Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2022/0128/Э |
Дугаар | 2022/ШЦТ/140 |
Огноо | 2022-11-16 |
Зүйл хэсэг | 11.1.1, |
Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга О.Анхтуг,
Улсын яллагч Т.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б,
Шүүгдэгч Р.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Р.Ц холбогдох 2129002261521 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Р.Ц нь согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт иргэн Ж.Т-тэй “бөгс рүү өшиглөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг газарт унагаан нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний эвэрлэгт шарх, зүүн нүдний хараагүйдэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Р.Ц нь согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт иргэн Ж.Т-тэй “бөгс рүү өшиглөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг газарт унагаан нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний эвэрлэгт шарх, зүүн нүдний хараагүйдэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч Ж.Т-ийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /Хавтаст хэргийн 28-30-р хуудас/,
Хохирогч Ж.Т-ийн мэдүүлэгт: "...өөрсдийн байрлаж байсан кемпээс гарч Б, Лх, Ц нарын хамтаар сар шинийн ойр зуурын хунс бэлдэх гээд Манлай сум руу явсан... авсан архиа суман дээрээ дөрвүүлээ машиндаа сууж байгаад 0.75 граммын 1 шил архи хувааж уусан... тэндээ очоод машинаасаа буугаад сумаас авсан зүйлсээ буулгаад байж байх үед Ц машинаас буугаад шээгээд зогсож байхаар нь би ардаас нь очоод зүгээр тоглоод бөгс рүү нь амбаардсан. Тэгсэн чинь Ц эргэж хараад та намайг яаж байгаа юм бэ гэж хэлээд намайг цээжнээс заамдаад татаж унагаагаад цээжин дээр дарж сууж байгаад, миний нүүр рүү цохисон гэсэн. Нүүр рүү эхлээд цохиход би мэдсэн тэгээд ухаан алдаж унасан байсан...”,
“...Тэгээд би нэг мэдэхэд ухаан алдаад маргааш өглөө нь кемп дээр сэрсэн чинь Л намайг сахиад хоносон байсан... Тэгээд би босоод толинд нүдээ харахад нүүр хэсэг маань тэр чигтээ цус болоод хатчихсан, зүүн нүд хавдаад юм харахгүй байсан. Энэ үед би шууд эмнэлгийн түргэн тусламж дуудахад сумын хэсгийн төлөөлөгч, эмч нар ирээд намайг сум руу авч явсан. Суман дээр очоод би шууд тухайн өдрөө буюу 02 дугаар сарын 11-ний өдөр эмнэлэгт хэвтсэн ба 3 хоног хэвтээд нүдний хаван нь буухаар хараа орчихно бас ажлаас халагдчихна гэж бодоод эмнэлгээс гараад ажил руугаа буцаад явсан... ажлаа хийж байхад 3-4 хоногийн дараа Ц нь манай кемп дээр ус буулгахаар ирэхдээ Лх бид хоёрыг дуудаад та хоёр машинаас буулгаад оруулчих миний баруун гар хавдчихсан байгаа, таныг цохисон чинь ийм болчихсон гээд надад хавдсан баруун гараа харуулсан...”,
“...Тэгээд буцаж ажил дээрээ ирээд Улаанбаатар хот руу явах гэсэн боловч унаа олдохгүй байсан тул хугацаа алдаж 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хотод ирсэн байдаг. Ингээд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улсын төв нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлээд 5 хоног хэвтэн эмчлүүлээд 04 дүгээр сарын 05- ны өдөр нүдний хагалгаанд орж зүүн нүдэндээ болор нүд хийлгэсэн байдаг...” /Хавтаст хэргийн 35-50-р хуудас/,
Гэрч Ц.Б-ийн мэдүүлэгт: "...тэгээд нэг мэдэхэд би их согтсон байсан ба уусан архиндаа тасраад ажилчдын байран дээр маргааш өглөө сэрсэн байдаг. Өглөө сэрээд Ц ланд-200 маркийн машинтай хамт сумын төв орж түлш авчхаад буцах замаараа шинэ кемпээр дайрахад Л ганцаараа байж байсан ба Төмөр ахыг Манлай сумын эмнэлэг үү авч явсан гэж хэлсэн. Тэгээд бид гурав Манлай сум руу очоод эмнэлэг рүү ороход Т эмнэлэгт хэвтэж байсан ба эмчээс нь гуйж байгаад орсон чинь Т ах нүдээ битүү боолгочихсон эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд Т ахтай сайн уулзаж чадаагүй гарсан ба Ц сумын эмчээс одоо юу хэрэгтэй байна, зүгээр болох болов уу? гээд ихэд санаа зовоод байсан. Ингээд Л бид гурав сумын эмнэлгээс гараад ажил руугаа буцаад явсан ба 3 хоногийн дараа Т ажилдаа ирчихсэн байсан ба хар нүдний шил зүүчихсэн ажлаа хийж байсан. Тэгээд манай компанийн хийх ажил дуусан удалгүй Л-ын хамт Улаанбаатар хотод ирсэн... 2021 оны зун намайг Ханбогд сумын цагдаагаас дуудсан боловч би хөдөө ажил хийдэг болохоор зөрөлдөөд байсан...” /Хавтаст хэргийн 58-р хуудас/,
Гэрч Б.Л-ын мэдүүлэгт: “...2021 оны 02 дугаар 10-ны өдөр би Ж.Т ахын хамт ажлынхаа байран дээр байж байхад мөн манай компанийн хуучин гэр кемпэд байрлан ажилладаг Б, Ц хоёр хамт ирж Т ах бид дөрөв Манлай сум руу явж хүнсний бараа цуглуулахаар болсон. Тэгээд бид нар 14 цагийн үед Б-ийн машинтай кемпээс гараад 10 гаруй км зайд байрлах Манлай сум руу очиж дэлгүур орж хүнсний бараа, 2 шил Хараа нэртэй архи, 2.5 литр хэмжээтэй пиво зэргийг авцгаасан ба би жолоо бариад явсан харин Ц, Т ах, Б нар нь сумын төв дээр байхад машин дотор нэг шилтэй архи хувааж уучхаад дахин нэг архиа машин дотроо тойруулан хувааж уугаад явцгаасан ба сумын төвөөс 4-5 км гараад явж байтал машины дугуй хагарсан. Тэгээд бид нар дугуйгаа нөхөх гэж машинаас буухад Б, Ц, Т гурав гадаа суучихсан үлдсэн нэг шил архиа хувааж ууцгаасан. Миний хувьд жолоо барьж байсан болохоор огт архи уугаагүй эрүүл байсан. Ингээд би машины илүү дугуйг сольж хийж байтал Т ах Б-той бага зэрэг маргалдан ам мурийж байсан, гэхдээ зодоон болоогүй ба Б нь, архиндаа согтоод тасарчихсан байсан тул машинд оруулж унтуулан бид нар тухайн газраас хөдлөөд манай ажилчдын байран дээр ирсэн ба тэнд ямар ч хүн байгаагүй зөвхөн бид дөрөв л машинтайгаа очсон. Кемп дээр очоод байж байтал Т ах нэлээн согтсон над руу согтуу үг хаях гээд байхаар нь би тэвэрч болиулсан ба цаашаа очоод Ц-тай хамт бие засаад зогсож байтал Т ах Ц-ын араас очоод бөгс рүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь Ц эргэж хараад Т ахыг барьж аваад цаашаа явж байсан ба би бие засчхаад эргээд очиход машины цаад талд Ц, Т ахыг унагаагаад дээр нь буюу цээжин дээр гараад суучихсан зүүн нүд рүү 1 удаа цохисон. Өмнө нь хэдэн удаа цохисныг бол сайн хараагүй. Тэгэхээр нь би Ц-ыг татаад “болиоч ээ хөгшин настай хүнийг яаж байгаа юм бэ” гэхэд Ц, Т ахын дээрээс босож ирээд надад хандан “мань чинь 2 удаа нүд рүү нь цохичихлоо одоо яана аа” гэсэн, тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ” гэж хэлээд Т ахын нүүр лүү нь харахад зүүн нүднээс нь их хэмжээний цус гараад газар гоожчихсон ёолоод хэвтэж байсан. Тэгээд Ц бид хоёр өргөөд ажилчдын байр луу оруулсан ба Ц, Б хоёр хуучин кемп рүүгээ явж Т ах бид хоёр үлдсэн. Тухайн үед Б нь машин дотор согтуу тасраад унтаж байсан тул хараагүй. Тухайн шөнө би Т ахыг сахиж хоносон ба шөнөжин орилоод ёолж хэвтсэн. Өглөө нь босоод Т ахыг харахад зүүн нүд нь хавдчихсан цус нь хатчихсан нулимс нь гарчихсан байхаар нь би Ц хэлэх гээд хуучин кемп рүү очиход Ц байгаагүй ба би тэнд байж байгаад унаа ирэхээр нь буцаад өөрийн байрлаж байсан шинэ кемп рүүгээ очиход Т ах эмнэлэг рүү явчихсан байсан ба би ганцаараа байж байтал Ц, Б хоёр ирсэн. Тэгээд Т ахын биеийн байдлын талаар Ц хэлэхэд араас нь эмнэлэг явъя гээд бид гурав Б-ийн машинтай Манлай сумын эмнэлэг рүү очиж Т ахтай уулзаж Ц нь Т ахын нүдийг хараад гайгүй байлгүй дээ, хаван нь буугаад хараа орчих байлгүй дээ гэж хэлж байсан...2-3 хоногийн дараа Төмөр ах эмнэлгээс гараад ирсэн ба нүд нь бага зэргийн хавантай гэхдээ юм харахгүй байна гэж хэлж байсан ба хаван нь бүрэн буухаар хараа орчих байх гээд нүдний шил зүүгээд ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад 3-4 хоногийн дараа байхаа нарийн сайн санахгүй байна, хараа орохгүй байна гээд Т ах Цогтцэций сум руу явсан. Тэгээд Төмөр ах удалгүй Цогтцэций сумаас ирээд Улаанбаатар хот руу явж үзүүл гэж байна, хараа орохгүй байна гэсэн. Тэгээд Б бид хоёр ажлаасаа гараад Улаанбаатар хот руу явж Т ах үлдсэн байдаг юм...” /Хавтаст хэргийн 60-р хуудас/,
Гэрч Б.Т-ын мэдуүлэгт: “...Миний бие 1990 оноос хойш Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нүдний их эмчээр одоог хүртэл 32 жил ажиллаж байна. Би нүдний зөвлөх зэргийн эмч мөн клиникийн профессор хүн... Ж.Т нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай тасагт хэвтэн эмчлүүлж маргааш нь буюу 04 дүгээр сарын 06-ны өдөр нүд ширгээх мэс засалд орсон. Уг мэс заслыг би хариуцаж хийсэн байдаг. Ж.Т нь анх эмнэлэгт ирэхдээ хараагүй буюу зүүн нүд нь сохорч жижгэрэн ширгэж нүд нэвт гэмтсэн хэсгээрээ сорвижин наалдсан буюу хараагүй болоод нэлээн удсан байсан... Хэрэв Ж.Т нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бусдад зодуулж цохиулж нүд нь хавдсан бол хаван нь буухаар хараа орно гэж явсаар байгаад мөн тоолгүй явсаар 04 дүгээр сарын 06-ны өдөр манай эмнэлэг дээр ирсэн байж болох юм. Нүд гэдэг эрхтэн нь гэмтэл авчхаад тэр дороо биш удаан хугацааны дараа нүдний цөцгий нь багасаад хараагүй болж болно. Ер нь ямар гэмтэл авснаасаа хамаарах буюу нэвтрэх шархны хэмжээнээс хамаарч нүдний цөцгийний ширгэлтийн хугацаа хамаарна. Ж.Т-ийн хувьд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зүүн нүдэндээ гэмтэл авч тухайн гэмтлээс болж хараагүй болсон байх бүрэн боломжтой. Ж.Т-ийн нүд бүрэн хараагүй болсон тул хиймэл нүд хийлгэсэн..." /Хавтаст хэргийн 62-64*р хуудас/,
Шинжээч эмч Б.Д-ийн мэдүүлэгт: “...Ж.Т-ийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой буюу 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ж.Т-ийн биед зүүн нүдний эвэрлэг шарх, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл нь үүссэн байх боломжтой. Т-ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн нүдний орчинд хүч үйлчилж цохих цохигдох үйлдлийн улмаас үүсэх боломжтой. Харин өвчин биш юм...” /Хавтаст хэргийн 66-67-р хуудас/,
Шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 795 дугаартай дүгнэлт: “...Ж.Т-ийн биед зүүн нүдний эвэрлэгт шарх, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /Хавтаст хэргийн 79-80-р хуудас/,
Хохирогч Ж.Т-ийн өвчний түүхийн хуулбар /Хавтаст хэргийн 83-96-р хуудас/,
Яаралтай түргэн тусламжийн хуудасны хуулбар /Хавтаст хэргийн 99-100-р хуудас/,
Яллагдагч Р.Ц-ын мэдүүлэгт: “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа... үүнээс хойш хэсэг хугацааны үйл явдлыг санахгүй байгаа... Тэгээд маргааш нь өглөө нь Б бид хоёр түлээ, ус зэрэг аваад шинэ кемп руу очиход Т, Л хоёр байгаагүй ба шинэ кемп дээр байдаг танил хүн рүүгээ залгаж ярихад “Т ахыг сумын эмнэлэг дээр байгаа, Л чамд хэлж мэдэгдэхээр, танай кемп рүү явсан" гэсэн. Тэгээд Б бид хоёр буцаад өөрсдийн кемп рүү очиход Л ирчихсэн “Т ахын нүд нь юм харахгүй байгаа эмнэлэг явчихсан, чи өчигдөр орой согтуудаа цохичихсон” гэсэн. Тэгээд Б, Л бид гурав Манлай Сумын эмнэлэг дээр очиход Т ах нүдэндээ боолттой хэвтэн эмчлүүлж байсан. Тэгээд бид гурав уулзчихаад яваад өгсөн ба үүнээс хойш уулзахад нүд нь байнга юм харахгүй байна гэдэг байсан. Тэгээд би 2021 оны 02 дугаар сарын дундуур байх удалгүй Улаанбаатар хот руу яваад өгсөн...” /Хавтаст хэргийн 129-131-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Р.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б ирүүлсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээж аваад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь заалтад зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах зүйтэй гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Р.Ц-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв. түүнд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай прокурорын дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэв.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Р.Ц нь хохирогч Ж.Т-т хохирол төлбөр 4,000,000 төгрөг төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан шаардлагыг хангасан буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн тул шүүгдэгч Р.Ц-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Р.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргадаггүй, хохирогчид хохирлыг бүрэн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц-д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Р.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан дүгнэлтдээ: “…Прокурорын саналтай зөрчилдөх зүйл байхгүй. Прокурорын санал оруулсан 10,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн барагдуулах саналтай байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Р.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 / арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Р-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Ц-д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Ц-д оногдуулсан 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА