Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/97

 

2022      09         20                                                   2022/ШЦТ/97

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ  

Улсын яллагч Т.Баярмаа

Шүүгдэгч Э.Мөнхтулга нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэбаатарын Мөнхтулгад холбогдох 2240000000041 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын слесарь мэргэжилтэй,  ....ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... баг ... тоотод оршин суух, урьд

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан ... регистрийн дугаартай Боржигон овогт Эрдэнэбаатарын Мөнхтулга.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Мөнхтулга нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт орших “Уурхайчин” дэлгүүрийн  урд талд насанд хүрээгүй хохирогч Ж.Баяржаргалын араас өмсөж явсан футволкноос татаж унагаан гараараа хүзүүг нь боож толгойгоороо мөргөж зодсоны улмаас Ж.Баяржаргалын биед зүүн дээд 1-р шүдний сулрал, эрүү, хүзүү, баруун тохойн хажуу хэсэг, зүүн дал, баруун ташаанд зулгаралт бүхий гэмтлүүдийг үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Би дахиж ийм асуудал гаргахгүй. Архи дарснаас холуур явъя гэж бодож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

2240000000041 тоот эрүүгийн хэргээс

 

Шүүгдэгч Э.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Тухайн өдөр би найз Анхбаярын хамт гэртээ "Касс" нэртэй пивыг 8 ширхгийг хувааж уусан. Тэгээд гэрээс 16 цагийн үед гараад айлд очиж хүнтэй уулзах гээд 48 дугаар байрны гадаа явж байхад Баяржаргал гэх дүү ганцаараа  тамхи татаад явж байхаар нь би дуудаад яагаад жоохон байж яагаад тамхи татаад байгаа юм гэхэд ирээд та хоёрт ямар хамаатай юм гэхээр нь би юу гэнээ гээд бариад авсан чинь намайг тавиулах гээд зууралдаад миний хөмсөгний дээд талд маажчихсан. Тэгтэл миний хөмсөгнөөс цус гарсан. Бас намайг хөлөөс зуураад намайг газарт унагаагаад хойшоо гүйгээд яваад өгсөн. Баяржаргал тэгээд найзуудтайгаа уулзаад цэцэрлэгийн хойд талаар нь явахаар нь би араас нь очоод чи намайг яаж байгаа юм гэхэд тоохгүй яваад байхаар нь "Уурхайчин" дэлгүүрийн урд талд очоод би өмсөж явсан фудболкноос нь татаад ахыгаа маажчихлаа гэхэд шууд эргэж хараад намайг давхар хамаад газарт унагаасан. Яг миний дээр дарж унаад миний нүүр лүү гараараа нэг удаа цохичихсон. Би тэгэхээр нь босгохгүй гэж бодоод фудболкноос бариад дээрээс нь дарж байснаа бол санаж байна. Би бас өөрөө нилээн ууцан явж байсан болохоор цаашаа сайн санахгүй байна. Цагдаа нар ирээд аваад явж байсныг л санаж байна. Би тамхи татлаа гээд дуудаад хэлсний төлөө л маргалдах шалтгаан болсон. Тэгээд та хоёрт ямар хамаатай юм гээд байхаар нь би бариад автал миний хөмсгийг маажаад цус гаргасан юм. Тэрнээс л болоод л маргаан үүссэн. Анх 48 дугаар байрны гадаа тамхи татлаа гээд хэлээд бариад автал салах гэж байгаад хөмсгийг маажчихсан. Бас сүүлд дагаж явж байгаад яаж байгаа юм гээд бариад автал эргэж хараад намайг давхар хамж унагаагаад нэг удаа нүүр лүү цохисон. Би насанд хүрээгүй хүүхдэд гомдол гаргаад яах вэ гэж бодоод л үзүүлэхгүй гээд үзүүлээгүй юм. Одоо бол надад ямар нэгэн гэмтэл байхгүй. Хөмсөг маань эдгэсэн. Надад гомдол санал байхгүй би үзүүлэх шаардлага байхгүй. Би хүлээн зөвшөөрч байгаа. Би гэм буруугаа ойлгож байна.гэх мэдүүлэг. /хх-ийн 39-40-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Ж.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр би 48 дугаар байр луу найзуудтайгаа уулзах гээд явж байхад хоёр согтуу ах намайг дуудаад  яах гээд тамхи татаад байгаа юм гэхээр нь уучлаарай би одоо хаячихъя гэхэд чи өөдөөс томрох гээд байгаа юм гээд намайг  Мөнхтулга  гэдэг ах заамдаад  авахаар нь би зугтаачихсан. Тэгээд би 48 дугаар байр ороод найз Мандах-Орчлонгийн хамт буцаад явж байхад “Уурхайчин” дэлгүүрийн урд талд  дахиад тааралдсан. Араас сайн уу дүү гээд  миний богино ханцуйтай цамцаар минь боохоор нь эргэж хараад би давхар хамаад тэр Мөнхтулга гээд байгаа ахыг газарт унагаасан. Тэгээд газар унаад зууралдаж байхад намайг гараараа хүзүүгээр оруулаад намайг боосон. Тэр үед би хальт ухаан алдаад сэргээд босоод тэр ах руу харахад хажууд зогсож байснаа намайг шууд нэг удаа мөргөсөн. Тэгээд байж байхад цагдаа ирээд наашаа цагдаа руу бөөндөө ирцгээсэн. Надад үүссэн үүдэн нэг шүдний гэмтлийг бол Мөнхтулга ах тухайн үед мөргөөд үүсгэсэн. Биед үүсэн бусад зулгаралтууд бол тухайн үед би давхар хамаад газарт унахад л үүссэн. Би Мөнхтулгын биед халдаж цохисон зүйл юу ч байхгүй. Намайг тамхи татлаа гээд л дуудсан. Тэгээд чи манай найзын дүү байна гээд л намайг заамдаж аваад л байсан. Тэгээд уул нь би салаад зугтаачихсан юм. Сүүлд "Уурхайчин" дэлгүүрийн гадаа таараад л тийм зүйл болсон. Тэр Мөнхтулга өөрөө нилээн согтолттой байсан. Ямар нэгэн эмчилгээ бол хийлгээгүй. Шүд нь бол унаагүй одоо хөдөлгөөн байхгүй гайгүй болж байгаа. Уул нь сувгийн эмчилгээ хийлгэ гэж байсан тэрийг хийлгээгүй л байна. Тухайн үед өшиглөсөн шиг санагдаад тэгээд хэлсэн юм. Дараа нь бодоод байхад өшиглөөгүй юм байна лээ. Надад гомдол санал байхгүй. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй одоо надад ямар нэгэн зовуурь байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Мандах-Орчлонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би тухайн өдөр Гоо-Маралын хамт 48 дугаар байрны булангаар эргээд гараад ирэхэд манай найз Баяржаргал, хоёр ахтай хамт тоглоод ч байгаа юм шиг зогсож байсан. Бид нарыг яваад очиход маргалдаад хэрэлдээд байхаар нь очоод би Анхбаяр гэх ахын хамт салгах гэж байхад Баяржаргал, Мөнхтулга гэх ахыг нэг удаа давхар хамаад газарт унагаасан. Тэгээд би салгаад явъя гээд хамт бид хэд Уурхайчин дэлгүүрийн урд талын сандал дээр юм яриад сууж байхад Мөнхтулга гэх ах ирээд Баяржаргалын өмсөж байсан фудболкнаас нь арагшаа татаад хоолойг нь боогоод тэгсэн чинь эргэж хараад Баяржаргал давхар хамаад газарт унагаагаад тэр хоёр газар шороон дээгүүр ганц хоёр удаа өнхрөөд дээр доороо гараад л босоод ирсэн. Тэгээд босоод ирэхээр нь ах нараа яагаад байгаа юм одоо боль гэхэд Мөнхтулга гэх ах манай найз Баяржаргалыг нэг удаа нүүр лүү мөргөсөн. Тэгэхээр нь цагдаа дуудъя гэж бодтол цагдаа нар өөрсдөө яваад ирсэн. Тэгээд бид нар цагдаа дээр дагуулж ирээд гэр лүү маань явуулсан. Тийм л зүйл болсон. Анх тамхи татлаа гээд Баяржаргалыг дуудаад боль гэсэн юм шиг байсан. Өөр бол ямар шалтгаанаас болоод маргалдаад байсныг бол би мэдэхгүй байна. Эхлээд анх 48 дугаар байрны гадаа бол нэг удаа давхар хамаад газарт унагаасан. Дараа нь Уурхайчин дэлгүүрийн урд талд бол бас унагаагаад газраар хамт өнхөрсөн. Цохиж зодсон зүйл бол болоогүй. Би Гоо-Маралын хамт явж байсан. Зодоон болоод дууссаны дараа бол Дагвадорж, Мандухай нар сүүлд ирсэн. Энэ хоёр бол байгаагүй болохоор сайн мэдэхгүй байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

Гэрч П.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би найз Э.Мөнхтулгатай 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 8 ширхэг 0.5 литрийн лаазтай шар айраг хувааж уусан. Тэрийгээ ууж дуусчхаад гэрээс гараад Э.Мөнхтулгатай хамт 48 дугаар байрны хажууд явж байхад нэг эрэгтэй хүүхэд тамхи татаад алхаж байсан. Тэгсэн Э.Мөнхтулга чи битгий тамхи татаад бай гэсэн та хоёрт ямар хамаатай юм гээд гарыг нь тавиулаад хөлөөс нь зуураад газар унагасан. Газар унагаад хойшоо гүйгээд яваад өгсөн. Тэгээд Э.Мөнхтулга тэр хүүхдийн араас гүйгээд явсан. Би араас нь алхаж байсан. Би тэр үед нь ард үлдчихээд араас гүйж ирсэн. Араас нь гүйж ирээд хөөе та нар яаж байгаа юм гэсэн тэр хүүхэд гүйгээд явчихсан. "Уурхайчин" хүнсний дэлгүүрийн гадна талд нэг удаа мөргөсөн. Өөрөөр биед нь халдсан зүйл байхгүй. Ж.Баяржаргал тамхи татаад явж байхаар нь тамхиа боль гэж хэлээд л жоохон маргалдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 432 дугаартай

1. Ж.Баяржаргалын биед зүүн дээд 1-р шүдний сулрал, эрүү, хүзүү, баруун тохойн гадна хажуу хэсэг, зүүн дал, баруун ташаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтлүүд нь  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дээрх зүүн дээд 1-р шүдний сулрал нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-н 10-11-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Мөнхтулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт орших “Уурхайчин” дэлгүүрийн  урд талд насанд хүрээгүй хохирогч Ж.Баяржаргалын араас өмсөж явсан футболкноос татаж унагаан гараараа хүзүүг нь боож толгойгоороо мөргөж зодсоны улмаас Ж.Баяржаргалын биед зүүн дээд 1-р шүдний сулрал, эрүү, хүзүү, баруун тохойн хажуу хэсэг, зүүн дал, баруун ташаанд зулгаралт бүхий гэмтлүүдийг үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Насанд хүрээгүй хохирогч Ж.Баяржаргалын “...Мөнхтулга  гэдэг ах заамдаад  авахаар нь би зугтаачихсан. Тэгээд би 48 дугаар байр ороод найз Мандах-Орчлонгийн хамт буцаад явж байхад “Уурхайчин” дэлгүүрийн урд талд  дахиад тааралдсан. Араас сайн уу дүү гээд  миний богино ханцуйтай цамцаар минь боохоор нь эргэж хараад би давхар хамаад  тэр Мөнхтулга гээд байгаа ахыг газарт унагаасан. Тэгээд газар унаад зууралдаж байхад намайг гараараа хүзүүгээр оруулаад намайг боосон. Тэр үед би хальт ухаан алдаад сэргээд босоод тэр ах руу харахад хажууд зогсож байснаа намайг шууд нэг удаа мөргөсөн...." гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.Мандах-Орчлонгийн “...Тэгээд би салгаад явъя гээд хамт бид хэд Уурхайчин дэлгүүрийн урд талын сандал дээр юм яриад сууж байхад Мөнхтулга гэх ах ирээд Баяржаргалын өмсөж байсан фудболкнаас нь арагшаа татаад хоолойг нь боогоод тэгсэн чинь эргэж хараад Баяржаргал давхар хамаад газарт унагаагаад тэр хоёр газар шороон дээгүүр ганц хоёр удаа өнхрөөд дээр доороо гараад л босоод ирсэн. Тэгээд босоод ирэхээр нь ах нараа яагаад байгаа юм одоо боль гэхэд Мөнхтулга гэх ах манай найз Баяржаргалыг нэг удаа нүүр лүү мөргөсөн...." гэх мэдүүлэг,

Гэрч П.Анхбаярын “...Тэгээд Э.Мөнхтулга тэр хүүхдийн араас гүйгээд явсан. Би араас нь алхаж байсан. Би тэр үед нь ард үлдчихээд араас гүйж ирсэн. Араас нь гүйж ирээд хөөе та нар яаж байгаа юм гэсэн тэр хүүхэд гүйгээд явчихсан. "Уурхайчин" хүнсний дэлгүүрийн гадна талд нэг удаа мөргөсөн. Өөрөөр биед нь халдсан зүйл байхгүй. Ж.Баяржаргал тамхи татаад явж байхаар нь тамхиа боль гэж хэлээд л жоохон маргалдсан...." гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 432 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Мөнхтулга нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр насанд хүрээгүй хохирогч Ж.Баяржаргалыг өдөөн хоргоож, өмсөж явсан футболкноос татаж унагаан гараараа хүзүүг нь боож толгойгоороо мөргөж зодсоны улмаас Ж.Баяржаргалын биед зүүн дээд 1-р шүдний сулрал, эрүү, хүзүү, баруун тохойн хажуу хэсэг, зүүн дал, баруун ташаанд зулгаралт бүхий гэмтлүүдийг үүсгэж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Ж.Баяржаргал нь мөрдөн шалгах ажиллагаанд “Надад гомдол санал байхгүй. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй одоо надад ямар нэгэн зовуурь байхгүй” гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, бусдыг өдөөн хоргоож зүй бус харилцсан харилцаа  нөлөөлсөн байна. 

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э.Мөнхтулгын хувийн байдлын талаар гэрч И.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Э.Мөнхтулга нь Хэнтий аймгийн Батширээт сумаас Бор-Өндөр суманд 2015 онд шилжиж ирсэн. Бор-Өндөр суманд шилжиж ирээд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлээр сурч төгссөн. Сургуулиа төгсөөд хугацаат цэргийн алба хаасан. Хугацаат цэргийн алба хааж Бор-Өндөр суманд ирээд Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн баяжуулах фабрикийн тээрмийн машинистаар ажилд орсон. Одоог хүртэл тэр ажлаа хийдэг. Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байрны 3-2 тоотод эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Эхнэрийг нь Саруул гэдэг. Эхнэртэйгээ сүүлийн 2 жил хамт амьдарч байгаа. Хүүхэд нь 1 ой гарантай. Зан аашны хувьд их даруухан, шулуун шударга зан ааштай. Архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаггүй, хааяа л нэг хэргэлдэг. Их ажилтай байдаг болохоор уугаад байдаггүй байх. Ажил нь 2 хоног гараад 2 хоног амардаг. Засвартай байх юм бол тэгээд л ажлаа хийдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ айхтар хүнтэй муудаад байдагүй, хүмүүс өдөж хоргоогоод байдаг харагддаг. Тэгж өдөж байгаад л өөрсдөө зодуулдаг. Эхнэр хүүхдэдээ халамжтай, ажилгүй үедээ эхнэр хүүхэдтэйгээ л цуг байдаг. Э.Мөнхтулга үндэсний бөхөөр хичээллэж барилддаг байсан. Хааяа нэг сагс тоглодог, турникэн дээр их хичээллэдэг” гэх мэдүүлэг /хх-н 47-48-р хуу/,

Гэрч П.Мөнгөнцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний найз Э.Мөнхтулга нь Хэнтий аймгийн Батширээт суманд 1998 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд шилжиж ирж сургуулиа төгсөж байсан. Бор-Өндөр суманд 2015 оноос хойш амьдарч байгаа. Одоо Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байрны 3-2 тоотод эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн фабрик цехэд тээрмийн машинистаар ажилдаг. Архи согтууруулах ундааны зүйл байнга уугаад явдаггүй, хааяа нэг пиво уугаад дуулчхаад явдаг. Тэгж явахдаа ганцаараа л явж байдаг. Уг нь айхтар хүн түрүүлж өдөж зодоон хийгээд байдаггүй, ганцаараа явж байдаг болохоор хүмүүс өөрийг нь өдөөд мууддаг юм шиг байсан. Тэгээд муудахаараа тэд нарыгаа зодчихоод байдаг. Зан аашны хувьд даруухан, их сайхан шударга залуу байдаг. Хүнд хэлье гэсэн зүйлээ шулуухан  хэлчихдэг, хүний араар муулаад яваад байдаггүй, нүүрэн дээр нь  хэлдэг. Эхнэртэйгээ хамт амьдраад 2 жил  болж байгаа, эхнэртэй болоод нэг хэсэг гадуур явахгүй байсан хүүхэдтэй болсон байсан. Одоо хүүхэд нь 1 ой гарантай. Эхнэртэй их халамжтай байдаг.” гэх мэдүүлэг /хх-н 50-51-р хуу/-ийг тус тус өгчээ.

 

          Шүүхээс шүүгдэгч Э.Мөнхтулгад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн гомдол саналгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал буюу энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.           

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мөнхтулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаатарын Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхтулгыг 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхтулгад оногдуулсан 1,300,000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Э.Мөнхтулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР