Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваадаргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, Айргийн 6-11 тоотод оршин суух Харчин овогт Б.Х ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 26-ны өдөр 139/2018/00011/И индекстэй иргэний хэрэгүүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х-, нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн. Би 1982-1987 онд Тээврийн яамны харъяа авто тээврийн барилга угсралт засварын трестийн нэгдүгээр конторт засварчинаар ажиллаж байсан. Ажилд орсон, гарсан тушаал байхүй тул хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн 1982 оны 01 сарын 10-наас 1987 оны 06 сарын 28-ныг хүртэл Дундговь аймаг дахь Тээврийн яамны харъяа авто тээврийн барилга угсралт засварын трестийн 1 дүгээр конторт засварчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Б.Х- нь 1982 оны 01 сарын 10-наас 1987 оны 06 сарын 28-ныг дуустал Тээврийн яамны харъяа Дундговь аймаг дахь Авто тээвэр, барилга угсралтын засварын трестийн 1 дүгээр конторт засварчинаар ажиллаж байсан болох нь:

1. Дундговь аймгийн архивын тасгийн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 30 тоот тодорхойлолт /ХХ-4/,

2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 08/32 тоот албан бичиг /ХХ-5/,

3. Б.Х-ын №135575 дугаартай, Авто тээвэр, барилга угсралтын засварын трестээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /ХХ-6-8/,

4. Гэрч Л.Лоомнанжидын ...Б.Х- нь 1982 оноос Тээврийн яамны харъяа авто тээврийн барилга угсралт засварын трестийн нэгдүгээр конторт засварчинаар ажиллаж байсан. Хэдэн он хүртэл ажилласан талаар нь мэдэхгүй байна. Би Дундговь аймгийн 17-р баазад жолооч хийдэг байсан. Энэ байгууллагын ажилчдыг гэр ажлын хооронд зөөдөг байсан юм. Нэг ёсондоо ажилчдын автобусыг би барьдаг байсан юмгэх мэдүүлэг /ХХ-13/

5. Гэрч Н.Цэцэгхоролын ...Б.Х- Тээврийн яамны харъяа авто тээврийн барилга угсралт засварын трестийн нэгдүгээр конторт засварчинаар ажиллаж байсан. Хэдэн онд ажилд орсон талаар нь мэдэхгүй байна. Намайг 1987 он хүртэл ажиллаж байсан. Ажилдаа их сайн байсан. Дарга нар их магтдаг байсан. Би 1981-1987 он хүртэл Тээврийн яамны харъяа авто тээврийн барилга угсралт засварын трестийн нэгдүгээр конторт няраваар ажиллаж байсан. Б.Х- нь Үнэмлэх, баярын бичиг зэрэг шагнал авч байсан. Тухайн үед сайн ажилчдын нэг байсан... гэх мэдүүлэг /ХХ-14/

6. Гэрч Д.Хүрэлбаатарын ...Б.Х- нь 1982 онд Тээврийн яамны харъяа авто тээврийн барилга угсралт засварын трестийн нэгдүгээр конторт засварчинаар ажиллаж байсан. Би 1985 онд ажлаас гарсан юм. Тэгэхэд ажллаад үлдсэн. Хэдэн онд ажлаас гарсан талаар нь мэдэхгүй байна. Би 1980-1985 он хүртэл Тээврийн яамны харъяа авто тээврийн барилга угсралт засварын трестийн нэгдүгээр конторын даргын жолоочоор ажиллаж байсан... гэх мэдүүлэг /ХХ-15/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Харчин овогт Б.Х /РД:ЗЮ/-ыг 1982 оны 01 сарын 10-наас 1987 оны 06 сарын 28-ныг дуустал Тээврийн яамны харъяа Дундговь аймаг дахь Авто тээвэр, барилга угсралтын засварын трестийн 1 дүгээр конторт засварчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА