Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

 

 

 

        

   2023       01        12                                        2023/ШЦТ/22

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

 Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгч О.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Л-ид холбогдох эрүүгийн 2338000000027 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, О.Л-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Л- нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаарт баг “Хөх толгой”-н ... тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Э-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000027 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.Л- нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаарт баг “Хөх толгой”-н ... тоотод байх гэртээ хохирогч Б.Э-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг гараараа нүүрэн тус газар нь, модоор нуруун тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясанд хугарал, хамарт цус хуралт, дээд уруулын салстад язралт, зүүн чамархайн хуйханд няцралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.   

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Л-ийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Э-ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр найз Б-т, Т- нарын хамт манай гэрт бид гурав архи ууж байгаад орой 17 цагийн үед хамаатан О.Л-ийн гэрт очсон. Очих замдаа бид гурав 0.75 литрийн “Хараа” нэртэй архи дэлгүүрээс авч очсон байсан. Бид дөрөв нөгөө шил архиа гаргаж задалж ууцгаасан. Уугаад байж байхад О.Л- бид хоёр урьд өмнөх таарамжгүй харилцаанаас болж маргалдаад сууж байхад О.Л- нь босож ирээд миний нүүр хэсэгт цохисон. Тэгээд бид хоёр гэрээс барилцаж аваад гарсан. Гарахад мөн нүүр хэсэгт цохисон. Тэгж байхад манай хоёр найз байшингаас гарч ирж О.Л- бид хоёрыг салгасан. Тэгэхэд нь би хашаанаас гүйж гараад хашааны үүдэн дээр доошоо хараад хамраас гарсан цусаа арчаад сууж байхад О.Л- дахин гарч ирж гартаа урт мод барьсан тэр модоороо миний нуруу хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхэд би зугтаагаад гэртээ ирсэн. Тэгээд гэрээсээ цагдаагийн газарт ирж гомдол гаргасан юм. Урьд өмнө би О.Л-оос нэг машин худалдаж авсан байсан юм. Би 4.000.000 төгрөг өгөөд машинаа аваад 3.000.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 1.000.000 төгрөгийг сарын дараа өгсөн. Тэгэхэд тэр машинаа надад өгөхдөө 400.000 мянган төгрөгийн торгуультай өгсөн байсан. Мөн О.Л-ийн төрсөн эгч Л-гийн эхнэр манай төрсөн ах хоёр эр эмийн хайр дурлалын асуудалтай байдаг, мөн тэр асуудлаас болж хэрүүл маргаан үүссэн. Өөр өс хонзонгийн зүйл байхгүй. О.Л- нь манай ахыг цааш нь харуулна гэж ярьдаг юм. Би О.Л- ахаас эмчилгээний зардал буюу 170.000 төгрөгийг авсан байгаа. Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. О.Л- ах бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 15 тал/,

Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О.Л- ах бид дөрөв нэг шил архиа хувааж уугаад сууж байтал Э- согтсон бололтой О.Л- ах руу чиглэсэн янз бүрийн зүйл яриад үгээр өдөөд байсан. Тэгсэн чинь О.Л- ах гараараа Э-ын хамар руу 1 удаа цохчихсон. Би шууд дундуур нь орж салгаад Э-ыг аваад гадаа гарч хамрынх нь цусыг тогтоолгож байтал О.Л- ах араас гарч ирээд Зх3 хэмжээтэй модоор Э-ын нуруу руу бас нэг удаа цохисон. Би бас салгаад болиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай: 1. Б.Э-ын биед хамар ясанд хугарал, хамарт цус хуралт, дээд уруулын салстад язралт, зүүн чамархайн хуйханд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цах хугацаанд үүсгэгджээ. 3. Б.Э-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай: 1. О.Л-ийн биед зүүн чамархайд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.  3. О.Л-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 26-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 29 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч О.Л-ийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар бүгдийг үнэн ярьсан тул надад дахин ярих шаардлага байхгүй. Тухайн үед Б.Э- нь хэл амаар доромжлоод миний дургүй хүргэсэн зүйл яриад байсан болохоор нь би түүний биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Б.Э-оос уучлалт гуйгаад түүнд 170.000 төгрөг өгч хохирлыг нь бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Э-, гэрч А.Б- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч О.Л-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч О.Л- нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаарт баг “Хөх толгой”-н ... тоотод байх гэртээ хохирогч Б.Э-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг гараараа нүүрэн тус газар нь, модоор нуруун тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясанд хугарал, хамарт цус хуралт, дээд уруулын салстад язралт, зүүн чамархайн хуйханд няцралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Э-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч О.Л-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.Л-ийн идэвхитэй үйлдэл нь хохирогч Б.Э-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч О.Л-ийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Э- нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй бөгөөд хохирогч Б.Э- нь “...эмчилгээний зардал 170.000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15/ хэрэгт авагдсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Л-ийг хохирогч Б.Э-т төлөх төлбөргүй гэж үзэв. 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Л-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Л-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Л-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 38, 41-43 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.Л- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч О.Л- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч О.Л-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч О.Л-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-ид оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч О.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч О.Л-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-ид оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч О.Л-ид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч О.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Л-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР