Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0619

 

 

 

 

 

2021 10 01 128/ШШ2021/0619

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Т овогтой С Ц /РД:/,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч П.Н*******, улсын байцаагч Э.Э*******,

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005667 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С, хариуцагч Э.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч С.Ц******* шүүхэд гаргасан гомдолдоо: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н*******, улсын байцаагч Э.Э******* нар нь Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 2102000108 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн байна. Импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 20.000.000 - 30.000.000 төгрөгөөр тээвэрлэсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 2021 оны 6 дугаар сарын 29-ны өдөр 0005667 дугаартай шийтгэлийн хуудсаар ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд холбогдуулан жолооч С.Ц*******т 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Тус шийтгэл нь хуульд болон бодит байдалд нийцээгүй хийсвэр дүгнэлт өгч шийтгэлийн хуудас бичсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Зөрчлийн хэрэг нээхдээ БНХАУ Монгол Улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй, 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хөдөлгөөн хаасан, ... улс хоорондын ачаа тээвэр гүйцэтгэж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүсэж, үнийн хөөрөгдлөөс болж нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, үнэ өсөж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон эсэхэд ... гэсэн үндэслэлээр зөрчлийг хэрэг нээсэн байх бөгөөд энэ хэргийн материалд гол нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан буюу Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл нь Өрсөлдөөний тухай хууль зөрчих" гээд 4 дэх хэсэгт аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэжээ. Энэхүү хуулийн заалт нь аж ахуйн нэгжид хамааралтай байна. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагааг явуулахыг хориглоно. 12.1.10-т Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироосон худалдааны арга гэжээ. Гэтэл жолооч нар нь аж ахуй эрхлэгч мөн үү. Мөн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг аж ахуй эрхлэгчид хамааралтай байна.

Жолооч С.Ц******* нь ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр хийж байсан бөгөөд Замын-Үүд боомтоор орж ирсэн бүртгэл байдаггүй, харин 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр орж ирсэн бөгөөд иргэн н.Б*******, н.С******* нараас 20,000,000 төгрөг шилжиж ирсэн байдаг. Энэ нь хувь хүмүүс ачааны /тээврийн/ зардлыг шилжүүлж авсан байх бөгөөд иргэд хооронд ачаа бараа тээвэрлэхээр харилцан тохиролцож хэлцэл хийж, хэлцлийн үндсэн дээр тээврийн хөлсийг тохирч дансаар шилжүүлэн авч ажил гүйцэтгэдэг. Энэ нь иргэний эрх зүйн иргэд хоорондын харилцаа үүссэн байхад зөрчлийн хэрэг үүсгэж, шийтгэл оногдуулсан нь хууль бус байна. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шалгалт 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хийгдсэн тул шалгалтаар илрээгүй билээ.

Мөн тухайн тээврийн хэрэгслээр ямар тээвэр хийснийг шалган тогтоогоогүй, жолооч нарын дансанд мөнгө шилжсэн байна гэдгээр арга хэмжээ авсан нь хууль бус Эрээн хотоос 1 тн ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнийг хэдэн төгрөгөөр тээвэрлэдэг болох үнийн тарифыг нарийвчлан тогтоогоогүй хэдэн төгрөгөөр ачдаг зэх зээлийн судалгаа хийж тээврийн зардалыг хэн өсгөсөн болох талаар шалган тогтоогоогүй. Мөн тээврийн зардал өссөнөөр монголын зах зээл Улаанбаатар хотод аль эсвэл аймаг, суманд нарийн ногооны хангалт муудаж, үнэ өссөн тухай баримт хэрэгт авагдаагүй, шалгаагүй. Мөн үнэ өссөнөөс болж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэх аудитын дүгнэлт, аль эсвэл иргэдээс гомдол санал ирсэн талаар баримт байхгүй.

Жолооч нар нь тээврийн төлбөрийг үндэслэлгүйгээр нэмж тээвэрлэсэн гэдэг нь тогтоогдохгүй байх бөгөөд нэгэнт авто машиныг Хятадын хил рүү оруулахгүй, цөөхөн тооны тээврийн хэрэгсэл явж байсан бөгөөд хүнсний ногоо нь амархан мууддаг тул ногоо болон ачааны эзэд нь өөрсдөө үнээ хэлж, бараагаа ачуулж тээврийн хэрэгслийн дугаарыг өгч ачуулдаг тул харилцан тохиролцож үнийг тогтоосон. Мөн тээврийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл улс хоорондын тээвэр хийж байгаа зэрэг онцгой нөхцөл шалтгаантай.

Мөн 1 машин нь хэдэн тонн ачаа тээвэрлэсэн, тэр ачаа нь зах зээлийн ханшаар тээврийн зардал нь хэдэн төгрөг болсон, үүнээс үнэ өсгөж тээвэрлэсэн нь хэдэн төгрөг болох түүний хууль бусаар олсон ашиг нь хэдэн төгрөг болов гэдгийг шалган тогтоогоогүй, ачааны зардалд шилжүүлсэн бүх мөнгийг хууль бусаар олсон орлого гэж улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулга хэсэгт ... БНХАУ талаас КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсаас хилээр нэвтрэх тээврийн хэрэгслэлийн тоонд хязгаар тавьж, өдөрт нэг талдаа 100 тээврийн хэрэгсэл буюу энгийн үетэй харьцуулахад 2-3 дахин бага тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаа бөгөөд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

1. Улаанбаатар хотоос Эрээн хот хүртэл олон улсын тээвэр гүйцэтгэхэд Шаргын овооноос Замын -Үүд, Замын-Үүдээс хилийн 0 цэг, хилийн 0 цэгээс гаалийн хашаа, Гаалийн хашаанаас Эрээн хот хүртэл гэх 4 шат дамжлагыг дамждаг.

2. Хилээр нэвтрэх дараалал, тээвэр гүйцэтгэх олон шат дамжлага зэргээс шалтгаалан нэг тээврийг дунджаар 22-23 хоногт гүйцэтгэдэг.

3. Тээврийн үнэ хөлсний хувьд Шаргын овоонд 15 хоног тусгаарлалтанд байрлах байр, хоолны зардал, хилийн 0 цэгээс машин хүлээн авч буй жолоочийн хөлс гэх мэт зардлууд нэмэгдэж тээвэр гүйцэтгэхэд нийт 2,900,000 төгрөг зарцуулж байна.

4. Хятад талын зуучлагч нар өндөр үнэ хэлж автомашин олдог, энгийн үетэй харьцуулахад 3-5 дахин бага, нэг жолооч сард нэг удаа тээвэр гүйцэтгэж байгаа, тээврийн хэрэгсэл олон жолоочийн гар дамжиж буй учир эвдрэл гэмтэл их гардаг бөгөөд засварын зардлыг 100% жолооч хариуцдаг зэрэг шалтгааны улмаас тээврийн үнэ нэмэгдсэн байна гэж зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулгадаа дээрх 4 үндэслэлээр тээврийн үнэ өссөн талаар тогтоосон дүгнэлт гаргасан байна.

Иймд жолооч С.Ц*******т Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20,00,000 төгрөгийг хурааж, торгууль оногдуулсан улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005667 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны танилцуулгадаа тухайн тээврийн үнэ юунаас болж өссөн талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 4 үндэслэлийг дурдсан байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1-д Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ гэж заасан. Холбогдогчоор Б******* ХХК-ийн захирал н.Б*******г татан, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлэг авсан. Мөн С.Ц*******ыг холбогдогчоор татан, мэдүүлэг авсан. С.Ц*******ыг дахин хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон атлаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчоор тогтоосон тогтоол нь байдаггүй. Тухайн хэрэгт мөн хохирогчийг тогтоосон тогтоол байдаггүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухайн хуулийн 3.1.1-д холбогдогчийн эрх, үүргийг танилцуулсан байх ёстойг заасан, гэтэл тухайн эрх, үүргийг танилцуулсан баримт нь хавтаст хэрэгт байдаггүй. Мөн хохирогчийн мэдүүлэгтэй танилцуулах, гомдол саналтай танилцуулах, ялангуяа зөрчлийн хэргийг нээсэн тогтоолыг танилцуулсан тухай баримт байдаггүй. Зөвхөн шийтгэлийн хуудас хүргүүлэх тухай албан бичиг, шийтгэлийн хуудас хоёрыг л хүргүүлсэн. Тухайн явуулсан баримтын дагуу С.Ц******* зөрчлийн хэрэгт холбогдсон, шийтгэл оногдуулсан гэдгийг мэдсэн.

С.Ц******* мэдүүлэгтээ Би энэ машинаа ямар ачаа ачихыг мэддэггүй, хэзээ машинаа хилээр орох, хэзээ гарч ирэхийг мэддэггүй... гэж мэдүүлсэн. Яагаад гэвэл 50 жолоочийг хятадын талаас оруулан, тухайн 50 хятад жолооч нь давуу байдалтай учраас өндөр үнээр ачааг тээвэрлэдэг. Хятадаас хилийн 0 цэг хүртэл хятад жолооч хүргэдэг, хилийн 0 цэгээс монгол жолооч аван хилийн гааль дээр ирдэг, хилийн гаалиас Шаргын овоо хүртэл явна. Шаргын овооноос С.Ц******* нь машинаа хүлээн авч Улаанбаатар хотод ирдэг. Тэгэхээр машин нь хэзээ орж, гарах талаар С.Ц*******т ямар ч мэдээлэл байдаггүй. н.Б*******, н.Саянямбуу хоёрыг дарамталж, айлган 20,000,000 төгрөгөөр ачаа ачна, тухайн мөнгийг өгөхгүй бол явахгүй гэж хэлэх боломж С.Ц*******т байхгүй. 10 машин шалгаад, 8 жолооч, 2 аж ахуйн нэгж шалгагдсан. Тухайн 8 жолоочийн мэдүүлэгт ...Тэр өвөр монгол хүн ачааны талаар ачааны эзэн н.Б*******д танай ачаа ийм машинд ачигдлаа гэж хэлдэг... гэж мэдүүлсэн. Мөн н.Б*******, н.Саянямбуу хоёроос тайлбар авахдаа хохирогчоор биш гэрчээр тайлбар мэдүүлэг авсан.

Хариуцагч тал нь С.Ц******* нь зардал гаргасан гэж мэдүүлсэн боловч тухайн гаргасан зардлаа нотолж чадаагүй гэж тайлбарлаж байна. С.Ц******* нь хятадын талд гарч байгаа зардлын талаар баримт авах боломжгүй. С.Ц******* ч гэсэн хэрэглэгч. Тухайн зөрчлийн хэргээс харахад ямар нэгэн хохирогч тогтоогдоогүй, С.Ц******* нь холбогдогч гэдгийг нотолсон хууль зүйн баримт байхгүй байна. Тийм учраас С.Ц*******т торгууль оногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 005667 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 1/23 дугаартай удирдамжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд хилийн Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар тогтоогдсон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас /Монгол Улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй/ 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хөдөлгөөнийг хааж, 4 дүгээр сарын 07-ны өдрөөс БНХАУ-ын талаас Монгол Улсаас өдөрт 20 тээврийн хэрэгсэл, 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 50 тээврийн хэрэгсэл, 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 100 тээврийн хэрэгсэл хүлээн авч байгааг улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэсэн гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд нэмэлт нотлох баримт бүрдүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардпагатай байсан тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдпага болгон 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2102000108 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Иргэн С******* овогтой Ц******* нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасныг зөрчсөн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон тул хууль бусаар олсон орлого болох 20,000,000 төгрөгийг хурааж, хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний тегрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2021 оны 04 дүгээр сарын сүүл болон 2021 оны 05 дугаар сарын эхээр иргэд, хэрэглэгчдээс хилийн Замын-Үүд боомтоор гүйцэтгэж байгаа тээврийн үнийн өсөлттэй холбоотой гомдол ихээр ирсэн. Иргэд хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 123 тоот удирдамжийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хилийн Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үйл ажиллагаанд удирдамжтай хяналт шалгалтыг хийсэн.

Тухайн хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал нь 2021 оны 03 дугаар сарын 20-ний өдрөөс БНХАУ-ын талаас Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас авто тээврийн хэрэгслийг нэвтрүүлээгүй, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс өдөрт 50 автомашин, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс өдөрт 60-100 тээврийн хэрэгсэл хүлээн авч байгаа онцгой нөхцөл байдал үүссэн. Энэ онцгой нөхцөл байдлыг энгийн үетэй харьцуулахад өдөрт хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл нь 2-3 дахин бага байна. Ийм онцгой нөхцөл байдал үүссэн үед импортын барааны ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүссэн гэх зөрчлийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 210200108 дугаартай зөрчлийн хэрэг нээж шалгасан. Уг зөрчлийн хэрэг шалгах ажиллагаанд Хил хамгаалах ерөнхий газраас Замын-Үүд боомтоор улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн лавлагааг авсан. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 0555 СББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хилийн Замын-Үүд боомтоор орсон, 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гарсан. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас авсан лавлагаагаар тухайн 0555 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь С.Ц******* гэсэн лавлагааг ирүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр С.Ц*******аас мэдүүлэг авсан. С.Ц******* мэдүүлэгтээ 20 сая төгрөгөөр буюу өндөр үнээр ачаа тээвэрлэснээ хүлээн зөвшөөрсөн. Иймд Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу хууль бусаар олсон орлого болох 20 сая төгрөгийн хурааж, мөн 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 005667 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас тухайн жолоочийг аж ахуй эрхлэгч биш гэж тайлбарлаж байна. Хариуцагч зүгээс жолооч С.Ц******* нь аж ахуй эрхлэгч мөн гэж үзэж байна. Учир нь Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.3-т аж ахуй эрхлэгч гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг ойлгоно гэж заасан. Иймд С.Ц******* нь хувь хүн мөн юм байна, мөн ашгийн төлөө бусдын ачааг хөлсөөр, нэг цэгээс нөгөө цэгт хүргэж байгаа аж ахуй эрхлэгч мөн юм байна гэж үзэж байна. Аж ахуй эрхлэгч мөн учраас Зөрчлийн тухайн хуулийн 17 дугаар зүйлийн 4.3-т заасан урьдчилсан нөхцөл бүрдэж байна.

Тээврийн зардал, төлбөрийн асуудлаар тайлбарлахад БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл ойролцоогоор 700 километрийн зайтай байдаг. Нэг талдаа 8-10 цагийн турш тээврийн хэрэгсэл нь явдаг, Ковид-19 өвчний нөхцөл байдлын үед буюу үнийн өсөлтийн тухайн зай нь өөрчлөгдөөгүй, шатахууны үнэ нэмэгдээгүй учраас тээврийн хөлсийг нэмэх үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Тээврийн хөлс нь энгийн үед нэг талдаа 2,000,000-2,200,000 төгрөг байсан. Гэтэл тухайн хяналт, шалгалтын үед тухайн тээврийн хөлс нь хамгийн багадаа 20,000,000 төгрөгөөр тээвэр хийсэн нь тогтоогдсон. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр холбогдогчоос авсан мэдүүлгээр 20,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн гэдгээ холбогдогч нь хүлээн зөвшөөрсөн.

...Ачааны үнийг жолооч нар өсгөөгүй, ачааны эзэд өөрсдөө өсгөсөн, эсвэл хятадын талаас өсгөсөн... гэж холбогдогч тал маргадаг. Гэтэл ямар ч бизнес эрхлэгч нь өөрийнхөө ачааг боломжит бага зардлаар тээвэрлүүлэх хүсэл сонирхолтой байдаг болохоос биш өөрсдөө өндөр үнээр тээвэрлүүлэхгүй гэж үзэж байна. Улаанбаатар хотоос Шаргын овоо, хилийн 0 цэг хүртэл 4 шат дамжлага дамждаг, үүнд илүү зардал гардаг гэж тайлбарлаж байна. Бид бодит байдалд очиж үзэхэд хүн болгонд харилцан адилгүй зардал гардаг юм байна. Зарим хүн тус тусдаа жолоочид цалин болон тусгаарлалтын зардал өгдөг учраас өндөр зардал гардаг юм байна. С.Ц******* хувьд өөрөө нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл гаргасан зардлуудаа нотолж чадаагүй. Бид тухайн зардлуудаа нотолж чадсан бол илүү гарсан зардлыг тухайн хууль бусаар олсон орлогоос хасаж тооцох бүрэн боломжтой байсан. Тийм учраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тээврийн хөлсөө нэмсэн байна. Тухайн гарсан бодит зардлыг 20 сая төгрөгөөс хасах ёстой байсан гэдэгт санал нэг байна. Гэхдээ 11 сая төгрөгийн бодит зардал гарсан гэдгийг манай талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан. Холбогдогч нь хэдий тайлбар гаргасан ч гэсэн нотолж чадаагүй.

Нэхэмжлэгч талаас ...өрсөлдөөнийг хэрхэн хязгаарласныг нотлоогүй байна... гэж тайлбарлаж байна. Гэтэл онцгой нөхцөл байдлын үед өндөр үнээр тээвэр хийсэн нь хэрэглэгчдэд шууд болон шууд бусаар өрсөлдөөнийг хязгаарлаж байна гэж үзэж байна. Яагаад гэвэл өндөр үнээр ачаа тээвэр авах нь цөөн тоогоор орж байгаа бусад хүмүүс нь ачаа ачих боломгүй болж байна. Өөрөөр хэлбэл өндөр үнээр тээвэр хийсэн жолооч нь дараачийн дараалал дайрах, өндөр үнээр олсон мөнгөөрөө хахууль хураамжийг нь төлж орсон тохиолдол байсан. Бараг 1000 машин дараалалд зогсож байсан. Бодит байдалд наана нь 800-1000 машин дараалалд зогсож байгаа боловч хилээр орж байгаа машин цөөхөн байгаа. Хилээр орж байгаа цөөхөн машины хувьд өрсөлдөөн бага болчихож байгаа юм. Өмнө нь өдөрт 150 машин ордог, зах зээлийнхээ үнээр ачна. Тэгэхээр өдөрт 5-10 машин ороход өрсөлдөөнийг хязгаарлаж байна, 10 сая төгрөгөөр тээвэрлэлт хийхгүй гэх мэтээр өрсөлдөөнийг хязгаарласан. Тухайн тээвэрлэлтийн үнийг 20 сая төгрөг болгон үндэслэлгүйгээр үнэ нэмсэн нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга байна гэж манай байгууллагаас үзсэн. Өрсөлдөөнийг хязгаарласан тухайд явцуу утгаар буюу нэг өрсөлдөгч нөгөө өрсөлдөгчийг хязгаарлан гэж ойлгож болохгүй юм байна, өрсөлдөөнийг хязгаарласан гэдэг нь өргөн хүрээтэй ойлголт юм байна, өөрөөр хэлбэл өндөр үнээр үйлчилгээ үзүүлэх, аж ахуй эрхлэх нь өрсөлдөөнийг хязгаарласан харилцаа юм байна гэж манай байгууллагын зүгээс үзсэн.

Мөн өндөр үнээр орж ирсэн ногооны үнэ шууд нэмэгдсэн. Үүнд тодорхой нотлох баримт байхгүй гэж тайлбарлаж байна. Хүнсний ногоо өндөр үнэтэй болсон нь нийтэд илэрхий үйл баримт байсан, мөн ачаа тээврийн үнэ өссөн нь нийтэд илэрхий үйл баримт байсан. Нэгэнт нийтэд илэрхий үйл баримт учраас 14 хоногийн ажиллагаа хийж нотлох шаардлагагүй гэж үзсэн. Хамгийн эхэнд нарийн ногооны тээвэрлэлтийн үнэ нь өссөн. Зах эрэлтээс шалтгаалан Замын-Үүд боомтод хөргүүртэй машин буюу хүнсний ногоо, жимс тээвэрлэдэг машинуудын талаар өдрийн тоо хэмжээ заасан. Өдөрт 20 машин хилээр нэвтрэхэд 10 нь хөргүүртэй машин байна гэх мэтээр зохицуулалт хийсэн. Тухайн машин нь хөргүүртэй буюу шаардлага хангасан машин. Хятад талаас нарийн ногооны үнэ өссөн зүйл огт байхгүй. Нийлүүлэлт өссөн, багассан зүйл байхгүй. Хэрвээ тухайн тээврийн үйлчилгээг авахгүй бол тухайн хэрэглэгчийн өөрийнх нь бизнесийн үйл ажиллагаа зогсоно. Үүнд өндөр үнээр тээвэрлэлт хийсэн хүн л буруутай гэж үзэж байна.

Үгсэн хуйвалдаж тээврийн үнээ нэмсэн асуудалд 800 орчим жолоочид Та нар үгсэн хуйвалдаж болохгүй, тээврийн үнийг үндэслэлгүйгээр нэмэх юм бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ. гэсэн албан шаардлага хүргүүлсэн. Тэгэхээр 800 жолоочид арга хэмжээ авах боломжгүй юм. Энэ удаагийн асуудалд яагаад С.Ц******* нарын 10 хүнийг сонгосон талаар хариулт өгөхөд эхлээд тээврийн зардал өндөр үнэтэй байгаа тухай гомдол ирсэн. Ямар учир шалтгааны улмаас ямар төрлийн ачаа тээвэр нэмэгдсэн талаар судалж үзэхэд нарийн ногоо, жимс, жимсгэнийн тээврийн үнэ өссөн байсан. Үүний дагуу хамгийн түрүүнд Барс худалдааны төвд очин шалгахад худалдаа эрхлэгч нарын мэдээллийн дагуу тухайн 10 жолоочийг тогтоосон. Тэгээд Хил хамгаалах ерөнхий газраас лавлагаа гаргуулахад тухайн 10 жолооч нь хилээр нэвтэрсэн байсан.

Хятад талд гаргасан зардлыг нотлох боломжгүй гэж тайлбарлаж байна. Шилжүүлсэн баримтаар нотлох боломжтой байсан. Тухайн зардлыг гаргаагүй учраас нотолж чадаагүй гэж үзэж байна. ...Ямар ачаа ачих болон хэдэн төгрөгөөр ачихаа мэдэхгүй... гэж тайлбарласан гэж байна. С.Ц******* нь өөрийн биеэр Эрээн хотоос ачаа ачаагүй боловч мэдээж ямар ачаа ачсан, тээврийн үнийн талаар мэдэж байдаг. Хэн нэгэн шууд дур мэдэн хүний машинд ачаа ачихгүй шүү дээ. Мөн холбогдогчоор тогтоогоогүй гэж тайлбарлаж байна. Холбогдогчоор заавал тогтоох эрх зүйн хэлбэр байхгүй. Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоолын хувьд манай байгууллагаас илүү ажиллагаа хийсэн. Гэхдээ анх зөрчлийн хэрэг нээхдээ тухайн машины дугаараар хайхад тухайн компанийн захирлыг холбогдогчоор тогтоосон. Үүнийг хууль бус гэж үзэхгүй байна. Ямар ч зөрчилд холбогдсоноо мэдээгүй, шуудангаар ирсэн албан бичгээс мэдсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл С.Ц******* нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлэг өгөн, тухайн мэдүүлэгт холбогдогчийн эрх үүргийг танилцуулсан тухай байна. Тухайн мэдүүлгийн нүүрэнд С.Ц******* гэж нэрээ бичсэн, арын хуудсанд ...мэдүүлэг өгсөн холбогдогч С.Ц*******... гэж гарын үсгээ зурсан харагдаж байна. Танилцуулсан баримтад гарын үсгээ зураагүй ч гэсэн мэдүүлэг авсан баримтад гарын үсэг зурсан байна. Үүний дагуу зөрчлийн хэрэгтэй танилцах, өмгөөлөгч авах бүх эрхүүдийг заасан байна. С.Ц******* нь зөрчлийн хэрэгтэй танилцах, нэмэлт хүсэлт гаргах талаар хандаагүй учраас үүнд хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд энгийн үед 2,000,000 төгрөгөөр хийдэг тээвэрлэлтэд тухайн зардлаа хасаад тээвэрлэлт хийх бүрэн боломжтой байсан. Нийт олсон орлого буюу 20,000,000 төгрөгийн орлогыг хууль бусаар олсон орлого гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэн 2,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч С.Ц******* нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар түүнээс 20,000,000 төгрөгийг хурааж, торгох шийтгэл оногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005667 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гарган маргасан бөгөөд хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материалыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Улс хоорондын ачаа тээврийн үнийн өсөлттэй холбоотой гомдол, мэдээллийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/23 тоот хилийн Замын-Үүд боомтоор улс хоорондын тээвэр гүйцэтгэж буй аж ахуй эрхлэгч, иргэдийг шалгах удирдамжаар 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 06-ны өдөр хилийн Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үйл ажиллагаанд тус газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хяналт шалгалт хийж, шалгалтаар БНХАУ-ын талаас Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс Монгол Улсаас авто тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлээгүй, 4 дүгээр сарын 07-ны өдрөөс өдөрт 50 автомашин, 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өдөрт 60-100 тээврийн хэрэгсэл хүлээн авч байгаагаас үүдэн улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, жолооч нар импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэсэн, үүнээс шалтгаалж нарийн ногоо, жимсний нийлүүлэлт багасч, зохиомол үнийн хөөрөгдөл үүссэн гэх зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлж, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 2102000108 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Улмаар хөргүүртэй тээврийн хэрэгслээр нарийн ногоо, жимс жимсгэнийг 20,000,000-30,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн гэх 10 автомашины жолооч, аж ахуй эрхлэгчид шийтгэл оногдуулсан, тухайлбал улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 005667 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч С.Ц*******ыг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзэж тээврийн үйлчилгээний орлого 20,000,000 төгрөгийг хууль бусаар олсон хөрөнгө орлого хэмээн хурааж, хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.

Маргаан бүхий шийтгэлийн хуудаст хамаарах 0555 СББ улсын дугаартай Вольво маркийн хөргүүртэй ачааны автомашин нь Б******* ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй ч гомдол гаргагч С.Ц*******ын өмчлөлийнх, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр гарсан, импортын ачаа тээвэрлэн 4 дүгээр сарын 11-ний өдөр хилээр орсон, энэ тээвэрлэлтийн хөлсөнд С.Ц******* нь 20,000,000 төгрөгийг /4 дүгээр сарын 09-нд 10,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 10-нд 10,000,000 төгрөг/ ХААН банк дахь өөрийн дансаар шилжүүлэн авсан нь зөрчлийн хэрэгт нотлогдсон, талууд энэ талаар маргадаггүй.

Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа ч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар зөрчлийг шалгаж тогтоохдоо ч бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийх ёстой.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар удирдамжийн дагуу хяналт шалгалтаар зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан танилцуулгадаа ... БНХАУ талаас КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсаас хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоонд хязгаар тавьж, өдөрт нэг талдаа 100 тээврийн хэрэгсэл буюу энгийн үетэй харьцуулахад 2-3 дахин бага тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаа бөгөөд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

1. Улаанбаатар хотоос Эрээн хот хүртэл олон улсын тээвэр гүйцэтгэхэд Шаргын овооноос Замын -Үүд, Замын-Үүдээс хилийн 0 цэг, хилийн 0 цэгээс гаалийн хашаа, гаалийн хашаанаас Эрээн хот хүртэл гэх 4 шат дамжлагыг дамждаг.

2. Хилээр нэвтрэх дараалал, тээвэр гүйцэтгэх олон шат дамжлага зэргээс шалтгаалан нэг тээврийг дунджаар 22-23 хоногт гүйцэтгэдэг.

3. Тээврийн үнэ хөлсний хувьд Шаргын овоонд 15 хоног тусгаарлалтанд байрлах байр, хоолны зардал, хилийн 0 цэгээс машин хүлээн авч буй жолоочийн хөлс гэх мэт зардлууд нэмэгдэж тээвэр гүйцэтгэхэд нийт 2,900,000 төгрөг зарцуулж байна.

4. Хятад талын зуучлагч нар өндөр үнэ хэлж автомашин олдог, энгийн үетэй харьцуулахад 3-5 дахин бага, нэг жолооч сард нэг удаа тээвэр гүйцэтгэж байгаа, тээврийн хэрэгсэл олон жолоочийн гар дамжиж буй учир эвдрэл гэмтэл их гардаг бөгөөд засварын зардлыг 100 хувь жолооч хариуцдаг зэрэг шалтгааны улмаас тээврийн үнэ нэмэгдсэн байна гэжээ.

Ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар дээрх 4 үндэслэлээр тээврийн үнэ өссөн нөхцөл байдлыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээний үнэ нэмэгдсэн шалтгаан нөхцөлийг буюу бодит нөхцөл байдлыг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлсэн атлаа, тогтоогдсон нөхцөл байдлыг зөв дүгнээгүйгээс зөрчлийн хэргийг буруу шийдвэрлэжээ гэж шүүх үзлээ.

С.Ц*******т холбогдуулан зөрчил гэж үзсэн үйлдэл нь аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэх боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал нь өөр, тодруулбал Улаанбаатар хотоос Эрээн хот хүртэл олон улсын тээврийн замыг 4 хэсэгт хувааж, тус бүртээ хязгаарлалтын дэглэм үйлчилж, улмаар хилээр нэвтрэх дараалал ихээр үүсч, нэг удаагийн тээврийг 22-23 хоногт гүйцэтгэдэг болсон, тээврийн үнэ өссөн шалтгаанд жолоочийн тусгаарлалтын зардал, 4 хэсэгт солигдож буй жолооч нарын ажлын хөлс өссөн, тээвэрлэлтийн рейс энгийн үетэй харьцуулахад 3-5 дахин багасаж, нэг тээврийн хэрэгсэл, нэг жолооч сард нэг удаа тээвэрт явж байгаа, жолоо дамжуулж байгаагаас тээврийн хэрэгслийн эвдрэл их, автомашины засварын зардал нэмэгдсэн, энэ эрсдэлийг жолооч хариуцдаг зэрэг шалтгаануудын улмаас тээврийн үнэ нэмэгдсэн болохыг тогтоосон байна.

Удирдамжийн дагуу хийсэн шалгалтаар болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар жолооч нарыг үгсэн хуйвалдаж, хясан боогдуулах замаар тээврийн үнийг зохиомлоор өсгөсөн үйлдэл тогтоогоогүй атлаа ийнхүү импортын хүнсний нарийн ногоо, жимсний тээвэрлэлтийн үнэ өссөнийг дан ганц жолооч нарын буюу тухайлбал С.Ц*******ыг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэж торгох шийтгэл ногдуулан, тээвэрлэлтийн хөлсийг бүхэлд нь хууль бусаар олсон хөрөнгө орлогод тооцон хураасан нь хуульд нийцээгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг буруу хэрэглэсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл 800-1000 автомашин улс хоорондын импортын барааны тээвэрлэлт хийж байхад цар тахлын хязгаарлалтын улмаас БНХАУ талаас өдөрт хилээр нэвтрүүлэх ачааны тээврийн хэрэгслийн тоог хязгаарласан нь хэн нэгэнд давуу байдал үүсгэх зорилгогүй, энэ нөхцөл байдал нь жолооч нараас шалтгаалаагүй, өдөрт хилээр нэвтрүүлэх ачааны тээврийн хэрэгслийн тоог хязгаарласанд өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн С.Ц*******ын үйлдэл байхгүй атал өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчил гэж үзсэн нь, тээврийн үйлчилгээг хууль бус үйл ажиллагаа үзсэн нь, тээврийн үйлчилгээний орлогыг хууль бусаар олсон орлого гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Тээвэрлэгч нь тээвэрлэлтийн тусгай горим шаардагдах нарийн ногоо, жимс жимсгэнэ импортлогчийг хясан боогдуулах замаар тээвэрлэлтийн үйлчилгээний үнийг өсгөсөн буюу өрсөлдөөнийг хязгаарласан аливаа үйл ажиллагаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдоогүй, нөгөө талаас тухайн зөрчилд холбогдсон тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэгч нь ийнхүү хясан боогдуулах замаар ноёлох үйл ажиллагаа явуулах боломжтой давамгай байдалтай этгээд биш юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийх үндэслэл, зөрчлийн хэрэг нээх үндэслэлд дурдсанчлан импортын бараа бүтээгдэхүүний тээврийн үнэ огцом өссөн, энэ нь импортын нарийн ногоо, жимсний нийлүүлэлт багасахад, үнэ өсөхөд нөлөөлсөн байх ч энэ асуудалд улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, жолооч нарыг буруутгаж, хариуцлагыг тэдэнд хүлээлгэж буй нь үндэслэлгүй, тэдгээр иргэд нь тодорхой гэрээ, шийдвэрийн дагуу хөнгөлөлт, урамшуулал авах байдлаар тээвэрлэлтийн үнийг өсгөхгүй гэсэн үүрэг хүлээсэн этгээд биш юм. Тэр тусмаа үнийн өсөлтөөс нь хамаарч тээвэрлэлтийн үйлчилгээг хууль бус үйл ажиллагаа гэж үзэж болохгүй, тээврийн үйлчилгээний орлогыг бүхэлд нь хууль бусаар олсон орлого гэж үзэхгүй.

Дээрхээс дүгнэвэл иргэний эрх зүйн харилцаанд тээвэрлэлтийн гэрээний дагуу оролцож буй аж ахуй эрхлэгчийг цар тахлын нөхцөл байдалд гадаад улсын тавьж буй хязгаарлалтын горим дэглэмээс хамаарсан эрэлт, тодорхой зардлууд өссөнөөс үүдэлтэй зарим нэр төрлийн барааны тээврийн зардал, тээвэрлэлтийн үйлчилгээний үнэ өсөж тогтоогдсоныг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд С.Ц*******ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнээс 20,000,000 төгрөгийг хурааж, 2,000,000 төгрөгөөр торгосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005667 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг баримтлан С.Ц*******ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005667 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч С.Ц*******т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА