Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Г.Батмөнх, шүүгч Г.Даваанаран нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Д.Г,

Иргэдийн төлөөлөгч: Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.О,

Шүүгдэгч: О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт О-ын С-д холбогдох эрүүгийн 2229000270049 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.С нь 2021 оны 12 дугаар сарын 31-ээс 2022 оны 01 дүгээр сарын 01-ны шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг ‘’Х с у’’ ХХК-ний тусгаарлах байрны 3 дугаартай гэрт иргэн Б.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, Б.Э-ын эрүүл мэндэд нь хайчийг зэвсгийн чанартай хэрэглэж хэвлийн хөндий рүү нэвтэрч, нарийн гэдэс гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа зөвшөөрч байна ” гэв.

Улсын яллагч Д.Г нь гэм буруугийн  талаарх дүгнэлтдээ: “…Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн О.С-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Э овогт О-ын С нь 2021 оны 12 дугаар сарын 31-ээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар хохирогч Э-ын биед хайчийг зэвсгийн чанартай хэрэглэн халдаж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.  Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, тухайн хэргийн үйл баримтыг тогтоож чадсан баримтууд байна гэж дүгнэж байна. Шүүгдэгч О.С нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж байгаа өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, мэдэж тухайн хохирол, хор уршигт зориуд хүргэж байгаа байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, төгссөн гэмт хэрэг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийн зүгээс 1,117,581 төгрөг нэхэмжилсэн баримт гаргаж өгсөн. Шүүгдэгчийн зүгээс 3,000,000 төгрөгийг нөхөн төлсөн. Иймд шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирол, төлбөр байхгүй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “…Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргаж, мэтгэлцэх зүйл байхгүй. Манай үйлчлүүлэгч О.С-ийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналын тухайд манай үйлчлүүлэгч одоо 49 настай, он гараад 2 сард 50 нас хүрч байгаа. Залуу насандаа алдаж, олон жилийг хорих байгууллагад өнгөрүүлсэн. Саяхан 2019 онд эхнэртэй болсон. Эхнэр нь 47 настай. Энэ хоёр хүн залуу хүмүүс биш. Хожуу амьдрал зохиосон хүмүүс байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт 5 жилээс 12 жилийн хорих ял оногдуулахаар хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хуульчилж өгсөн. Манай үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хохирогчид учруулсан хохирол төлбөрөө баримтаар гаргаж өгсөн хохирлыг харгалзахгүйгээр, хохирогчийн хүссэн хэмжээгээр буюу 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.С нь гэм буруутай байна”  гэж дүгнэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч О.С-ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-24-р хуудас/,

Хохирогч Б.Э-ын: “...Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг Х-У ХХК-ний тусгаарлах байрны 3 дугаартай гэрт ...орондоо ороод хэвтэж байтал 23:40 минутын орчим бид нар амардаг гэрт хоёр согтуу хүн архи байна уу гээд ороод ирсэн... О.С гэдэг залуу миний орны хажууд ирж суугаад “архи байвал архи ууя” гэхээр нь би О.С-д “бид нар архи уух гэж ирсэн хүмүүс биш, ажил хийх гэж ирсэн хүмүүс” гээд хэлтэл надаас “ундаа байна уу” гэхээр нь ширээн дээр ундаа байгаа чи гараад гэртээ авч ороод уухгүй юу гээд хэлтэл О.С “чи намайг гэрээс хөөгөөд байдаг хэн бэ” гээд над руу уурлаад миний орлуу шахаад суухаар нь “миний дүү цаашаа суу архи дарс надад үнэртээд байна” гэж хэлээд би орон дээрээ өндийж суугаад байж байтал над руу улам ойртоод байхаар нь би гараараа цааш нь түлхээд автал гартаа барьсан хайчаараа над руу далайхаар нь би хоёр гараараа хаатал миний баруун гарын эрхий хуруу долоовор хуруу хоёрын дунд хайчаар хатгаад автал миний гараас цус олгойдоод гараад ирсэн. Тэгтэл дахиад миний хэвлий хэсэг рүү хайчаар хатгахад би хайчнаас барьж аваад ноцолдож байхад тэр гэрт байсан хүмүүс О.С гэдэг хүний гарт байсан хайчийг нь ноцолдож байгаад салгаж авсан юм... О.С гэдэг хүн миний бие эрх чөлөөнд хайчаар халдах явцад би тухайн үедээ амиа хамгаалах гэж хайчнаас нь барьж ноцолдож байх үед О.С гэдэг хүний гарт нь гэмтэл учирсан байх... Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээд байдаггүй юм. Харин О.Сүхдорж архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57-р хуудас/,

Гэрч Д.М-ын: “...2021 оны 12 сарын 31-ний өдөр ... гэртээ ирээд шинэ оноо гаргаад байж байтал миний гар утас руу бөмбөлөгт байдаг жолооч залгаад хүн хутгалуулсан талаар надад хэлэхээр нь ...эмчээ аваад Х с у ХХК-ний бөмбөлөг тусгаарлах байранд байсан хэрэг болсон газар 3 дугаартай гэрт яваад орох гэхэд 3 номерын гэрийн үүдэнд О.С гэдэг хүн зогсож байсан. Тэгээд гэрт яваад ороход Э гэдэг жолоочийн гэдэс баруун гарыг даавуугаар боочихсон орон дээрээ сууж байсан. 3 номерын гэрийн шал, хутгалуулсан хүний ор дэвсгэр, орны толгой, хана, дээвэр хэсгээр цус болсон гэрт хутгалуулсан хүнтэй хамт амьдардаг 3 жолооч орон дээр сууж байхаар нь юу болсон талаар асуухад хутгалуулсан хүнтэй хамт байдаг нэг жолооч нь О.С гэдэг хүн манай гэрт орж ирээд архи байна уу гээд бид нараас асуугаад орж ирээд Б.Э-ын орны хажууд суугаад нэг мэдэхэд муудалцаад хайчаар хатгасан байсан гээд надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,

Гэрч П.М-ын: “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ...тусгаарлах байранд О.С, Г гэдэг хүний хамтаар орж ирээд О.С миний хэвтэж байсан орны хажууд ирж суугаад идэж ууж хамт наргиж цэнгэмээр байна гэсэн утгатай юм яриад эхлэхээр нь би “тийм зүйл байхгүй бид нар тусгаарлах байранд байгаа архи дарс ууж наргиж цэнгэх зүйл бид нарт хэрэггүй” гээд хэлтэл миний орны хажуу талаас босоод Б.Э амарч байсан орны хажууд нь О.С очиж суугаад “архи байна уу архи уумаар байна” гээд хэлтэл Б.Э“ миний найзаа бид нар архи уухгүй” гээд хэлж байсан. Тэгтэл О.С, Б.Э-ын хажууд байсан ундааг авч уухаар нь Б.Э “чи наад ундаагаа аваад манай гэрээс гар” гээд хэлж байсан. Тэгтэл пижигнээд явчихаар нь хартал орон дээр хэвтэж байсан Э-ын цус нь олгойдоод эхлэхээр нь Х, Ш хоёр босоод О.С гэдэг хүний гарт нь байсан хайчийг булааж аваад Б.Э-ын баруун гар, гэдэснээс нь гарсан цусыг нь бид гурав даавуугаар боож өгөөд байж байтал эмч, Д.М нар орж ирсэн... О.С гэдэг залуу орж ирээд архи ууж наргиж цэнгэмээр байна гэж хэлээд зүв зүгээр орон дээр хэвтэж байсан Б.Э гэдэг хүнийг хайчаар хатгасан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 73-р хуудас/,

Гэрч Ц.Х-ийн: “...2021 оны 12-р сарын 31-ний өдөр ...гэрт нэр усыг мэдэхгүй хоёр согтуу хүн орж ирээд П.М амардаг орны хажууд нэр усыг нь мэдэхгүй нэг хүн нь очиж суугаад /О.С/ архи байна уу? архи байвал хамт наргиж цэнгэмээр байна гээд хэлтэл П.М ах “бид нар амрах гэж байна бид нарт архи байхгүй" гээд П.М ах хэлтэл тэр нэг усыг мэдэхгүй хүн /О.С/ гэдэг хүн П.М ахын орны хажуу талаас босоод Б.Э-ын орны хажууд очиж суугаад дахиад “уух архи байвал наргиж цэнгэмээр байна” гээд дахиад хэлж байснаа Б.Э-ын орны хажууд байсан ундааг нь тэр залуу /О.С/ авч уугаад байж байтал Б.Э “наад ундаагаа аваад манай гэрээс гараад явчих” гээд хэлж байсан. Тухайн үедээ би гар утсаараа юм үзээд хэвтэж байхад түс пас гээд савтай ундаагаараа цохиж байгаа юм шиг чимээ гараад явчих шиг болохоор нь хартал тэр нэр усыг мэдэхгүй тэр хүн /О.С/ Б.Э-ын дээрээс нь хөндлөн биеэрээ дарчихсан байхаар нь би очоод тэр хүний араас нь тэвэрч аваад Б.Э-ын дээрээс нь салгаад автал О.С нь баруун гартаа хайч барьчихсан гар нь цус болчихсон байхаар нь Х.Ш ах бид хоёр О.С гэдэг хүний гарт нь байсан хайчийг нь салгаж аваад Б.Э ах руу хартал Б.Э ах орон дээрээ босоод суучихсан нэг гараараа гэдсээ гараараа дарчихсан гэдэснээс нь цус гарч байхаар нь Х.Ш, П.М ах бид гурав маарал оёдол тавиад хөнжлийн даавуугаар боож өгөөд компанийн хариуцсан хүн рүү юу болсон талаар мэдэгдсэн... бид нар унтах гээд хэвтэж байхад О.С гэдэг залуу орж ирээд архи уумаар байна гэж хэлээд Б.Э-ын хажууд очиж суугаад ямар ч хутгалах зүйл болоогүй байхад хайчаар хатгасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/,

Гэрч Х.Ш-ийн: “...2021 оны 12 сарын 31-ний өдөр ... гэрт нэр усыг нь мэдэхгүй хоёр согтуу хүн орж ирээд П.М амардаг орны хажууд эхлээд очиж нэр усыг нь мэдэхгүй нэг хүн нь очиж суугаад, ... архи байна уу, архи байвал хамт наргиж цэнгэж уумаар байна гээд хэлтэл П.М “бид нар амрах гэж байна, бид нар тусгаарлах байранд ажил хийх гэж ирсэн хүмүүс, чи явж амар архи байхгүй” гээд П.М хэлтэл, О.С гэдэг хүн П.М ахын орны хажуу талаас босоод Б.Э-ын орны хажууд очиж суугаад дахиад уух архи байвал наргиж цэнгэмээр байна гээд хэлж байсан. Тэгтэл О.С Б.Э-ын орны хажууд байсан ундааг нь аваад уучих уу гээд хэлж байсан. Тэгтэл Б.Э “наад ундаагаа аваад гараад уучих” гээд хэлтэл О.С авч уугаад байж байснаа “чи юу гээд томроод байгаа юм бэ” гээд хэлж байсан. Тэгтэл Э “би холоос гэр орноо орхиод мөнгө олох гээд ирсэн хумүүс, архи дарсны хэрэг бид нарт байхгүй” гээд хэлж байсан... Тэгтэл хүн ноцолдох чимээ гараад эхлэхээр нь хартал О.С Б.Э-ын дээрээс нь хөндлөн биеэрээ дарчихсан байхаар нь би араас нь фудболкноос нь татаад салгах гэтэл дийлдэхгүй байж байтал Ц.Х, М нар ирээд Б.Э-ын дээрээс О.С-ийг татаад салгаад автал О.С нь баруун гартаа хайч барьчихсан байхаар нь гарнаас арай хийж салгаж авсан. Б.Э-ыг О.С хайчаар хатгаснаас болж хөнжлийн дэвсгэр даавуу хана тэр хавиар байсан бүх зүйл цус болсон байсан... О.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр хэвтэж байсан хүнийг хайчаар хатгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас/,

Гэрч Д.Г-ын: “...2021 оны 12-р сарын 31-ний өдөр ... О.С бид хоёр 3 номерын гэрт яваад ороход 3 номерын гэрт байсан хүмүүс орондоо ороод хэвтэж байсан. Би үүдэнд зогсоод байж байхад О.С гэрийн зүүн талд байсан орон дээр хэвтэж байсан хүний хажууд очиж суугаад юм яриад байж байснаа босоод гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан хүний хажууд очиж суугаад юм яриад байж байсан. Тэгтэл нэг мэдэхэд бөөн цус нөж болоод явчихсан. Тэгтэл орон дээр хэвтэж байсан хүмүүс О.С-ийн гарт нь байсан хайчийг нь авах гээд фудболкноос нь татаад боогоод эхэлсэн... ямар ч байсан О.С хайчаар хатгаад бөөн цус нөж болсон байсан... тухайн үед хайчаар хатгах зүйл маш хурдан болоод өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89-р хуудас/,

Гэрч Б.Л-ын: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө ...хүн хутгалуулсан гэрт Д.М бид хоёр яваад ороход гэрийн шал, хана, дээвэр, хутгалуулсан хүний орны толгой дэвсгэр даавуу тэр чигээрээ цус болсон байдалтай хутгалуулсан хүн хутгалуулсан орон дээрээ суугаад хэвлий хэсэг, баруун гарын эрхий хуруу, долоовор хурууны салаа хэсгээр зүсэгдсэн гэмээр шархтай тухайн шархыг орны даавуугаар боосон байсан... Б.Э надад хэлэхдээ намайг орондоо хэвтэж байхад О.С гэдэг хүн хайчаар хатгасан гээд надад хэлж байсан... “ гэх мэдүүлэг /хх-ийн 97-р хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1503 дугаартай “Б.Э-ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч, нарийн гэдэс гэмтээсэн хатгагдсан шарх, чацархайн няцрал, цус алдалт, баруун сарвууны 1-р хуруунд зүсэгдсэн шарх гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-101-р хуудас/,

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 394 дугаартай “Б.Э-ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч, нарийн гэдэс гэмтээсэн хатгагдсан шарх, чацархайн няцрал, цус алдалт, баруун сарвууны 1-р хуруунд зүсэгдсэн шарх гэмтлүүд учирчээ. Хэвлийн хөндий рүү нэвтэрч, нарийн гэдэс гэмтээсэн хатгагдсан шарх, чацархайн няцрал, цус алдалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун сарвууны 1-р хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 127- 128-р хуудас/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах,  хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.С нь хохирогч Б.Э-ыг хайчаар хатгасан үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсныг нотолсон нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан, шүүгдэгч О.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч болзошгүйг мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй байх тул О.С-ийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай гэмт хэрэг байна гэж дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч О.С-ийн үйлдэл нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч О.С нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Э-ыг хайчаар хатгасны улмаас хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, нарийн гэдэс гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл үүсгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байхгүй байна.

Иргэдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.С нь гэм буруутай байна”  гэж дүгнэсэн дүгнэлт нь хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч О.С нь хохирогч Б.Э-ын бие хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайн гэмт хэргийн улмаас хэрэгт 1.117.581 төгрөгийн  хохирлын баримтыг гаргаж өгсөн ч шүүгдэгчийн зүгээс 3,000,000 төгрөг төлсөн ба хохирогч Б.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч О.С-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч О.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хайч хэрэглэж  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна.

Улсын яллагчаас хариуцагчийн талаар гаргасан дүгнэлтдээ:“… Шүүгдэгч О.С эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дараах нөхцөл байдлуудыг харгалзан санал гаргаж байна. Шүүгдэгч О.С нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох үндэслэлтэй байна. Тухайн зүйл ангид зааснаар 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх гэмт хэрэг, шүүгдэгч О.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,000,000 төгрөгийг хохирогчид төлсөн, гэмт хэрэг үйлдсэн арга хэрэгсэл буюу зэвсэг хэрэглэсэн байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлөгдсөн болоод хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн шаардлагад нийцэж байна гэж үзэж байна. Хэдийгээр шүүгдэгчийн хувьд өмнө ял шийтгэл эдэлж байсан, 23 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх боловч тухайн хорих ялыг эдэлж дууссан байдал нь өнөөдрийн шүүх хурал дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа учраас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч О.С нь цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцоогүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хайч, О.С-оос гаргаж өгсөн 1 ширхэг флашийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч О.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах  дүгнэлтийг  гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж хуульчилсан. Хохирогч эрүүл мэндийн хувьд сайжирсан, ажил хөдөлмөрөө эрхлээд явж байгаа. Манай үйлчлүүлэгчийн зүгээс хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байгаа байдлаа илэрхийлж байгаа. Мөн ар гэрийн байдлыг нь харгалзан үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүнийг эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж хуульчилсан. Өмнө нь гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байсан ч тухайн хэрэгтээ тохирсон хорих ялыг эдэлж, ял шийтгэлээ эдэлж дууссан байгаа. Иймд одоогийн хэрэгт нь өмнө үйлдсэн хэргийг нь хувийн байдалд хамааруулж үзэлгүйгээр хариуцлага хүлээлгээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт нь 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хорих ялын дэглэмийг нээлттэй болон хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр хуульчилж өгсөн. 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно гэж хуульчилсан. Манай үйлчлүүлэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж эдгээр байдлыг харгалзан үзээд хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна гэв.

О.С-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг  хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж, урт нь 16 сантиметр, бариулын урт нь 5,5 сантиметр, ажлын хэсгийн урт нь 10,5 сантиметр, хайчны ар хэсэгт STAINLESS STELL гэсэн бичиглэлтэй, хайчны нэг талын бариулын хэсэг ховхорч салсан, ажлын хэсгийн хайчны үзүүрийн ар хэсэг болон хайчны ирний дээд хэсэг, хар өнгийн бариул хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон толботой хар өнгийн бариултай хайч 1 ширхгийг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.С-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эовогт О-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хайч хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.С-д 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч О.С нь хохирогч Б.Э-д 3,000,000 төгрөг төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг  дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж, урт нь 16 сантиметр, бариулын урт нь 5,5 сантиметр, ажлын хэсгийн урт нь 10,5 сантиметр, хайчны ар хэсэгт STAINLESS STELL гэсэн бичиглэлтэй, хайчны нэг талын бариулын хэсэг ховхорч салсан, ажлын хэсгийн хайчны үзүүрийн ар хэсэг болон хайчны ирний дээд хэсэг, хар өнгийн бариул хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон толботой хар өнгийн бариултай хайч 1 ширхгийг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.С-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

           9. Гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Сүхдоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Д.БАТТУЛГА

                                         ШҮҮГЧИД                                    Г.БАТМӨНХ

                                                                                                Г.ДАВААНАРАН