Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Луус сумын 1-р багт оршин суух Тодого овогт Б.Б ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 26-ны өдөр 139/2018/00009/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн. Улсад 21 жил ажилласан. Үүнээс 1980-1993 оныг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд болон Шинэ хөдөлмөр хоршоонд мал маллаж байсан ба тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр засвартай тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, цалингийн тооцооны баримт, хөдөлмөр нэгдлийн даргын тушаалын хуулбар, үйлдвэрчний эвлэлийн батлах зэргийг үндэслэн 1980 оны 06 сарын 17-ноос 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 01 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд, 1993 оны 02 сарын 19-нөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Луус сумын Шинэ хөдөлмөр хоршоонд малчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Б.Б нь 1980 оны 06 сарын 17-ноос 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 01 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд, 1993 оны 02 сарын 19-нөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Луус сумын Шинэ хөдөлмөр хоршоонд тус тус малчинаар ажиллаж байсан болох нь:

1. Дундговь аймгийн архивын тасгийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 355 тоот тодорхойлолт /ХХ-6/,

2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 08/618 тоот албан бичиг /ХХ-5/,

3. Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 02/271 тоот албан бичиг /ХХ-4/,

4. Б.Бын 1980 оны 11, 12 сар, 1981 оны 01 сар, 1982 оны 03, 04, 09 сар, 1985 оны 03, 04 сар, 1986 оны 11 сар, 1987 оны 07 сар, 1988 оны 01, 03 сар, 1989 оны 01, 02 сар, 1990 оны 04, 06, 11 саруудад авч байсан цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /ХХ-8-23/,

5. Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1980 оны 06 сарын 17-ны өдрийн 23 дугаартай МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-н үйлдвэрлэлд хувиарлагдсан сурагчдыг ажилд томилох тухай тушаалын хуулбар /ХХ-7/,

6. Б.Бын Дундговь Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1991 оны 09 сарын 21-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /ХХ-25-29/,

7. Б.Бын Дундговь Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1981 оны 04 сарын 24-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /ХХ-30-37/,

8. Б.Бын Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэх /ХХ-38/,

9. Гэрч О.Эрдэнэчимэгийн ...Б.Б нь 1980 оноос Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд илгээлтээр гарч малчин болсон. 1993 оныг дуустал малчинаар тус нэгдэлд ажилласан. Нэгдэл 1991 онд байх Шинэ хөдөлмөр хоршоо болсон. Тэр үед ч мөн хоршооны мал маллаж байсан. Бага төллөх мал малладаг байсан гэх мэдүүлэг /ХХ-42/

10. Гэрч Б.Бадамсүрэнгийн ...Б.Б нь 1980 онд сургуулиа төгсөөд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд илгээлтээр гарч малчин болсон. Луус сумын Хөдөлмөр нэгдэл нь 1993 онд Шинэ хөдөлмөр хоршоо болсон. Шинэ хөдөлмөр хоршоонд мал малласан. Бог мал малладаг байсан. Одоог хүртэл малчин... гэх мэдүүлэг /ХХ-43/

11. Гэрч Г.Мишигдолгорын ...Б.Б нь 1980-1986 онд илгээлтээр Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Зүлэгтий бригадад малчин болсон. 1987 оноос Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Суварга бригадын малчин болсон. 1990 онд Хөдөлмөр нэгдэл Шинэ хөдөлмөр хоршоо болоход мөн хоршооны мал маллаж байсан. Б.Б нь бид нэг дор нэг багийн малчид байсан учраас бие биенээ сайн мэднэ. Манай тэргүүний аварга хошой аварга Дагдан гэдэг малчин айлд бэр болж ирж байсан юм. Эднийх Энх мэнд сүрэгтэн авч байсан... гэх мэдүүлэг /ХХ-44/ зэрэг баримтуудаар нотлогдонтогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Тодого овогт Бямбаагийн Бадамханд /РД:ЗЗ63021906/-ыг 1980 оны 06 сарын 17-ноос 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 01 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд, 1993 оны 02 сарын 19-нөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Луус сумын Шинэ хөдөлмөр хоршоонд тус тус малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА