүлдээ хоёр хүүхдээ хүртэл хоолойг нь хэрчин гэж хутга авч заналхийсэн. Энэ үед манай найз О хажууд байсан. Мөн эд хөрөнгийг чинь бүгдийг нь шатаан гэж хэлсэн. Өчигдрийн байдлаар ийм зүйл болсон. Цагдаагийн байгууллага энэ хүнийг аваагүй бол намайг алах байсан. Би энэ хүний сэтгэл зүйн байдлыг сайн мэдэж байна.
Намайг энэ 4 жилийн хугацаанд 5-6 удаа зодож байсан. Манай гэрийн хашаан дотор зодоод тэгээд машиндаа суулгаж баруун талын модон дотор оруулж зодож байсан. Энэ явдал 2021 оны 07 дугаар сард болж өнгөрсөн. Энэ үед хоолой багалзуурдаж улайж хөхөрсөн. Биеийн ихэнх хэсэг зодуулсаны улмаас хөхөрч няцарсан. Ингэхдээ дандаа гар хөлөөрөө зоддог. Энэ үед би цагдаад мэдэгдээгүй өнгөрсөн. Тэрний өмнө 2020 оны 01 сард намайг ажлаасаа цайны цагаар ирээд ямар ч шалтгаангүй гэрт орж ирээд зодсон. Би гараад зугтаахад араас машинаар хөөгөөд дайрч алах шахаад намайг үсдээд гудамжаар чирсэн. Тэгтэл манай хойд айлын хүмүүс гарч ирж намайг авсан. Энийг ч мөн цагдаад мэдэгдээгүй өнгөрсөн. Мөн 2020 оны 12 дугаар сард намайг найз нөхөлтэйгөө уулзлаа гэж намайг гэрийн гадаа хавсарч унагаагаад зодсон. Энэ үед миний хөл rap хөхөрч хавдсан. Мөн толгой руу өшиглөсөн. Мөн л би цагдаад мэдэгдээгүй өнгөрсөн. А бол гаднаас нь харахад их даруухан дөлгөөхөн хүн харагддаг. Гэхдээ энэ хүн бол маш хэрцгий хүн, өдөр болгон үг хэлээр болон үйл хөдлөлөөрөө дарамталдаг. Гэрийн жижиг эд зүйлс авч чулууддаг. Намайг алаад мөчлөөд нуухад чамайг намайг алсан гэж хэн ч хардахгүй шүү гэж хэлж байсан удаатай. Би энэ хүнээс маш их айж байна. Дээрхи үйлдлүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би их гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/
-Хохирогч А.Б 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2014 оноос П.А гэх Улаанбаатар хотын залуутай танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болж, гэр бүл болоод гэрлэлтээ батлуулж 2015 онд анхны охин төрсөн, одоо 6 настай, манай нөхөр П.А нь 2017 оноос шалтгаангүй хардаж намайг 2021 он хүртэл хэд хэдэн удаа зодсон нийт 5-6 удаа л лав зодсон ба би нэг ч удаа цагдаад мэдэгдэж байгаагүй. Энэ хүнийг гайгүй болно гэж найдаад цагдаад хэлдэггүй байсан, хэд хэдэн удаа айхтар зодуулсан ба намайг зодохоороо хоолой бооно, гараараа нүүр толгойн хэсэгт зодно, цохино өвлийн хүйтэнд гадаа нүүр нүдгуй цохиж орос бакал гутлаар өшиглөнө, автомашинаар дайрч алах шахна гэх мэт үйлдлүүд гаргадаг юм. Ингээд 2021 оны 12 сарын 25-ны өдөр нөхөр бид хоёр пэйст тавьсан постноос болж хэрүүл маргаан үүсээд орой нь хамт унтаж байгаад намайг баруун хөлний гуян тус газар нэг удаа өшиглөөд маргааш өглөө босоод чамайг алнаа гэхээр нь би урьд нь олон удаа зодуулсан учраас айгаад гар утас нууж аваад цагдаад хэлсэн юм. Түүнээс 2021 оны 12 сарын 26-ны өдөр бол намайг зодоогүй ба мөн 2021 оны 12 сарын 26-наас 27-нд шилжих шөнө 02 цагийн үед байх намайг унтаж байхад гэнэт гэрэл асаагаад би хоёр хүүхдийнхээ хоолойг хэрчинэ гэсэн. Тэр үед П.А бага зэрэг жаахан архи уусан эрүүл шахуу байсан. Яг тэр үед миний нуусан байсан 2ш хутгийг шалан дээр зоосон байсан. Манай найз О манайд унтаж байсан ба П.А хандан чи болиоч гэж байсан. Ийм л хүн. Харсан хүн бараг л байхгүй байх, хүнгүй газар эсвэл хүнгүй үед гэртээ зоддог. Хүүхдийн хажууд юу ч ярьдаггүй. Байнга л зоддог хүн. 2017 оны 01 сард, 2020, 2021 оны өвөл 03, 11 саруудад олон удаа зодсон. Гар хөлөөрөө л зоддог, юм барьж зоддоггүй юм. Жижиг газар хэцүү, хүн амьтан муу хэлэх байх гэж бодоод л хэлээгүй юм. Ааш авир багатай хүн шиг санагддаг ч намайг байнга ингэж зодож дарамталж байна. Шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Уулын модонд аваачиж зодсон нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/
-Хохирогч А.Б 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “О гэж сумын хүн байгаа, цагдаагаас дуудаж байна гэж хэлсэн боловч жирэмсэн, хоёр бага насны хүүхэдтэй ирж чадаагүй. Тухайн үед нэг удаа мэдүүлэг өгнө гэж өгсөн гэсэн, байн байн мэдүүлэг өглөө гээд нөхөр нь уурласан гэсэн. Яг бариагүй, хоёр хүүхдийн чинь хоолойг хэрчинэ гэсэн намайг хэлээгүй, тэр үед хутга газар зоолттой байсан, хэзээ зоосонг нь мэдээгүй. О нь Сэлэнгэ аймаг шилжсэн, хаана байгааг нь мэдэхгүй холбоо барьж чадахгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/
-Хохирогч А.Б 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Энэ үйл явдал 2017 оны 01 дүгээр сарын эхээр шиг санаж байна. Дөнгөж шинэ он гараад байсан юм. Тухайн үед миний ажиллаж байсан Батлан хамгаалах байгууллагын цэргийн хувцас оёдог оёдлын компанид ажиллаж байсан юм. Тухайн үед манай байгууллага оны өмнө шинэ жилээ ажлын ачааллаас болоод тэмдэглэж чадаагүй юм. Тэгээд оны дараа байгууллагын шинэ жилээ тэмдэглэсэн. Тухайн үед 2 байгууллага нийлсэн 40-50 хүн оролцсон. Би тухайн үед гэрээсээ гарахдаа өөрийн нөхөр болох А үйл ажиллагаанд оролцох талаараа хэлээд гарсан. Тэгэхэд надад би хүүхдээ харж байя яваад ир гээд явуулсан. 21 цагаас арга хэмжээ эхлээд шөнийн 00 цагийн орчимд арга хэмжээ дууссан. Түүний дараа ажлынхаа 3 эмэгтэй, 1 эрэгтэйтэй хамт үргэлжлүүлэн сууя гээд явж байтал манай нөхөр А залгаад асуухаар нь учраа хэлтэл уурлаад хурдан гэртээ ир гэсэн. Тэгэхээр нь би ажлынхаа хүмүүсээр хүргүүлсэн. Тухайн үед манай гэр Яармагийн дэнж гэх газарт байдаг байсан. Яг хаягийг сайн санахгүй байна. Би гэртээ 01 цагийн орчимд буугаад гэр лүүгээ орох гээд байшингийн үүдэнд очтол манай нөхөр А гэрээс гарч ирээд ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр миний цээж рүү өшиглөж намайг газарт унагаасан. Намайг цээжээ бариад амьсгалж чадахаа болиод газарт хэвтэж байхад бакаль гэх орос түрийтэй гутлаар миний дээрээс нүүр нүдгүй өшиглөж зодсон. Мөн лоом шиг нарийн төмрөөр миний хөл, гар, нуруу, толгой, гэдэс зэрэг байж болох бүх газар луу зодсон. Би тухайн үедээ зодуулаад шоконд ороод өвдөлтийг нь мэдрэхээ больтлоо зодуулсан. Намайг төмрөөр зодож дуусаад босгож ирээд гэрийн үүдэнд байсан машин налуулаад гараараа миний хоолойг боосон. Би амьсгалж чадахгүй байна, би үхлээ шдээ гэж арайхийн хэлэхэд намайг тавьсан. Би шууд газарт унасан. Миний дээрээс хараад "Би чамайг яг одоо алаад мөчлөөд хаясан ч хэн ч намайг хүн алсан гэж сэжиглэхгүй шүү" гэж хэлсэн. Тэр үед би тусламж гуйж хашгирахад ойр хавьд хүн байгаагүй. Хажуу хашааны хүмүүс шөнө дунд байсан болохоор сонсоогүй байх. Тэгээд А хүүхдээ харахаар гэртээ ороход нь би арай гэж босоод хашааны хаалга руу гүйсэн. Тэгтэл гутал маань хальтраад зугатаж чадахгүй байсан. Хашаанаас гараад гудамжаар уруудаад гүйж байхдаа авраарай, туслаарай гэж хашгирахад хэн ч байхгүй байсан. Тэгтэл А араас гүйж ирээд намайг барьж аваад үснээс гараараа үсдээд хашаа руу чирсэн. Би хэсэг явж байгаад арай гэж гараас нь мултараад төв зам руу гүйж байгаад дахин баригдаж үсдүүлээд гэртээ очсон. Намайг гэрт оруулаад чамайг дахиж зодохгүй, чи охиноо хөхүүлчих гэж хэлсэн. Би охиноо хөхүүлж унтаад өглөө сэрсэн. Өглөө сэрэхэд бал цаас хажууд тавиад мөн миний хувцас хунарыг миний хажууд тавьсан байсан.
Тэгээд А бал авч миний нүд рүү тулгаад "яг одоо нүдийг чинь сохолно шүү, миний хэлсэн үгийг бичээд гарын үсгээ зур" гэж заналхийлсэн. Тэгэхээр нь би хэлснийг нь бичсэн. Тэгэхдээ "Би хүнтэй явалдсан нь үнэн, Охиноо А өгнө, үхсэн ч харамсахгүй" гэж надаар ээжид минь хандаж бичүүлээд гарын үсэг зуруулж авсан. Мөн миний утсыг эвдэлсэн учир тусламж гуйх аргагүй болгосон байсан. Тэр үед миний хажууд А манай ээж рүү залгаад "Охиноо олж ир, охин чинь ирээгүй" гэж утсаар хэлсэн. Тэгээд А миний охиныг аваад хаашаа ч юм гараад явсан. Тэр үед охин минь 2 настай байсан. Би гарсан хойгуур нь гэрээсээ гарч такси бариад Нарантуул зах орж Хэнтий аймгийн унаанд сууж гэртээ ээж дээрээ ирсэн. Тухайн үед манай ээж Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийдийн суурин 30-01 тоотод амьдардаг байсан. Ээждээ би болсон бүх асуудлыг ярьж, мөн ээж дээр дусал тарианд орж эмчлүүлсэн. Би 1 cap орчим гэртээ хэвтэн эмчлүүлсэн. Зодуулах үед миний бүх шүд хөдөлсөн байсан. Хэсэг хугацаанд юм идэх боломжгүй байсан. Энэ үед миний бие тэр чигтээ бүхэлдээ хөхөрч няцарсан байсан. Эмнэлэгт хандаагүй, би ээжээс гуйгаад эмнэлэг цагдаад битгий хэлээрэй гэж гуйсан. Үүнээс 1 сарын дараа би эгчтэйгээ очиж охиноо авч ирсэн. Мөн түүнээс дахин нэг сарын дараа А Хэнтийд ирж надаас уучлалт гуйж бид хоёр буцан нийлсэн. Учир нь манай нас барсан ээж тухайн үед хүүхдээ бодоод нэг удаа уучилчих гэж намайг ятгасан юм. Хүүхдээ өнчрүүлээд яахав дээ гэж хэлсэн. 2017 онд ийм зүйл болсон юм.
Тухайн үед миний сэтгэл санаа тавгүй, тайван бус байсан болохоор он сараа буруу санасан байна лээ. Уг үйл явдал нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр болсон юм. Тэр өдөр манай нөхөр Дадал сумын Засаг даргын тамгын газарт ажилладаг байхдаа цайны цагаараа орж ирээд хэнээс юу сонссон юм бүү мэд намайг орон дээр түлхэж унагаагаад амьсгалж чадахаа больтол хоолойг минь боосон. Би ноцолдоод босч ирэхэд толгой угаасан усыг миний нүүр лүү цацаад хутга хайж эхлэхэд би гэрээсээ гарч зугтаасан. Би гэрээс гараад зугтаахад араас машинтайгаа хөөгөөд дайрч алах шахсан. Намайг барьж аваад үсдээд машин руугаа чирэхэд би тусламж гуйж хашгирсан. Энэ үед Оюун-Эрдэнэ гэрээсээ гүйж гарч ирээд болиулж намайг гэртээ оруулсан. А гадаа байж байгаад яваад өгсөн. Тэгээд О хүүгийнх нь төрсөн өдөрт хүмүүс ирэхээр нь би явсан. Би яваад ажил дээрээ байж байгаад ажил тарах үеэр эмнэлэг орж Ундрах эмчид үзүүлсэн. Мөн найз Ц эмчид учраа хэлж танайд очиж хоноё гэж гуйсан. Ийм асуудал болсон юм.
Би өмнө мэдүүлэг өгөхдөө энэ үйл явдлыг сарыг нь буруу санасан байсан. Сэтгэл санаа тогтворгүй байсан болохоор тэр байх. 2021 оны 08 дугаар сарын дундуур байсан юм. Өглөө оройдоо бага зэрэг сэрүүвтэр байсан гэхээр 08 сарын дундуур буюу 08 сарын 15-18-ны орчим байсан байх. Энэ үед манай нөхөр А намайг гэр бүлийн маргаанаас болоод зодсон юм. Тэгэхдээ намайг машинд суулгаад цамцаар маань хоолойг минь боож, толгой руу хэд хэдэн удаа гараараа цохисон. Түүний дараа шууд хөдлөөд машинтайгаа манай сумын баруун талын ой мод руу авч орсон. Ой модонд очоод машинаас чирч буулгаад хөл гараараа намайг зодсон. Ингэхдээ толгой, хөл, нүүр гар луу цохисон. Мөн одоо чамайг ална гээд ямар нэгэн юм хайгаад байсан. Би бодохдоо цохих том мод ч юм уу эсвэл боож алах уяа хайж байна гэж бодсон. Тэгээд зодуулаад яг үхэхийн даваан дээр би А өвдөг сөхрөн амь өршөөгөөч гэж гуйсан. Хоёр хүүхдээ бодоод амьд үлдээгээч гэж гуйхад намайг чирээд машинд суулгасан. Тэгээд гэртээ ирсэн. Гэрт ирэхэд миний өмсөж явсан бүх хувцас урагдсан байсан. тухайн үед оройн 21-22 цагийн орчим болж байсан. Маргааш нь өглөө сэрэхэд манай нөхөр байхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн найз болох Э дээр очиж болсон бүх асуудлыг ярьж өгч толгойгоо бариулсан. Ийм асуудал болсон юм.
2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотоос манай нөхөр А хоёр найз хотоос ирсэн юм. Гэрт бид дөрөв хоол идээд юм ярьж ганц хоёр пиво ууж сууцгаасан юм. Тэгэхдээ хашаан дотор байх гэрийн хажуу талын буудлын гэрт байсан юм. Тэгээд амрах гээд шөнө 23 цагийн орчимд бид хоёр гэр лүүгээ орох гээд явж байтал А намайг гэнэт ташиж унагаагаад хөл гар луу минь өшиглөсөн. Яаж байгаа юм бэ гэтэл юм хэлээгүй. Би буцаж зугтаагаад нөгөө хоёр найз дээр нь орсон. Тэгээд буцаж гараад цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. Тэгтэл А гэр лүүгээ орсон. Харин би хажуу гэрт хоносон. Өглөө нь толгой хүчтэй өвдөж, хөл гар хөх няц болсон байсан. Харин маргааш нь А надаас чамайг хэн зодоо вэ, хөл гар чинь яагаа вэ гэж асуусан. Тэгэхээр нь би чи ийм болгосон оо санахгүй байна уу гэхэд санахгүй байна. Намайг уучлаарай дахиж ингэхгүй гэж хэлсэн. Ийм асуудал болсон юм. Энэ асуудлыг би өөр хүнд хэлээгүй.
2021 оны 12 дугаар сарын 25-ны орой би "өөрийн цахим орчинд хурдан салах юмсан" гэх утгатай пост оруулсан. Тэрийг уншаад манай нөхөр надад уурлаж би чамайг алж байгаад сална гэж хэлсэн. Тэр оройноо би нөхрийн хажууд их дарамттай хоносон. Зүрх өвдөөд унтаж чадаагүй. Маргааш өглөө нь босоод намайг ална гээд дарамтлаад байсан. Бид хоёр хэрэлдээд намайг миний хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би энэ хүнд ингэж дарамтлуулж амьдарч чадахгүй гээд найз руугаа цагдаа дуудаарай гэж мессэж бичсэн. Тэгээд цагдаа нар ирж А авч явсан. Тэгээд тэр өдөр 16 цагийн орчимд би нөхрөө очиж авсан. Ингээд тэр орой нь би гэртээ өөрийн найз болох О хань болоод хоноод өгөөч гэж гуйсан. Шөнө дунд унтаж байхад 02 цагийн орчимд намайг хүн татах шиг болсон. Хэн бэ гээд бостол А орны хажууд гэрэл асаагаад зогсож байсан. Тэгээд надад хандаж “би хоёр хүүхдийнхээ хоолойг хутгаар хэрччихүү” гэж хэлсэн. Манай найз О бид хоёр гайхаад босоод хартал газарт шалан дээр хоёр хутга зоолттой байсан. Хүүхдүүд унтаж байсан. Бид хоёр маш их айсан. Харин А юм дуугаралгүй гадаа гараад машинаа асаах гэж оролдсон. Энэ хооронд бид хоёр цагдаа дуудсан. Ингээд цагдаа ирэхэд А зугтаагаад цагдаа нар хөөгөөд араас нь явсан. Ийм асуудал болсон. Манай хүүхдүүд одоо том охин 6 настай, хүү 4 настай. Хүүхдүүд энэ талаар огт мэддэггүй. Хүүхдүүдийнхээ хажууд ийм үйлдэл гаргадаггүй. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 дугаар хуудас/
-Гэрч А.О 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б А хоёрын гэр манай гэрээс урагшаа 3 гудамжны урд байдаг юм. 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн орчимд би хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх гээд ойр зуурын юм гэртээ бэлдээд байж байтал гадаа эмэгтэй хүн намайг дуудаад авраарай гээд байсан. Би гараад хартал манай найз Б нөхөртөө гудамжинд зодуулж байсан. А үснээс нь зулгаагаад чирээд явж байсан. Би нөхрөө дуудаж болиулсан. Яагаад байгаа юм гэхэд нөхөр нь юм дуугараагүй яваад өгсөн. Би Б гэртээ оруулж юу болсон талаар асуухад гэр бүлийн маргаанаас болж зодлоо гэж байсан. Тэгээд би Ц эмчийнх рүү явлаа гээд яваад өгсөн. Ийм асуудал болсон юм. Өөр асуудлуудыг нь би сайн мэдэхгүй байна. Бид хоёр байнгын уулзаад байдаг хүмүүс биш болохоор нарийн ширийн асуудлыг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/
-Гэрч А.О 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:”Б талаар би тэр энэ гэж үнэхээр сайн мэдэхгүй байна. Болсон асуудлуудыг тэр болгон надад ирж ярьдаггүй. Хаяа манай эмийн сангаар орж ирж үйлчлүүлдэг. Нийгмийн идэвхи сайтай, сумын иргэдийн хурлын төлөөлөгч, сумын шилдэг залуу гэр бүл гэдгээр нь мэднэ. Бусад нарийн ширийн зүйлийг би үнэхээр мэдэхгүй. Тэр өдрийг би сайн санаж байна. Манай хүүгийн төрсөн өдөр болж байсан юм. 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байсан. Гэнэт гэрийн гадаа Оюун-Эрдэнээ авраарай гэж эмэгтэй хүн хашгираад байхаар нь би гараад хартал Б нөхөр нь болох А манай хашааны гадаа гудамжаар үснээс нь чирээд, Б газарт чирэгдээд явж байсан. Тэгэхээр нь би болиоч ээ чи яагаад байгаа юм бэ гэтэл юм дуугарахгүй Б тавьсан. Би тэгэхээр нь Б аваад гэртээ орсон. Би Б юу болсон талаар асуухад гэр бүлийн маргаан, хардалтаас болоод намайг ингэж зодлоо гэж хэлсэн. Надад өөр онц юм яриагүй. Удалгүй манай гэрт хүүгийн төрсөн өдрийн хүмүүс ирээд Б Ц эмчийнх рүү явлаа гээд яваад өгсөн. Цагдаад мэдэгдхүү гэж асуухад би өөрөө хэлнэ гээд яваад өгсөн. Ийм зүйл болсон. Би А, Б хоёрын энэ асуудлаас өөр ямар ч асуудлыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/
-Гэрч Б.Э 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 08 цагт би гэртээ байж байхад манай найз Б яаралтай цагдаа дуудаарай гэж над руу мессэж бичсэн. Тэгээд би цагдаад хандсан. Цагдаа дуудлагаа авсан байсан. Тэгээд Б уулзаад юу болсон талаар гэрт нь очоод асуухад А манай найзыг ална гэж дарамталж сүрдүүлсэн байсан. Манай найзын сэтгэл санаа маш их айдастай, сэтгэлийн маш их дарамтанд орсон байсан. Тэгээд би тайвшруулж хамт байсан. Энэ асуудлаас өмнө миний мэдэхээр 2021 оны 08 дугаар сард өглөө уулзахаар ирэхдээ Б харахад илт зодуулсан байдалтай хөл нь доголчихсон, толгой нь энэ тэндээ овойж товойж хавдсан байсан. Гар нь хөхөрсөн тэгэхдээ их том том хөхөрсөн байсан. Тэгээд юу болсныг асуухад өнгөрсөн шөнө А модонд аваачиж зодоод ийм болгочихлоо гэж байсан.
А эрүүл байхдаа зоддог. Зодох шалтгаан нь эхнэрийнх нь утас руу хэн нэгэн утсаар ярих төдийд шалтаглаж зоддог. Мөн 2021 оны 03 дугаар сарын эхээр Б мөн гэрт ирсэн. Тэгэхэд хүзүүг нь боосон байсан. Юу болсон талаар асуухад гэртээ зодоод байхаар нь зугтаагаад гарсан байгаа юм. Тэгээд араас А машинаараа хөөгөөд дайрангаа алдаад гудамжинд барьж аваад зодоход хойд айлынх нь хүмүүс тусалсан байсан.
Миний сонссоноор 2017 онд Улаанбаатар хотод мөн зодохдоо хэвтэрт ортол нь зодоод ээжид нь охин чинь зугтаагаад явчихлаа тэгээд олдохгүй байна. Өөр хүнтэй явалдаад тэрнийгээ дагаад алга болчихлоо гэж хэлсэн байгаа юм. Тэгэхдээ өөрөөр нь гэрээслэл бичүүлээд ээж рүү нь утсаар ярьсан гэсэн. Гэрээслэл бичүүлэхдээ ална гэж дарамталж байгаад чамайг алаад мөчлөөд нуухад хэн ч олж чадахгүй шүү гэж айлган сүрдүүлж байгаад ээжид нь хандаж "ээжээ би өөр хүнтэй болсон, хайх хэрэггүй шүү" гэсэн гэрээслэл бичүүлж байсан удаатай гэж би Б өөрөөс нь сонсож байсан. Ер нь бол Дадал суманд байхдаа байнгын өдөр болгон дарамталдаг. Миний мэдэхээр нь байнгын давтамжтай гэмээр нэг юм уу хоёр cap болоод их бага хэмжээгээр зодоод байгаа юм. Энэ удаад тэсгэлгүй цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.
Өмнө нь цагдаагийн байгууллагад хандахгүй байсан учир нь гэвэл Б Дадал сумын иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч, мөн Дадал сумын үлгэр жишээ залуу гэр бүл тул нэр хүндээ хамгаалж цагдаа сэргийлэхэд хандахгүй шүү цагдаад битгий хэлээрэй гэж надаас гуйдаг байсан. Эдгээр нь бол миний мэдэх хамгийн том асуудлууд юм. Миний мэдэхгүй, гэр дотроо юу болдгийг би нарийн сайн хэлж мэдэхгүй байна. А гэх энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авахуулахыг хүсч байна. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг. Энэ хүний асуудал арай дэндээд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/
-Гэрч Б.Э 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Намайг 2021 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн орчим А.Б над руу яаралтай цагдаа дуудаарай гэж надруу мессэж явуулсан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Нөхөр болох П.А нь архи тамхи хэрэглээд байдаггүй мөртлөө А.Б зодоод байдаг юм. Хэрүүл маргаан бол байнгын л болж байдаг байсан. Тэрний өмнө 2021 оны 7-8 сарын орчим надтай өглөө сумын төвд А.Б таарсан юм. Тэгэхэд сумын төвийн баруун урд талын мод руу машинаар авч явж зодсон гэж надад хэлсэн. Тэгэхэд Б хүзүүг юмаар боосон юм шиг улаан алаг болчихсон, хөл гар гуя нь хөх алаг болчихсон доголчихсон байсан. Тэгээд ёстой алуулангаа алдлаа арай гэж л амьд гарлаа гэж хэлж байсан надтай уулзахдаа. Тэрний өмнө 3-р сард гэртээ зодоход арай гэж зугатаасан юм билээ. Энийг нь би хараагүй. Өөрөө ярьсан юм. Тэгэхэд зугтаахад нь араас нь машинаараа хөөгөөд алах гээд явж байхад нь хүн таараад аварч байсан гэсэн. Би Б зодуулаад ирэхэд нь танай нөхөр согтуу юмуу гэхэд үгүй эрүүл гэдэг юм. Дандаа л эрүүлээр зодоод байдаг гэсэн. Урд нь хотод байхдаа 2017 онд гэж байсан байхаа нэг удаа хэвтэрт ортлоо зодуулж байсан гэсэн. Тэгж зодохдоо Баяртуяагаар өөрөөр нь гэрээслэл бичүүлээд өөрөө "танай охин чинь хүнтэй суугаад явчихлаа" гэж ээжид нь утсаар ярьж хэлээд зодож байсан гэсэн. А.Б найз олон дахин зодуулсаар байгаад их айдастай байдаг болсон байна лээ. Надад л ярьдаг юм. Цагдаад өгөөч гэхээр өөрөө иргэдийн хурлын төлөөлөгч болохоор санаа нь зовоод байдаг юм гэж байсан. Бас 2020 оны шилдэг гэр болж байсан болохоор ер нь хэлж чаддаггүй байсан. Би энэ П.А хуулийн дагуу арга хэмжээ авахуулах саналтай байна. Архи уугаагүй байж хүн зодоод байдаг би гайхаад байна. Ер нь хэзээ алчих бол гэж боддог” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/
-Гэрч Д.О 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б 10 жилийн сургуулиас хойш найзалж байна. А нь Б нөхөр юм би сайн танихгүй. Б надад 2021 оны зун нөхөр А намайг модонд аваачаад толгой болон гуя хэсэг рүү цохиж байсан гэж надад хэлсэн. Мөн 2021 оны 12 сарын 26-ны өдөр би Б Э, О, Б ах бид хэд очоод пиво ууж байгаад тарах гэтэл А нь Э, Б ах нарыг хүргэж өгөх гэтэл машин нь асахгүй байхаар нь А тэр хоёрыг хүргэж өгнө гээд алхаад явсан. Тэгээд О, Б бид 3 үлдээд юм яриад сууж байтал А гаднаас орж иртэл О гэртээ харилаа гээд явах гэтэл Б та 2 түр байж байгаад яваач гэхэд О маргааш ажилтай гээд яваад Б бид 2 үлдээд унтаж байтал шөнө 2 цагийн үед Б намайг сэрээгээд наад А наагуур чинь сэрүүн яваад байна юу хийгээд яваад байгаа юм болдоо би айгаад байна гэж хэлсэн. Тэгтэл А над руу хандаж би 2 хүүхдээ хутгаар хоолойг нь хэрчээд алчих уу ер нь та нарыг бүгдийг нь алчих уу? гээд 3 ширхэг хутга гаргачихсан нэгийг нь газарт зоочихсон байж байсан. Тэгээд Б бид 2 айгаад 2 хүүхдийнх нь унтаж байсан орон дээр очтол гэрээсээ гараад машинаа асаах гээд байж байхад нь Б гэрээ дотор талаас нь түгжээд миний утсаар цагдаа нар луу залгатал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
-Гэрч С.Ц 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...намайг ажил дээр байхад үдээс хойш 16-17 цагийн орчимд эмнэлэг дээр ирсэн. Намайг харахад хоолой нь улайчихсан багалзуурдуулсан байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад нөхөртэйгээ муудалцаад зодуулчихлаа гэж байсан. Өөр юм хэлээгүй. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандая гэтэл Баяртуяа өөрөө үгүй гэсэн. Тэгээд гэртээ харихгүй өнөөдөр танай гэрт хоноё гэж хэлсэн. Тэгээд би гэртээ аваачсан. Нөхрөөсөө их айсан байдалтай юу ч дуугарахгүй байсан. Тэгээд орой манайд байж байхад 21 цагийн орчимд нөхөр нь манай гадаа машинтайгаа ирхэд намайг байхгүй гэж хэлээрэй, мэдвэл бөөн асуудал болно гэхээр нь би нөхөрт нь манайд байхгүй гэж хэлээд явуулсан. Тэгээд манайд хоноод маргааш өглөө нь явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/
-Гэрч Б.Д 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би энэ хоёр хүнийг одоогоос 3-4 жилийн өмнөөс таних болсон. Би найз М.Б хамт 2021 оны 11-р сарын дундуур найз П.А очсон юм. Тэднийд очоод хоол цай идэж ганц хоёр пиво уусан. Би шөнө 23 цагийн үед амраад П.А, А.Б нар амрана гээд явсан бид хоёр хашаанд нь байх амралтын гэрт үлдсэн юм. Хэсэг хугацааны дараа А.Б орж ирээд А үглээд гэсэн билүү юм ярьж байгаад л гараад явсан. Тухайн үед ярьсан юмыг нь би одоо санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 209-211 дүгээр хуудас/
- Гэрч М.Б 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Надтай найз нөхдийн харилцаа холбоотой. А Б гэх эхнэр нөхөр хоёртой 2021 оны 11 сарын дундуур тэдний гэрт уулзсан.Тэднийх хашаандаа олон гэртээ байсан бөгөөд бид нар нэг гэрт нь ганц нэг пиво ууж сууцгаасан. Тэр үед А болон түүний эхнэр нь Б, найз Д бид нар сууж байхад шөнө 22 цагийн үед тэр хоёр яагаад гарсныг мэдэхгүй байна. А эхнэртэйгээ гадагшаа гарсан чинь удаагүй эхнэр нь нөхөртэйгөө маргалдсан шинжтэй орж ирэхдээ унаж нэг хөл шалбарчихлаа гэж ярьж байсан шиг санаад байна. Гэхдээ би шалбарсан хөлийг нь хараагүй. Тэгээд бид нар үлдсэн тал пиво уучихаад эхнэр нь гэртээ явж бид хоёр унтаж амарсан. Маргааш өглөө нь тэр хоёр хоорондоо маргалдсан шинжтэй харагдсан бөгөөд нүүр болон биед нь ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй. Бид хоёр тэнд 2-3 хоноод явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 215-216 дугаар хуудас/
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 17-19 дүгээр хуудас/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж гаргасан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №50 дугаартай: “1.2.3.4.5.А.Б биед гэмтэл тогтоогдсонгүй. 6.А.Б нь 9-10 долоо хоногтой жирэмсэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/
-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /хх-ийн 62-64 дүгээр хуудас/
-Шүүгдэгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм харгис хэрцгий үйлдэл гаргахгүй. Би уураа барьж дийлэхгүй эхнэр А.Б зоддог байсан. Одоо уураа барьдаг болсон. Би эхнэрээ хардаад зоддог байсан. Эхнэр А.Б архи уудаг. Найз нөхөдтэйгээ нийлээд 2-3 хоног утсаа салгаад яваад өгдөг. Би үүнээс болж уурладаг. Одоо эхнэртэйгээ эвлэрсэн. Бид 3 хүүхэдтэй. Бага хүү 2022 оны 08 сард төрсөн. Дахиж би ийм үйлдэл гаргахгүй. Би нэг жилийн хорих ял аваад явбал 3 хүүхдүүдээ яаж амьдарахыг төсөөлж чадахгүй байна. Ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан байна.
Хуулийн дээрх заалтаас дүгнэн үзэхэд шүүгдэгч П.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу эхнэр А.Б 3 буюу түүнээс дээш удаа байнга зодсон, хохирогчийн сэтгэл санаанд дарамт учруулсан, бие махбодид халдсан харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, жирэмсэн байхад зодсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулж болзошгүй үйлдэл байх тул шүүгдэгч П.А хохирогч А.Б бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхээр байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нь хэзээ ч санамсаргүй үйлдэгдэхгүй, биеэ барьж чадаагүй, хяналтаа алдсанаас шалтгаалж үйлдэгддэггүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь эхнэр А.Б бусадтай хардах, хяналтдаа хохирогчийг оруулах зорилго, сэдэл бүхий шууд, санаатай үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч П.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр А.Б байнга буюу 2017 оны 1 дүгээр сард Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Яармагийн дэнж гэх газар өөрийн гэртээ шалтгаангүйгээр түүнийг хөлөөрөө өшиглөх, лоом мэт нарийн төмрөөр хөл, гар, нуруу толгой гэдэс рүү цохиж, хоолойг нь боосон. Мөн "Би чамайг яг одоо алаад мөчлөөд хаясан ч хэн ч намайг хүн алсан гэж сэжиглэхгүй шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж, үснээс нь зулгаан тарчлаан, зодсон. А.Б балаар нүдийг нь сохлоно гэж заналхийлэн догшин авирлаж "би хүнтэй явалдсан нь үнэн, охиноо А өгнө. Үхсэн ч харамсахгүй" зэргээр гэрээслэл бичүүлэн харгис хэрцгий харьцсан.
-2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 4-р баг Тэмүүжин 14-04 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр А.Б шалтгаангүйгээр хоолойг нь боож, толгой угаасан усаар нүүр лүү цацаж гэрээс зугтан гарахад нь 25-95 УБЦ дугаартай Хонда CRV маркийн тээврийн хэрэгслээр дайрч ална гэж хөөж, улмаар гудамжинд үсдэн чирч харгис хэрцгий харьцаж догшин авирласан,
-2021 оны 08 дугаар сарын 15-аас 2021 оны 08 дугаар сарын 18-ны хооронд Хэнтий аймгийн Дадал сумын төвд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр А.Б маргалдсаны улмаас хохирогчийг цамцаар хоолойг нь боож, толгой руу нь гараараа цохиж, тээврийн хэрэгсэлд суулган Хэнтий аймгийн Дадал сумын баруун талд байрлах "Ой модонд" буюу эзэнгүй газар аваачиж "чамайг ална" гэж айлган сүрдүүлж, толгой, нүүр, гар хэсэг рүү нь нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирласан,
-2021 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Дадал сумын 4-р баг Тэмүүжин 14-04 тоот байх хашаан дотор шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу жирэмсэн эхнэр А.Б ташиж унагаагаад хөл, гар хэсэгт нь өшиглөн зодож харгис хэрцгий харьцаж догшин авирласан,
-2021 оны 12 дугаар сарын 26-ны өглөө Хэнтий аймгийн Дадал сумын 4-р баг Тэмүүжин 14-04 тоотод байрлах өөрийн гэртээ "Өөрийн цахим хуудсандаа сэтгэгдэл орууллаа" гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу жирэмсэн эхнэр А.Б "чамайг алж байгаад сална" гэж айлган сүрдүүлж, хөл хэсэг рүү нь өшиглөн зодож догшин авирласан,
-2021 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Хэнтиий аймгийн Дадал сумын 4-р баг Тэмүүжин 14-04 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу жирэмсэн эхнэр А.Б хандан хоёр хүүхдийнхээ хоолойг хутгаар хэрчинэ гэж айлган сүрдүүлж, 2 ширхэг хутга шалан дээр зоох зэрэг аргаар 2017 оноос хойш гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан үйлдэл гаргасан ба 2021 оны 11 дүгээр cap, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдэд эхнэр А.Б нь жирэмсэн байсан бөгөөд энэ гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр буюу жирэмсэн хүний эсрэг” гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч А.Б нь “...миний бие А.Б нь Дадал суманд амьдардаг. Нөхөр А 2012 онд танилцаж, охин 7 настай, хүү 5 настай, 2 сартай хүүтэйгээ амьдарч байна. Хамтран амьдрах хугацаанд удаа дараа гэр бүлийн маргаан гарсан ч одоо эвлэрэн хамтран амьдарч байгаа. Өмнөх гаргасан үйлдлийг нь уучлан гомдолгүй байгаа тул хэргийг хөнгөвчилж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.
Хохирогч, гэрч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, мэдүүлэг авсан, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг няцаасан, үгүйсгэсэн нотлох баримт, мэдүүлэг хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Б овогт П А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн хүний эсрэг” үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирогч А.Б нь “гомдол саналгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч П.А нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б овогт П А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн хүний эсрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нь өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 61 дүгээр хуудас/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч П.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулах, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч П.А үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байгаа тул шүүгдэгч П.А холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч П.А эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй, бага насны 3 хүүхэдтэй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгчийн цаашид бусдад аюул учруулах эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэхгүй байж чадна гэх хүсэлт зэргийг харгалзан үзээд шүүгдэгч П.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч П.А энэ шийтгэх тогтоолоор заавал нийгмээс тусгаарлаж, хорих ял оногдуулах шаардлагагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч П.А нь 2017 оны 01 дүгээр сард, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 18-ны хооронд, 2021 оны 11 дүгээр сард, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн өглөө, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шөнө нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байна.
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн, хуулийн этгээдэд уг хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б ““шүүгдэгч П.А үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байгаа тул шүүгдэгч П.А холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Хэрэгт Я Б өмчлөлийн Honda CR-V маркийн 25-95УБЦ улсын дугаартай, хөх өнгийн, 3.500.000 төгрөгний үнэлгээ бүхий автомашин битүүмжлэгдсэн байна.
Уг автомашиныг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор битүүмжилсэн бөгөөд шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэх үедээ уг авто машиныг ашиглаагүй, уг авто машиныг хурааж улсын орлого болгох үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй, 25 см-ийн урттай, 15 см-ийн ажлын хэсгийн урттай хутга 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй 18 см-ийн урттай, 10 см-ийн ажлын хэсгийн урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “эд мөрийн баримт шийдвэрлэх” комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт П А-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн хүний эсрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б овогт П А-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт П А-ыг 1 /нэг/ жилийн хугацаанд өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.А оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.
6.Шүүгдэгч П.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй, 25 см-ийн урттай, 15 см-ийн ажлын хэсгийн урттай хутга 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй 18 см-ийн урттай, 10 см-ийн ажлын хэсгийн урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “эд мөрийн баримт шийдвэрлэх” комисст даалгаж, Honda CR-V маркийн 25-95УБЦ улсын дугаартай автомашин битүүмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ