Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1021

 

 

 

 

 

 

 

2019           10            15                                           2019/ДШМ/1021

 

Н.Бод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч                 С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

хохирогч Д.Саран-Очир,

шүүгдэгч Н.Б,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1371 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Саран-Очирын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Бод холбогдох 1906 04036 1681 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Нн Б 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../;

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 23 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, сулласан;

Н.Б нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчим ... байрны гадна иргэн Д.Саран-Очиртой маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Н Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Н.Бод 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Н.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Боос 50.450 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Саран-Очирт олгож, хохирогч Д.Саран-Очир нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Саран-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр надад мөнгөө олгосон гэж бичсэн байна. Би мөнгө хүлээж аваагүй учир гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хүсэлтэй байна. Миний бие жуулчинд үйлчилдэг ажилд явах байсан боловч эрүүл мэндийн шалтгаанаар явж чадаагүй. Тиймээс 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирол төлбөрийг нэхэмжлэлийн дагуу өгнө гэдгээ хэлсэн. Анхан шатны шүүх хуралдааны үеэр 50.000 төгрөгийг авч очсон боловч нотлох баримтгүйгээр мөнгө нэхсэн. Шүүхээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж хэлсэн...” гэв.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Ариунжаргалын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагч болон хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Анхан шатны шүүх хохирогч Д.Саран-Очирыг өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Мөн хохирогч Д.Саран-Очир нь нотлох баримтаар 50.450 төгрөг нэхэмжилсэн. Өөр нотлох баримт гаргаж өгөөгүй учраас шүүх хохирогчийн мэдүүлгээр нэхэмжилсэн мөнгийг шийтгэх тогтоолд дурдах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 12.00 цагийн үед ... байрны гадна архи ууж согтуурсан байхдаа иргэн Д.Саран-Очиртой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Саран-Очирын “...Тэгээд зогсож байтал 40 орчим насны 160-170 см орчим өндөртэй, хүрэн эрээн футболктой, шорт, тавчиктай залуу миний нүүр рүү нэг удаа хүчтэй цохисон...Намайг цохисон залуу 17 дугаар байрны 3 давхарт 51 тоотод оршин суух Б гэх залуу байдаг гэж сонссон. ...” гэх /хх 7, 9/,

гэрч Б.Ариунжаргалын “...Тэнд ямар нэгэн байдлаар зодоон болоогүй байхад Б гэх хүн нь гэнэт манай дүү Саран-Очирын нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. ...” гэх

шүүгдэгч Н.Бын яллагдагчаар өгсөн “...Би гарч ирсэн хоёр залуутай маргалдаж байтал араас нэг нь цохиод авахаар нь би эргэж хараад цохисон. ...” гэх /хх 29-30/ мэдүүлгүүд,

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн эмчийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлт /хх 12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 8414 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 13/, эмнэлгийн магадалгаа /хх 38/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд уг зүйлд зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Хохирогч Д.Саран-Очирын “...2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Саран-Очирыг хохирогчоор тогтоон мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтас хэрэгт бэхжүүлж тусгуулах”, 1.3 дахь заалт “мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах” зэрэг хохирогчийн эрх, үүргийг тайлбарлан өгчээ. /хх 6-10/

Хохирогч Д.Саран-Очир өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой хохирлын 50.450 төгрөгийн баримт /хх 38/ гарган өгснийг анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд энэ мөнгийг гэм буруутай этгээдээс гаргуулан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн гэм хорын бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тодорхой дурдсан байна.

Иймд хохирогч Д.Саран-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1371 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1371 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Саран-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

         ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ