Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/35

 

 

 

 

        

   2023       01        23                                        2023/ШЦТ/35

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Хохирогч Ө.Б-,

Шүүгдэгч А.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.А-т холбогдох эрүүгийн 2338000000018 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А.А-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А- нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ...тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ө.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь “зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт бүхий гэмтэл" учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000018 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.А- нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ө.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь “зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт бүхий гэмтэл" учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.   

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А-ын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Б-ын өгсөн: “...Би тухайн өдөр ээжийндээ хонох гэж байж байхад миний араас А.А- манай ээжийнд ирээд намайг зодсон. Одоо ямар нэгэн санал, гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй. Би нөхрийгөө уучилсан байгаа. Тийм учраас хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү“ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ө.Б-ын өгсөн: “...Архи уухаараа л цохиж зодоод байдаг. Ямар шалтгаанаар зоддог болохыг мэдэхгүй, хардаад байдаггүй архи уухаараа л ухаанаа алдаад зодчихсон байна, яаж зодсонос мэдэхгүй байна гэж эрүүлдээ хэлдэг. Архи уухаараа ухаан санаа нь ийм болчихдог юм байлгүй л гэж бодож байна. ...одоо надад гомдол гээд байх зүйл юу байх вэ, нөхөр өчигдөр утсаар яриад эвлэрье гэсэн. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын хэдний өдөр байсньг санахгүй байна. Манай хүүхэд А.А- оройхон над руу утсаар залгаад ярихдаа манай эхнэр хүүхэд ээжийнхээ гэр лүү явчихсан байна. Би маргааш өглөө 10 цагт зөрчлийн шүүх хуралд орохоор болчихлоо, хүүгээ үнсчихээд ирмээр байна .Тэгээд танайд очиж хоноё гэсэн. Өглөө болъё гэхэд би өглөө амжихгүй, одоо л явмаар байна гэсэн. Очиж аваад 10 дугаар хороололд эхнэрийнх нь ээжийнд очсон. Гадаа нь очоод А.А- өөрөө эхнэр лүүгээ утасдаад хаалга онгойлго гэхэд гэрлээ унтраагаад хашааны хаалга онгойлгохгүй байсан. Хашаа давж ороод охиноо дуудаж байсан. Нэлээн хэсэг хугацааны дараа гэрэл асаад хаалга онгойлгосон. Ороход орондоо орцгоочихсон байж байцгаасан. Хүүгээ газар хэвтэж байхад нь татаж сэрээх гэхэд эхнэр нь яах гээд байгаа юм бэ, чи яах гэж ирсэн юм гэж байх шиг байсан. Тэгэхэд эхнэр нь газар хүүхдүүдийнхээ хамт хувцас хунартайгаа унтахаар хэвтэж байхад нь А.А- эхнэрийнхээ баруун талын хөл хүү нэг удаа өшиглөхөд л маргаан эхэлсэн. А.А- хүүгээ ч үнсэж чадаагүй. Эхнэр нь босч ирээд л цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаас сарын 16-ны өдрийн 04 дугаартай: “...Ө.Б-ын биед зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Ө.Б-ын биед учирсан гэмтэл нь нийлбэр дүнгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 6-8 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч А.А-ын гэм буруугаа хүлээж өгсөн: “...найз Тэмүүжинийг гэртээ дуудаж 2 шил 0,75 литрийн нэртэй Хараа архи хувааж уусан. Архи ууж байгаад гэрээсээ яг яаж гараад Мөрөн сумын 10 дугаар багт амьдардаг хадам ээж Б-ын гэрт очсон болохыг мэдэхгүй байгаа юм. Тэгээд нэг мэдэхэд манай аав Д.А- миний хүү гээд мөрнөөс татаж байсан. Би аавтайгаа очсоноо мэдэхгүй байгаа юм. Тэгээд хоёр цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Би аавыг дуудаад аавтайгаа цуг очсоныг маргааш нь ааваас мэдсэн. ...Би өөрөө мэдэхгүй байгаа. Манай эхнэр надад хэлэхдээ хөл рүү өшиглөсөн гэж хэлээд шилбэ, гуя хэсгээ бол үзүүлсэн хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ө.Б-, гэрч Д.А-а нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаас сарын 16-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч А.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч А.А- нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ө.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь “зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт бүхий гэмтэл" учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ө.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.А-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч А.А-ын үйлдэл идэвхтэй, хохирогч Ө.Б-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч А.А- гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Б-ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ө.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.А-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 33, 45-47, 49-50 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, А.Б-, А.Г-, А.Г-, А.Т- нарын төрсний гэрчилгээний болон иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч А.А- нь ... оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч А.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч А.А-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч А.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч А.А-ыг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч А.А-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч А.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР