| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2017/00433/И |
| Дугаар | 25 |
| Огноо | 2018-01-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 1-р баг, Хадан хошууны 10-4 тоотод оршин суух Харчуу овогт Ц. Д /РД:ЗБ /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 сарын 13-ны өдөр 139/2017/00433/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Нямаа, нэхэмжлэгч Ц.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал, хариуцагчийн төлөөлөгч О.Т-нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын сургуулийн няраваар 11 дэх жилдээ ажиллаж байгаа. 2006 оны 09 сарын 26-ны өдөр тус сургуульд няраваар орж ажилласан. Үүнээс хойш миний бие өөрийн ажлын үндсэн үүрэг болон сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл манай сургуулийн захирлаар 2017 оны 03 сард ирсэн О.Т намайг ажлаас чөлөөлсөн тухай тушаалаа гарсан өдрөөс нь хойш 21 хоногийн дараа буюу 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Б/35 тоот тушаал өгсөн. Иймээс миний бие 2017 оны 10 сарын 04-ний өдөр ажлаас халагдсан гэдгээ 2017 оны 10 сарын 25-ны өдөр мэдээд тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэн чөлөөлжээ. Гэтэл миний бие үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа дээрх заалтуудад заасан алдаа зөрчлийг огт гаргаж байгаагүй байхад зөвхөн өөрийн үзэмжээр иргэн миний хөдөлмөрлөх эрхийг маань зөрчиж ажлаас хууль бусаар чөлөөлсөнд гомдолтой байна. Миний бие 469105 төгрөгийн үндсэн цалин авч байсан. Мөн О.Т-нь 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Б/35 тоот тушаалыг 2017 оны 10 сарын 25-ны өдөр гардуулснаас болж миний бие Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай хуулиар авах ёстой байсан ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадахгүй өдий хүрч байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг гаргуулж авах хүсэлттэй байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч О.Т-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д- нь манай сургуульд няраваар ажиллаж байсан. Би энэ хүнийг захирлын зөвлөлийн хурлаар оруулаад 05 сарын 01-нээс ажлаас чөлөөлнө гэж хэлсэн. Энэ хүн ажиллаж байхдаа удирдах албан тушаалтнаа үл ойшоосон. Сурагчдын сурах орчин материаллаг баазыг хангаж ажиллахгүй, юм асуухаар дандаа байхгүй гэж хэлдэг. Энэ хүн сургууль дээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсан. Хамтын сангийн мөнгө багш нараас аваад, тэр мөнгийг өөрөө дур мэдэн хэрэглэж элдэв бараа авч ирээд сургууль дээр хориотой бараа зардаг. Тооллогын комисс тоолж, эд зүйлийг шалгаж үзэхэд бүх зүйл байсан. Энэ хүний ажилдаа ашиглаж байсан жин нь 500 грамм зөрүүтэй байсан. Уг жин нь 8 жил баталгаагүй явсан. Үдийн цайны жин 6 сар тутамд баталгаажиж байх ёстой. Хэмжил зүйн газраас жил бүр сумдаар тойрч жинг баталгаажуулдаг. Энэ хүнээс яагаад 8 жил баталгаажуулаагүй юм бэ гэхээр би мэддэггүй юм гэж байсан. Үйл ажиллагаанд ашиглах боломжгүй гэсэн бичгийг холбогдох байгууллага нь өгсөн. Энэ хүнд тодорхой хэмжээний ашиг байсан учраас жингээ баталгаажуулаагүй ашигласан гэж үзэж байгаа. Хүүхдүүдийн үдийн цайны мах ногоо бүгдийг хэмжихдээ тэр жингээ ашигладаг, няравын ганц багаж. Хүүхдийн хүнснээс 8 жил хомсолсон байж болзошгүй учраас таньтай цаашид хамтран ажиллаж чадахгүй гэж захирлын зөвлөлийн хурлаар оруулаад асуудлыг тайлбарлахад энэ хүн би тэгээгүй гээд хаалга саваад гарсан. Өөрөө дур мэдээд юм хийдэг, хамт олонтойгоо харьцах харьцаа байхгүй. Удирдах албан тушаалтныхаа нэр хүндийг унагаад, гадуур хүмүүст олон юм ярьдаг, хамт олноо хагаралдуулдаг хүн учраас нэхэмжлэлийн шаардлагыг нь зөвшөөрөхгүй байна. Харин ажилгүйдлийн тэтгэмж олгохыг зөвшөөрнө. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Д- нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч О.Т-нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг зөвшөөрөхгүй, харин ажилгүйдлийн тэтгэмж олгохыг зөвшөөрнө гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.Д- нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2006 оны 09 сарын 26-ны өдрийн 25 дугаар тушаалаар няравын албан тушаалд томилогдож /хэргийн 4-7-р тал/, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ /хэргийн 10-11-р тал/ байгуулагджээ.
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Б/35 дугаар Нярав Ц.Д-г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар /хэргийн 3-р тал/ нэхэмжлэгч Ц.Д-г Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.1.5, сургуулийн дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.1.6-д заасныг баримтлан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, няравын ажлаас нь чөлөөлжээ.
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэгчийг удирдлагаа үл тоомсорлодог, сурагчдыг сурах орчин, материаллаг баазаар хангаж ажиллаагүй, алдагдалтай жин хэрэглэж байсан, хамтын сангийн мөнгөөр сургууль дээр хориотой бараа авчирч зардаг гэж тайлбарлаж байгаа боловч бичгийн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Д- нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2017 оны 10 сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаа буюу 2018 оны 01 сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны олговор гаргуулах тухай шаардлага гаргасан ба Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д ...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 08, 09, 10 дугаар саруудад нийт 1425586 төгрөгийн цалин авч байсан нь түүний хөдөлмөрийн гэрээ, №0278295 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар /хэргийн 4-7, 10-11-р тал/ тогтоогдож байх бөгөөд 2017 оны 08, 09, 10 дугаар сарууд ажлын 62 өдөртэй байх бөгөөд 1 ажлын өдрийн цалин 22993 төгрөг /1425586:62=22993/, үүнийг ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 10 сарын 25-наас 2018 оны 01 сарын 12-н хүртэл 10 сард 4 хоног, 11 сард 22 хоног, 12 сард 20 хоног, 01 сард 9 нийт 55 хоног*22993=1264615 төгрөгийн ажилгүй байсан хугацааны олговорыг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, уг олговорыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцон дэвтэрт бичилт хийхийг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуульд тус тус даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой олгогдох ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, ажилгүйдлийн тэтгэмжинд хариуцагч талаас хичнээн төгрөг гаргуулахаар шаардаж буй нь тодорхойгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх заалтыг зөрчсөн байх тул хариуцагч Дундговь аймгийн Сайхан овоо сумын Ерөнхий боловсролын сургуулиас ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1264615 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 34900 төгрөг, нийт 105100 төгрөгийг хариуцагч Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт Ц. Д /РД:ЗБ /-г Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 1264615 /нэг сая хоёр зуун жаран дөрвөн мянга зургаан зуун арван тав/ төгрөгийг хариуцагч Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Ц.Д-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Д-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 105100 /нэг зуун таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА