| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0012/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/15 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Л.П.О-чимэг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттөмөр, Б.Манлайбаяр, Б.Ганчимэг,
Шүүгдэгч М.Б-, Б.О-, М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-, Б.О- нарт холбогдох эрүүгийн 2138002510036 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.О-,
Монгол Улсын иргэн, М.Б-,
Монгол Улсын иргэн, М.Б-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Дунд тоомын ам” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө өөрийн гэртээ архи нэхсэн гэх шалтгааны улмаас М.Л-, М.Б- нартай маргалдаж улмаар хохирогч М.Л-ийн толгой хэсэгт хатуу мохоо зүйлээр цохиж дагзны хуйханд сорви бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хохирогч М.Б-ын толгой хэсэгт хатуу мохоо зүйлээр цохиж зүүн зулайн хуйхны шарх бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч М.Б- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Дунд тоомын ам” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч М.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдож онц харгис хэрцгийгээр буюу хутгаар толгой тус газарт нь олон удаа зүсэж, халуун цайгаар хүзүүг нь түлж, биед нь олон тооны шарх сорви үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Дунд тоомын ам” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч М.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдож зүүн шуу хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн шуунд шарх, баруун зулай, зүүн шилбэнд сорви, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138002510036 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.О- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Дунд тоомын ам” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө өөрийн гэртээ архи нэхсэн гэх шалтгааны улмаас М.Л-, М.Б- нартай маргалдаж улмаар хохирогч М.Л-ийн толгой хэсэгт хатуу мохоо зүйлээр цохиж “дагзны хуйханд сорви” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хохирогч М.Б-ын толгой хэсэгт хатуу мохоо зүйлээр цохиж “зүүн зулайн хуйхны шарх” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч М.Б- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Дунд тоомын ам” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч М.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдож онц харгис хэрцгийгээр буюу хутгаар толгой тус газарт нь олон удаа зүсэж, халуун цайгаар хүзүүг нь түлж, биед нь “олон тооны шарх сорви” үүсгэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Дунд тоомын ам” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч М.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдож зүүн шуу хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “зүүн шуунд шарх, баруун зулай, зүүн шилбэнд сорви, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-ийн өгсөн: “...М.Б- айлын гадаа “одоо чамайг ална” гээд намайг цохиод байсан. Тэгэхээр нь би одоо боль гэж хэлсэн чинь болихгүй намайг цохиод байсан. Тэгээд би н.Ц-ын гэрт нь орсон. М.Б- нь Ц-ын гэрт орсон талаараа ч мэдэхгүй байгаа. н.Ц-ын гэр лүү ороод хутга барьж аваад намайг ална гээд гүйгээд байсан. Тэгээд би хутгыг нь булааж аваад байж байхад өөрийнхөө толгой хавьд чичсэн. Би М.Б-ын бие рүү чичсэн асуудал байхгүй. Би М.Б-ын бие рүү халуун цай цацсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-гийн өгсөн: “...Тухайн шөнө болсон явдалд би М.Б-ыг огт цохиогүй, намайг гүтгэж байна. ...М.Б- их согтуу байсан. Намайг орноосоо босож ирэхэд шууд үсдээд цохиод байсан. Би их гомдолтой байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-ын: “...мэдүүлэг өгөхгүй. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Б-ын өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр орой ...23 цагийн үед М.Б- гэдэг айлд очоод “архи байна уу” гэж асуухад эхнэр Б.О- нь орондоо хэвтэж байгаад босч ирээд намайг “зайл, юун архи” гээд алгадаж, цохиж гэрээсээ хөөж гаргасан. Тэгээд гэрээс гарч явахад араас хатуу юмаар толгойны овоо хэсэгт хага цохисон. Тэдний гэрт М.Б-, эхнэр Б.О- хоёр байсан. ...М.Б- миний нүүр толгойг хавдаж няцартал зодсон. Би тухай үед айлд очиж архи нэхсэнээсээ болж зодуулсан нь миний буруутай үйлдэл байсан тул гомдол гаргаагүй. ...2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ...Би М.Б- ах та яагаад намайг ийм болтол зодож байгаа юм. Миний толгой хагарсан бие муу байгаа гээд зодолдохоор барьцалдаж авахад намайг газар унагаагаад босгохгүй толгой, нүүр рүү өшиглөөд байсан. ...Тэгээд М.Б- Б- гэдэг айлд гүйж орсон. Би доошоо хараад толгойгоо дараад хэвтэж байтал гүйж ирээд хүзүү рүү халуун юм хийчихсэн. Миний хүзүү түлэгдээд орилж хашхирч байтал дахиад л нүүр толгой руу өшиглөсөн. Би тухай үед дахин ухаан балартаад хэвтэж байтал хажууд бор алаг хуйтай тонгоргон хутга хэвтэж байхаар нь барьж аваад босож ирээд М.Б-ийг дөхүүлэхгүй санаатай салгалаад зогсож байтал намайг цохиж унагаагаад гар дээр дэвсэж хутга салгаж аваад тэр хутгаар толгой руу 4 удаа хутгалсан. ...Миний толгойноос цус гараад тогтохгүй байсан. Надаас их цус гарсан тул тамир тэнхээ алдаад алхаж явж хүргэн ах Д.Б-ийнд очоод ухаан алдаж унасан байсан. ...Миний толгойн 4 хэсэгт зүсэгдсэн байсан ба 3 газар оёдол тавиулсан. Баруун шанаанд хутгаар зүсэгдсэн. Хоёр гарт хутгаар зүсэгдсэн. Нүүрэн хэсэгт өшиглүүлснээс болоод хавдсан гэмтлүүд маш их байна. ...мөн халуун шингэн зүйл хийснээс нь болоод хүзүү түлэгдсэн. ...би маш гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-52 тал/,
Хохирогч М.Б-ийн өгсөн: "...2021 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэртээ эхнэр Б.О-гийн хамт унтаж байтал 03 цагийн үед М.Б-, М.Л-, Х.Н- нар согтуугаар машинтай манайд ирсэн. ...Тэгтэл намайг “хулгайч, хулгай хийсээр байгаад мянгат малчин болсон” гэх мэтээр хэл амаар доромжилж, сууж байсан газраасаа босож ирэнгүүтээ миний ор руу М.Б- хөлөөрөө өшиглөсөн. ...манай эхнэрийг үсдэх үед нь би орноосоо босоход М.Л- надтай барьцалдаж аваад ор руу намайг унагааж, миний нүүр рүү 2-3 удаа цохисон. ...М.Л- гэрээс гараад явсны дараа М.Б- надтай гэр дотор удаан барьцалдаж, зодолдсон. ...Тэгснээ М.Л- машинтайгаа буцаад цаашаагаа тэр чигтээ явсан. ...би аргаа бараад эхнэрийгээ уяа авч ир гээд М.Б-ыг уяхаар шийдэж, эхнэр маань уяа авч ирэхээр нь М.Б-ын хоёр гарыг өрөөсөн хөлтэй нь хүлсэн. ...Дараа нь би 2021 оны 09 сарын 25-ны өдөр ...Ц-ын гэрийн гадаа ...М.Б- намайг харангуутаа үгийн зөрөөгүй “чамайг шууд ална” гээд над руу гүйж ирээд шууд намайг цохиж, нүдсэн. Тэгэхээр нь би мотоциклио унагааж хаячихаад М.Б-той барилцаж авсан. Би М.Б-ыг түлхэхэд бид хоёр хамтдаа мотоциклийн дээгүүр давж унасан. ...Тэгж ноцолдож байгаад салаад би Ц-ын гэрт орсон. ...Би тэднийхээс гараад ирэхэд М.Б- хутга барьчихсан над руу дайрсан. М.Б- миний цээж рүү чичих үед нь би гараараа хаахад миний зүүн гарын шуу зүсэгдсэн. Би хутгыг нь булааж авах гэж М.Б-той нэлээн ноцолдсон. Ноцолдож байх үед М.Б- миний толгой руу 2 удаа зүссэн. Тэгж байж хутгыг нь салгаж аваад би Ц-ын аав Б-ийн гэр рүү ороод хутгыг тогооны тавиур доогуур нууж хаясан. Б-ийн гэрт түүний эхнэр О-ганцаараа байсан. Тэгээд би гараад очиход М.Б- овоотой чулуу руу гүйгээд явж байсан. ...Тухайн орой 22 цаг өнгөрч байхад сумын төвөөс түргэний эмч М.Б-ын гэрт ирж, М.Б-ыг үзэж байсан. ...Би бас эхнэрийнхээ хамт гэртээ тэр үед нь С- эмчид үзүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57 тал/,
Хохирогч М.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөв мэдүүлсэн байгаа. Би 2021 оны 09 сарын 21-ний 22 цагаас 23 цагийн хооронд нутгийн ах М.Б-ийн гэрт ороод архи асуутал эхнэр Б.О- нь хөөгөөд, гэрээс нь гарах гэж байтал араас миний толгой руу төмөр зүйлээр Б.О- нэг удаа цохисон юм. Би юугаар цохисныг нь хараагүй шууд гэрээс нь гараад машиндаа хэсэг сууж байгаад яваад өгсөн. Миний толгой хөдөлж, толгойны ар хэсэг хавантсан, тухайн үед нутгийн Ц- гэх хүнээр толгойгоо бариулж зүгээр болсон. Одоо толгойны ар хэсэгт цохиулсан хэсэгт сорви үлдсэн байдаг юм. Би тухайн үед бага зэргийн согтолттой байсан, юу болсныг сайн санаж байна. ...М.Б- нь М.Б-ийн гэрт толгойгоороо зуух мөргөсөн асуудал байхгүй тийм зүйл болоогүй. М.Б-, Н- бид гурав архи асуухад Б.О- уурлаад хөөгөөд, гэрээс нь шууд эхлээд Н- гараад би араас нь гарах гэж байхад Б.О- намайг төмрөөр цохисон. Би цохиулаад шууд гарсан. Миний араас бас М.Б-, М.Б-, Б.О- нар шууд л гарч ирцгээсэн. Би тэр үед нь машиндаа суугаад машины гэрлээ тусгаад харахад М.Б-ын нүүр рүү цус урсаад байсан, толгойноос нь цус гарч байх шиг байсан. ...яг хаалгаар гарч явтал миний толгойн ар дагз хэрэг рүү Б.О- эгч төмөр зүйлээр нэг удаа цохисон. ...ямар ч л байсан надад төмөр зүйл мэдрэгдсэн, хүчтэй чанга цохисон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66, 74-75, 104, 2-р хх-ийн 57 тал/,
Гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нагац ах М.Л-, М.Б- нарын хамт Хараа нэртэй 0,5-тай 2 шил архийг дөрвүүлээ хувааж уугаад би М.Л-, М.Б- нарын хамт М.Б- гэх айлд 01 цагийн үед очсон. Тэгээд шууд ороод нагац ах М.Л- М.Б- гэх айлаас архи нэхсэн чинь М.Б-ийн эхнэр болох Б.О- босож ирээд та нар зайлцгаа гэхээр нь бүгдээрээ гараад явсан. Тэгээд би машинд орсон чинь нагац ах М.Л-, М.Б- нарын толгой руу 1 удаа төмрөөр цохиод байсан. Тэгээд нагац ах М.Л- зугтаж машиндаа орж ирээд машиныхаа гэрлийг асаасан чинь манай нагац ах М.Б-ыг гэрийн эзэн болох М.Б- гэрээс гаргаж ирээд зодож байсан. Тэгэхээр нь нагац ах М.Л- бид хоёр машинаа асаагаад шууд зугтсан. Тэрнээс хойшоо юу болсон талаар мэдэхгүй байна. ...нагац ах М.Л-, М.Б- нарыг М.Б- гэх хүний эхнэр Б.О- гартаа ломбо /лоом/ барьчихсан цохиж байсан. ...миний мэдэхээр М.Л-, М.Б- хоёрын толгой руу нэг удаа цохисон юм. ...би гэрээс гараад машинд суугаад машины гэрэл асаахад М.Б-ийн эхнэр Б.О- гартаа юм барьчихсан байх шиг харагдсан. Тэгээд М.Л- ах машинд ирээд суухад М.Л- ахын толгойноос цус гарч байхаар нь би “яасан юм бэ толгойноос тань цус гарч байна” гэхэд М.Л- ах “М.Б-ийн эхнэр Б.О- ломбоор /лоом/ миний толгой руу цохичихлоо" гэж хэлсэн. ...тухайн үед гэрийн хаалга онгорхой байсан юм. ...би тухай үйл явдлыг машин дотор сууж байгаад машины гэрэлд харсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79, 2-р хх-ийн 64-65 тал/,
Гэрч П.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өглөө 11 цагийн үед Ц-ын гэрийн урд маргалдаж байгааг гэр дотроосоо сонссон юм. Тэр үед манай ач охин 6 настай хүүхэд чанасан цай уудалж байтал шанагатай цайг аваад гарсан тухай хэлэхээр нь хэн гэж асуухад М.Б- ах гэж хэлсэн. Тэр шанагатай цай авч гарснаас хойш удалгүй бор хүрэн иштэй тонгоргон эвхмэл хутга оруулж ирээд гэрийн зүүн урд хаяад “намайг энэ хутгаар М.Б- хутгалах гэж байсан” гэж хэлээд буцаад гараад мотоциклио унаад явчихсан. ...тэр хэргээс хойш манай нутгийн Ж- ярихдаа М.Б-, М.Б-ын хүзүү рүү нь халуун цай хийж түлсэн байсан тухай ярьсан. ...Тэр цайг тогоон дээр чанаад данханд уудалж байхад нь хүүхдээс минь шанагыг нь аваад тогоонд байсан цайнаас шанагадаж аваад М.Б-ын хүзүү рүү хийсэн байсан. ...би гэрээсээ гараагүй болохоор М.Б- болон М.Б- хоёрын зодолдож байхыг хараагүй. ...Би тэр хутга хэний хутга болохыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83 тал/,
Насанд хүрээгүй гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.Б- 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө манайхаас явах гэж мотоциклийнх нь түлхүүр олдохгүй хайж байсан юм. Тэгээд М.Б- ахыг мотоциклийнхоо хажууд байж байхад нь М.Б- ах ирсэн. Тэрнээс хойш 2-3 минутын дараа намайг гэр дотроосоо чагнаж байхад М.Б-, М.Б- ах хоёр маргалдаж эхэлсэн. Би айгаад гэрээсээ гарч харж чадаагүй. Манай нөхөр Ц- хонинд явчихсан байсан. Ойр хавьд хүн ч байгаагүй. Тэр зодоон М.Б-, М.Б- хоёрын дунд болоод 5-10 минутын хооронд болоод өнгөрсөн. ...М.Б- манайд орж ирээд үүдэнд зогсож байгаад гараад явсан. М.Б-ийн биед зодолдож цохиулсан гэх шарх, сорви харагдаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-90 тал/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх ... гэх газар намаржиж байхад шөнө 03 цагийн орчим машинтай Л-, М.Б-, Н- гурав согтуу ирээд манайхаас архи нэхсэн. Манайд архи байхгүй гэдгээ хэлэхэд гараад хадам аав М.Б-ийд очихоор болоод явсан. Би орондоо ороод унтах гэж байтал хадам аавын гэрт хэрүүл маргаан болоод байхаар нь очиход хадам аав М.Б-, М.Б- хоёр хоорондоо зодолдож байсан. Би дундуур нь орж салгаад гэрээс гаргасан. Тэр хоёр гэрээс гараад бас зодолдсон. Л-, Н- хоёр машиндаа ороод суусан байсан. Тэгээд М.Б-, хадам ээж Б.О- хоёр М.Б-ыг нарийн уяагаар хүлчихсэн байсан. Тэрнээс хойш 20-30 минут болоод би М.Б-ын уяаг нь тайлсан. М.Б- хүлүүлсэн газраа хэвтээд үлдсэн. Удалгүй босоод явсан. ...М.Б-ын толгой орчим цус гарч байсан. Би хаанаас нь цус гарч байгааг мэдээгүй. Хадам аав М.Б- болон хадам ээж Б.О-гийн биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. ...харин би хадам аавын гэр рүү яваад ороход /хаалга нь дэлгээтэй байсан/” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 тал/,
Гэрч Б.П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 09 сарын 25-ны өдөр дунд “Тоомийн ам”-нд байдаг манай аав Б-ийн гэрээс би С- гэх ахыг дагуулаад... мотоциклийн араар суугаад нөхрийнхөө байгаа газар руу явсан. Намайг явах үед манай шинэ айл болсон дүүгийн гэрийн урд талд М.Б-, М.Б- нар хоорондоо маргалдаж байгаа бололтой том дуугаралцаад байсан. ...намайг нөхрийнхөө араас яваад буцаад ирэхэд тэр 2 хоорондоо зодолдоод явсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-99 тал/,
Гэрч М.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 09 сарын 25-ны өдөр ...Хөвсгөл аймгийн ... гэх газар Д.Б- гэдэг айлд М.Б- хүнд хутгалуулаад ухаангүй байна гэх дуудлагыг хүлээж аваад орой 18 цагийн үед очиж иргэн М.Б-ын биед үзлэг хийхэд толгойн хуйхтай хэсэгт зүүн талдаа 3 хэсэг газар ...зүсэгдсэн шархнууд үүссэн байсан. М.Б-ын духны зүүн дээд хэсэгт 2 сантиметр хэмжээтэй зүсэгдсэн шарх, зүүн талын хацарт 1 сантиметр орчим хэмжээтэй зүсэгдсэн шарх байсан. Хүзүүний зүүн хэсэгт түлэгдсэн цэврүү үүссэн шархтай байсан ба нуруу руу бас түлэгдсэн шархтай байсан. Мөн баруун гарын дунд хуруу нь зүсэгдсэн шархтай, зүүн гарын ядам хуруунд бас зүсэгдсэн шархтай байсан. Мөн баруун хацар, дух хамарны хэсгүүд баруун гарын дотор хэсэгт зулгаралт бүхий олон тооны гэмтлүүд үүссэн баруун нүд тагларч хавдсан биеийн байдал нь хүндэвтэр, ухаан санаа саруул ч орчны харьцаа сул, архи үнэртэхгүй асуумжаас өнөөдөр өдөр М.Б- гэж хүнд зодуулж хутгалуулаад гэртээ орж ирэнгүүтээ ухаан алдаж унасан гээд зуухныхаа баруун хэсэгт хэвтэж байсан. Мөн 2 хоногийн өмнө Б.О- гэж хүнд цохиулж гэмтсэн тухай ярьсан ба толгойн хуйхтай хэсгийн 3 шархны 1 нь хуучин шарх байсан. М.Б-ын биеийн байдал сул болохоор нь Улаан-Уул сумын төвд Эрүүл мэндийн төв рүү зөөвөрлөн авч ирэх шаардлагатай байсан өвчтөнөө аваад явж байх замд М.Б- гэдэг хүний хүргэн болох залуу машин зогсоогоод эгчийн маань бие муудлаа очиж замаараа үзэж өгөөч гэхээр нь очиход Б.О- гэдэг 50 орчим насны эмэгтэй хэвлийгээр өвдлөө гээд орон дээрээ эвхэрсэн хэвтэж байсан. Наад чиний авч явж байгаа М.Б- өшиглөж ийм болгосон гэж ярьсны дагуу үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд хэвийн хэвлий өнгөц тэмтрэлтээр хэвийн гүн тэмтрэлтээр эмзэглэлтэй, асуумжаас урьд өмнө хэвлийд хавдартай байсан тэр минь өвдөж байна гэсэн учир Улаан-Уул сумын эмнэлэгт авч ирж онош тодруулах гэхэд эмчилгээ үйлчилгээнээс татгалзсан ба өвчин намдаах тариа хийж өгсөн. М.Б- гэдэг хүнд үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд хэвийн зүүн гарын шууны дотор дунд хэсэгт 2 сантиметр орчим зүсэгдсэн шархтай байсан. Би хүмүүстээ үзлэг хийж дуусаад өвчтөн М.Б-ыг аваад Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвд авч ирж хэвтүүлэн эмчилсэн. М.Б-ыг 5 хоног эмчлээд биеийн байдал сайжирсны дараа нарийн мэргэжпийн эмчид үзүүлж шинжилгээ хийлгэхээр аймгийн нэгдсэн эмнэлэгт илгээсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108 тал/,
Гэрч Ч.Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр малаа хариулаад явж байсан. ...тухайн өдөр манай эхнэр станцаар залгаад “гэртээ хүрээд ир М.Б- ухаангүй байдалтай, цус нөжтэйгөө холилдчихсон манайд ирлээ" гэж хэлсэн. ...гэр рүү ороход ...М.Б- нь манай гэрийн баруун талд ухаангүй байдалтай, тархи толгой нь цус нөжтэйгөө холилдсон газарт хэвтэж байсан. ...Тэгээд манай эхнэр Улаан-Уул сумын эмч рүү дуудлага өгсөн юм. Удалгүй эмч нар ирээд тухайн орой М.Б-од эмчилгээ хийгээд тархи толгойг нь боосон. ...М.Б-ын биед арай дээрдээд яагаад ийм болсон талаар асуухад М.Б- “Б- ахад хутгалуулчихлаа” гэж хэлж байсан. ...Б- гэдэг нь манай ах М.Б-ийг хэлж байгаа юм. ...М.Б- нь толгойдоо хутгаар зүсүүлсэн, чичүүлсэн, мөн баруун гарын сарвуундаа хутгаар зүсүүлж, чичүүлсэн байдалтай цус их гарч байсан. Хутгаар л зүсүүлсэн байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114 тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 443 дугаартай: “1. М.Б-ын биед зулай, дагзны хуйх болон баруун сарвууны ядам хуруунд шарх, баруун, зүүн зовхи, баруун бугалгад цус хуралт, хүзүүнд сорви бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх 2021.09.21-нд үүссэн гэх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 2021.09.25-нд үүссэн гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 4. М.Б-ын биед тогтоогдсон 2021.09.21-ний өдөр учирсан гэх зүүн зулайн хуйхны шарх хүзүүн дэх сорви гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.Б-ын биед тогтоогдсон 2021.09.25-ны өдөр учирсан гэх дагз, баруун сарвууны ядам хурууны шарх, баруун, зүүн зовхи, баруун бугалганы цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 121 тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 466 дугаартай: “1. М.Б-ийн биед зүүн шуунд шарх, баруун зулай, зүүн шилбэнд сорви, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. М.Б-ийн биед 2021.09.21-22-нд үүссэн гэх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2021.09.25-нд үүссэн гэх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаануудад үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 129 тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 513 дугаартай: “1. Б.О-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Нэмэлт: Б.О- нь цөсний чулуу оношоор хагалгаанд орсон бөгөөд энэ өвчин нь гэмтэлтэй ямар нэгэн байдлаар холбоогүй, гэмтлийн шалтгаантай сэдэрч өвдөөгүй байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 136 тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 546 дугаартай: “1. С.М.Л-ийн биед дагзны хэсгийн хуйханд сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 141 тал/,
Шинжээч эмч Г.Алтайн: “...ир үзүүртэй зүйлд хутга, хайч, сүх, хөрөө зэрэг ордог ба үүнээс бусад нь мохоо зүйлд хамаарна. ...М.Б-ын биеийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үзэхэд хүзүүний зүүн талд түлэгдэлтийн сорвинууд байсан. ...Энэ гэмтэл нь халуун шингэн зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үүссэн хуйхны шарх, 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үүссэн хуйхны шарх, баруун сарвууны ядам хуруунд үүссэн шарх нь ир үзүүртэй зүйлээр үүсгэгдэнэ. Бусад цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...М.Б-ийн биед учирсан гэмтлүүдийн 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үүссэн гэмтлүүд нь ир үзүүртэй, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. ...М.Б-ын хүзүүний зүүн хажуу хэсэгт ...арьсны түвшинд үүсгэгдсэн цайвар өнгийн сорви гэмтэл нь түлэгдэлтийн сорвинууд юм. Энэхүү хүзүүн дэх сорви гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145, 150, 2-р хх-ийн 66-67 тал/ гэх мэдүүлэг,
Увс аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Батсүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 77 тал/,
Эд зүйл /DVD/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 38-39 тал/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 54-55 тал/,
Орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 83-87 тал/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 43-44 тал/,
Шүүгдэгч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр М.Б- ах шанагаар халуун шингэн зүйл авч ирж миний дагзан дээр асгасан. Үүнээс болж тэр гэмтэл үүссэн. Би шинжээч эмчид үзүүлэхдээ түлэгдэл гэмтлийг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үүссэн гэж хэлээгүй, буруу ойлгосон байх. ...тухайн өдөр М.Б- ахад зодуулаад, халуун шингэн зүйл дээрээсээ асгуулаад тонгойгоод газар руу хартал тэр бор өнгийн иштэй хутга газар хэвтэж байсан. Би хаанаас, хэн гаргасныг мэдэхгүй, хэний хутга гэдгийг ч мэдэхгүй. ...Намайг М.Б- ах зүгээр зодчихъё гэсэн санаа бодолгүй, бүр алах санаа зорилготой байсан. 2 удаа намайг зодсон. Намайг дандаа хутга мэсээр чичиж, хутгалсан, халуун шингэн зүйл миний толгой дагз руу асгасан. Миний биед олон тооны хутга мэсний шарх сорви үүсгэсэн. ...Тухайн үед түүний нөхөр ч байсан, миний ах М.Л- ч байсан, тийм хөгшин настай эмэгтэй хүнийг би ахынхаа хажууд болон түүний нөхрийнх нь хажууд үсдээд чирээд дараад байж байх уу. Б.О- худлаа ярьж байна. Ийм настай эмэгтэй байж өөрийнхөө хүүхэд шиг хүнийг гүтгээд байгаад би гайхаж байна. ...Намайг цагдаагийн байгууллагад хандсаны дараа М.Б- нь өөрийгөө хамгаалах гэж намайг гүтгэж, намайг буруутгах гэж худал гомдол гаргасан байна гэж би ойлгосон. Миний зүгээс түүнийг зодож гэмтээсэн асуудал байхгүй. М.Б- ах өөрөө өөртөө гэмтэл учруулсан байхыг үгүйсгэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161, 170 тал/,
Шүүгдэгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2021 оны 09 сарын 21-ний өдөр болсон явдал нь намайг шөнө эхнэртэйгээ унтаж байхад шөнийн 03 цагт М.Б- нь М.Л-, Х.Н- нарын хамт манайд машинтай согтуу ирцгээсэн. Согтуу орж ирэхээр нь би орноосоо босоод тавагтай идээ тэд нарт авч өгсөн. Тэр 3 маш их согтолттой байсан. М.Л- нь сандал дээр сууж чадахгүй унаж байсан. М.Б- нь манай хойморийг голлон суусан. М.Б-, М.Л- нар надаас шууд архи нэхсэн. Тэгэхээр нь би та нар машин тэрэгтэй явж байна, одоо унтаж амар гэж хэлсэн. Гэтэл намайг ногоон баагаа, чи архи өгч чадахгүй ээ угаасаа, хулгайч хулгайгаар мянгат болсон гэх мэтээр доромжилсон. Би орноосоо босолгүй хэвтэж л байсан. Тэгтэл М.Б- босч ирээд хоёр гараараа унинаас барьж байгаад миний ор луу өшиглөсөн. Тэгтэл манай эхнэр орноосоо босч “хүн амьтан унтаж амармаар байна, та нар согтуу байж гэр оронд агсардаг юу юм” гэж хэлсэн. Манай эхнэр орноосоо босоход М.Б- манай эхнэрийг үстэж аваад нүүр лүү нь цохьсон. Газар унангуут нь хэд хэдэн удаа нуруу бөөр гар руу нь өшиглөсөн. Би М.Л-ид хандаж дүү нар чинь яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд М.Л- над руу гүйж ирээд, намайг орон дээр дарж унагаасан. Би М.Л-ийн цээж хавьцаа нь хөлөөрөө тийрч байгаад босч ирсэн. Тэгээд босч ирээд би М.Б-той барилцаж авсан, барилцаж байх хооронд М.Л- гэрээс гараад явсан. Манай эхнэр гэрийн хойморт газарт хэвтэж байсан. Би гэр дотор М.Б-той их удаан ноцолдсон. Гэрийн эд зүйл эмх цэгцгүй болсон ноцолдож байх үед М.Б- нь зуух юм уу, шалны өр рүү мөргөсөн байх. Бид хоёр ноцолдсон чигтээ гэрээс гарсан. Гарч байх үед М.Б-ын толгойноос цус гарсан байсан. Би гэрээс гаргаад М.Б-ын дээр нь гарч сууж байгаад эхнэрийгээ уяа аваад ир хүлье гэж шийдсэн. Тэр хооронд манай хүргэн Д.Б- ирсэн. Мөн би яг тэр үед эхнэрээрээ бичлэг хийлгэсэн. Тэгээд М.Б-ыг эхнэр бид хоёр уяагаар хүлсэн. М.Л- нь гэрээс гарахдаа машинаар манай гэрийг дайрч ална гэж хэлээд гарсан. Гадаа байхад машинтайгаа над руу тулж дөхөж ирээд дайрч чадахгүй яваад өгсөн. М.Б- нь намайг тамлан зовоож ална, буудаж алахад амар үхэх учраас чамайг тарчлан зовоож ална гэж олон удаа давтан хэлсэн. Би хүлчихээд гэрт орж гэр орноо янзлаад М.Б-ыг юу болж байна гэж гадаа гарч 2 удаа харсан минут орчим хүлээтэй байлгаж байгаад хүргэнээрээ тавиулж явуулсан. Харин 2021 оны 09 сарын 25-ны өдөр өглөө цас орсон хүйтэндүү өдөр байсан. Би хониндоо явж байгаад үхрээ асуухаар Ц- гэх айлд мотоцикльтой давхиж очсон. Тэгтэл тэдний гадаа М.Б- мотоциклийнхоо хажууд байж байсан. Би мотоцикльтойгоо дөнгөж очоод зогсоход М.Б- шууд над руу ногоон Баагаа одоо чамайг алчихъя гээд намайг тархи толгойгүй нүдсэн. Тэгтэл би болилдоо ахын дүү гэж хэлсэн. Тэгэхэд болихгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө мотоциклийг унагаагаад М.Б-той зууралдаж барилцаж авсан. Намайг дөнгөж очиход С- мотоцикль дээрээ суучихсан, гэрээс П.О-зул С-ийн мотоцикль дээр суухаар гарч ирж байсан. Би тэр хоёрыг М.Б-ыг над руу дайрах үед анзаарсан бол харсан байх гэж бодож байгаа. Би М.Б-той удаан ноцолдож байгаад Ц-ын гэрт үхрээ асуухаар орсон. Тэгтэл Ц- байхгүй, эхнэр нь ганцаараа байсан. Би эхнэрээс нь Ц-ыг асуучихаад гарсан. Гадаа гараад иртэл М.Б- бор иштэй хутга барьчихсан одоо чамайг хутгалаад алчихъя гээд над руу гүйж ирээд шууд миний бие рүү эгцээрээ чичилж, хутгалах гэж байхад нь би цээжээ хамгаалж зүүн гараараа хаасан. Дахиад намайг хутгалах гэж оролдохдоо миний дээлиин ханцуйг урсан. Тэгээд би М.Б-оос хутгыг нь булааж авах гэж их ноцолдсон. Миний ард М.Б- гарчихаад араас миний толгой руу мөргөсөн. Би хариуд нь ар дагзаараа хоёр удаа мөргөсөн. Би хутгатай гарыг нь гарын шуун дээрээс нь атгачихсан байсан юм. Би хутгыг нь булааж авах гэж байхад М.Б- ямар ч байсан зүүн гартаа хутгаа барьж байгаад өөрийнхөө баруун гарын долоовор хурууны хавьцаа чичсэн. Тэгээд би дээр нь дарж байгаад М.Б-оос арайхийж хутгыг нь булааж аваад шууд Ц-ын аав болох Б-ийн гэр лүү оруулж, зүүн талын хаяа руу нь хутгыг шидсэн. Гарч ирэхэд М.Б- чамайг чулуугаар цохиж ална гээд овоолчихсон чулуу руу гүйж байсан. Тэр үед нь би мотоциклоо босгож аваад тэр чигтээ хонь руугаа явсан. Би хонин дээрээ очоод эхнэр рүүгээ станцаар хүнд хутгалуулчихлаа боох юм явуулаач гэж хэлсэн. Тэгтэл Н- над дээр ирж гарыг минь боож өгсөн. Тэр үед С- мотоцикльтой над руу давхиж ирээд “чи яагаад хүн хүнд зодуулж байхад салгадаггүй юм бэ” гэж санал тавьсан. Тэгэхэд С- надад “П.О-зул яараад байна, бушуун явъя гэж хэлэхээр нь яваад өгсөн юм, эрүүл хүмүүс гайгүй байлгүй дээ гэж бодсон" гэж хэлсэн. ...Би энэ гэмтлийг учруулаагүй, хутгаа надад өгөхгүй гэж ноцолдож байх үедээ, хутгаа өгөхгүй гэж надаас зугтуулж, бултуулж байх үедээ өөрөө өөрийгөө гэмтээсэн гэж би үзэж байна. ...Намайг Ц-ын гэрээс гарч ирэхэд л М.Б- тийм хутга барьчихсан зогсож байсан, намайг хутгалаад алчихъя гээд гүйж ирсэн. Энэ хутга М.Б-ын л хутга. ...2021 оны 09 сарын 25-ны өдөр тухайн үйл явдал болж байх үед би Б-ийн гэр рүү бор иштэй хутга оруулж тавихад, жижиг охин цай уудалж байсан. Би тавиур дээрээс нь аяга аваад цай амсчихъя гээд охин надад аяганы талаар цай хийж өгсөн. Би цайг 2-3 оочоод аягатай нь авч гартал М.Б- өөдөөс алалцъя гээд ирэхээр нь би хажуугаар нь зөрж гишгээд зайдуу газраас цайг Баттохын ар тархи руу нь цацсан. Би өмнө мэдүүлгэн дээрээ аягатай цайны талаар мэдүүлээгүй мартсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-164 тал/,
Шүүгдэгч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2021 оны 09 сарын 21-нээс 22-ны шилжих шөнө намайг орноос босоход М.Б- нь намайг үсдэж чирч, дээрээс минь даран унахад хүчиндэх гэж байна гэж бодсон. Тэр үед М.Л- нь манай нөхрийг дарсан байсан. Тэгээд манай нөхөр М.Б- М.Б-ыг чирээд гаргах гэж байтал М.Б- нь толгойгоороо зуух мөргөн унасан, толгой нь цустай байсан, би харсан. М.Б-, М.Л- нар нь яагаад намайг цохисон гэж худлаа мэдүүлэг өгөөд байгааг ойлгохгүй байна, харин нөхөр бид хоёрыг унтаж амарч байх хугацаанд манай гэрт зөвшөөрөлгүй орж ирчихээд намайг цохисон, зодсон гэж гүтгэж байгаад гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 36 тал/,
Хохирогч М.Б-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 37 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.Л-, М.Б-, М.Б-, гэрч Х.Н-, П.О-, М.Б-, Д.Б-, Б.П.О-зул, М.С-, Ч.Д.Б- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 443 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 466 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 513 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 546 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Г.Алтайн мэдүүлэг, эд зүйл /DVD/-д үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч М.Б-, М.Б- нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.О- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Дунд тоомын ам” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө өөрийн гэртээ архи нэхсэн гэх шалтгааны улмаас М.Л-, М.Б- нартай маргалдаж улмаар хохирогч М.Л-ийн толгой хэсэгт хатуу мохоо зүйлээр цохиж “дагзны хуйханд сорви” бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хохирогч М.Б-ын толгой хэсэгт хатуу мохоо зүйлээр цохиж “зүүн зулайн хуйхны шарх” бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч М.Б- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Дунд тоомын ам” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч М.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдож онц харгис хэрцгийгээр буюу хутгаар толгой тус газарт нь олон удаа зүсэж, халуун цайгаар хүзүүг нь түлж, биед нь “олон тооны шарх сорви” үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Дунд тоомын ам” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч М.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдож зүүн шуу хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “зүүн шуунд шарх, баруун зулай, зүүн шилбэнд сорви, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус нотлогдож байна.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Л-, М.Б-, М.Б- нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Б-, М.Б-, Б.О- нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нарын идэвхитэй үйлдэл нь хохирогч нарын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч М.Б-ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг, шүүгдэгч Б.О-гийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр хүний буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч М.Б-ийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан онц харгис хэрцгий аргаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч М.Б-, Б.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу “онц харгис хэрцгийгээр”, “хоёр, түүнээс олон хүнийг” гэх шинжээр үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Б-оос нэхэмжилсэн, мөн шүүгдэгч М.Б-, хохирлын талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нар нь өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-, М.Б-, Б.О- нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, хохирогч М.Л- нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж байна.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч М.Б-, Б.О- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Б-, Б.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б-, М.Б-, Б.О- нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-од 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.О-д 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгчийн хувьд тохиодлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхөл байдлыг харгалан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөрөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Н.Баттөмөр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгчийн хувьд тохиодлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.О-гийн өмгөөлөгч Б.Манлайбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...тусгайлан гаргах саналгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О-, М.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.4-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч М.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.О-, М.Б-, М.Б- нарт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан ... баримтуудаар шүүгдэгч М.Б- нь ... зэрэг хувийн байдал,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан ... баримтуудаар шүүгдэгч Б.О- нь ... зэрэг түүний хувийн байдал,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан ... баримтуудаар шүүгдэгч М.Б- нь ... зэрэг тэдгээрийн хувийн байдал тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч М.Б-, Б.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч М.Б-ын зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.О-д 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг ялгамжтай оногдуулах нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-, Б.О-, М.Б- нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын дотор төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-, Б.О-, М.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон иштэй, тонгорог хутга 1 ширхэгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч М.Б-, Б.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг 1.500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.О-г 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-, М.Б-, Б.О- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрөв) сарын хугацааны дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-, Б.О-, М.Б- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Б-, Б.О-, М.Б- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Б- нь 5.000.000 төгрөгийн өөрт учирсан эрүүл мэндийн хохирлоо шүүгдэгч М.Б-оос, шүүгдэгч М.Б- нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлоо шүүгдэгч М.Б-эс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б-, Б.О-, М.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-, Б.О-, М.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон иштэй, тонгорог хутга 1 ширхэгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР