Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0617

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З овгийн Ш Б /РД:/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Шарга-12 СӨХ,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1154 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, гуравдагч этгээд Шарга-12 СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, С.Д, түүний өмгөөлөгч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Ш.Баттөмөр нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар 216 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай сунгуулж авсан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1154 дугаар захирамжаар Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй худалдахаар нийтэд зарласан, цаашид уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, өмчлөхгүй байх нь тогтоогдсон гээд газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон.

Тус Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Д.Худ нарын 9 иргэний нэхэмжлэлтэй шүүхийн маргаан 2017 оны 10 дугаар сараас явж 2019 оны 02 дугаар сарын 25-нд дууссан. Үүнээс шалтгаалан уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй.

Мөн 2019 оны 03 дугаар сарын 27-нд 0306/1031 тоот албан бичиг ирсэн. Тус албан бичигт Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалт буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл бий болсон. Мөн 12 дугаар байрны оршин суугчдаас, Шарга-12 СӨХ-оос гомдол удаа дараа ирсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдэв гэсэн бичиг ирсэн. Энэ талаар Баянгол дүүргийн 7 дугаар хорооны газрын мэргэжилтэн н.Алтанзултай уулзан, шүүхийн шийдвэрээ үзүүлэн ярилцаж ойлгуулсан.

Мөн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны иргэн Д.Алтантогос Авилгатай тэмцэх газарт тус газрыг эзэмших эрхийг хүчингүй болгуулах талаар гомдол гаргасан талаар надад мэдэгдсэн. Би тус гомдлын талаар Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дотоодын хяналтын хэлтсийн дарга н.Энхтуяад газрын талаараа танилцуулж, 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн талаар танилцуулсан.

Ийнхүү явсаар байгаад 2019 оны 9 сар болсон бөгөөд үлдсэн саруудад ажлаа эхлүүлэх талаар хөөцөлдсөн боловч тодорхой ажил хийж чадаагүй байтал он дууссан. 2020 онд Ковид-19 цар тахал эхэлснээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүхий л үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Миний хувьд зөвшөөрөлтэй газар дээрээ барилга барих, төслөө хэрэгжүүлэхийн тулд хамтрагч олж ажлаа эхлүүлэх зорилгоор худалдана гэж зар гаргасан. Би зөвшөөрөлтэй газраа худалдсан ч Газрын тухай хуулинд харшлах зүйл байхгүй гэж ойлгодог. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1154 дүгээр захирамжийг хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгийн гол утга санаа нь өнгөрсөн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн утгатай зүйл бичсэн байна. 2012 онд зөвшөөрлөө авснаас хойш, 2017 он хүртэл шүүх хуралдаан болж би бүх асуудлаа ярьж тайлбарлаад, тухайн асуудлыг ойлгож 2019 онд шүүхийн асуудал дууссан гэж ойлгодог. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд миний 2 жилийн хугацаа болох юм. Хэрэв Ковид-19 цар тахлын нөхцөл байдал байгаагүй бол миний хугацаа шүүх хуралдаанаас хойш 2021 оны 03 дугаар сар хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй 2 жилийн цэвэр хугацаа байх ёстой. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бүх зүйл хаагдаж, ямар ч үйл ажиллагаа явуулах боломж олдоогүй. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан дууссанаас хойш би зүгээр байгаагүй. Тэр хооронд надад Газрын албанаас бичиг ирсэн. Газрын албанаас бүх газар эзэмшигчдийг дуудан уулзаж байсан. Газрын албанаас дуудаж уулзахдаа газрын төлбөрийн асуудал болон барилга барих зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг асуусан. н.Алтантогос гэдэг хүн Авлигатай тэмцэх газарт Ш.Баттөмөр нь ямар ч зөвшөөрөлгүйгээр нийтийн эдэлбэр газарт барилга барих гэж байна. Үүнийг шалгаж өгөөч... гэсэн гомдол гаргасан. Авлигатай тэмцэх газраас н.Энхтуяа гэдэг эмэгтэй надтай утсаар холбогдоход би бүх зүйлээ тайлбарлаж хэлсэн. н.Энхтуяа нь ...та надтай ирж уулзах шаардлагагүй. Холбогдох бичиг баримтуудаа хуулбарлан над руу явуулаарай... гэж хэлсэн. Би тэр хүнтэй уулзаагүй, гэхдээ холбогдох бүх материалаа явуулсан. Дараа нь утсаар холбогдож ...Таны хэргийг хаалаа. Зөвшөөрөлтэй юм байна... гэсэн. Дараагийн асуудал нь н.Загдсамбарын албан бичиг ирсэн. Ингэж явсаар 2019 оны 08 дугаар сард дууссан. 2019 оны хувьд үйл ажиллагаа явуулах 4 сарын л хугацаа үлдсэн. Түүнээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадаагүй юм.

Барилга барих боломж гарсан эсэхийг тайлбарлая. 2017 оны 08 дугаар сарын 12-нд хашаа бариад, тухайн өдрөө буулгуулсан. н.Батбаясгалан нь хашааг буулгасан. 2019 онд шүүхийн асуудал дуусаад, 2019 оны 08 сар хүртэл гурван байгууллагад албан бичиг өгөн, түүний хариуг буцаан авсаар байтал дууссан. 2019 оны 8 дугаар сараас хойш 4 сарын хугацаанд ямар нэгэн бичиг гэхгүйгээр тайван байсан. Түүний дараа жил буюу 2020 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ажил зогссон.

2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдлийг хүлээн авсан. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны мэдэгдлийг хүлээн аваагүй. 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдөр утсаар мэдэгдэлтэй холбоотойгоор биш, ...таны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо... гэж ярьсан. Эмнэлгээс гараад авъя гэж хэлээд гарсныхаа дараа 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр очиж авсан. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох А/1154 дугаар захирамж нь гарахдаа Газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг удирдлага болгон гарсан боловч үндэслэл нь ...Ирээдүйд цаашид тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахгүй болох нь тогтоогдсон... гэсэн үндэслэлээр гарсан. Өнгөрсөн хугацаанд Буд нарын 9 иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлээд 2019 оны 02 дугаар сард Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Тухайн захиргааны хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдэхдээ өмнө Нийслэлийн хот төлөвлөлтийн газар болон Нийслэлийн Засаг дарга нараас иргэн Ш.Баттөмөрт газар эзэмших эрхийг олгосонтой холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хугацаанд тухайн газрын эрх зүйн байдал маргаантай, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд эрх зүйн байдлын хувьд эргэлзээтэй байсан. Мөн цар тахлын хүчин зүйлийн нөлөө үүссэн байсан. Цар тахлын нөлөөг 2020 оны эхэн үеэс гэж үзэж байна. Ш.Баттөмөр гуайг тухайн захирамжид дурдсанаар ...ирээдүйд ашиглах боломжгүй буюу хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр дараалан 2 жил ашиглаагүй... гэж дурдсан захиргааны байгууллагын шийдвэр нь буруу, мөн хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Яагаад гэвэл Газрын хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотойгоор Засаг даргын бүрэн эрхийг тодорхой заасан. Үүнд ...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасны дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр л гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй. Гэтэл ирээдүй цагт тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахгүй байж болзошгүй байна, эсвэл бусадтай хамтарч буюу бусдад газар эзэмших эрхээ шилжүүлж магадгүй байна гэдэг үндэслэлээр цуцлах хуулиар олгогдсон бүрэн эрх байхгүй байхад хууль зөрчин энэ сөрөг нөлөөлөл бүхий актыг гаргасан.

Тус актыг гаргахдаа мөн тухайн газартай холбогдуулан гаргасан иргэдийн гомдлыг иш татсан. Өөрөөр хэлбэл мэдэгдэлдээ ...Тухайн газартай холбогдуулан иргэд гомдол гаргаад байгаа учраас цуцлах болж байна.. гэсэн давхар утгатай өгүүлбэрийг бичсэн байдаг. Тухайн газартай холбогдуулан гаргасан иргэдийн гомдол нь шүүхээр шийдвэрлэгдээд 1 жил 7 сар орчмын хугацаа өнгөрсөн байсан. Иргэдийн гаргасан гомдлын агуулга нь газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхтэй цоо шинээр бусдын эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэх ямар нэгэн агуулга байгаагүй. Бүгд ижил агуулгатай гомдлыг давтан гаргаж байсан болох нь сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөл гэж үзэж байсан иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн бичгүүдээс ил болсон. Тухайн бичгүүдэд иргэдээс ирүүлсэн гомдолд дурдсан асуудлыг шийдвэрлэсэн гэдэг хариу өгсөн атлаа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болгон ашигласан. Эндээс харахад хууль бус захиргааны актын шинжийг агуулсан акт гарсан.

Хэдийгээр шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох үүргийг хэрэгжүүлж байгаа боловч захиргааны байгууллага нь тухайн мэдэгдлийг хүргүүлсэн учраас мэдэгдсэнээ нотлох үүргийг Захиргааны ерөнхий хуулиар хүлээдэг. Тухайн үүргээ захиргааны байгууллага нь биелүүлсэн эсэхэд маргаантай байдаг. Нэхэмжлэгчийн 4, 5 жилийн өмнөх хаягийн мэдээллийг болон нэхэмжлэгчийн огт хэрэглэдэггүй утасны дугаарыг тавьж тухайн мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлсэн мэтээр хандсан. Газрын тухай хуулиар Засаг даргын бүрэн эрх нь зөвхөн 40.1.6-д заасан нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тогтоох ёстой. Гэтэл одоог хүртэл тухайн газрыг ашиглаагүйтэй холбоотой асуудлыг хэрхэн хэлэлцэж дүгнэсэн нь хувийн хэрэг, баримтаас гарч ирээгүй. Өөрөөр хэлбэл ямар хүчин зүйл нөлөөлж тухайн газрыг ашиглаагүй гэдгийг дүгнэсэн ямар нэгэн хуралдааны тэмдэглэл, шийдвэр байхгүй. Зөвхөн иргэдээс гомдол гаргасан, мөн 2 жил дараалан ашиглаагүй байна гэсэн 2 зүйлийг үндэслэсэн. Шүүхэд тухайн газартай холбоотой маргаан явж байгаа үед тухайн газарт хөрөнгө оруулалт хийх болон бусад хэлбэрээр буюу үйлчилгээний зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд эрх зүйн маргаантай учраас хүндрэлтэй байдаг. Энэ нөхцөлийг буруу дүгнэсэн. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шарга-12 СӨХ-ны хувьд шүүхээс эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй гуравдагч этгээдээр оролцуулсан боловч ямар эрх ашиг нь хэрхэн зөрчигдсөн талаар нотлох баримтыг одоог хүртэл ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна гэсэн. Тухайн дүгнэлтийг үгүйсгэх шинээр илэрсэн ямар нэгэн нөхцөл байдлын талаар хавтаст хэрэгт байхгүй. Нэгэнт шүүхээс тогтоогдсон үйл баримтыг хэрэгт хамааралтай хэмжээгээр дүгнэхэд Улсын дээд шүүхээс хүчин төгөлдөр болсон 2019 оны тогтоолын хүрээнд гуравдагч этгээдийн эрх ашиг нь шууд хөндөгдсөн гэж үзэх боломжгүй юм. Иймд хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.

2019 оны 03 дугаар сард 10/31 дугаартай албан бичигт оршин суугчид болон Шарга-12 СӨХ-оос гомдол гаргасан гэж дурдсан байдаг. Шарга-12 СӨХ болон оршин суугчдаас гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж хариу өгсөн байдаг ч иргэдээс гомдол гаргаад байна гэсэн үндэслэлийг давхар ярьдаг. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу алдаатай хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан. Тухайн захиргааны байгууллагын гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нь ...тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй... гэсэн хариу өгсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана, 14.1.1-д дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх боломжтой байдаг. Газрын тухай хуульд шууд шүүхэд хандах талаар заасан байгаа нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар хууль бус захиргааны актыг хянуулахаар, хүчингүй болгуулахаар хандаж, түүнийг нь захиргааны байгууллага хүчингүй болгож болдог журмыг орлуулан заавал хэрэглэх зохицуулалт биш юм. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар шууд шүүхэд хандаж болно, мөн гомдол шийдвэрлэх байгууллагад нь хандаж болох хуулийн зохицуулалт юм. Иймд нэхэмжлэл йг хөөн хэлэлцэх хугацаандаа гаргасан гэж үзэж байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө холбоотой өмчлөгчийн эрхийг 15 дугаар зүйлийн 1.1-д зааснаар өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах зүйлийг тогтоож өгсөн. Хэрвээ тус хуулиар зааснаас бусад хэлбэрээр олж авсан эд зүйл байгаа бол түүнийгээ нотолж байж гуравдагч этгээдийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотолж тайлбарлах шаардлагатай байсан боловч ...нэгэнт шүүхээс гуравдагч этгээдийг ажиллагааны явцад оролцуулсан учраас манай эрх ашиг хөндөгдсөн гэж үзнэ... гэж тайлбар өгч байгаа нь буруу гэж үзэж байна. Мөн тухайн газартай холбоотой маргаан шүүхээр хэлэлцэгдэж байгааг мэдсээр байж ашиглалтын зүйл үүсгэсэн нь хуульд нийцэхгүй үйл ажиллагаа юм.

Тухайн орчмын байрны айлуудын байгалийн гэрэл, орц гарцыг нь хаасан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн шийдвэрээр нотлогдсон асуудлыг дахин нотлохгүй гэдэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т заасан журамтай учраас тус шүүх хуралдаанд өмнөх шийдсэн асуудлыг давтан ярьж байгаа үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй. 2019 оны 02 дугаар сар хүртэл шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн газар эзэмших эрх нь маргаан бүхий нөхцөл байдалд байсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж дүгнэх хангалттай үндэслэл байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаан гэж дүгнээгүй. Тухайн газрыг ашиглахын тулд иргэний эрх зүйн харилцаа, санхүүгийн харилцаа үүсгэхээр зуучлалын ОСМО ХХК-д хандсан үйл явдлыг нь ирээдүйд ашиглахгүй нь тогтоогдсон мэтээр урвуулан дүгнэсэн байна. Мөн гуравдагч этгээд талаас нэхэмжлэгч нь барилга бариулах хөрөнгөтэй байсан эсэх талаар асууж байна. Газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхийн тулд заавал хөрөнгөтэй буюу барилгын санхүүжилтийг өөрийн хөрөнгөөс гаргах ёстой гэсэн шаардлага байдаггүй. Энэ нь хүнийг эд хөрөнгөөр нь ялгаварлаж хандаж байгаа асуудал харагдаж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж маргаан бүхий захирамжид хүртэл дурдаагүй. Зөвхөн ашиглаагүй гэж дурдаад, хуулийн зүйл заалтдаа Газрын тухайн хуулийн 40.1.6-г иш татан, мөн ирээдүй цагт ашиглахгүй болох нь тогтоогдсон гэж дурдсан. Ирээдүй цагт ашиглагдахгүй болохыг дүгнэх эрх хэмжээ захиргааны байгууллагад байхгүй. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 216 м.кв газрыг иргэн Ш.Баттөмөрт эзэмших эрх олгосон. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамжаар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч нь дээрх газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахгүй худалдахаар нийтэд зарласнаар цаашид ч тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахгүй болох нь тогтоогдсон.

Иймд нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар иргэн Ш.Баттөмөрт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1154 дүгээр захирамжаар хүчингүй болгосон. Иймд Ш.Баттөмөрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ газартай холбоотой асуудлаар тухайн сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдээс удаа дараа гомдол мэдээлэл ирж байсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн газрын албанаас 2019 оны 03 дугаар сарын 27-ны 0306/1041 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж байсан. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 07/5242 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс мэдэгдлийг хүлээж аваагүй гэж тайлбарладаг. Гэхдээ тухайн мэдэгдлийг гэрээнд заасан нэхэмжлэгчийн хаягаар хүргүүлсэн. Мөн утсаар мэдэгдсэн. 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдэлтэй холбогдуулан нэхэмжлэгчээс тайлбар ирүүлсэн. Энэ газартай холбоотойгоор тухайн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь тогтоогдсон учраас, мөн зориулалтын дагуу ашиглахгүйгээр зарахаар зар тавьсан болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Тухайн газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй. Нийтийн эдэлбэр газраар тогтоолгохоор танилцуулаад явж байгаа, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал хүргүүлээгүй, шийдвэр гарсан зүйл байхгүй. Газрын тухайн хуулийн 56.8-д заасныг орчны бүх газрыг хамааруулж ойлгоно. Орчныг тохижуулах, цэвэрлэх, хамгаалах сууц өмчлөгчдийн холбооны үүрэгт орчны бүх газар хамаарна. Шарга-12 СӨХ сууц өмчлөгчдийн холбоонд гэрчилгээний дагуу ашиглаж байгаа захирамжтай газартай нь хамаарахгүй.

Тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргах гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.1.6-г үндэслэн гаргасан. Ашиглаагүй 2 жилийн хугацааг 2017 онд сунгаснаас хойш тооцсон. Нэхэмжлэгч нь тухайн хугацаанд тухайн газарт юу хийсэн болон юу хийх гэж байснаа тодорхой тайлбарласангүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ тайлбарлахдаа хашаа барьсныг буулгасан гэж тайлбарлаж байна. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд орохгүй юм. Тухайн газраа бусдад зарж борлуулахаар арилжааны чиглэлээр ашиглах санаа зорилго нь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын зараас тодорхой харагдаж байна. Гуравдагч этгээд талын тайлбарлаж байгаа гомдол гаргах хугацааны талаарх тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь сонсох ажиллагаа хийгдээгүй, тухайн мэдэгдлийг хүлээж аваагүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн, мөн гэрээнд заасан хаягаар нь хүргүүлсэн. Захиргааны байгууллагаас хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн гэж үзэж байна. Өмнөх шүүхийн шийдвэртэй холбоотой тайлбар хийж байна. Өмнөх шүүхийн шийдвэр нь тус маргаанд ямар ч холбоогүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжийн 1 дэх үндэслэл болох нэхэмжлэгч Ш.Баттөмөр нь өөрийн эзэмшиж буй Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, үйлчилгээний зориулалттай газрыг 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй талаар тайлбар хийе. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж заасан. Нэхэмжлэгч Ш.Баттөмөрт анх Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар маргаан бүхий газрын эзэмшүүлэх эрх олгосон. Мөн талуудын хооронд байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3.3-т Газрыг гэрээний дагуу эзэмшээгүй болон гэрээний 3.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгоно, мөн гэрээний 4.1-д гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмшиж, ашиглах үүрэгтэй. гэж заасан. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч нь газрыг эзэмших гэрээг байгуулж, хууль болон гэрээнд заасны дагуу газрыг эзэмшиж, ашиглах үүрэгтэй. Гэрээнд зааснаар тухайн газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглана гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь анх Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны А/37 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосноос хойш өнөөдрийг хүртэл бүтэн 8 жилийн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй. Энэ бүтэн 8 жилийн хугацаанд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах боломж нөхцөл байсан гэж үзэж байна.

Мөн н.Буд нарын иргэдээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь одоо маргаж буй Нийслэлийн Засаг даргын захирамжаас өөр үндэслэлтэй. н.Буд нарын маргаан нь энэ маргаантай хамааралгүй юм.

Мөн 2 дахь үндэслэл болох нэхэмжлэгч Ш.Баттөмөр нь өөрийн эзэмшиж буй Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай газрыг 250 сая төгрөгөөр худалдахаар нийтэд зарласан талаар дараах тайлбарыг гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 д Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, мөн тус хуулийн 40.1.1 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан. Газар эзэмшигч нь газар эзэмших гэрээг байгуулж, хууль болон гэрээнд заасан нөхцөл зориулалтын дагуу газраа эзэмшиж ашиглах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь хууль зөрчин 2019 оны 11 дүгээр сард үл хөдлөх хөрөнгө зуучлалын osmo.mn сайтад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооллын И-март худалдааны төвийн замын урд автобусны буудлын хажууд байрлах, үйлчилгээний барилга барих зөвшөөрөлтэй, 217 м.кв талбайтай газрыг 250 сая төгрөгөөр зарна... гэсэн зарыг нийтлүүлсэн байдаг. Энэ үйл баримтыг ОСМО ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тус шүүхэд ирүүлсэн албан бичгээр нотлогддог. Нэхэмжлэгчийн хувьд тухайн газрыг 250 сая төгрөгөөр худалдахаар зар тавьсан гэдгээ үгүйсгэдэггүй, мөн маргахгүй байгаа гэж үзэж байна. Тухайн газрын анхнаасаа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, мөн цаашдаа ч тухайн газрыг зориулалтын ашиглахгүй гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна.

Энэ газар нь 2009 онд н.Ганбаатар гэдэг хүнд олгосон байдаг. 2010 оны 203 тоот захирамжаар н.Эрдэнэбилэг, н.Ганбаатар нар хамтран эзэмшиж, улмаар тухайн эзэмшигчид газрыг зориулалтын дагуу ашиглаагүй. Ингээд 2012 онд нэхэмжлэгч Ш.Баттөмөрт шилжиж ирээд, энэ хүн бүтэн 8 жилийн хугацаанд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй. Энэ газар нь анхнаасаа зориулалтын дагуу ашиглагддаггүй, барилга баригддаггүй, хүмүүст дамлан зарагддаг газар юм. Ийм үйлдлийг таслан зогсоосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна.

Тухайн газар нь анхнаасаа нийтийн эзэмшлийн зам талбай байсан. Манай сууц өмчлөгчдийн холбооноос тухайн газарт ногоон байгууламж, тохижилтын ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийсэн. Мөн тухайн газарт байрлах шатаар дамжин иргэд автобусны буудал руу гардаг байсан гарцыг хаасан.

Нийтийн эзэмшил гэдгийг Газрын тухай хуулийн 12.1.-д нийтийн эзэмшлийн эдэлбэр газарт зам, талбай, машины зогсоол, орчны цэцэрлэгт талбай орно. Үүнийг хуулиар зааж өгсөн. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлд Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрыг тохижуулах, арчлах, цэвэрлэх, хамгаалах үүргийг тухайн сууц өмчлөгчдийн холбоо хариуцна гэж заасны дагуу Шарга-12 СӨХ нь оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хэдийгээр ашиглах эрхийн гэрчилгээгүй ч гэсэн хийгээд явж байна.

СӨС болон оршин суугчдын эрх ашиг нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Энэ Үндсэн хуулийн үзэл санааг бусад салбарын хууль буюу Барилгын тухай хууль, Газрын тухай хуулиудаар баталгаажуулж өгсөн. 2004 оны дүрэмд 2-4 давхар барилга хоорондын зайг 15 метр байна гэж заасан байдаг. Гэтэл хавтаст авагдсан н.Буд нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шийдвэрт 12 дугаар байр болон тухайн газрын хоорондын зайг 13 метр байсан гэж мэдүүлсэн. Шүүхээс тухайн газарт үзлэг хийгээд ойролцоогоор 15 метр байна гэж үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан. 12 дугаар байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Тийм учраас тухайн газарт барилга бариулахгүй гэдэг гомдлыг дүүргийн болон Нийслэлийн Засаг даргад удаа гаргаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Газрын тухай хуулийн 20.2-т зааснаар Засаг дарга нь газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавина. Мөн үүнийг гэрээндээ тусган гэрээний заалтаа хэрэгжүүлээгүй бол хүчингүй болгоно гэж заасан. Нэхэмжлэгч нь ОСМО ХХК-тай гэрээ байгуулан тухайн газрыг худалдахаар нийтэд зарласан нь нэхэмжлэгч тухайн газрын гэрээнд заасан зориулалтын дагуу газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх санаа зорилго байхгүй байсан. 2 жил дараалан ашиглаагүй тухайд нэхэмжлэгч нь 2017 оноос хойш зориулалтын дагуу ашиглах ямар нэгэн үйлдэл хийгээгүй учраас тухайн норм дүрмийг баримтлан Хот байгуулалт, төлөвлөлтийн газраас тухайн төлөвлөгөөг хүчингүй болгосон гэж харагдаж байна. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх ахиад хүсэлт гаргасан зүйл байхгүй учраас хариуцагч буюу Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж нь хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр байна. Оршин суугчдын эрх ашгийг хамгаалсан байна гэж үзэж байна.

Орчны газрыг СӨХ нь эзэмшдэг эсэхийг дээр тайлбарласан. Нийтийн эдэлбэр газар гэдгийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 62 дугаар тогтоолоор тухайн албан газар, аж ахуйн нэгж нь өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа объектоос 50 метр зайнд тохижилтыг хариуцна гэж заасан. Энэ тогтоолоор тухайн маргаан бүхий газар СӨХ-д хамааралтай мөн нийтийн эдэлбэр газар байгаа учраас нэхэмжлэгч нь тухайн газарт үйлчилгээний зориулалтаар барилга барьж ашиглах боломжгүй гэдэг нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн тайлбар өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа сонсох ажиллагаа хийсэн болох нь тогтоогддог. Энэ талаарх холбогдох нотлох баримтыг шүүхээс цуглуулж, хавтаст хэрэгт авсан. Тухайн нөхцөл байдалтай холбоотой хариу тайлбар гаргах нэхэмжлэгчийн эрхийг хариуцагчийн зүгээс хангасан байна гэж үзэж байна.

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д хөөн хэлэлцэх тоолох талаар зохицуулалт байдаг. Тус хуулийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан. Хуульд өөрөөр заагаагүй гэдгийг Газрын тухайн хуулийн 40.3-т тусгайлан өөрөөр заасан байна гэж үзэж байна. Дараагийн нэг зүйл нь гомдол гаргах захиргааны байгууллага нь тухайн захиргааны байгууллага өөрөө байх гэдэг ойлголтоор шүүхэд хэрэг үүссэн юм шиг байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг дарга нарын шатлалыг тогтоосон байдаг. Нийслэлийн Засаг даргын дээд талд Засаг дарга гэж албан тушаал байдаггүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар өөрт нь гомдол гаргаж болох боловч Захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 14.3-т Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Газрын тухай хуулийн 40.1-т заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж байгаа тохиолдолд тус хуулийн 40.3-т заасны дагуу шүүхэд шууд хандахаар заасан. Ингэж хандахдаа шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногт гэж үзэж байгаа боловч мэдээж нэхэмжлэгчийн тухайн шийдвэрийг мэдсэн байх эрхээ хэрэгжүүлэх боломжоор нь хангах үүднээс тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцож 10 хоногоор тогтоох ёстой гэж үзэж байна. Нэгэнт гарсан захиргааны актыг шууд шүүхэд хандана гэж тусгай журмын дагуу хоногийг заасан байхад тухайн акттай холбоотой асуудлаар Засаг даргад өөрт нь гомдол гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэхэд шүүхээс дүгнэлт хийх ёстой байх гэж бодож байна. Мэдээж иргэн хүн Газрын тухайн хуулийн тусгай зохицуулалтыг мэдэхгүй байж болох ч хуулийг мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь тухайн захиргааны актыг дээд шатны захиргааны байгууллагаар хянуулах, нэхэмжлэл гаргагчийн эрхийг нэг удаа эдлүүлэх боломжийг хангуулдаг. Гэтэл энэ тохиолдолд шийдвэр гаргагч нь өөрөө хэрвээ урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хэрэгжинэ гэж үзэх юм бол тухайн шийдвэрийг өөрөө хянах Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн зохицуулалт харагдаж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд шүүх дүгнэлтээ хийх ёстой гэж бодож байна. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгахыг нарийн бичгээс хүсэж байна.

Энэ газрын талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Тухайн газар нь 2004 оноос газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж, 2008, 2009, 2012 онуудад иргэдэд олгогдсон. Энэ газар нь 10 гаран жилийн хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглагдаагүй байдаг. Дандаа арилжааны зориулалтаар нэг этгээдээс нөгөө этгээдэд шилждэг. Шилжих болгондоо тухайн газрын үнэ нь өсдөг. Хамгийн сүүлд 250 сая төгрөгөөр үнэлсэн. Архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөөг батлуулсан боловч ажлын даалгавар гарч, барилгын эх загвар зураг хийлгэсэн зүйл байдаггүй. Тухайн газрыг нэхэмжлэгч нь зориулалтын ашиглах хүсэл зориг байсан эсэх, мөн 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх тодорхой баримтууд хавтаст хэрэгт байхгүй.

Дараагийн асуудал нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа ...Тухайн газарт хөрөнгө оруулан ашиглах зорилготойгоор ОСМО ХХК-д хандан, хөрөнгө оруулагч хайх зорилготой байсан... гэж тайлбарладаг. ОСМО ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах зуучлалын гэрээнд ямар нэгэн байдлаар хамтран ажиллах, өөр хөрөнгө оруулагч олох, тухайн газрыг хамтран эзэмших, тухайн газарт барилга барих хүн олох талаар хувилбарыг тусгаагүй. Зөвхөн тухайн үнэ өртгөөр зарах тухай гэрээг байгуулсан нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа хүсэл зориг үгүйсгэгдэж байна гэж үзэж байна.

Өмнөх маргаанд шүүхээс хийсэн үзлэгт СӨХ-оос тарьсан моднуудын тоо, зүлэгжүүлсэн талбай, хашаа хайс зэрэг тохижилтыг Шарга-12 СӨХ-ны хөрөнгөөр хийсэн. Хэрвээ тухайн газарт ямар нэгэн барилга байгууламж баригдахаар бол моднуудыг тойруулж барилга төлөвлөөгүй, энэ бүх бүтээн байгуулалт, Шарга-12 СӨХ-ны хөрөнгөөр баригдсан тохижилтыг нураах учраас эрх ашиг нь хөндөгдөж байна.

Маргааны үндсэн үйл баримттай холбоотой буюу 2 жил дараалан ашиглаагүй талаар Газрын тухайн хуулийн 40.1.6-д заасан хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл газар эзэмшигч нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш тухайн газар эзэмших гэрчилгээгээ сунгуулж эзэмшиж эхэлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон байна. Архитектур төлөвлөлтийн даалгавраа сунгуулах, шинээр ерөнхий төлөвлөгөө хийлгэх, барилгын зураг хийлгэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна. Ямар нэгэн үйлдэл хийсэн талаар нотлох баримтууд хавтаст хэрэг байхгүй. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөө хойш тухайн газрыг нэхэмжлэгч нь үйлчилгээний зориулалтаар цаашид ашиглах хүсэл зориг, үйл ажиллагаа дууссан харагдаж байна. Хавтаст хэрэгт гурван шатны шүүхийн шийдвэр байдаг. Үүнд 2014 онд үүссэн маргаантай холбоотой асуудлаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн тухай шүүхийн шийдвэрүүдэд дурдагдаагүй мөн энэ талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй. 2014 оны 09 дүгээр сард хийсэн архитектур төлөвлөлтийн даалгавар нь 3 жилийн дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүчингүй болсон. Тухайн архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болсноос хойш тухайн газарт үйлчилгээний зориулалтаар ашиглах бодит үйлдлийг хийгээгүй байна.

Маргаан бүхий захирамжид ирээдүйд болох үйл баримтын талаар дурдсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т бичгээр гаргаж буй захиргааны актад захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах ёстой. Газрын тухайн хуулийн 40.1.6-г баримтлан захиргааны акт гаргасан нь хууль зүйн үндэслэл нь гэж харж байна. Харин тухайн иргэн нь газраа 2017 оноос хойш ашиглахгүй байж байгаад гуравдагч этгээдэд зарах гэж байгаа үйлдэл нь баримтаар нотлогдож байгаа бодит нөхцөл байдал байна гэж олгож байна.

Ийм учраас Нийслэлийн Засаг даргын захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2, 54.1.8-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч иргэн Ш.Баттөмөр нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1154 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны хойд талд үйлчилгээний зориулалттай 216 м.кв газрыг эзэмших эрхийг Ш.Баттөмөр нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/37 дугаар захирамжаар шилжүүлэн авч, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгуулсан байдаг ч 2020 оны 9 дүгээр сарын 30-ны А/1154 дүгээр захирамжаар газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, тухайн газрыг худалдахаар нийтэд зарласан нь цаашид ч уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглахгүй болох нь тогтоогдож байна гэх үндэслэл зааж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Өмнө нь Д.Худ нарын 8 иргэний нэхэмжлэлээр Ш.Баттөмөрт газар эзэмших эрх шилжүүлсэн 2012 оны А/37, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 2017 оны А/92 дугаар захирамжийг болон уг газар дээр барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 671 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 56 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тухайн байршилд газар эзэмшүүлснээр, барилга баригдах тохиолдолд 12 дугаар байрны оршин суугчид, СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй, 2012 онд шилжүүлэн авснаас хойш 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзэхгүй гэж дээрх шийдвэрээр дүгнэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нөхцөл байдлыг шүүх дахин дүгнэхгүйг дурьдах нь зүйтэй. Тухайлбал, уг шийдвэрт 2012 онд газар эзэмших эрхийг шилжүүлэн авснаас хойш 2017 онд гэрчилгээний хугацаа сунгуулах хүртлээ тухайн газартаа үйлчилгээний зориулалтаар барилга барихаар эскиз зураг хийлгэн батлуулж, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас техникийн нөхцөл батлуулах зэргээр тодорхой үйл ажиллагаа явуулсан, маргаан бүхий газар нь нэхэмжлэгч нарын оршин сууж буй 12 дугаар байрны Шарга-12 СӨХ-ны болон бусад этгээдийн эзэмшил, ашиглалтын газартай давхцалгүй, нийтийн эдэлбэрийн газарт хамааралгүй, ерөнхий төлөвлөгөөнд барилгажих талбайд хамаарч байгаа, 12 дугаар байрны урд талд нийтийн эзэмшлийн томоохон талбайтай, баруун талд нь автомашины зогсоолын зориулалтаар ашиглагдаж буй газар байгаа, маргаан бүхий газар нь авто зогсоолын зориулалтаар ашиглагдах боломжгүй нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон, орон сууцны хойд талд барилга баригдах нь нарны шууд тусгал хязгаарлагдахгүй, цонхыг хаахгүй, байгалийн гэрэлтүүлгийг халхлахгүй, орц гарцыг хязгаарлахгүй, хотын ерөнхий төлөвлөлтөнд тусгагдсанаар, мөн бодит нөхцөл байдалд 3, 4 дүгээр хорооллын зам дагуу газарт барилга байгууламж баригдсан, цаашид ч баригдахаар байгаа гэж дүгнэжээ.

Маргаанд хамаарах газарт барилга баригдсанаар оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө гэх орц гарц хаагдах, байгалийн гэрэл харах боломжгүй болох, ногоон байгууламж устах, хүүхдийн тоглоомын талбай үгүй болох, нийтийн эзэмшлийн талбай үгүй болох нөхцөл байдал тогтоогдохгүй талаар мөн 12 дугаар байрны хойд талд нэхэмжлэгч Ш.Баттөмөрийн газрын зэргэлдээ байрлах Ч.Доржсүрэнгийн газрын тухай Г.Баттулга нарын 5 иргэний нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 98 дугаартай шийдвэрт дүгнэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон энэ үйл баримт Ш.Баттөмөрийн эзэмшлийн энэ газарт адил хамааралтай, энэ үйл баримтыг дахин үнэлэх, нотлох шаардлагагүй талаар хяналтын шатны шүүх 2019 оны 56 дугаар тогтоолдоо дүгнэжээ.

Тиймээс ч актын хууль зүйн үндэслэлд, уг үндэслэлд хамаарах үйл баримтын хүрээнд дүгнэж хэргийг шийдвэрлэлээ.

Маргаан бүхий актаар газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, тухайн газрыг худалдахаар нийтэд зарласан нь цаашид ч уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглахгүй болох нь тогтоогдож байна гэх үндэслэл зааж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх, хуанлийн 2 жилийн хугацаа өнгөрсөн эсэхийг шалгах учиртай.

Дээр дүгнэсэнчлэн Д.Худ нарын 8 иргэн Ш.Баттөмөрт газар эзэмших эрх шилжүүлсэн 2012 оны А/37, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 2017 оны А/92 дугаар захирамжийг болон уг газар дээр барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг хүчингүй болгуулахаар маргаж, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 30-нд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 26-нд, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2019 оны 2 дугаар сарын 25-нд эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч нь нэр бүхий иргэдийн нэхэмжлэлээр шүүхийн маргаантай байсан энэ хугацаанд тухайн газарт хөрөнгө оруулж үйлчилгээний зориулалтаар ашиглах боломж байгаагүй хэмээн хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаж буй нь үндэслэлтэй байх ба үүнийг хариуцагч шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанд тооцсон эсэхээ захирамждаа ч, нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа ч дурдсангүй.

Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг, түүн дээр барилга барихтай холбоотой зөвшөөрлийн баримт бичгийг хүчингүй болгуулахаар шүүхээр маргаж буй энэ хугацаанд газрыг зориулалтын дагуу үйлчилгээний зориулалттай барилга барьж ашиглах боломжтой байсан эсэхийг, ийнхүү маргаж байсан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах эсэхийг, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнгөрүүлсэн хугацаа нь хуанлийн 2 жил болсон эсэхийг захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа шалгаагүй, нөхцөл байдалд бодит дүгнэлт хийгээгүй, харгалзан үзээгүйгээс шийдвэр үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн тухайн газрыг худалдахаар нийтэд зарласан нь цаашид ч уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглахгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болгосон нь хуульд үндэслээгүй буюу газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлд хамаарахгүй, өөр ойлголт байна. Өөрөөр хэлбэл хүндэтгэх шалтгаангүйгээр ашиглаагүй 2 жил өнгөрсөн байхыг ойлгохоос биш цаашид ашиглах эсэхийг урьдчилан дүгнэж хэрэглэх зохицуулалт биш юм.

Нөгөө талаар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж хооронд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж болохоор, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцож албан татвар, хураамж төлүүлэх зохицуулалт Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.3, 38.6-д бий, өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээг тодорхой хэмжээгээр үнэлж шилжүүлэх замаар орлого олохыг хуулиар зөвшөөрсөн байх бөгөөд ийнхүү хуулиар зөвшөөрсөн, газар эзэмших гэрээгээр хориглоогүй харилцааг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй байна.

Цаашид ашиглах эсэхийг урьдчилан дүгнэж, газар эзэмших гэрээгээр хориглоогүй, хуулиар зөвшөөрсөн харилцааг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж шүүх үзлээ.

Уг газарт баригдах үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгад олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан барилгын эскиз зургийн хугацаа дуусч хүчингүй болсон нь уг газрыг цаашид ашиглах боломжгүй гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй, учир нь газар эзэмших хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй байх нь барилгатай холбоотой эдгээр баримт бичгийг батлуулах үндэслэл болохоос биш, эдгээр баримт бичиг нь хүчин төгөлдөр байх эсэх нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр байлгах үндэслэл болохгүй.

Маргаан бүхий актад тухайн газрыг нийтийн эзэмшлийн зам талбайд бүртгэхийг Газар зохион байгуулалтын албанд даалгасан ч шүүх хэргийг шийдвэрлэх энэ хугацаанд нийтийн эзэмшилд авсан шийдвэр гараагүй, энэ талаарх санал эрх бүхий этгээдэд хүргүүлээгүйг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

Иймд хууль буруу хэрэглэснээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1154 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Газрын төлбөрөө гэрээнд зааснаар төлсөн байгааг, энэ нь маргаан бүхий актын үндэслэлд хамаарахгүйг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ш.Баттөмөр нь маргаан бүхий акт болох 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1154 дүгээр захирамжийг 10 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан гэх бөгөөд ийнхүү гардуулсан хугацааны талаар талууд маргаагүй, нийслэлийн Засаг даргад өөрт нь гомдол гаргаж, гомдолд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр хариу аваад шүүхэд 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан, гуравдагч этгээд нь нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн хэмээн маргадаг.

Захиргааны байгууллагын шийдвэр гаргах, иргэн, хуулийн этгээдтэй харилцах суурь харилцааг зохицуулдаг Захиргааны ерөнхий хуульд захиргааны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах, хянуулах эрхийг, хэрхэн хандахыг зохицуулж, ингэхдээ дээд шатны, эсхүл гомдлыг шийдвэрлэх байгууллага байхгүй тохиолдолд өөрт нь хандаж гомдол гаргаж болохоор заасан тул Үндсэн хуулиар баталгаажсан шүүхэд маргах эрхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргана, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т эрхийн гэрчилгээ эзэмшигч Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл шийдвэр гарсан өдрөөс ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн хугацаагаар хязгаарлаагүй болно. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон захирамжийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар нийслэлийн Засаг даргад өөрт нь хандаж гомдол гаргасан хугацааг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны хугацаа гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Ш.Баттөмөрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1154 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА