Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Өлзийт сумын 4-р багт оршин суух Бав тайж овогт Ц.Ч ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 26-ны өдөр 139/2018/00007/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ч-, нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 онд төрсөн. Улсад 38 жил ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1976-1979 он хүртэл, 1982-1990 оныг дуустал малчинаар ажилласан. Дээрх хугацаанд ажилласан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг, цалингийн тооцооны хүснэгтүүд зэргийг үндэслэн 1976 оны 01 сараас 01-нээс 1979 оны 01 сарын 01-н хүртэл, 1982 оны 09 сарын 01-нээс 1990 оныг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ч- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Ц.Ч- нь 1983 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь:

1. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 08/609 тоот албан бичиг /ХХ-62/,

2. Ц.Ч-гийн Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс 1982 оны 01 сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /ХХ-4/,

3. Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 02/312 тоот тоддорхойлолт /ХХ-5/,

4. Ц.Ч-гийн 1983-1992 оны цалингийн тодорхойлолт /ХХ-6/

5. Ц.Ч-гийн 1983 оны 01-04, 06, 08 сар, 1984 оны 03 сар, 1985 оны 03-05 сар, 1986 оны 06, 07, 11 сар, 1987 оны 08, 09, 10 сар, 1988 оны 02, 06, 08, 10 сар, 1991 он, 1992 оны 01-03, 07 саруудад авч байсан цалингийн тооцооны болон хөдөлмөрийн хөлс олгох хүснэгтийн хуулбарууд /ХХ-7-61/,

6. Гэрч С.Адъяагийн ...Ц.Ч- нь 1972 онд Дундговь аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчин болсон. 1979 он хүртэл мал маллаад цэрэгт явсан. Цэргээс 1981 онд цэргээс ирээд тус нэгдэлдээ малчинаар ажилласан. Нэгдэл тартал буюу 1990 оныг дуустал малчинаар ажилласан. Хонь малладаг байсан. Би Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1957 оноос 1990 оныг дуустал малчин байсан. Ц.Ч- нь сайн малчин байсан. Аварга малчин зэрэг болж байсан гэх мэдүүлэг /ХХ-67/

7. Гэрч Н.Алимаагийн ...Би 1976 онд Өлзийт суманд очиход Ц.Ч- нь Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчин байсан. 1979 онд цэрэгт явсан. Цэргээс 1982 онд ирээд 1990 оныг дуустал тус нэгдэлдээ хоньчиноор ажилласан. Би Дэрт бригадын малын эмч байсан. Ц.Ч- нь манай багийн малчин байсан. Би Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Дэрт бригадын малын эмчээр 1976-1986 он хүртэл малын эмчээр ажилласан. 1986-1990 оныг дуустал Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн малчин болсон. Ц.Ч- нь сайн малчдын тоонд ордог байсан. шилдэг малчдын нэг байсан. Яг ямар шагнал авч байсан талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /ХХ-68/

8. Гэрч Б.Нарантуяагийн ...Бид бага сургуульдаа нэг ангид сурч байсан. 1972 онд Ц.Ч- нь 4-р ангиа төгсөөд мал дээр гарсан. Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд аав, ээжийн хамт 1979 он хүртэл мал маллаад цэрэгт явсан. 1982 онд цэргээс ирээд тус нэгдэлдээ 1990 оныг дуустал малчинаар ажилласан. Ихэвчлэн бага мал малладаг байсан. Ц.Ч-гийнх манай аав, ээж хоёрынхтой ойрхон нутагладаг байсан. Миний ажил малчидтай их ойр харьцдаг байсан учраас Ц.Ч-гийн ажиллаж байсан байдлыг мэднэ. Би Дундговь аймгийн Өлзийт сумын Ардын депатутын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасагт 1980-1991 он хүртэл нягтлан бодогч, санхүүгийн тасгийн даргаар ажилласан. Ц.Ч- нь энх мэнд сүрэгтэн хэд хэдэн удаа болсон, аймгийн аварга малчин болж байсан... гэх мэдүүлэг /ХХ-69/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин Ц.Ч-гийн 1976 оны 01 сарын 01-нээс 1979 оны 01 сарын 01-н, 1982 оны 09 сарын 01-нээс 1983 оны 01 сарын 01-н хүртэл хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байх тул уг хугацааны ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бав тайж овогт Ц.Ч/РД: -г 1983 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ч-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА