Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваадаргалж, тус шүүхийн А танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, Нуурын 8-109б тоотод түр оршин суух, УУ регистрийн дугаартай, Боржигон овогт Г.У-нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сум 7-р баг, 12-р байр 6 тоотод оршин суух, РД:ЗЮ регистрийн дугаартай, Боржигон овогт Уранчимэгийн Батцоожид холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 17-ны өдөр 139/2018/00048/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил, нэхэмжлэгч Г.У-, хариуцагч У.Батцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.У- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие У.Батцоожтой 2015 оны 01 сарын 14-ний өдөр хууль ёсоор гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш 2011 оны 09 сарын 30-ны өдөр охин Нандинчимэг, 2013 оны 01 сарын 02-ны өдөр хүү Билгүүдэй, 2014 оны 08 сарын 12-ны өдөр охин Нандин-Эрдэнэ, 2016 оны 04 сарын 02-ны өдөр хүү Өгөөдэй нар төрсөн. Ам бүл 5-уул, 4 хүүхдийн хамт 6 жил амьдарсан. У.Батцоож нь сүүлийн 3 жилд удаа дараа архи ууж, бие махбод болон сэтгэл санааны дарамт учруулж байна. 2015 оны 11 сард намайг жирэмсэн байхад зодож зүүн талын хавирга хугарч, зүүн талын нүд болон гуя хөхөрсөн. Миний бие удаа дараа зодуулж байсан. У.Батцоож нь гэр бүлээ болон ээжийг минь хүндлэхгүй, уурлахаараа хэл амаар доромжилж, муу муухайгаар дууддаг байсан. Архи ууж, амьдралаа авч явж чадахгүй, үр хүүхдүүддээ болон надад уураа гаргадаг. Заримдаа гэр орондоо ирж хонохоо больсон. Утсаар элдэв янзын эмэгтэй хүнтэй холбогддог. Намайг хий хоосон харддаг. Эдгээр шалтгааны улмаас хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн хүчирхийллийн харилцаатай тул эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би 4 хүүхдээ өөрийнхөө асрамжинд авч, өсгөж хүмүүжүүлнэ. Иймд эцэг У.Батцоожоос 4 хүүхдэд маань тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч У.Батцоож шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 01 сарын 15-нд Г.У-тэй гэр бүлж, 4 хүүхдийн эцэг эх болж Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт аав, ээж, дүүгийн хамт 7 жил хамт амьдарсан. 2017 оны 05 сараас Улаанбаатар хотод эхнэр Г.У-, 4 хүүхдийн хамт хадмындаа амьдарсан. Миний бие 2 удаа л Г.У-т гар хүрсэн. Хавиргыг нь хугалсан асуудал байхгүй. Г.У- нь ээжийнхээ шахалтаар надаас салж өрх толгойлж, хүүхдийн тэтгэвэр авах зорилготой өргөдөл өгсөн гэж бодож байна. Намайг хотод ажил хийгээд орой ирэхэд хувцас хунар ялгаад хашааны үүдэнд тавьсан байсан. Миний хувьд 4 хүүхдийнхээ хувь заяаг бодож эхнэр хүүхдээсээ салахыг хүсэхгүй байна. Иймд миний байдлыг харгалзан үзэж зөв шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.У- нь У.Батцоожид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчГ.У-, хариуцагч У.Батцоож нар нь 2009 оны 07 дугаар сарын 11-нд гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2015 оны 01 сарын 14-нд бүртгүүлсэн болох нь Г.У-, У.Батцоож нарын №4801000004 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргаж байна.

Гэрлэгчид нь 2017 оны 12 сараас эхлэн тусдаа амьдарч байгаа ба У.Батцоож нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 44/275 тоот тодорхойлолт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн судалгаагаар нотлогдож байна.

Иймд гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийлэл дарамтнаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч нь охин Б.Нандинчимэгийг 2011 оны 09 сарын 30-нд, хүү У.Билгүүдэйг 2013 оны 01 сарын 02-нд, охин У.Нандин-Эрдэнийг 2014 оны 08 сарын 12-нд, хүү Б.Өгөөдэйг 2016 оны 04 сарын 02-нд төрүүлсэн болох нь хүүхдүүдийн УЦ, УЦ, ЗЮ, ЗЮ дугаар регистртэй №0000717441, №0000872707, №4801000235, №4801000126 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Охин Б.Н нь 6 настай, хүү У.Б нь 4 настай, У.Н нь 3 настай, Б.Ө нь 1 настай, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа ба уг хугацаанд ээжийнхээ асрамжинд байдаг болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хүүхдийг эцэг эхийнхээ асрамжинд сурч хүмүүжүүлэх бололцоог хангахын тулд охин Б.Н, хүү, У.Б, охин У.Н, хүү Б.Ө нарыг эх Г.У-ийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хуульд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг У.Б сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Б.Н, хүү, У.Б, охин У.Нандин-Эрдэнэ, хүү Б.Ө нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдаж, нэхэмжлэгч нь тус шүүхийн шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан төлөхөөр тогтоосон ба охин Б.Н нь 6 настай, хүү У.Б нь 4 настай, У.Н нь 3 настай, Б.Ө нь 1 настай учир Дундговь аймагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 175600 төгрөгийн 50 хувь буюу 87800 төгрөгийг сар бүр хариуцагч У.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Б.Н, хүү У.Б, охин У.Н, хүү Б.Ө нарт сар бүр төлөх 87800 төгрөгийг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1053600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 29836*4=119344 төгрөг, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага 70200 төгрөг, нийт 189544 төгрөгийг хариуцагч У.Б гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт У Б /ЗЮ тоот регистртэй/, Боржигон овогт Г.У- /УУ тоот регистртэй/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 09 сарын 30-нд төрсөн УЦ регистрийн дугаартай, охин Боржигон овогт Б Н, 2013 оны 01 сарын 02-нд төрсөн УЦ13210279 регистрийн дугаартай, хүү Боржигон овогт У Б, 2014 оны 08 сарын 12-нд төрсөн ЗЮ14281203 регистрийн дугаартай, охин Боржигон овогт Ур, 2016 оны 04 сарын 02-нд төрсөн ЗЮ регистрийн дугаартай, хүү Боржигон овогт Б Ө нарыг эх Г.У-ийн асрамжинд үлдээж, хүүхэд тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Боржигон овогт У Б хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын тавин хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Номинцэцэгт даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч У.Б 189544 /нэг зуун наян есөн мянга таван зуун дөчин дөрөв/төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА