Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

 

 

2022      09         20                                                   2022/ШЦТ/98

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Т.Баярмаа

Шүүгдэгч Э.Отгонбаатар нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаан хачид овогт Энх-Амгалангийн Отгонбаатарт холбогдох 2240000210054 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн ... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт ... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух, урьд

Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж 2 жил 6 сарын хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсон, ................ регистрийн дугаартай Ямаан хачид овогт Энх-Амгалангийн Отгонбаатар

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Отгонбаатар нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 702 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Ганчулуунтай маргалдаж улмаар нүүр лүү нь гараараа цохиж, цээжин хэсгийг нь хутгаар зүсэж биед нь цээжний хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх, зүүн дээд доод зовхи, цээж, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүдийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

2240000210054 тоот эрүүгийн хэргээс

 

Шүүгдэгч Э.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би ганцаараа Баянмөнх сумын төвд морьтой явж байгаад 15 цагийн үед Ганчулуунтай хүнсний дэлгүүрийн гадаа таарахад архи уусан бололтой халамцуу явж байсан. Надтай уулзаад гартаа барьж байсан архинаас надад хийж өгөхөөр нь ажилтай байна гэж хэлээд архинаас нь уулгүй салаад явсан. Би Ганчулуунаас салж хөдөө яваад орой 18 цагийн үед эргээд Баянмөнх сумын төвд ирээд Ганчулуунтай дахиад таарсан. Би Ганчулуунтай уулзаад хамт гэрт нь очсон. Тухайн үед Ганчулуун миний зүс таних Даваа ах болон Даваа ахын найз Батаа гэх залуугийн хамт явж байсан ба бүгдээрээ хамт тэдний гэрт очсон. Тэд нар надтай уулзахаасаа өмнө уусан бололтой согтуу байсан. Удалгүй Ганчулууны найз Хатансайхан ганцаараа орж ирсэн. Тэгээд бид нар тэнд архи, пиво хуваагаад ууцгаасан. Яг хичнээн шил архи, хэдэн пиво ууснаа мэдэхгүй байна. Бид нар архи, пиво оо уугаад сууж байхад Даваа ах болон хамт явсан Батаа гэх залуу хоёр уусан архиндаа согтоод, тасраад Ганчулууны гэрт унтаад өгсөн. Үлдсэн архийг нь Ганчулуун, Хатансайхан бид гурав хуваагаад уусан. Би сүүлдээ нилээн согтсон. Тухайн үед надтай уулзсанаасаа хойш Ганчулуун намайг янз бүрээр хэлээд, өдөөд байсан юм, тэгээд архиндаа согтоод тэрийг нь бодоод хоорондоо маргалдсан. Маргалдаж байгаад миний шанаа руу Ганчулуун хальт цохих шиг болохоор нь уур хүрээд хоорондоо ноцолдож зууралдсан. Би Ганчулуунтай зууралдаж ноцолдож байхдаа зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохиж, хамт зууралдаад газар унасан. Би ноцолдож байгаад босож ирээд Ганчулууны гэрийн зүүн талд байх хөлдөөгчийн дээр байсан цагаан өнгийн жижиг хутга байсныг авч, хутганы үзүүр хэсгийг ил гаргаж барьж байгаад хутганы үзүүрээр нь нэг удаа Ганчулууны цээжний хэсэгт нэг удаа хатгасан. Дараа нь бид хоёр хоорондоо муудахаа больж үлдсэн архиа хувааж уугаад орой 23 цаг болж байхад тэдний гэрээс гараад явсан. Намайг тэдний гэрээс гарахад Хатансайхан тэр хоёр тамхи татаад үлдсэн. Ганчулуун бид хоёр өмнө нь муудаж маргалдаж байгаагүй, бид хоёрын дунд өс хонзон, өр авлага байхгүй. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед анх уулзахад намайг архи уусангүй гэж надад уурлаад байх шиг байсан, мөн намайг янз бүрээр хэлж өдөөд байсан болохоор уур хүрээд Ганчулуунтай зууралдаж, ноцолдож байгаад зүүн нүд рүү гараараа цохиж, цээжний хэсэгт нь хутгалсан. Тухайн үед миний биед хутга байгаагүй, Ганчулууны гэрийн зүүн талд байх хөлдөөгчийн дээр байсан цагаан өнгийн жижиг хутгыг авч, цээж рүү нь хатгасан. Тухайн үед их уурласан байсан учраас уурандаа хутгаар хатгасан. Гэхдээ би хутганы үзүүр хэсгийг ил гаргаж, барьж байгаад хатгасан. Би Ганчулууны гэрт байсан цагаан өнгийн жижиг хутгаар түүний цээжний хэсэгт хутгалсан. Ганчулууныг хутгалсан хутга одоо хаана байгааг мэдэхгүй. Тэндээс гараад шууд гэр лүүгээ явсан. Гадаа салхитай сэрүүн байсан болохоор салхинд цохиулж, согтоод хутгаа яасныг санахгүй байна, замдаа хаясан байх гэж бодож байна. Би одоо хутга хаана хаяснаа мэдэхгүй, зааж чадахгүй. Ганчулуун бид хоёр нэлээн согтсон байсан. Би согтуу байсан ч гэсэн болсон асуудлыг санаж байгаа. Бид хоёрыг хоорондоо муудах үед хажууд Хатансайхан сэрүүн байсан. Даваа ах, Батаа хоёр уусан архиндаа согтоод унтаж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 46-47-р хуудас/

 

Хохирогч М.Ганчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд Баянмөнх сумын төв Хэрлэнгийн ... тоотод байрлах байшиндаа найз Хатнаагийн хамт байж байтал гаднаас Баянмөнх сумын харьяат Отгонбаатар, Дархан сумын харьяат Даваа гэх ах мөн Бор-Өндөр сумын Батаа нар орж ирсэн. Бид нар хамт ЕX нэртэй 0,75 литрийн хэмжээтэй гурван шил архи мөн Экс нэртэй 0,5 литрийн хэмжээтэй нийт дөрвөн шил архи хувааж уусан. Бид нар архи уугаад сууж байгаад би согтсон байсан. Отгонбаатар ах над руу агсарч байгаад миний цээжний зүүн хэсэгт хутгалсан. Яагаад намайг хутгалсан эсэхийг би мэдэхгүй нэг мэдэхэд миний цээжнээс цус гараад гоожиж байсан. Тэгээд намайг гэрт байхад манай ээжийн дүү Буянаа эгч эмнэлэгт хүргэж өгсөн байсан. Би яг юу болсон талаар сайн санахгүй байна. Би согтсон байсан Отгонбаатар ах намайг хутгалах үед манай гэрт Даваа ах, Батаа нар согтуу унтаж байсан. Манай найз Хатнаа хамт сууж байсан. Отгонбаатар ах бид хоёр урьд өмнө маргалдаж байгаагүй. Тухайн үед Отгонбаатар ах нилээн халамцуу байсан яагаад намайг хутгалсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Отгонбаатар ах миний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалсан. Би сумын эмнэлэгт 1 оёдол тавиулсан дараа нь аймгийн төвийн эмнэлэг очоод цээжний зураг авхуулсан. Эмч надад хэлэхдээ цээжний гүнд шарх байхгүй байна хутга өнгөцхөн хавж орсон байна гэж хэлж байсан. Хамт архи ууж сууж байгаад хоорондоо маргалдсан би Отгонбаатар ахын биед хүрээгүй байх. Манай гэрт би Отгонбаатар ах, Даваа, Батаа мөн манай найз Хатнаа нар хамт байсан юм. Тухайн үед бүгд архи ууцгаасан согтуу байсан. Намайг Отгонбаатар ах хутгалах үед Даваа ах болон түүний найз Батаа хоёр согтуу унтаж байсан учраас юу болсныг мэдээгүй. Харин манай найз Хатансайхан хажууд хамт архи уугаад сууж байсан. Би согтуу байсан учраас Отгонбаатар ахыг хаанаас ямар хутга авсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Отгонбаатарт өөрт нь хутга байсан эсэхийг би мэдээгүй нэг мэдэхэд миний цээжнээс цус гарч байсан. Отгонбаатар намайг хутгалсны дараа Отгонбаатар Хатансайхан бид нар үлдсэн архи ууж суусан юм тэгээд байж байтал манай ээжийн төрсөн дүү Буянаа эгч манайд орж ирээд тэгээд намайг эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед Отгонбаатар ах бид хоёр манай гэрт зодолдох үед миний биед тийм гэмтэл шарх үүссэн байсан. Би тухайн үед цээж нүцгэн дээгүүрээ хувцасгүй байсан. Отгонбаатар ах миний зүүн нүд рүү цохисон байх мөн намайг газар унагаад дээр гарч ноцолдсон тэр үед миний цээж болон баруун гар шалбарсан байсан. Тэгээд босож ирээд миний цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгаар зүссэн байсан. Өөр миний биед учирсан шарх сорви байхгүй.

 

Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин эмчилгээндээ гарсан зардлыг нэхэмжлэнэ. Үүнд Отгонбаатар ахад хутгалуулаад Хэнтий аймгийн нэгдэн эмнэлэгт үзүүлэхээр явахдаа 100.000 төгрөгийн шатахуун хийж явсан, Эмнэлэгт үзүүлээд Баянмөнх сум руу буцахдаа 40.000 төгрөгийн зардлаар ирсэн. Би шархандаа 70.000 төгрөгөөр эм тариа авсан, мөн өвчин намдаах эм, боолтны материал 50.000 төгрөгөөр авсан. Дараа нь дахиад Хэнтий аймаг руу үзүүлэхээр явж ирэхдээ 150.000 төгрөгийн шатахуун хийж явсан. Бор-Өндөр суманд мэдүүлэг өгөхөөр ирэхдээ 90.000 төгрөгөт шатахуун хийж ирсэн. Ингээд нийт 500.000 төгрөгийг Отгонбаатар ахаас нэхэмжилж байна. Гэхдээ эдгээр зүйлсийн баримтууд нь надад байхгүй. Миний энэ нэхэмжилж байгаа мөнгийг өгвөл өөр нэхэмжлээд байх зүйл байхгүй. Одоо миний бие бүрэн эдгэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 51-р хуудас/

Гэрч Ч.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 04 сарын 11-ний өдрийн орой хөдөө гэртээ байж байхад манай хүү Ганчулууныг хүнд хутгалуулсан байна гэж над руу сумын эмнэлгээс утсаар залгасан. Би хөдөөнөөс машинтай сумын төвд ирээд сумын эмнэлэг дээр ирсэн. Намайг ирэхэд манай хүү Ганчулууны цээжин хэсэг нь боолттой сууж байсан. Би Ганчулуунаас юу болсон талаар асуухад намайг хүн хутгалсан байна гэж хэлсэн. Сумын эмнэлгийн эмч Батцэцэг танай хүүгийн цээжинд оёдол тавьсан одоо аймаг авч явах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд тэр шөнөдөө эмнэлгийн машинтай аймгийн төв рүү Батцэцэг эмч, Ганчулуун бид гурав явсан. Аймгийн төвд очоод нэгдсэн эмнэлгийн цээжний рентген зураг авхуулсан. Цээжний зураг авуулаад эмчид нь үзүүлсэн. Эмч хутга нь гүн ороогүй өнгөцхөн хавж орсон байсан гэж надад хэлсэн. Манай хүү Ганчулуун өөрөө надад хэлэхдээ би хүнд хутгалуулсан гэдгээ хэлсэн миний хувьд гомдолтой байна би хүүтэйгээ хоёулаа хөдөө мал маллаж амьдардаг миний ганц хань болж байгаа хүү маань эрүүл мэндээрээ хохирсон тул хуулийн дагуу шалгаж өгнө үү. Манай хүү Ганчулуун тухайн үед согтуу байсан мөн нөгөө хүмүүс нь бас согтуу байсан юм билээ хамт архи ууж байсан Баянмөнх сумын 3 дугаар багийн харьяат Отгонбаатар гэдэг залуу манай хүүгийн цээж рүү хутгалсан гэсэн. Архи ууж байгаад хооронд маргалдсан байж магадгүй юм. Ганчулуун энэ талаар надад өөр зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

 

Гэрч С.Хатансайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 сарын 11-ний өдрийн орой хөдөө гэртээ байж байхад манай ангийн залуу Ганчулуун манай гэрт хүрээд ир гэсэн. Би Баянмөнх сумын төв дээр байдаг Ганчулууны гэрт очсон. Намайг гэрт нь ороход Баянмөнх сумын 3 дугаар багийн харьяат Отгонбаатар, Дархан сумын харьяат Даваа мөн найз Батаа гэх хүмүүс Ганчулуунтай хамт гэрт нь байсан. Тэд нар намайг орж очиход нилээн согтуу байсан. Мөн 0,75 литрийн хэмжээтэй Экс нэртэй архи уугаад дуусаж байх шиг байсан. Би удалгүй буцаж гараад дэлгүүр явж 0.5 литрийн Экс, 2.5 литрийн хэмжээтэй 2 ширхгийг авчирч бүгд хамт ууцгаасан юм. Тэгээд орой болсон Даваа болон найз Батаа нар нь согтоод Ганчулууны гэрт унтсан. Ганчулуун Отгонбаатар ах бид гурав юм яриад сууж байсан. Тэгээд сууж байтал Отгонбаатар Ганчулуунд ахдаа атман зан гаргаад байна уу гэж хэлээд агсраад байх шиг байсан тэгээд нэг харахад Ганчулууны цээжнээс цус гарсан байсан. Ганчулуун та яаж байгаа бэ ингэж болохгүй ш дээ гэтэл Отгонбаатар чи л өөрөө ахдаа атаман зан гаргаад байсан ш дээ ахад нь ийм ээ тийм ээ зан байх биш дээ гэж хэлж байсан. Отгонбаатарын баруун гарт жижиг цагаан өнгийн нарийнхан хэлбэртэй үзүүртэй хутга байсан. Тэгээд удалгүй Отгонбаатар гэрээс гараад явсан. Ганчулуун бид хоёр гэрт нь байж байхад Ганчулууны ээж Мөнхжаргалын эгч Буянаа эгч орж ирээд Ганчулууныг сумын эмнэлэг рүү авч явсан. Тэгээд би тэдний гэрээс гараад гэр лүүгээ явсан. Отгонбаатар, Ганчулуун нар зүгээр юм ярьж сууж байгаад Отгонбаатар Ганчулуунд чи ахдаа атаман зан гаргаад байгаарай гээд гэнэт тийм зүйл болсон байсан. Би тухайн утсаа оролдоод сууж байсан юм. Тэр хоёр хооронд маргалдаж муудалдсан зүйл бараг байхгүй байсан. Тухайн үед Отгонбаатарын биед хутга байгаагүй. Отгонбаатарын барьсан хутга Ганчулууны гэрт хөлдөөгч дээр байсан жижигхэн цагаан өнгийн хуучин хутга байсан. Би тухайн үед нилээн согтсон байсан учраас Отгонбаатар яг яаж хутга авч Ганчулууныг хутгалсан эсэхийг хараагүй ямар ч байсан гэрт нь байсан хутгаар Ганчулууны цээжний хэсэгт бага зэрэг хатгасан байсан. Тухайн үед Отгонбаатар хутгаар Ганчулууны цээжний зүүн гол хэсэгт 1 см орчим хэмжээтэй зүссэн байсан. Өөр газарт нь хүрээгүй нэг удаа л хутгаар зүссэн байсан. Тухайн хэрэг болсны дараа Отгонбаатар ах Ганчулуун бид гурав Ганчулууны гэрт юм ярьж жоохон суусан Ганчулууны бие гайгүй зүгээр байх шиг байсан. Тэгээд гадаа гарч тамхи татаж зогсож байгаад Отгонбаатар ах явлаа гээд явсан. Ганчулуун бид хоёр гэрт үлдсэн удалгүй Буянаа эгч орж ирээд Ганчулууныг дагуулж эмнэлэг орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 298 дугаартай

1. М.Ганчулууны биед цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх, зүүн дээд доод зовхи, цээж, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.3. Дээрх зүүн талд цээжний хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, зүүн дээд доод зовхи, цээж, баруун сарвуунд зулгаралт нь гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэсэн шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт

хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-н 32-33-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Отгонбаатар 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 702 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Ганчулуунтай маргалдаж улмаар түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж, цээжин хэсгийг нь хутгаар зүсэж цээжний хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх, зүүн дээд доод зовхи, цээж, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч М.Ганчулууны “...Бид нар архи уугаад сууж байгаад би согтсон байсан. Отгонбаатар ах над руу агсарч байгаад миний цээжний зүүн хэсэгт хутгалсан. Яагаад намайг хутгалсан эсэхийг би мэдэхгүй нэг мэдэхэд миний цээжнээс цус гараад гоожиж байсан. Тэгээд намайг гэрт байхад манай ээжийн дүү Буянаа эгч эмнэлэгт хүргэж өгсөн байсан..." гэх мэдүүлэг,

Гэрч С.Хатансайханы “...Ганчулуун Отгонбаатар ах бид 3 юм яриад сууж байсан. Тэгээд сууж байтал Отгонбаатар Ганчулуунд ахдаа атаман зан гаргаад байна уу гэж хэлээд агсраад байх шиг байсан тэгээд нэг харахад Ганчулууны цээжнээс цус гарсан байсан. Ганчулуун та яаж байгаа бэ ингэж болохгүй ш дээ гэтэл Отгонбаатар чи л өөрөө ахдаа атаман зан гаргаад байсан ш дээ ахад нь иймээ тиймээ зан байх биш дээ гэж хэлж байсан. Отгонбаатарын баруун гарт жижиг цагаан өнгийн нарийнхан хэлбэртэй үзүүртэй хутга байсан....." гэх мэдүүлэг,

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 298 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Отгонбаатар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч М.Ганчулууны зүүн нүдэнд гараараа цохиж, ноцолдон, цээж хэсэгт нь хутгалсны улмаас М.Ганчулууны биед цээжний хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх, зүүн дээд доод зовхи, цээж, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүдийг үүсгэж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

 

Хохирогч М.Ганчулуун нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Э.Отгонбаатараас нийт 500.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэж мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч нь эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, шүүгдэгчийн зүй бус дээрэнгүй харилцаа нөлөөлсөн байна. 

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Отгонбаатарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Отгонбаатар нь шүүхээр нийт гурван ял шийтгүүлж байсан, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй, үл ялих зүйлээр шалтаглан хүний эрх чөлөөнд халдсан, бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулахад идэвх санаачилгатай хандаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 04 сар, 14 хоногийн ял дээр нэмж нэгтгэн нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 07 сар 14 хоногийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч Э.Отгонбаатарыг түүний одоо оршин суугаа гэх Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Отгонбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ямаан хачид овогт Энх-Амгалангийн Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Отгонбаатарыг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Отгонбаатарт оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 04 сар, 14 хоногийн ял дээр нэмж нэгтгэн нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 07 сар 14 хоногийн хугацаагаар тогтоосугай.
  4. Шүүгдэгч Э.Отгонбаатарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч Э.Отгонбаатарыг оршин суух газар болох Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Отгонбаатар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг сануулсугай.
  6. Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.Ганчулуу нь эмчилгээтэй холбоотой зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Э.Отгонбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР