| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0030/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/32 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Б.Тогтох,
Хохирогч В.П-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,
Шүүгдэгч М.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.М-ад холбогдох эрүүгийн 2338000000004 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.М-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М- нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Hoimor tower” гэх нэртэй барилгын хашааны урд талын засмал дээр ... улсын дугаартай Соната загварын тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дах хэсэгт зааснаар зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/... Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудаагүй ... г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: мөн дүрмийн 12.3-д зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч В.Б-ын /эр 48 настай/ амь насыг хохироож, хэргийн газрыг зориуд орхин зугатааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М- гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2338000000004 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Hoimor tower” гэх нэртэй барилгын хашааны урд талын засмал дээр шүүгдэгч М.М- нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим “Соната” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дах хэсэгт зааснаар зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/... Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудаагүй ... г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: мөн дүрмийн 12.3-д зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч В.Б-ын /эр 48 настай/ амь нас хохирсон, мөн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Hoimor tower” гэх нэртэй барилгын хашааны урд талын засмал дээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М-ын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.П-гийн өгсөн: “...Надад ямар нэгэн санал гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч миний хохирлыг бүрэн барагдуулсан. Залуу хүний мууг үзэх гээд байх шаардлага надад байхгүй. Ямар миний дүү босоод ирэх биш...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг учрал гарсан гэх газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр 4 замын уулзвар ертөнцийн зүгээр баруун тал руу тавигдсан асфальтан зам “Hoimor tower” барилгын хашааны урд талын зам дээр хүн тээврийн хэрэгсэлд мөргүүлж ухаангүй байна гэж хэргийн газарт ирэхэд ...3 цагдаа хэргийн газрын хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байв. Хэргийн газраас Нэгдсэн эмнэлгийн түргэний машин хөдлөөд явж байв. ...мөргүүлсэн хүний биеийн байдлыг асуухад эмч үзлэг хийгээд нас барсан байна гэж хэлсэн гэв. ...Ослын газарт асфальтан замын дунд хэсэгт ертөнцийн зүгээр зүүн урд зүгт толгой харсан, баруун гар буюу биеийн баруун талаараа хажуу тийшээ нүүр, биеийн байрлалтай, хоёр хөл чигээрээ 50-55 орчим настай эрэгтэй хүний цогцос, дээгүүрээ ногоон өнгийн үсэрхэг цамцтай, бараан өнгийн өмдтэй, хөлөндөө хагас түрийтэй үдээртэй гуталтай, зүүн шанаа орчим хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон харагдаж байв. Цогцосноос ертөнцийн зүгээр зүүн талд асфальтан зам дагуу жижигхэн пивор хагархай 1 ширхэг, цогцосноос ертөнцийн зүгээр баруун тал руу тээврийн хэрэгслийн гэрлийн төмөр суурь, гуперний хагархай, дохио зэрэг байв. Осол гарсан зам орчны байдал нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрийн 4 замтай гэрлэн дохиотой уулзварын ертөнцийн зүгээр тал руу тавигдсан туслах замын тэмдэг, тэмдэглээтэй, цогцос байгаа хэсгийн явган хүний гарцын тэмдэг, тэмдэглээгүй асфальтан зам дээр үйлдэгдсэн байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6, 8-10 тал/,
Эрх бүхий албан тушаалтны “зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн: “...замын хэсэг нь: бусад, замын ангилал: бусад, замын хучилт: асфальт, зорчих хэсгийн гадаргуу: цастай, замын онцлог: шулуун, зорчих хэсгийн өргөн: 10 м, үзэгдэх орчин: гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин: гэрэлтүүлэгтэй, цаг агаар: цэлмэг, замын харъяалал: суурингийн дотор, хөдөлгөөний чиглэл: эсрэг/ сөрөг хөдөлгөөнтэй, замын байгууламж: хашлагатай...” гэх тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...Үзлэг хийж буй тээврийн хэрэгсэл нь Соната маркийн ... улсын дугаартай хар өнгөтэй, 2006 онд Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, хурдны хайрцаг автомат хроптой. Б.Ц-ийн нэр дээр эзэмшигчийн бүртгэлтэй суудлын тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн мотор, кроп хэвийн ажиллагаатай асаагаад хөдөлгөөнд оролцоход саадгүй, зогсоохоор тоормос гишгэхэд тоормос хэвийн ажиллагаатай, дугуй хийтэй, салхины шилнүүд бүтэн, урд салхины шилнээс бусад шилнүүд хар өнгийн тэйн наасан харагдаж байсныг дөрвөн талаас нь өөрийн эзэмшлийн А51 загварын гар утсаар гэрэл зураг дарж бэхжүүлэв. Уг тээврийн хэрэгслийн урд талаас цагийн зүүний дагуу тойруулан үзлэг хийхээр тогтов. Уг машины урд купер дээр ... улсын дугаартай номер 1 ширхэг, зүүн баруун их гэрлүүд бүтэн асааж үзэхэд гэрэл асна, жолоочийн эсрэг талын купер дээрх гэрэл бүтэн, жолооч талын купер дээрх гэрэлгүй, куперийн доод хэсэг хагарч унасан, күпер мотор хоорондын шорооны хамгаалалт пивор байхгүй. Кобудны урд үзүүр хэсэгт 3x7 сантиметрийн хуучин зэвэрсэн сэвтэй. Куперийн хоёр талын үзүүрийг түгжээгээр дарж хярлантай нь холбосон. Жолоочийн эсрэг талын хярлан, хойд хаалганы хойд хэсгийн хярлан, жолоочийн талын хаалганы замасктай, замаск хагарч будаг хуурсан гэмтэлтэй байсныг гэрэл зураг дарж бэхжүүлэв. Үүний дараа жолооч талын хаалгыг онгойлгож дотор хэсгийг харахад архи, тамхины эхүүн үнэр үнэртэж, жолоочийн суудлын урд, шалны резин дээр АRHI нэртэй 0.33 литрийн хэмжээтэй дотроо шингэн зүйл, бөглөөгүй архи шил 1 ширхэг байсныг эд мөрийн баримтаар хураан авч хяналтын прокурорт утсан харилцаагаар мэдэгдэж хүчинтэйд тооцуулахаар тогтов. Жолоочийн арын хаалгыг онгойлгоход арын суудал дээр шар өнгийн барилгын хамгаалалтын ажлын малгай 1 ширхэг, жолоочийн эсрэг талын урд хаалгыг онгойлгоход 1.5 литрийн хэмжээтэй цэвэр усны сав, дотроо талаас дээгүүр өнгөгүй шингэн зүйлийг үнэрлэж үзэхэд үнэргүй ус мэт зүйл байв. Дунд хайрцагт цагаан өнгийн маскууд, 1 ширхэг бугуйн цаг, урд хайрцагт эд зүйлгүй байсныг гэрэл зураг дарж бэхжүүлэв. Уг машины суудал нь хар өнгийн савхин суудал дээр шаргал өнгийн суудлын бүрээстэй, суудлын бүрээс нэлэнхүйдээ хуучирч хир суусан. Машины шалавч шороогоор бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 тал/,
Хувцсанд үзлэг хийсэн: “...Дээгүүрээ хаана үйлдвэрлэгдсэн нь өмсгөл тодорхойгүй ногоон өнгийн үсэрхэг материалаар хийгдсэн босоо захтай, урдаа цахилгаантай, зүүн, баруун доод хэсэгт халаастай, баруун ханцуйны урд хэсэгт дагуудаа урагдсан, нэлэнхүйдээ хир сууж бохирлогдсон, түүний дотуур хаана үйлдвэрлэгдсэн өмсгөл тодорхойгүй босоо захтай хар өнгийн хантаазтай, хантааз нь урдаа цахилгаантай, зүүн, баруун доод хэсэгт ил халаастай, нэлэнхүйдээ хир суусан урагдал цооролгүй байв. Түүний дотор талд хаана үйлдвэрлэгдсэн нь өмсгөл тодорхойгүй босоо захтай, урдаа цахилгаантай бор өнгийн ноосон цамц 1 ширхэг, түүний зүүн, баруун доод хэсэгт ил халаастай халаасанд эд зүйлгүй, нэлэнхүйдээ бохир суусан, урагдал цооролгүй байв. Түүний дотор талд хаана үйлдвэрлэгдсэн нь өмсгөл тодорхойгүй, задгай энгэртэй богино захтай, цахилгаан товчтой, урд энгэр, ханцуйн дээд хэсэгт зураглал бүхий дүрстэй, хиртэж бохирлогдсон элэгдэж хуучирсан улаан өнгийн куртик цамц урагдал, цооролгүй байв. Түүний дотор талд задгай энгэртэй, урдаа 2 халаастай, резин цахилгаантай, эрээн ногоон өнгийн куртик /нимгэн/ хир суусан, баруун мөрний дээд хэсэгт оёдол дагасан урагдал, өөр урагдал, цооролгүй байв. Түүний дотор талаар задгай энгэртэй цэнхэр өнгийн цахилгаан товчтой юүдэн малгай, даавуун материалаар хийгдсэн цамцтай, урд энгэр хэсэг хиртэж бохирлогдсон. Юүдэн малгай дотор 23 гэсэн тоон дугаартай улаан хар өнгийн ноосон малгай байв. Доогуураа хар өнгийн нелион материалтай, 8 тэлээ тогтоогчтой, тэлээ тогтоогчид хөх өнгийн резин гүйлгэсэн, урд, ардаа халаастай, өмдний баруун хэсэгт нь шороо мэт зүйлээр бохирлогдсон. Баруун халааснаас доод хэсэгт 5х3 сантиметрийн Г үсгэн хэлбэртэй урагдалтай, тус урагдлаас дотогш 2.5 сантиметрийн зайд 3х5 зах өргөн тэгш бус урагдалтай. Түүний дотор талд ногоон өнгийн канттай хөх өнгийн тамирын өмдтэй. Уг өмд нь нэлэнхүйдээ хиртэж бохирлогдсон, урагдал, цооролгүй. Түүний дотор талд хар өнгийн дотуур өмдтэй, урд хэсэг нь задгай, хир суусан, урагдал, цооролгүй өмдтэй. Хөлөндөө хар ултай, бор өнгийн арьсаар хийгдсэн хагас түрүүтэй, үдээстэй хос гуталтай, уг гутланд урагдалгүй, бохирдолгүй. Түүний дотор талд хар өнгийн хос оймстой” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20 дугаар тал/,
“Тэвхэн” Худалдаа үйлчилгээний төвийн камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн: “...Бичлэгийн 01 минут 11 секундэд ертөнцийн зүгээс зүүнээс баруун чиглэлтэй бараан өнгийн суудлын автомашин замын хөдөлгөөнд оролцож зам дээр хэвтэж байсан хүний дээгүүр гарч хөдөлгөөнд оролцоход тухайн хүн тээврийн хэрэгсэл дор чирэгдээд замын гол хэсэгт үлдсэн байсныг priunt Screen хийж зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл 24-38 тал/,
Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 41 тал/,
Хохирогч В.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 06-ны орой өөрийн төрсөн эгчийн хүүхэд П- утсаар залгаад ярихдаа манай нөгөө Т- ах маань аваарт ороод нас барчихжээ. Би өөрөө очиж цагдаагийн газраас асууж лавлалаа гэж хэлсэн. Юу болсныг асуухад машинд дайруулаад аваарт ороод өнгөрсөн байна гэж хэлсэн. Тэр оройгоо орж ирээд П-тэй уулзаад л буцсан. ...Би талийгаачтай 10 гаруй хоногийн өмнө л уулзсан. П-тэй бол хоёр хоногийн өмнө уулзсан байсан. Хөдөө манайхаар ирж очдог л байсан. Манай ээж 2016 онд өнгөрснөөс хойш л манайхаар ирж, очдог байсан. Ээж өнгөрснөөс хойш гэрээ хураагаад өөрийн гэсэн гэр оронгүй, Мөрөн рүү хааяа орж ирээд нэг хүүхэн очдог байсан гэсэн яриа байдаг. Талийгаач болохоор өөрөө нэг айлд байгаад амьдраад байдаг гэж бол ярьж байсан. Би бол тэр айлаар нь очиж байгаагүй. Хаана ямар хүнтэй амьдардгийг бол мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,
Иргэний хариуцагч Б.Ц-ийн: “...Манай нөхөр М- нь М.М-д удаа дараалан тээврийн хэрэгслийг шилжүүлж авахыг хэлсэн боловч ирээгүй. Жил болгоны татварын тайлангаар татвар төлөгдөөгүй гэж гарч ирээд байхаар нь нөхөртөө ийм зүйл болсон гэдгийг хэлэхэд нөхөр болохгүй бол хасалт хийлгүүлэхээс гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/,
Гэрч Р.О-ийн: “...Дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлага өгөхдөө өөрийн ... дугаарын утаснаас дуудлага өгсөн. Тэр өдөр Бишрэлт худалдааны төв, Тэвхэн худалдааны төвийн дунд ертөнцийн зүгээр баруун тал руугаа найз Лонжидын хамт замын урд талын хайсны урд явж байхад чанга дуу чимээ гарсан. Тэгээд юу болов гээд харахад Хас банкны уулзвараар хойшоо бараан өнгийн машин эргээд чигээрээ явчих шиг болсон. ...Сонатагийн загварын машин байж магадгүй, Приусийг бодвол арай өргөн л машин байсан. Тэгээд л тэр машин Хас банкны хажуугаар өгсөөд явчих шиг болсон. Замд тааралдсан хүнээс юу болсныг асуухад юм нь салаад уначих шиг л боллоо гэж хэлсэн. Тэр тааралдсан хүнийг бол танина. Аймгийн захиргаанд жижүүр хийдэг В.Б-а явсан. Тэвхэний саадан дотор ургасан мод өнгөрөөд харахад машины эд анги биш хүн байх шиг харагдахаар нь эмнэлэгт дуудлага өгсөн. Дуудлага өгснийхөө дараагаар бол замын хойно гарч дайруулсан хүнийг харсан. Их дөхөж хараагүй. Тэр үед бол машин, тэрэг зөндөө хүмүүс ирчихсэн байсан. Ирчихсэн хүмүүсээс бол таних хүн байхгүй байсан. Тэгээд байж байхад манай найз Л-ын нөхөр машинтайгаа ирэхээр нь энд хүн машинд дайруулчихлаа, машин нь хамгийн гол нь зогсохгүй явчихлаа гэж хэлэхэд тэгвэл талбайн хажууд цагдаа зогсож байсан гэж хэлэхээр нь машинд нь суугаад бид гурав явж цагдаад мэдэгдэхээр хөдөлсөн. Цагдаа мэдэгдэхээр очиж байхад өөр цагаан өнгийн машин очиж хэлээд аваад эргэж байсан. Тэгээд эргээд ирэхэд цагдаагийн тэнд зөндөө л хүмүүс байсан. Нэг залуу л цаанаас ирээд машины дугаар хэлээд байх шиг байсан. Би бол машины дугаар хараагүй. Тойрч очоод харахад зам дээр хүн хэвтэж байхаар нь түрүүний чимээ бол хүн дайрсан чимээ байна гэж ойлгоод эмнэлэг рүү дуудлага өгсөн. Их дуу чимээ гарахаар нь хүн мөргөчихлөө гэж бодоод алхаж байхад Б- ахтай тааралдаад юу болсныг асуухад машины юм нь салаад уначих шиг боллоо гэсэн. Тэгсэн мөртлөө өндөлзөөд харахад бол зам дээр юм байхгүй байх шиг харагдсан. Тэр үед бол Хас банкны уулзар руу эргэсэн машинаас өөр машин бол яваагүй. Тэгэхээр тэр машин л осол гаргачихаад зогсохгүй явчихлаа гэж бодоод хоцорсон. Модон саад өнгөрч байж л хүн байна гэдгийг харсан. ...Цагдаа ирэхэд нэг залуу Соната-6, 7 байсан ч гэлүү гээд номерын хэлээд байх шиг байсан. Би бол яг машины марк мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/,
Гэрч А.Д-ын: “... 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 22 цагийн орчим ...алаг 36 дугаар байрнаас найз Б-г аваад Улсын бүртгэлийн хэлтсийн уулзвараар зүүн гар тийшээ буюу 4 зам тал руу эргэхэд Сонота-6 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл хүн мөргөсөн бололтой мөргөсөн газар дээр эргэж мөргөсөн хүн рүүгээ гэрэл тусгаж хараад цаашаа хөдөлсөн. Тэр машин хөдлөөд ертөнцийн зүгээр зүүн тийшээ чиглэлтэй яваад 4 замын уулзвараар ертөнцийн зүгээр урд зүгт буюу баруун гар тийш эргээд явсан. Би мөргүүлсэн хүний хажууд очиж зогсоод машинаас буугаад машинд мөргүүлсэн байж болзошгүй хүний хажууд очиход мөргүүлсэн бололтой хүн ямар ч хөдөлгөөнгүй, толгойн хэсгээс цус гарсан байдалтай байсан. Миний хувьд шууд цагдаагийн 7038102 тоот утас руу залгаж дуудлага өгсөн, үүний дараа 7038103 тоот утсанд дуудлага өгсөн. ...Миний хувьд хар өнгийн Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл, давхар будагтай юм байна гэж харсан. Ноймор дугаарыг нь хараагүй. Харин манай найз ... гэсэн дугаартай машин байна. Хойд серийг нь харж чадаагүй гэсэн. ...их содон нэлээн давхар юм шиг будагтай машин байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,
Гэрч Н.О-ын: "...Би “Еvent hall” зочид буудлын 308 тоот өрөөнд архи ууж байгаад, нэг мэдсэн өөрийн найз М.М-ын хамт Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 16 дугаар байрны гадаа буюу өөрийн амьдардаг байрны гадаа М.М-ын хамт 0,5 литрийн “Хараа” нэртэй нэг шил архи хувааж уусан. Архиа ууж дуусаад М.М-аар “Еvent hall” зочид буудал руу хүргүүлэхээр 4 замын уулзвараар гарч баруун зүгт чиглэлтэй явж байхад М.М- надад хандан “өө пизда юу болчихов, хүний хөл дээгүүр харчихав уу, зам дээр хөндлөн хүн хэвтэж байна ш дээ” гэсэн. Тэгээд тэр дороо эргээд гэрэл тусгаад харахад зам дээр тэр хүн өмнө нь байсан байрлалаараа хэвтэж байсан. Тэгээд би “Еvent hall” зочид буудал руу хүргүүлсэн. Замаараа 0.75 литрийн Хараа нэртэй архи, ЕSSЕ нэртэй тамхи авсан. Ямар дэлгүүрээр орсон гэдгээ санахгүй байна. Миний хувьд М.М-ыг хүн дайрсан үгүйг өөрийн нүдээр хараагүй. М.М- өөрөө л хүний хөл дээгүүр гарчихав уу яав гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,
Гэрч Н.О-ын дахин өгсөн: “... 2022 оны 12 дугаар сарын 04-ний өглөө буудалд байхдаа М.М- руу ганц шил архи аваад ирээч гэж залгасан. Тэгсэн М.М- ажил ихтэй байна. Эмнэлгээс саяхан гарсан. Тан ууж байгаа гэсэн. Тэр өдөр архи ууж байгаад хэдэн цагт буудлаас гарснаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь орцон дотроо сууж байсан. Тэгэхэд гэгээ тасарчихсан байхад М.М- руу залгасан. Хэдэн цаг байсныг санахгүй байна. Тэгээд М.М- ирсэн. Ирэхдээ архи авчирсныг нь манай байрны гадаа уусан санагдаад байгаа юм. Тэр архийг уугаад гэр рүүгээ орохгүй байхаар нь 50-100 “Еvent hall” руу явж байсан юм шиг байна лээ. Согтохдоо ааваасаа санаа зовоод, тэнд буудалд байсан хүмүүс дээр хүргүүлэхээр явсан юм шиг байсан. “Еvent hall” дээр очоод уусан. Би хүн харахад эрүүл юм шиг мөртлөө яваад байдаг онцлогтой хүн, тэндээс утас дугараад цагдаагаас дуудаж наашаа ирж мэдүүлэг өгсөн шиг байсан. ...Ямар байсан харанхуйд орж ирээд л суусан, ямар архи байсныг санахгүй байна. М.М- архийг авчирсан. Тэгэхэд архийг дуустал уусан уу үгүй юу гэдгээ ч сайн санахгүй байна. За одоо М.М- уусан уу үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Өөрөө ууж байгаа юм шиг л байсан. Найз нь бол уухгүй гэж байсныг бол санаж байна. Харанхуйд байсан болохоор ууж байгааг нь бол анзаарч хараагүй, тэр архийг дууссан уу, үгүй юу гэдгийг бол санахгүй байна. Хараа байсан гэж бодож байсан байж магадгүй, ямар архи байсныг санахгүй байна. Хэр уусныг бол мэдэхгүй байна. Надад бол хийж өгч байсан. Ууж байхыг нь бол харсан зүйл бол байхгүй. ...Мэдэгдээгүй. Би өөрөө ч их муу согтуу байсан юм. М.М- ороод ууж байсан. Намайг байхад бол 2-3 удаа ууж байсан. Би оо-ийн өрөө орж нэлээн удаан утсаар ярьсан. Буцаад өрөөнд орж ирэхэд М.М- гарсан шүү дээ. Тэнд хэдэн минут болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 65 тал/,
Гэрч В.Б-ын: “...тааралдсан. Тэр өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байсан. 23 цагийн үед Ану дэлгүүрээс гурилан боов, утсандаа нэгж авахаар гарсан. Тэвхэн худалдааны төвийн урд явж байхад ар талд аймар хүчтэй тас няс гэсэн чимээ гарсан. Гайхаад эргээд харахад зам дээр “Соната” маркийн машины гупер салаад уначих шиг болсон. Тэр машин Хас банкны урд эргэх хөдөлгөөн хийгээд эргэсэн. Тэгээд л урагшаа чигээрээ хараад алхсан чинь таньдаг О- тааралдсан. О- цаана чинь юу болчихсон бэ гэж асуухаар нь машины гупер салаад уначих шиг боллоо гэж хариулаад өнгөрсөн. Тэгээд жаахан цаашаа явж байхад нөгөө “Соната” хажуугаар зөөлөн яваад өнгөрөхөөр нь харахад урд гупер нь унаагүй, хормой, доод талаасаа уначихсан бололтой эмтэрсэн харагдсан. Тэр үедээ ямар сонин юм бэ, гупер нь салаад унаагүй байна шүү дээ гэж бодоод өнгөрсөн. Дэлгүүрээс юмаа худалдаж авчихаад эргээд ажил руугаа явж байхад цагдаа нар ирчихсэн, машины гупер биш хүн байсан. Цагдаагийн машин хоёр талд нь ирээд зогсчихсон, цагдаа нар ажиллаж байсан. Тухайн машины дугаарыг хараагүй болохоор тухайн үед тодорхой мэдээлэл өгч чадахгүй юм чинь гэж бодоод цагдаа нарт юм хэлээгүй. ...Хүчтэй дуу чимээ сонсогдохоор эргэн тойрноо харахад Соната маркийн машин дөрвөн зам талаараа ертөнцийн зүгээр баруун зүг рүү явж байгаад Хас банкны урд тушаа эргэж хөдөлгөөн хийж байгаа харагдсан. Тэр машиныг хурд сааруулагч дээр хүчтэй гараад л гупер нь салаад уначихлаа гэж бодсон. Тэр машины хойно нэг том хар юм дугариглаад үлдэхээр нь гупер байна л гэж харсан юм. Тэр машиныг эргээд миний хажуугаар зөөлөн өнгөрөхөөр нь гупер уначихсан байгаадаа гээд харахад урд гупер нь унаагүй, доод хэсэг нь сэлтэрчихсэн л харагдсан. Буцаад нөгөө газарт ирэхэд гупер биш хүн дайруулсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 67 тал/,
Гэрч Б.М-ийн: “... 2022 оны 12 дугаар сарын 04-ний орой Ч.Б-тай ажлын хэргийн шугамаар 5/100 “Еvent hall” буудлын 308 тоотод уулзаад нэг архи уугаад ярьж суусан. Тэгээд Н.О-ыг утсаар байгаа газраа дуудсан. Тэгээд Н.О- жаахан байж байгаад 23 цаг 30 минутын үед Н.О- М.М-ын хамтаар орж ирсэн. Бид нар чинь мини баарных нь нэг шил архийг уусан. Н.О-, М.М-аар л хүргүүлж ирсэн юм байна лээ. Н.О- ирэхдээ нэлээн халамцуу ирсэн. Тэгээд ер нь цаг гаруй, хоёр цаг ч болсон юм уу, шөнө 01 цаг өнгөрч байхад М.М- явахаар гарсан. Н.О- үлдээд их удаа ч үгүй явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/,
Гэрч Ч.Б-ын: “...“Еvent hall” зочид буудлын өрөөнд Б.М-э даргын хамтаар ажил яриад 1 шил финланд нэртэй архи тойруулаад сууж байхдаа найз Н.О- луу утсаар ярихдаа буудлын өрөөнд хүрээд ирээч гэсэн. Тэгсэн Н.О-, М.М- гэдэг хүнтэй цуг орж ирсэн. Н.О- орж ирэхдээ жаахан архи уугаад муудчихсан орж ирээд тэрүүгээр байж байхад М.М- тэрүүгээр холхиж байснаа буудлын өрөөний цагаан шаазан аягаар бид хоёрын ууж байсан архинаас 2-3 удаа дүүрэн дүүрэн хийгээд уучихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72 тал/,
Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн инженер Х.Бямбадоржийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн: "...... улсын дугаартай, HYANDAI маркийн SONATA загварын тээврийн хэрэгсэл нь 2019.09.18-ны өдрөөс хойш техникийн хяналт үзлэгт ороогүй, ерөнхий үзлэгээр урд хойд буфер замаск их гэмтэлтэй, баруун хойд керло замаск, будаг унасан гадаад үзэмж муу, ...тээврийн хэрэгсэл нь хойд урд тоормоз ажиллагаа хэвийн, зогсоолын тоормоз /гар кардан/ ажиллахгүй. Зүүн: ойр гэрэл 2500 CD, холын гэрэл 900 CD, баруун ойр гэрэл 1700 СD байгаа нь гэрлийн тусгалын стандарт хангахгүй. Баруун холын гэрэл 10900 СD стандартын шаардлага хангаж байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84 тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 90 тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, ахлах дэслэгч М.Батмөнхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230 дугаартай: “...Амь хохирогч В.Б-ын цогцост гэмтэл тогтоогдлоо. В.Б-ын цогцост цээж хэвлийн битүү гэмтэл болон баруун шуу, аарцаг, баруун дунд чөмөг ясанд далд хугарал, дух, баруун чих, хацар, зүүн зулай, зүүн шанаан хоолой, баруун ташаа, баруун бугуй, баруун сарвуу, зүүн бугуй, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн шилбэ, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун чихний дэлбээнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Амь хохирогч В.Б-ын цогцост зүрхний булчингийн өөхлөлт, томролт бүхий эмгэгшил тогтоогдоо. Энэ нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлөөгүй байна. 3. Амь хохирогч В.Б-ын нас барах үедээ дунд зэргийн согтолтой байжээ. 4. Амь хохирогч В.Б-ын нь шүүх эмнэлгийн шинжилгээ орохоос 12-13 цагийн өмнө нас барсан байна. 5. В.Б-ын нь цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас цочмог цус алдалтын шоконд орж нас баржээ. 6. Дээрхи гэмтлүүд нь хэвтээ байрлалд авто машинаар дайрч, чирэх, нидрэх үед үүсгэгджээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, химийн шинжилгээний хариу /хх-ийн 91-96 тал/,
Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн: “...Тогтоох нь: “... Явган зорчигч В.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх: гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Сонота-6 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дах хэсэгт зааснаар Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)- д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрон гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулаж ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.3-д зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, сааа тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна” гэх магадлагаа /хх-ийн 100-102 тал/,
Амь хохирогч В.Б-ын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 125 тал/,
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч ахлагч Ж.Пүрэвдоржийн илтгэх хуудас /хх-ийн 137 тал/,
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, ахлах ахлагч У.Эрдэнэбаярын илтгэх хуудас /хх-ийн 138 тал/,
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, ахлах ахлагч М.Бадамрагчаагийн илтгэх хуудас /хх-ийн 139 тал/,
Шүүгдэгч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар бүгдийг ярьсан. Би осол болохоос өмнө Н.О-тай машинд уулзахдаа архи уугаагүй. ...Мөрдөгчийн магадлагааны 3.7-д заасан хориглох заалтыг бол зөрчөөгүй. Тухайн осол гарахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Өөрийн буруутай үйлдлээс болж хүн дайрсандаа айх сандрахдаа буудалд архи уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримтыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч В.П-гийн хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, иргэний хариуцагч Б.Ц-, гэрч Р.О-, А.Д-, Н.О-, В.Б-а, Б.М-э, Ч.Б-, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, химийн шинжилгээний хариу, мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн магадлагаа, амь хохирогч В.Б-ын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн албан тушаалтны илтгэх хуудсууд, шүүгдэгч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч М.М- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Hoimor tower” гэх нэртэй барилгын хашааны урд талын засмал дээр 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим “Соната” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дах хэсэгт зааснаар зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/...Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудаагүй ...г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: мөн дүрмийн 12.3-д зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч В.Б-ын /эр 48 настай/ амь нас хохирсон, мөн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Hoimor tower” гэх нэртэй барилгын хашааны урд талын засмал дээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж авто тээврийн хэрэгслийн жолооч ослын газрыг зориуд орхиж явсан нийлмэл гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч В.Б-ын цогцост тогтоогдсон “цээж хэвлийн битүү гэмтэл болон баруун шуу, аарцаг, баруун дунд чөмөг ясанд далд хугарал, дух, баруун чих, хацар, зүүн зулай, зүүн шанаан хоолой, баруун ташаа, баруун бугуй, баруун сарвуу, зүүн бугуй, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн шилбэ, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун чихний дэлбээнд шарх” бүхий гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас авсан гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч М.М-ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч М.М- жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч М.М- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас В.Б-ын амь нас хохирсон хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, ахлах дэслэгч М.Батмөнхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230 дугаартай дүгнэлт, амь хохирогч В.Б-ын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны үед амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч В.П- нь “...оршуулгын зардлыг нөхөн төлүүлнэ” гэсэн ба шүүгдэгч М.М- нь хохирогч В.П-тэй 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “...би талийгаач дүүгийн ганц ах нь бөгөөд аав, ээж, эхнэр, хүүхэдгүй тул хохирогч талыг төлөөлөн хохирлыг хүлээн авсан бөгөөд цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 167/ байгуулж, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Г.Л-ын ... тоот данснаас В.П-гийн ... тоот данс руу 9.460.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтын хуулбар /хх-ийн 168/ хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.П- нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.М-ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.М-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 123, 127-136, талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, М.М-ын төрсний гэрчилгээний хуулбар, Цагдаагийн газрын нэгдсэн хайлтын системийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.М- нь ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч М.М-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, энэ хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М- нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ад оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 2338000000004 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогч В.Б-ын өмсөж байсан ногоон өнгийн хиймэл үсэн материалаар хийгдсэн цамц 1 ширхэг, хар өнгийн хантааз 1 ширхэг, бор өнгийн ноосон цамц 1 ширхэг, улаан өнгийн куртик 1 ширхэг, эрээн ногоон өнгийн нимгэн куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн юүдэнтэй малгайтай тамирын цамц 1 ширхэг, хар өнгийн нейлон материалтай өмд 1 ширхэг, ногоон өнгийн канттай хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар ултай, үдээртэй, хагас түрүүтэй дотортой хос гутал, хар өнгийн хос оймс, тээврийн хэрэгслийн хагарсан эд анги, куперийн хагарсан хэсгүүд 9 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрлийн суурь мэт саргар төмөр 1 ширхэг, тээврийн хэрэгслийн дохио 1 ширхэг, “АRKHI” нэртэй 0,33 литрийн хэмжээтэй дотроо шингэн зүйлгүй архины шил 1 ширхэгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, СD 1 ширхэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч М.М-ад оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М- нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ад оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, торгох ялаар шийтгүүлсэн шүүгдэгч М.М-ад хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн 2338000000004 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогч В.Б-ын өмсөж байсан ногоон өнгийн хиймэл үсэн материалаар хийгдсэн цамц 1 ширхэг, хар өнгийн хантааз 1 ширхэг, бор өнгийн ноосон цамц 1 ширхэг, улаан өнгийн куртик 1 ширхэг, эрээн ногоон өнгийн нимгэн куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн юүдэнтэй малгайтай тамирын цамц 1 ширхэг, хар өнгийн нейлон материалтай өмд 1 ширхэг, ногоон өнгийн канттай хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар ултай, үдээртэй, хагас түрүүтэй дотортой хос гутал, хар өнгийн хос оймс, тээврийн хэрэгслийн хагарсан эд анги, куперийн хагарсан хэсгүүд 9 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрлийн суурь мэт саргар төмөр 1 ширхэг, тээврийн хэрэгслийн дохио 1 ширхэг, “АRKHI” нэртэй 0,33 литрийн хэмжээтэй дотроо шингэн зүйлгүй архины шил 1 ширхэгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, СD 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР