Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 29

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа би

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Буяннэмэхийн гудамжинд байрлах Хаан банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сум, 2-р баг, Орон сууц 4-4 тоотод оршин суух А овогт Ё.Н /РД:ЗЮ6/-д холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 12118298.35 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 11-ний өдөр 139/2017/00499/и индекстэй иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хаан банкны Дундговь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.А-, Ё.Н-нар нь тус банкны Дундговь салбарын Дэлгэрцогт сумын тооцооны төвөөс 2015 оны 10 сарын 02-ны өдөр №ЗГ15/346 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 14000000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай ахуйн хэрэгцээний зориулалтаар, Ц.А-, Ё.Н-нарын өмчлөлийн зурагт, хөргөгч, 5 ханат гэр зэрэг хөрөнгийг барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч нь зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 4513781.88 төгрөг, зээлийн хүү 3586679.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3539.07 төгрөг, нийт 8104000 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч /346 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк 2017 оны 12 сарын 02-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 9874826.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2134261.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 106711.21 төгрөг, нотариатын зардал 2500 төгрөг, нийт 12118298.35 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ё.Н-нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хаан банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хаан банкны нэхэмжилсэн 12115798.35 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 2500 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох Ё.Нэргүйн өмчлөлийн зурагт, хөргөгч, 5-н ханатай гэр зэрэг хөдлөх хөрөнгөөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хаан банкны нэхэмжлэлтэй Ё.Н зээл, зээлийн хүүгийн төлбөр 12115798.35 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарт Ё.Н-нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбар нь Ё.Н зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 12118298.35 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208843 /хоёр зуун найман мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийн 50 хувь буюу 104421.5 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун хорин нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын төсвөөс, 104421.5 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун хорин нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Ё.Н гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарт олгож шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарын нэхэмжлэлийн шаардлага зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 12118298.35 төгрөг төлөхийг, мөн нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд төлбөрийг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахыг хариуцагч Ё.Н-хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208843 /хоёр зуун найман мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийн 50 хувь буюу 104421.5 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун хорин нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын төсвөөс, 104421.5 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун хорин нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Ё.Н гаргуулж Хаан банкны Дундговь салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА