Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

 

 

 

        

   2023       01        12                                        2023/ШЦТ/24

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

 Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Хохирогч Н-М-Х-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,

Шүүгдэгч Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 2203004460514  дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                     

Монгол Улсын иргэн, Б.О-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О- нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 50 минутын үед Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум 1 дүгээр багийн “Эрхэлийн хөндий” гэх газарт өөрийн эзэмшлийн “Тоуота” маркийн Land Criusег-J200” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, улмаар зорчигч О.Н-ын амь нас хохирч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2203004460514 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.О- нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 50 минутын үед Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум 1 дүгээр багийн “Эрхэлийн хөндий” гэх газарт өөрийн эзэмшлийн “Тоуота” маркийн Land Criusег-J200” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан төрсөн охин 14 настай О.Н-ын амь нас хохирсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-гийн өгсөн:Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн: “...Уг газар нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас ертөнцийн зүгээр хойд зүгт засмал зам дагуу 45 километр зайд тус багийн нутаг Эрхэлийн хөндий гэх нэртэй газар байв. Уг газарт ертөнцийн зүгээр урдаас хойд, хойноос урд зүгт чиглэсэн нэг урсгалтай хатуу хучилттай асфальтан зам байх ба ...засмал замын ертөнцийн зүгээр зүүн талд хар өнгийн Ланд-200 маркын тээврийн хэрэгсэл замаас гарч унасан байдалтай харагдах ба уг ослын харагдах байдлыг ...гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. ...уг осолд орсон машины ойр орчимд машины эд анги, эд юмс газраар хөглөрсөн байдалтай байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлж авав. ...машины урд шил хагарсан, ...жолоочийн суудлын бүс зүүгээгүй байв. ...баруун талын урд болон хойд дугуй хийгүй байв. ...осол болсон замын хойд зүгт 1000 метр зайд машинаар явж үзэхэд ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, замын нөхцөл байдал хэвийн, замд ямар нэгэн эвдрэл гэмтэл, сэвээгүй байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 13-17 тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-24 тал/,

Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 25 тал/,

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 19 тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-32 тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н-М-Х-ы өгсөн: “...би Монгол улсад амьдраад 17 жил болж байгаа болохоор крилл монгол бичгээр сайн уншина, харин бичихдээ бага зэрэг удаан болохоос бичиж чадна. ...Хөвсгөл аймагт гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн мэдэх зүйлээ дэлгэрэнгүй ярьсан болохоор ослын талаар дахин дурсаж ярьмааргүй байна. Надад хэцүү байна. ...харин хаа очиж манай хоёр хүүхдийн биеийн байдал хэвийн хичээл сургуульдаа явж байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. ...миний зүгээс хэрэгт гаргаж өгөх ямар нэгэн баримт алга, хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,

Гэрч Н-М-Х-ы өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эхнэр Б.О- том охин О.Н-о, дунд хүү Ү-, бага охин Ц- нарын хамтаар Хөвсгөл аймгийн Хатгал сумаас Мөрөн сум руу манай эхнэрийн эзэмшлийн ...улсын дугаартай хар өнгийн Ланд 200 маркийн тээврийн хэрэгслээр явж байсан. Бид нар Хатгал тосгоноос өглөөний 10 цаг болж байхад Мөрөн сум руу хөдөлсөн. Машиныг манай эхнэр Б.О- жолоодоод би жолоочийн эсрэг талд суугаад манай хүүхдүүд ар талын суудал дээр суугаад явж байсан. Тэгээд явж байтал урд 2 приус маркийн машин явж байсан. Тэр 2 машиныг гүйцэж түрүүлээд явж байтал эхнэр гэнэт “хүүе яаж байнаа” гээд машин зүүн тийшээ дарсан, тэгэнгүүт баруун талын дугуй шороон дээр гарангуут эхнэр зүүн тийшээ дарангуут дугуй хагараад замын зүүн тал руу уначихсан. Ийм л зүйл болсон. Бид нартай хамт явсан машинууд ирээд манай хүүхдүүдийг болон эхнэр бид хоёрыг аваад эмнэлэг рүү явсан. Тэгээд манай охин 14 настай О.Н-о нас барсан юм. ...надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Хувь заяа ийм л юм байна гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 тал/,

Гэрч С.С-н өгсөн: “...Одоогоос долоо хоногийн өмнө би өөрийн нөхөр Бүрнээгийн хамт Хөвсгөл аймгийн Хатгал тосгон руу явсан. Бид нарын араас Өвөр монголын өөртөө засах орны нэг улсын иргэн танил Н-М-Х- ах өөрийн эхнэр 3 хүүхдийн хамтаар бид нарын араас ирсэн. Бид нар Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 5 өдөр амралтын газар амарсан. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөө бид Мөрөн сум руу Хатгал тосгоноос гарсан. Нөхөр Бүрнээ бид хоёр удаан явдаг болохоор эхлээд Хатгал тосгоноос машинтайгаа хөдөлсөн. Араас Н-М-Х- ах эхнэр хүүхэдтэйгээ гарахаар болсон юм. Тэгээд Мөрөн сум руу орохоор дөхөж явж байтал /яг хаана явж байсныг мэдэхгүй байна/ над руу нэг дугаар залгаад Н-М-Х- ахын машин онхолдсон байна. Та буцаад очоодхооч гэж хэлсэн. Би нөхөр Бүрнээгийн хамт буцаад Хатгал тосгоны зүг рүү явж байтал Н-М-Х- ахын хар өнгийн 8800 улсын дугаартай Ланд круйзер маркийн машин замын хажууд онхолдсон байсан. Замын хажууд Н-М-Х- ах зогсож байсан. Н-М-Х- ахаас юу болсон талаар асуухад амьсгаадаад юу ч хэлж чадахгүй байсан. Н-М-Х- ахаас танай гэр бүлийнхэн хаачсан юм бэ гэж асуухад тэд нар машинд суугаад явсан гэж хэлсэн. Тэгээд нөхөр Бүрнээ бид хоёр Н-М-Х- ахыг аваад Мөрөн сумын нэгдсэн эмнэлэг дээр ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/,

Гэрч Б.Б-ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн хоёр найз Х-, Х- нарын хамтаар Төв, Архангай, Завхан аймгуудаар явж Хөвсгөл аймгийн Мөрөнд суманд ирсэн. Тэгээд Мөрөн сумаас Хөвсгөл аймгийн Хатгал тосгон руу явж тэнд 3 хоног амарсан. Намайг Хатгал тосгонд амарч байхад нутгийн ах Н-М-Х- ах өөрийн гэр бүлийн хамтаар бас амарч явж байсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би Н-М-Х- ах түүний найзуудтай хамт Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос Мөрөн сум руу машинтай хөдөлцгөөсөн. Эхлээд нэг хар машинтай хүн түрүүлээд яваад өгсөн. Нэрийг нь мэдэхгүй байна. Түүний араас Н-М-Х- ах гэр бүлийн хамтаар машинтайгаа, Н-М-Х- ахын араас би явж байсан юм. Би Н-М-Х- ахын машины араас ойролцоогоор 100 метр гаруй зайд машинтайгаа явж байсан. Тэгтэл Н-М-Х- ахын урд Приүс маркийн машин явж байсан. Уг машины өнгийг нь санахгүй байна. Тэр Приус машиныг Н-М-Х- ахын машин гүйцэд түрүүлэх гэж байгаад нэг талын дугуйнууд нь шороо руу гарсан. Тэгээд Н-М-Х- ахын машин буцаж засмал зам руугаа орж дайвалзсан. Уг нь машиных нь хурд удааширч байгаад гэнэт замын хажуу руу гарч 3-4 удаа машин бүтэн эргэж онхолдсон. ...намайг Н-М-Х- ахын машин дээр очиход машины жолооч талын суудал дээр Н-М-Х- ахын эхнэр О- эгч /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ сууж байсан. Н-М-Х- ахын эхнэр О- машин барьж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 тал/,

Toyota Land Gruiser-J200 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 66 тал/,

“Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №32550 / ДД№ 24361208 дугаартай: “...Иргэн Б.О-гийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ 42,665,600 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 75 тал/,

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 107-108 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн  2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 164 дугаартай: “1. О.Н--ын цогцост гэмтэл тогтоогдлоо. 2. Амь хохирогч О.Н--ын цогцост гавал тархинд хавсарсан битүү гэмтэл, сээрний Тh 3-р нугалмайн их биед бүрэн салсан хугарал, дух, зүүн шанаа, зүүн шуу, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун тохойнд шарх, цээжний урд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас хүний биеийн хүчнээс хэт давсан мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4. О.Н--ын цогцост тогтоогдсон гавал тархины хавсарсан битүү гэмтэл болон сээрний Тh 3-р нугалмайн их биед бүрэн салсан хугарал нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлжээ. 5. Амь хохирогч О.Н--ын цогцост үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Амь хохирогч О.Н- нь зам тээврийн ослын улмаас гавал тархиндаа хавсарсан битүү гэмтэл болон Тh 3-р нугалмайн их биед бүрэн салсан хугарал авч төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. 7. Уг шалтгаанаар нас барсан гэдэг нь дээрхи онош болон задлан шинжилгээний тэмдэглэл, задлан шинжилгээний явцад бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлтүүдээр батлагдаж байна гэх” дүгнэлт /хх-ийн 109-110 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2693 дугаартай: “...Шинжилж буй автомашины баруун урд дугуйг 2 /bаг/ даралтаар хийлж хөөстэй ус цацаж туршилтын аргаар шалгахад дугуйн хийлэх хошуу обудад суух хэсгээр ослын үед шороо мэт зүйл хавчуулагдаж хий гарч байна. Дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн тул осол болоход нөлөөлөхгүй. ...шинжилгээнд ирүүлсэн автомашин дугуй салсан гэмтэлгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 83-101 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 131 дугаартай: “Иргэн Б.О-гийн биенээс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй” гэх дүгнэлт /хх-ийн 116 тал/,

Мөрдөгчийн: “...Тоёота Ландкрузер 200 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /хх-ийн 117-118 тал/,

Б.О- Жолооны үнэмлэхийн төлөв- хүчинтэй, үнэмлэх олгосон огноо-2010/02/24, үнэмлэх хүчинтэй огноо-2030/04/13, зөрчлийн оноо 10, ангилал В” гэх жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 124 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.О-гийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би өмгөөлөгч Х.Даваахүүг байлцуулан 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө болсон зам тээврийн ослын талаар дэлгэрэнгүй ярьсан болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй. ...Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Өөрийн гэм бурууг зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 139 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н-М-Х-ы өгсөн мэдүүлэг, гэрч Н-М-Х-, С.С-, гэрч Б.Б- нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 164 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2693 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 131 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч Б.О- нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 50 минутын үед Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум 1 дүгээр багийн “Эрхэлийн хөндий” гэх газарт өөрийн эзэмшлийн “Тоуота” маркийн Land Criusег-J200” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, улмаар зорчигч О.Н-ын амь нас хохирсон гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч О.Н- нь авто ослын улмаас гавал тархиндаа хавсарсан битүү гэмтэл болон Тh 3-р нугалмайн их биед бүрэн салсан хугарал авч төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Б.О-гийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.О- жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.О- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч хүнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.О-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.О-гийн гэм буруутай үйлдлийн улмаас О.Н-ын амь хохирч хүнд хор уршиг учирсан ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Н-М-Х- нь мөрдөн шалгах ажиллагааны үед “гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.О-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч Л.Отгончимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувьд ам бүл 4, нөхөр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэсэн тул эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. ...Иймд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.О-гийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 46, 64, 122-124, 131 талд авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар ... зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  6.8,  6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь

зүйтэй байна.

Эрүүгийн 2203004460514 дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 28ы өдрийн 22 дугаартай тогтоолоор Toyota Land Gruiser-J200 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.О-д нь олгох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.О- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт, тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5заасныг баримтлан шүүгдэгч Б.О-д оршин суух газар, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн 2203004460514 дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 28ы өдрийн 22 дугаартай тогтоолоор Toyota Land Gruiser-J200 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.О-д олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Б.О-д тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР