Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2025/0037

 

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2025/0037

Улаанбаатар хот

 

Я.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г;

 

Нэхэмжлэгч: Я.Э

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 75 дугаартай;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Я.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 159/2024/0053/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Я.Э-аас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5* дугаартай Албанаас халах тухай тушаалын ...Я-н Э-ыг ... албанаас дутагдлаар халж... гэснийг илт хууль бус болохыг тогтоолгох, Я.Э-ыг цагдаагийн албанаас чөлөөлсөн тухай тушаалыг зөвтгөн нөхөн гаргахыг даалгах”-аар маргасан байна.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 75 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5*  дугаартай Албанаас халах тухай тушаалын Я.Э-ыг дутагдлаар халж гэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Я.Э-ыг цагдаагийн албанаас чөлөөлсөн тухай тушаалыг зөвтгөн нөхөн гаргахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г давж заалдах гомдолдоо: Тус захиргааны хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хэлэлцэж энэ өдрийн 75 дугаартай Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. “...Учир нь Төрийн албаны тухай хууль “...хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-т захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйл “Цагдаагийн албан тушаалд тавигдах шаардлага” гэсэн хуулиудын зүйл заалтыг баримтлан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хэлэлцэж энэ өдрийн 159/ШШ2024/0075 дугаартай шийдвэрийг гаргасан байна.

3.2. Нэхэмжлэгч Я.Э нь Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйл. Цагдаагийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй албаны дутагдлаар халагдсан нь Хөтөл дахь сум дундын Цагдаагийн тасгийн даргын зөвлөлийн 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэр, 2005 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар офицер цолоо хураалгасан зэргээр тогтоогдож байгаа...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

2. Маргааны үйл баримтын тухайд, Хөтөл дахь сум дундын Цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Я.Э-ыг албанаас дутагдлаар халж, “Цагдаагийн ахлах ахлагч” цолыг хурааж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5* дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоох эсэх талаар байна.

3. Нэхэмжлэгч Я.Э-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдалд хүрч байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах үндэслэл байхгүй байхад гарсан нь илт хууль бусад тооцогдох захиргааны акт мөн. Илт хууль бус захиргааны акт анх гарсан цагаасаа үйлчлэлгүй. Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор албандаа ажиллаж байсан гэх үр дагавар үүснэ.” гэж тодорхойлж, хариуцагчаас “...Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга өөрт олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан. Маргаан бүхий актад Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан зохицуулалтад хамаарах үндэслэл үүсээгүй, тушаал хүчин төгөлдөр” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

4. Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын “Албанаас халах тухай” 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5*  дүгээр тушаалыг гаргахдаа Хөтөл дахь сум дундын Цагдаагийн тасгийн даргын зөвлөлийн 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэр, мөн оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэл болгон Хөтөл дахь сум дундын Цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагчаар ажиллаж байсан Я.Э-ыг албанаас дутагдлаар халж, цагдаагийн ахлах ахлагч цолыг хураан, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэсэн маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

4.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь маргаан бүхий “албанаас халах” тухай актыг гаргахдаа холбогдох хууль тогтоомжийг үндэслээгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан нь тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарахгүй юм.

4.2. Захиргааны акт “илт хууль бус” байх үндэслэл нь “дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэж үзэхээр байх шаардлагатай” гэж үздэг бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуулийн зүйл, заалтыг илт буруугаар хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4.3. “Илт хууль бус” захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй ч түүний оршин байгаа байдал нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг хөндөж болох тул нэхэмжлэгчийн хувьд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар түүний эрх зүйн байдал дээрдэх боломжтой байх шаардлагатай.

4.4. Гэтэл анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл, заалтын аль хэсгийг хэрхэн зөрчсөн эсэх, мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйл болон Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн ямар зүйл заалтыг зөрчсөн эсэх нь маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт тусгагдаагүй, зөрчил дутагдлын агуулгын талаар тушаалд мөн тусгаагүй, ...” гэх дүгнэлт хийж, маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоож, Я.Э-ыг “цагдаагийн албанаас чөлөөлсөн” тушаал болгож, зөвтгөн, нөхөн гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй нэгэнт 2006 онд нэхэмжлэгч Я.Э-ын цагдаагийн албанаас халагдаж, тэрхүү хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон энэ тохиолдолд бодит байдалд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй юм.

4.5. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс цаг хугацааны хувьд 18 жилийн дараа төрийн албаны эрх зүйн харилцаа дуусгавар болгосон захиргааны актыг “илт хууль бус” гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Төрийн албаны хууль /2002/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, мөн зүйлийн 39.4, 39.7-т заасантай нийцэхгүй байна.

4.6. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль /1993 он/-ийн 32 дугаар зүйлийн 2-т “Сахилгын зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид дор дурдсан сахилгын шийтгэл оногдуулна” гээд “6/албанаас халах;” гэж,

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;”, 13.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байх;”, 13.1.3-т “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах;”, 13.1.5-т “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:”, 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ:”, 39.1.1-д “энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан;”, 39.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана.”, 39.7-т “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 85 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн 11-т “Сахилгын зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид дор дурдсан сахилгын шийтгэл оногдуулна:”, гээд “д/албанаас халах.”, 12-т “Цагдаагийн алба хаагчийн сахилгыг санаатайгаар, санамсар болгоомжгүйгээс зөрчсөн, албаны үүрэг, цагдаагийн ёс зүйг биелүүлээгүй, эсхүл хангалтгүй биелүүлсэн нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.”, гэж тус тус заажээ.

4.7. Хэрэгт авагдсан дараах баримтуудаар нэхэмжлэгч Я.Э нь өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн буюу Цагдаагийн албаны тухай хууль болон Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийг зөрчиж байсан болох нь тогтоогдож байна.

-Хөтөл хот дахь сум дундын Цагдаагийн тасгийн зөвлөлийн 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай хурлын тэмдэглэл /1хх-ийн 201, 202, 212/-ээс үзвэл, тус хуралд д/х М.Б, д/х И.Ж, х/ч Л.Г, а/х Б.С, а/х Р.Д нар оролцож цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Я.Э-ын тухай хэлэлцэж, зөвлөлийн хурлаас түүнийг гаргасан зөрчлийн дагуу албанаас халах саналыг хурлын материалын хамт аймгийн цагдаагийн газрын зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэсэн;

-2000-2013 онд Хөтөл хот дахь сум дундын Цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан гэх гэрч М.Б-ын “...2006 оны 02 дугаар сарын 28-ны өдөр боловсон хүчин хариуцсан дэд хурандаа н.Т надад Я.Э-ыг ахлах ахлагч цолтойгоор жижүүрийн офицероор ажиллуулсан. Арга хэмжээ авагдсанаар ...архи ууж, ажил таслах байдал удаа дараа гаргах болсон. Хамгийн сүүлд 2006 оны 05 дугаар сарын сүүлээр Я.Э 10 гаруй хоног ямар ч шалтгаангүйгээр ажил тасалж, холбоогүй алга болсон. ...хүсэлт өгч байгаагүй, зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж албанаас халагдсан” гэж /1хх-ийн 225, 226/,

-2002-2012 онд Хөтөл хот дахь сум дундын Цагдаагийн тасгийн хэв журмын ахлах байцаагчаар ажиллаж байсан гэх гэрч Р.Д-ийн “...Ажиллаж байх хугацаандаа архи ууж, ажил таслах, тасгийн даргын нэрийг барьж өөрийгөө цагдаагийн тасгийн дарга гэж хүний хонь авсан, Америк руу сургуульд явна зэргээр худал хэлж хонь өг гэж шаардсан зэрэг асуудлыг Ө гэж хүн дарга нарт хэлж байсан. Улмаар дахин зөвлөлийн хурлаар оруулж тухайн үеийн дарга болсон үйл явдал, гаргасан зөрчлийг өөрт нь танилцуулж, асуудлыг хэлэлцэж албанаас халах саналтайгаар шийдвэрийг аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн.” гэх /1хх-ийн 228, 229/ мэдүүлэг;

-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...2005 оны асуудал нь албаны шалгалт хийгдэж, 2005 оны 11 дүгээр сард цолыг нь хурааж авсан. 2006 оны асуудал нь ахлагч цолтойгоор ажиллаж байхдаа дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ажлаа тастаж, хүнээс хонь авч, хамтран ажиллаж байсан ажилтныхаа эд мөрийн баримтаар хураасан эд зүйлийг хувьдаа ашигласан гэх үндэслэлээр Хөтөл хот дахь Цагдаагийн тасгийн зөвлөлийн хурлын тэмдэглэл аймагт ирсэн. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 2006 оны 06 дугаар сард тушаалаар ажлаас халсан” гэх тайлбар /1хх-ийн 237/;

4.8. Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч нь “...ажил тасалсан, ...эргүүл тасалсан, 1,2,3 сарын тайлан өгөөгүй, ...ажил дүгнүүлээгүй...жижүүртэй байхдаа архи уусан, ...ажил хийдүүлдэг, ...” гэх зөрчлүүдийг  гаргасан болох нь тогтоогдсон байна.

4.9. Гэтэл нэхэмжлэгчээс одоо тушаалын үндэслэлд буюу “цагдаагийн албанаас дутагдлаар халж” гэснийг “чөлөөлсөн” тушаал болгож гаргуулахаар маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоох боломжгүй.

4.10. Хэдийгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5*  дүгээр тушаалд цагдаагийн албанаас халах талаарх холбогдох хууль, тогтоомжийг баримтлаагүй байх боловч нэхэмжлэгч тухайн үед төрийн албаны харилцаа дуусгавар болгосон шийдвэртэй гомдол гаргаагүйн дээр үүнийг шүүхээс “илт хууль бус” гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа хэлбэрээр зөрчсөн гэж үзэхээргүй байна.

4.11. Нэгэнтээ маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй  болгож болно.” гэх тайлбар үндэслэлгүй.

4.12. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Я.Э-аас “албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан” гэх маргах боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар болон шүүхээс цагдаагийн байгууллагын архивд удаа дараа хийсэн бичиг баримтын үзлэг зэргээр нотлогддоггүй бөгөөд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй боловч нэхэмжлэгч маргаан бүхий актыг гаргаснаас хойш даруй 18 жилийн дараа шүүхэд маргаж байгааг дурдах нь зүйтэй.

4.13. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах сонсох ажиллагаа хийх, гарах шийдвэрийн төрөл үндэслэлийн талаар тайлбар авах ажиллагаа, бодит нөхцөл байдлыг тогтоох зэрэг ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй (маргаан бүхий тухайн үед Захиргааны ерөнхий хууль хэрэгжээгүй байсан) байх бөгөөд Төрийн албаны хууль /2002/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, мөн зүйлийн 39.4, 39.7-т тус тус заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

4.14. Төрийн албаны тухай хууль /2022 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.8-т “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно.”, Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.9-т “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно.” гэж заасан хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд маргаан бүхий актыг “илт хууль бус” агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй.

4.15. Дээрхээс үзэхэд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, мөн холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4.16. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 47-185 дугаар хуудаст авагдсан баримтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх үнэлээгүй болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 159/ШШ2024/0075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны хууль /2002/-ийн 26 дугаар зүйлийн 26.8, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.4, 39.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Э-ын Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5*  дугаартай Албанаас халах тухай тушаалын ...Я-ын Э-ыг  ... албанаас дутагдлаар халж... гэснийг илт хууль бус болохыг тогтоолгох, Я.Э-ыг цагдаагийн албанаас чөлөөлсөн тухай тушаалыг зөвтгөн нөхөн гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ

         ШҮҮГЧ                                                                        Э.ЛХАГВАСҮРЭН

         ШҮҮГЧ                                                                        Т.ЭНХМАА