Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/20

 

 

 

 

        

   2023       01         11                                        2023/ШЦТ/20

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч З.Бат-Амгалан, 

Шүүгдэгч Ц.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ч-ад холбогдох эрүүгийн 2238000000724 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол улсын иргэн, Ц.Ч-,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ц.Ч- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 6 дугаар баг, ... тоотод байрлах хохирогч Б.О-гийн эзэмшлийн байшинд 2022 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед хууль бусаар нэвтрэн орж Асег I3 загварын нотебүүк хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан ба уг гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000724 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Ч- нь шунахайн сэдэлтээр 2022 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед архины мөнгө олох зорилгоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 6 дугаар баг ... тоотод байрлах хохирогч Б.О-гийн эзэмшлийн байшингийн цоожийг арматурын төмрөөр хөшиж онгойлгон нэвтрэн орж “Асег I3” загварын нотебүүк хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ч-ын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 8 дугаарын 12-ны өдөр Дарханаас Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 6 дугаар баг ... тоотод байрлах өөрийн гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт ирж амарсан бөгөөд гэрт байсан Асег загварын нотебүүктээ мэдээлэл оруулах санаатай хайгаад олоогүй. Тухайн үед нь би олдохгүй болохоор нь гайхаад тоолгүй орхисон байсан юм. Тэгтэл 2022 оны 9 дүгээр сарын 05-ны үед С- над руу залгаад чиний зурагтай нотебүүкийг Ц.Ч- гээд залуу 900.000 төгрөгөөр зарна эсвэл мотоциклиор солино гээд явж байна гэнээ, таных ямар өнгөтэй би гэхээр нь би хүрэн өнгөтэй гэж хэлтэл тэгвэл таны нотебүүк юм биш үү гэж хэлэхээр би угаасаа хайгаад олохгүй байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Би өөрийн нотебүүкээр 1.100.000 төгрөгөөр үнэлж байна. Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын цагдаагаас бүрэн бүтэн хүлээж авсан. Нотебүүкны цүнхийг авчихвал надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8,  11-12 тал/,

Гэрч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 20-ны үед Ц.Ч- надад нотебүүк байгаа чи мотоциклиороо солих юм уу гэхээр нь би найз охин У-ийн хамт гэрт нь очиж үзэхэд О- эгчийн зураг байхаар нь О- эгчид дүүгээр нь дамжуулж хэлүүлсэн. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 10-ны үед Ц.Ч- тэр нотебүүкийг надад хадгалуулаад надаас 40.000 төгрөг зээлж аваад явсан. Тэр нотебүүк одоо манайд байгаа. Би тэр Асег маркийн нотебүүкийг Ц.Ч-ад 40.000 төгрөг өгөөд барьцаанд авсан юм. Надад одоо Ц.Ч-аас нэхэмжлэх зүйл байхгүйгэх мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...О-гийн нотебүүкийг Ц.С- гэдэг залуугаас аваад хохирогч О-д хүлээлгэж өгсөн. Ц.С-аас хүлээж авсан, О-д өгөхдөө тэмдэглэл үйлдээгүй шууд өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ-922/5175 дугаартай: “Үнэлэгдэж буй нөүтбүүкний нийт зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 7-8 дугаар сарын байдлаар 500.000 (таван зуун мянга) төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 25-27 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Хохирогч Б.О-гаас Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4 тал/,

Шүүгдэгч Ц.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2022 оны 07 сарын 16-ны шөнө 00 цагийн үед ангийн найз О-гийнд очиход гэр нь гаднаасаа цоожтой байсан юм. Би буцаад хашаанаас нь гараад явсан боловч уух мөнгө олох санаа төрөөд О-гийн байшингийн цоожийг арматурын төмрөөр хөшиж эвдээд байшинд нь орсон юм. Би байшинд ороод асаагуурны гэрэл тусгаад харахад авдран дээр Асеr маркын нөүтбүүк байхаар нь хулгайлж авсан юм. Би тэр нөүтбүүкыг бусдад үнэ хүргээд дамжуулж зарах гэсэн боловч надаас авах хүн олдоогүй юм. Би 2022 оны 08 сарын 20-ны үед шиг санаж байна. Улаан-Уул сумын Ц.С- гэдэг залууд 40,000 төгрөгөөр түр барьцаанд тавьсан юм. ...Би архи олж уухын төлөө хулгай хийсэндээ харамсаж байна. ...Цүнх нь Улаан-Уул суманд гэрт байгаа. Цүнхийг нь Улаан-Уул сумаас авчраад О-д хүлээлгэж өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44, 47-48 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Ч- нь шунахайн сэдэлтээр 2022 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед архины мөнгө олох зорилгоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 6 дугаар баг ... тоотод байрлах хохирогч Б.О-гийн эзэмшлийн байшингийн цоожийг арматурын төмрөөр хөшиж онгойлгон нэвтрэн орж “Асег I3” загварын нотебүүк хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хохирогч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 8,  11-12 тал/, гэрч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/, гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 23 тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ-922/5175 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-27 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, хохирогч Б.О-гаас Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4 тал/, шүүгдэгч Ц.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-44, 47-48 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, мөнгө олж архи уух зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Мөн шүүгдэгч Ц.Ч-ын үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн байна.

Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр атлаа өөрт ашиг хонжоо, архины мөнгө олох зорилгоор, “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар “хүн байнга амьдрах орон байр”-нд буюу хохирогч Б.О-гийн оршин суух орон байрны хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 тал/,
  • Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56 тал/,
  • Шүүгдэгч Ц.Ч-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, хохирогч өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Ч- нь ганцаараа үйлдсэн болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Ч-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 500.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.О- нь өөрийн хулгайд алдсан гэх “Асег I3” загварын нотебүүкийг биет байдлаар буцааж авсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ч-ыг шунахайн сэдэлтээр 2022 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед архины мөнгө олох зорилгоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 6 дугаар баг ... тоотод байрлах хохирогч Б.О-гийн эзэмшлийн байшингийн цоожийг арматурын төмрөөр хөшиж онгойлгон нэвтрэн орж “Асег I3” загварын нотебүүк хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 49 тал/-аар тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Ч-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”  гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, биеийн байдал зэргийг тус тус харгалзан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах ...орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Ч-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Ч-ад ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгчийн хувьд хулгайлсан нөүтбүүкийг биет байдлаар буцаан өгч хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч Ц.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих ангид  эдлүүлэх” санал гаргасныг харгалзан үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Ч-ыг “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ч-ыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ч- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР