Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багт оршин суух Даргууд овогт Т.М ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 25-ны өдөр 139/2018/00005/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.М-, нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд төрсөн. Улсад 21 жил ажилласан. Үүнээс 1988 оны 08 сарын 25-ны өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдлийн Хонгор бригадад мал маллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, ажилд орсон тушаал, цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн 1988 оны 08 сарын 25-наас 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд малчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.М- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Т.М- нь 1988 оны 08 сарын 25-наас 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь:

1. Дундговь аймгийн архивын тасгийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 319 тоот тодорхойлолт /ХХ-5/,

2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 08/592 дугаартай тодорхойлолт /ХХ-21/,

3. Т.М-ын Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдлээс 1992 оны 01 сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /ХХ-4/,

4. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 08 сарын 25-ны өдрийн 50 дугаартай МАА-н үйлдвэрлэлд малчин гаргах тухай захирамж, уг захирамжийн хавсралтын хуулбар /ХХ-6-7/,

5. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 08 сарын 16-ны өдрийн 3/96 дугаартай Т.М-ын цалингийн жагсаалт /ХХ-8/,

6. Т.М-ын 1988 оны 09 сар, 1991 оны 01, 03-06 сар, 08 сар, саруудад авч байсан цалингийн тодорхойлолт /ХХ-9-20/,

7. Гэрч Д.Бадамхандын ...Намайг Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд 1980-1992 оны 06 сарын 01-н хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байхад Т.М- нь Говийн өрнөлт нэгдэлд 1982 оны 08 сараас нэгдэл тартал буюу 1992 оны 05 сарын 01-н хүртэл малчинаар ажиллаж байсан нь үнэн. Нэг нэгдэлд ажиллаж байсан учраас мэднэ. Малчид хариулгын хөлс гэж бага авдаг байсан. 200 орчим, ноолуурын үед арай өндөр цалин авдаг байсан гэх мэдүүлэг /ХХ-25/

8. Гэрч Д.Дуламын ...Т.М-ыг сургуульд байхаас нь танина. Мөн ээж, аав, ах дүүсийг нь сайн мэднэ. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Т.М- нь 1988 оны 08 сарын 05-наас 1992 оны 05 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдлийн Хонгор бригадад малчин байсан. Би мөн нэгдэлд 1960-1991 он хүртэл малчин байсан... гэх мэдүүлэг /ХХ-26/

9. Гэрч Н.Эрхэмбаярын ...Т.М- нь 1988 оны 08 сарын 25-наас 1992 оны 05 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдлийн Хонгор бригадад малчинаар ажиллаж байсан. Би энэ хугацаанд Говь-Угтаал сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүү тасгийн ня-бо, татварын байцаагчаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг /ХХ-27/ зэрэг баримтуудаарнотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Даргууд овогт Түвдийн Мөнгөнзагас /РД:ЗВ66101507/-ыг 1988 оны 08 сарын 25-наас 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА