| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2017/00493/И |
| Дугаар | 17 |
| Огноо | 2018-01-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 111-р байр 13 тоотод оршин суух Чимид залан овогт Д.А-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 08-ны өдөр 139/2017/00493/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1972 онд төрсөн. 1991 оны 08 сарын 16-ны өдрөөс 1996 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасаг, мэс заслын тасагт асрагчаар ажиллаж байсан. Гэвч анх ажилд орсон тушаал байхгүй байх тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, цалингийн тодорхойлолт зэргийг үндэслэн 1991 оны 08 сарын 16-наас 1996 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Д.А нь 1991 оны 08 сарын 16-наас 1996 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг /Нийгмийн эрүүл мэндийн төв/-т асрагчаар ажиллаж байсан болох нь:
1. Дундговь аймгийн архивын тасгийн 2012 оны 12 сарын 14-ний өдрийн 337 тоот тодорхойлолт /ХХ-8/,
2. Дундговь аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 438 дугаартай архивын тодорхойлолт /ХХ-21/,
3. Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 550 дугаартай тодорхойлолт /ХХ-20/,
4. Д.Аийн №182060 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /ХХ-4-5/,
5. Д.Аийн 1991 оны 08-12 сар, 1992 оны 01-12 сар, 1993 оны 01-12 сар, 1994 оны 01-12 саруудад авч байсан цалингийн тодорхойлолт /ХХ-6-7/,
6. Гэрч Б.Норжмаагийн ...Д.А нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт 1991 оноос 1996 он хүртэл асрагчаар ажиллаж байгаад Анагаах ухааны сургуульд сурахаар явсан. Би 1991 оноос одоог хүртэл үйлчлэгчээр ажиллаж байна. Д.А сайн ажилчин байсан гэх мэдүүлэг /ХХ-15/
7. Гэрч Х.Түмэнжаргалын ...Д.А бид хоёр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт 1991 оны 08 сараас 1996 он хүртэл буюу Д.Аийг Анагаах ухааны сургуульд явах хүртэл нь хамт ажиллаж байсан. Д.А үйлчлэгч, асрагч, би эх баригчаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг /ХХ-16/
8. Гэрч Н.Долгормаагийн ...Би 1991 онд сургуулиа төгсөөд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн нярайн сувилагчаар анх ажиллаж эхэлсэн. Тэгэхэд мөн Алтанчимэг төрөх тасагт асрагчаар ажилд орж байсан. Бид хоёр одоо Нэгдсэн эмнэлэгт хамт ажиллаж байгаа. Д.А нь 1996 онд Анагаах ухааны дунд сургуульд суралцахаар явж байсан... гэх мэдүүлэг /ХХ-17/ зэрэг баримтуудаарнотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Чимид залан овогт Доржхандын Алтанчимэг /РД:ЗК72031101/-ийг 1991 оны 08 сарын 16-наас 1996 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг /Нийгмийн эрүүл мэндийн төв/-т асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА