Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгч: Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Жы Эод холбогдох эрүүгийн 2235001500251 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны .... дугаар сарын 28-нд Увс аймгийн ............суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Увс аймгийн ................ дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн ............ дугаар байрны ......... тоотод оршин суух хаягтай, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 225 дугаартай шитйгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялын биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Ш овогт Жы Э, /регистрийн дугаар: ............................../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Э нь 2022 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн нутаг “Хар тэрмис” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Эын толгой хэсэгт эвхдэг төмөр сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Ж.Э нь хохирогч Д.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдох явцдаа эвхдэг төмөр сандлаар хохирогчийн толгой руу цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгч Ж.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж асуудалд холбогдлоо. Хийсэн хэргээ ухамсарлан, гэмшиж байна. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа харамсаж байна. Би өөрийгөө ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж байна. Тухайн үед төгсөлтийн арга хэмжээн дээр найз нөхдийн хүрээнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул болсон зарим процессыг тодорхой санахгүй байсан. Тэгээд хамт байсан найз нөхдөөсөө асууж тодруулсны үндсэн дээр уг хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрөөд байгаа” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн  2235001500251 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хохирогч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би ......... сумын арван жилийн наймдугаар ангийн төгсөлтийн 20 жилийн ойн арга хэмжээнд оролцсон. Ойн арга хэмжээнд 20 гаруй хүн оролцож байсан. Тэр өдөр бид нар хувийн унаатай Увс нууранд очиж, өнжөөд шөнө Увс нуураас Хяргас нуур явж, шөнийн 01:00 цагийн үед очсон. ...Маргааш нь буюу 07 дугаар сарын 15-ны өдөр Хар тэрмэс дээр усанд ороод тэндээ хоол унд идэнгээ, тодорхой хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ....Шөнийн 03:00 цагийн орчимд би хойд талын байшинд байж байгаад манай ангийн залуучууд унтаж байсан гэрлүү явж ороход гэр дотор 2 танихгүй эрэгтэй хүн манай ангийн найз Дтай хамт архи уугаад сууж байсан. Тэр хоёр залуугийн нэгийг нь Ж.Э гэж хэлж байсан....Тэгж байтал миний өмсөж байсан фудволк урагдчихсан, тухайн үед миний фудволк урагдчихаар нь би Эыг урчихлаа гэж ойлгож, "миний ахын фудволк урчихлаа" гэж хэлээд түүн рүү уурласан. Тэгээд бид нар тэндээсээ гэрлүү буцаж орсон бөгөөд гэрлүү орох үед машинаас Этой хамт ирсэн Ү, Б нар хамт зогсоолоос алхаж гэрлүү орсон. Бид нар гэрт ороод би Эыг фудволк урчихлаа гэж хэлэхэд Э нь надад "чи муу ардын намын пизда, энд ямар хоол хайж яваа юм, чамайг би хоёр гурван газарт харсан юм байна" гэж над руу дайрсан. Тэгээд би Этой маргалдаад эхэлсэн,...бид хоёр хэрэлдэж маргалдаж нэгэнтэйгээ заамдалцаж байтал Э гэнэт гэр дотор байсан цэнхэр өнгийн эвхдэг төмөр сандлыг авч миний толгой руу нэг удаа цохисон. Тэр үед миний толгой хагарч толгойноос их хэмжээний цус доошоо урссан, толгой руу ус хийж байгаа юм шиг доош асгарсан бөгөөд миний толгой өвдөж цус гарахаар нь би "намайг аллаашдээ" гээд орилход Д хүрч ирээд "толгой чинь хагарчихсан байна, цус гоожоод тогтохгүй байна" гэж хэлж байсан. Тухайн үед би согтуу байсан, дээрээс нь толгойгоо цохиулчихсан учир ойр зуур манарч толгой маш их өвдсөн, ...жаахан байж байтал Э хүрч ирээд надад "цагдаад битгий өг" гээд байсан бөгөөд би цагдаад мэдэгдэнэ гэхэд Д хэрэггүй ээ, та хоёр учраа олчих гээд миний утас болон машины түлхүүрийг авсан. Тэгээд би толгой нүүр хэсгээ угаагаад толгойн эм уугаад унтсан бөгөөд багцаагаар өглөө 07 цаг өнгөрөөд сэрсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн өдөр би Эод зодуулчихаад нүүр гараа угаасны дараа, Э явсны дараа өөрийнхөө самсунг А-12 гар утсан дээрээ видео бичлэг хийж бэхжүүлсэн, тухайн үед би гар утсан дээрээ зодуулсныхаа дараа болсон явдлын талаар товч хэлж бичлэг хийж авсан юм. Одоо тухайн үеийн бичлэг миний хувийн гар утсан дээр байгаа юм. Намайг Ж.Э гэр дотор байсан цэнхэр өнгийн эвхдэг төмөр сандлаар толгой руу нэг удаа цохиж надад гэмтэл учруулсан.Тухайн сандал нь миний эзэмшлийн төмөр орос эвхдэг сандал байсан...Би Ж.Эоос эмчилгээний зардал нэхэмжилж байна, Э нь намайг зодсоноос болж би аймгийн нэгдсэн эмнэлгийн уламжпалтын тасагт бариа засал, толгойдоо зүү тавиулж эмчлүүлсэн, мөн тэрнээс хойш толгой өвддөг болсон бөгөөд өдөрт толгойны эм байнга уудаг болсон. Оройд толгой өвдөөд байдаг болсон. Би цаашид Улаанбаатар хот руу явж нарийвчилсан шинжилгээ, толгойны MRI орох шаардлагатай байгаа бөгөөд учирсан хохирлыг, цаашид гарсан зардлыг тооцож байж нэхэмжпэх болно" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40, 42-43 дахь тал);

2. Гэрч Ч.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд би машиндаа унтаж байтал гадна хүмүүс хэрэлдээд маргалдах дуу чимээ гарсан бөгөөд тухайн үед үүр цайчихсан байсан. Удагүй гэрээс Э нь хажуудаа нэг хоёр залуутай хамт чирэлдээд машин дээр ирсэн бөгөөд тухайн үед Эын шанаанаас цус гарч тухайн хэсэгт шалбарсан байсан. Тэгээд Э машинд суугаад явах гэхэд нөгөө хоёр залуу явуулахгүй тэд нар хоорондоо юм ярилцаж байгаад Эыг буцаад гэрлүү аваад орхоор нь араас Ү бид хоёр тэр гэрлүү орсон. Гэрт ороход Э нь Э гэгчтэй маргалдаад нэгнийгээ ална, буудна гэх мэт янз бүрээр хоорондоо ярилцаж улс төрийн талаар юм яриад л маргалдаад байсан. Тухайн үед миний санаж байгаагаар Э нь Эыг ардын намын пязда гэх мэт зүйл хэлэхэд Э нь Эыг ална, буудна гэж хэлээд л янз бүрээр нэгнийгээ хэлж байсан. Гэр дотор Э нь Э руу дайраад байхаар нь Ү бид хоёр тэр хоёрын дундуур орж холтгож байсан бөгөөд нэгнийгээ бол цохихгүй хэл амаараа нэгэн рүүгээ дайраад байсан....Тэд нар гэрээс гараад ирэхэд Эын толгойноос нь цус гоожсон байдалтай, хацар шанаа толгой нь цус болчихсон байсан....гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал);

3. Гэрч Д.Үын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед Э Эоос салахгүй зуураад байхаар нь Д Эын хувцаснаас нь татах үед Эын өмсөж байсан фудволк нь урагдчихсан. Тэгэхэд Э нь Э руу уурлаад чи миний ахын бэлэглэсэн фудволк урлаа гээд уурлаад эхэлсэн. Тэгээд бид нар буцаж гэр лүү орсон юм. ...Гэрт ороод бид нар ширээнд сууцгаасан бөгөөд гэрт ороход Э Э руу фудволк урлаа гээд л дахиад тэр хоёр маргалдаад эхэлсэн. Тэгээд Э гартаа архины шил барьчихсан байхаар нь Эыг цохичихож магадгүй гэж бодоод тэр хоёрын дунд ороод салгаж холдуулсан. Гэхдээ тэр хоёр нэгэнтэйгээ заамдалцаагүй, нэгнээ цохиогүй юм...Ингээд Э, Э нар маргалдаад байхаар нь би машинаа амралтын газрын хашааны дотогшоо оруулж ирэхээр явсан бөгөөд араас Б намайг дагаад гараад ирсэн. Тэгээд Б бид хоёр гэрээс гарч амралтын газрын хашааны гадна зогсоолоос машинаа аваад хашаа руу оруулж гэрийн гадна ирэхэд гэрээс Э, Э, Д гурав гарч ирсэн бөгөөд Эын толгойноос нь цус гарчихсан гарч ирсэн бөгөөд намайг цохичихлоо гэж хэлж байсан. Тухайн үед Б бид хоёр машинаас буугаагүй....Тухайн өдөр Д.Э, Э нар хоорондоо маргалдаад байсан бөгөөд Эыг цохиулж байхад нь би хажууд нь байгаагүй.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал);

4. Гэрч Л.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Увс аймгийн Малчин сумын Хар тэрмис гэдэг газарт байрлах ........... амралтын газрын Монгол гэрт 2022 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 07 цагийн үед Д.Э, Ж.Э бид гурав 1 литрийн хэмжээтэй финланд архийг хуваан ууж байхад Д.Э нь нам, улс төрийн сэдэвтэй яриа өрнүүлж байхдаа Ж.Эыг доош нь хийж ёжлон хэл амаар өдөөд байхаар нь би ярианаас нь залхаад том ширээний дээд талд мах идээд доош хараад сууж байтал гэрийн голд байрлах зуухны баруун доод талд Ж.Э зогсож байгаад  явна гэсэн чинь Д.Э явуулахгүй гээд зууралдаад хэл амаар доромжлоод байж байсан чинь гэнэт Ж.Э, Д.Э хоёроос түчигнэх чимээ гарахаар нь хартал Д.Э намайг аллаа гээд толгойноос нь цус гарсан байдалтай зогсож байхаар нь яасан бэ, юу болсон гэж асуухад Ж.Э намайг цохичихлоо гэсэн,” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал);

            5. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны7 дугаар сарын 19-ний өдрийн 293 дугаартай “...Үзүүлэгч Д.Эын биед зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60-61 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Э нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Ж.Эод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

3. Шүүгдэгч Ж.Э нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийн зүүн зулай хэсэгт эвхдэг төмөр сандлаар цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч Ж.Эын үйлдлийн улмаас хохирогч Д.Эын эрүүл мэндэд зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн 60-61 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Ж.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6. Шүүгдэгч Ж.Э нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ж.Э, хохирогч Д.Э нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Шүүгдэгч Ж.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Эын биед зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ж.Э нь хохирогч Д.Эын эмчилгээний зардалд 5.000.000 (таван сая) төгрөг төлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгаснаар хохирогч Д.Э нь “цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэдгээ илэрхийлсэн нь хавтаст хэргийн 139-141 дэх талд авагдсан ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, хохирол барагдуулсан тухай тэмдэглэл, хохирогч Д.Эын хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Эоос гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Ж.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч Ж.Э нь урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялын биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан нь тогтоогдож байх бөгөөд тэрээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Эыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. (хавтаст хэргийн 115, 118-119 дэх тал);

4. Шүүгдэгч Ж.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.000.000  төгрөг төлж, хор уршгийг арилгасан байна.

5. Иймд шүүгдэгч Ж.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

6. Шүүгдэгч Ж.Э нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүйг түүний хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй.

7. Түүнчлэн шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

8. Прокуророос шүүгдэгч Ж.Эын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

9. Шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Ж.Эод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

10. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эод 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч Ж.Эод танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

11. Иймд шүүгдэгч Ж.Эын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Ж.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

12. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, саарал өнгийн төмөр хүрээтэй, цэнхэр өнгийн суудалтай эвхэгддэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Эт буцаан олгож, цагаан өнгийн даавуун фудволкийг устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогтой Жы Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эод 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Ж.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоног дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Шүүгдэгч Ж.Э нь гэмт хэргийн хор уршигт 5.000.000 (таван сая) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол хор уршиг байхгүйг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч Ж.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, саарал өнгийн төмөр хүрээтэй, цэнхэр өнгийн суудалтай эвхэгддэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Эт буцаан олгож, цагаан өнгийн даавуун фудволкийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Ж.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА