Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12-р хорооны 7-р хэсэг, Чулуутын амны орон сууц 5-р гудамж 119 тоотод оршин суух Чонос овогт Г.Б ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 11 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 сарын 20-ны өдөр 139/2017/00455/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б-, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1956 онд төрсөн. Улсад 34 жил ажиллаж байна. Үүнээс Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1969-1976 оныг дуустал малчинаар, тус нэгдлийн Зочид буудалд 1977 оны 01 сараас 11 сар хүртэл, 1978 оны 12 сарын 31-нээс 1979 оныг дуустал, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1977 оны 11 сараас 1978 оны 12 сарыг дуустал бичээчээр, Дундговь аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газарт 1980 оны 01 сарын 01-нээс 1981 оны 03 сар хүртэл жижүүрээр ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, цалингийн баримтууд зэргийг үндэслэн дээрх хугацааны ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Г.Б- нь 1971 оны 01 сарын 01-нээс 1975 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчинаар, 1977 оны 01 сарын 01-нээс 1977 оны 10 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Зочид буудлын үйлчлэгчээр, 1977 оны 11 сарын 06-наас 1978 оны 04 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн клубын үйлчлэгчээр, 1978 оны 09 сарын 22-ноос 1978 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд бичээчээр, 1979 оны 01 сарын 01-нээс 1979 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Зочид буудлын үйлчлэгчээр, 1980 оны 10 сарын 04-нөөс 1981 оны 03 сарын 10-ныг хүртэл Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт цэцэгчин чимэглэх ажилтан, зочид буудлын жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь:

1. Дундговь аймгийн архивын тасгийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 269, 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 38 тоот тодорхойлолтууд /ХХ-4, 49/,

2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 08/523, 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 08/587, 08/589 тоот албан бичгүүд /ХХ-5, 25, 35/,

3. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 2/29, 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 2/05 тоот тодорхойлолтууд /ХХ-6, 50/,

4. Г.Б-гийн 1971-1975, 1977, 1979 онуудад авч байсан цалингийн тооцооны баримтын хуулбар /ХХ-7-9, 51-52/,

5. Г.Б-гийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-21/,

6. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1977 оны 11 сарын 14-ний өдрийн 84 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар /ХХ-36/,

7. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1978 оны 04 сарын 13-ны өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар /ХХ-37/,

8. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1978 оны 10 сарын 07-ны өдрийн 62 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /ХХ-38/,

9. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1978 оны 12 сарын 14-ний өдрийн 74 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /ХХ-39/,

10. Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1980 оны 10 сарын 06-ны өдрийн 220 дугаартай Ажилд авч ажиллуулах тухай тушаалын хуулбар /ХХ-22/,

11. Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1981 оны 01 сарын 17-ны өдрийн 22 дугаартай Ажилд түр авч ажиллуулах тухай тушаалын хуулбар /ХХ-23/,

12. Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1981 оны 03 сарын 03-ны өдрийн 177 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /ХХ-24/,

13. Гэрч Т.Мандахын ...Г.Б- нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын бага сургуульд манай эгчтэй нэг анги байсан юм. 4-р ангиа тагсөөд малчин болж байсан. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1968 оноос малчин байх. Ямар ч байсан намайг 1979 онд цэргээс ирэхэд малчин байсан. 1980 он хүртэл малчин байсан. Бага мал малладаг байсан. Би 1970 онд Сайхан-Овоогийн бага сургууль төгсөөд, Эрдэнэдалай сумын дунд сургуульд 1973 онд 7-р ангиа төгсөөд, 1973 онд Дундговь аймгийн сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд илгээлтээр малчин болсон. 1976 онд цэрэгт явсан. 1979 онд цэргээс ирээд Дундговь аймгийн сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1991 он хүртэл малчинаар ажилласан. Нэхэмжлэгчийг бол Бямбаа л гэдэг байсан. Нэгдэлд Бямба, Бямбаа нэртэй хүмүүс байсан. Гэхдээ Г.Б- гэж байгаагүй. Бямба нэртэй эрэгтэй хүмүүс байсан. Эмэгтэй хүн бол байгаагүйгэх мэдүүлэг /ХХ-16/

14. Гэрч Ж.Ширмэнтогоогийн ...Г.Б- нь 4-р ангиа төгсөөд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1969-1980 он хүртэл малчин байсан. Бага мал малладаг байсан юм. Г.Б- нь Манай ахтай нэг анги байсан юм. Би Сайхан-овоо сумын бага сургуульд 1-р ангид сурч байсан. 1969 онд 4-р ангиа төгсөөд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд ирж 5-р ангид орсон. 1971 онд 8-р ангиа төгсөөд Дундговь аймагт ирж ТМС-д сураад цэрэгт явсан. Гомбодоржийн Бямба гэж л дууддаг байсан. Манай суманд олон Бямбаа, Бямба нэртэй улсууд байдаг... гэх мэдүүлэг /ХХ-17/

15. Гэрч Б.Умааханы ...Би 1974 онд 4-р ангиа төгссөн. 4-р анги төгсөхөөс өмнө Г.Б- нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчин байсан. Манайх ойролцоо нутагладаг байсан. 1979 онд намайг цэргээс халагдаж ирэхэд Г.Б- нь мал маллаж байсан. 1981 онд Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст ажилд орсон. Тэр хүртэл Г.Б- нь малчин байсан. Бог мал малладаг байсан. Тухайн үед аав, ээжтэйгээ мал малладаг байсан. Би Дундговь аймгийн Сайхан-овоо сумын бага сургуульд 1966-1970, 1970-1973 онд Эрдэнэдалай сумын Сургуульд сурагч байсан. 1973-1976 онд Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчин байсан. 1976-1979 онд хүртэл цэрэгт явсан. 1979 оноос хойш аймгийн Цагдаагийн хэлтэст ажилласан. Сайхан-овоо сум олон Бямбатай. Гомбодоржийн Бямба гэж л дууддаг байсан... гэх мэдүүлэг /ХХ-18/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин Г.Б-гийн 1969 оны 01 сарын 01-нээс 1971 оны 01 сарын 01-н, 1976 оны 01 сарын 01-нээс 1976 оны 12 сарын 31-н хүртэл, 1978 оны 04 сарын 01-нээс 1978 оны 09 сарын 22-н, 1980 оны 01 сарын 01-нээс 1980 оны 10 сарын 04-ийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байх тул уг хугацааны ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Чонос овогт Гомбодоржийн Бямбаа /РД:ЗП56031005/-г 1971 оны 01 сарын 01-нээс 1975 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчинаар, 1977 оны 01 сарын 01-нээс 1977 оны 10 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Зочид буудлын үйлчлэгчээр, 1977 оны 11 сарын 06-наас 1978 оны 04 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн клубын үйлчлэгчээр, 1978 оны 09 сарын 22-ноос 1978 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд бичээчээр, 1979 оны 01 сарын 01-нээс 1979 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Зочид буудлын үйлчлэгчээр, 1980 оны 10 сарын 04-нөөс 1981 оны 03 сарын 10-ныг хүртэл Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт цэцэгчин чимэглэх ажилтан, зочид буудлын жижүүрээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА