| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 221/2024/0049/З |
| Дугаар | 221/ШШ2025/0004 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 221/ШШ2025/0004
Ч.Г-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч О.Оюунгэрэл, шүүгч З.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Ч.Г /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, **** хороолол, ***** тоот /РД:************/
Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо
Гомдлын шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд:
Гомдол гаргагч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, гуравдагч этгээд Т.У , гэрч Б.Б , иргэдийн төлөөлөгч Ш.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал нар оролцов.
Хэргийн индекс: 221/2024/0049/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Ч.Г нь “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Гомдол гаргагч Ч.Г 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гомдол гаргасан.
3. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ болон гомдол гаргагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/29 тоот тогтоолоор өмгөөлөгч Ч.Г надад Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.9 дэх заалт, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр “сануулах” хариуцлага хүлээлгэсэн. Миний бие Ч.Г нь иргэн Б.Б тай 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “...Т.У д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Б , түүний охин О.Аын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах" “хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу үйлчлүүлэгч Б.Б ын охин О.Аийн өмчлөлийн Баянгол дүүргийн *** дугаар хороо, ХС ХХК-ийн байранд байрлах *** тоот өрөөг Т.У өмгөөлөгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хариуцагч Т.У нь Сүхбаатар дүүрэг дэх тухайн хаяг дээрээ оршин суудаггүй болох нь тогтоогдсон бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу шүүхийн бус журмаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлөх ажиллагааг хийсэн. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж заасан. Миний үйлчлүүлэгч Б.Б болон О.Аийн зүгээс Т.У тэй байгуулсан гэрээг цуцлах мэдэгдлийг хэд хэдэн удаа хүргүүлж гэрээг цуцалсан ба Т.У өмгөөлөгч тухайн хөрөнгийг эзэмших эрхгүй байсан, тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч О.А нь өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж чадахгүй байсан тул шүүхийн бус журмаар албадан чөлөөлөх ажиллагааг хийлгэх хүсэлтэй байсан. Үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлөх ажиллагааг миний бие ахалж, ажиллагааны явцыг видео бичлэгт буулган, Т.У өмгөөлөгчийн эд зүйлсийг тус байрны агуулахын өрөөнд хурааж, жижүүрт акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Үйлчлүүлэгч Б.Б болон О.А-ийн хувьд тухайн хөрөнгийг аль болох хурдан хугацаанд хууль бус эзэмшлээс чөлөөлж, бусдад түрээслүүлэх сонирхолтой байсан тул шүүхийн бус журмаар албадан чөлөөлөх ажиллагааг хийлгэхийг хүссэн. Миний бие хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу буюу үйлчлүүлэгчийг төлөөлж албадан чөлөөлөх ажиллагааг хийсэн байтал, тухайн ажиллагааны үр дагавартай холбоотой хариуцлагыг төлөөлөгч буюу өмгөөлөгч надад ногдуулах нь үндэслэлгүй юм.
Учир нь 1. Тухайн хөрөнгийг шүүхийн бус журмаар чөлөөлөх шийдвэрийг үйлчлүүлэгч гаргасан. Өмгөөлөгч миний хувьд тус ажиллагааг аливаа хууль зөрчсөн үйлдлээс сэргийлэх үүднээс ахалж оролцсоноос биш албадан чөлөөлөх шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд биш юм.
2. Иргэний хуулийн 63.2-т “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасан. Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь төлөөллийн нэг хэлбэр бөгөөд өмгөөлөгчийн үйл ажиллагааны үр дүн нь үйлчлүүлэгчид бий болдог. Үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлөх ажиллагаатай холбоотой үр шим нь үйлчлүүлэгч Б.Б болон О.А-т үүсч байгаа ба уг ажиллагаатай холбоотой үр шим өмгөөлөгч надад үүсээгүй.
3. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101 1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр,. хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан ба дээр дурдсанчлан Т.У өмгөөлөгчид маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг цаашид эзэмших эрх байхгүй байсан бөгөөд өмчлөгч өөрийн хөрөнгийг хамгаалж албадан чөлөөлөх ажиллагааг хийснийг хуулийн байгууллагаас хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргаагүй, хариуцлага тооцоогүй болно.
Тиймээс тус албадан чөлөөлөх ажиллагааны үр дагавартай холбоотой асуудлаар өмгөөлөгч намайг тодорхойгүй үндэслэлээр буруутгаж, хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байх тул Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/29 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А29 тоот тогтоолоор өмгөөлөгч Ч.Г надад сануулах хариуцлага ноогдуулсан. Ингэхдээ Баянгол дүүргийн *** дугаар хороонд байрлах ХС компанийн байр *** тоотыг шүүхийн бус журмаар албадан чөлөөлсөн нь өмгөөлөгчдийн Өмгөөллийн тухай хууль болон ёс зүйн дүрмийг зөрчиж байгаа гэсэн үндэслэлээр хариуцлага ноогдуулсан. Үүнийг би дараах 2 үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа.
Эхний үндэслэл, иргэний хуулийн 96.3-д өмчлөгч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно гэж заасан байдаг. Манай үйлчлүүлэгч надтай гэрээ байгуулсан. Үйлчлүүлэгч Б.Б гуай Т.У өмгөөлөгчтэй байгуулсан гэрээгээ 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр болон 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр тус тус цуцлах мэдэгдэл өгөөд гэрээгээ цуцалсан байдаг. Иргэний хуульд дурдсанчлан өмчлөгчийн зүгээс эд хөрөнгө эзэмшигчид үндэслэл бүхий шаардлага мэдэгдлийг хүргүүлээд гэрээгээ цуцалсан. Гэтэл Т.У өмгөөлөгч *** тоот өрөөг цуцалж чөлөөлж өгөөгүй. Үүнтэй холбоотойгоор үйлчлүүлэгч Б.Б болон түүний охин н.А-ийн зүгээс 2 удаагийн мэдэгдэл хүргүүлээд, 2023 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Хариуцагч нь шүүгчийн туслах утсаар залгахад очиж нэхэмжлэлийг гардаж аваагүй. Хариуцагчийн хаяг зуслангийн хаягтай байсан учраас нэхэмжлэлийг гардуулж чадаагүй. Үүний улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Б.Б-ын зүгээс *** тоотыг хурдан ашигламаар байна, эрэн сурвалжилбал их хугацаа алдахаар байгаа учраас шууд албадан чөлөөлнө гэсэн шийдвэрийг гаргаад 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр албадан чөлөөлөх ажиллагааг хийсэн. Шүүхийн бус журмаар албадан чөлөөлөх ажиллагаатай холбоотойгоор дууссаны дараа гуравдагч этгээд Т.У Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаад, тухайн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байгаа. Түүнчлэн тус ажиллагааг хууль бус гэж үзсэн эрүүгийн болон иргэний хэргийн шүүхийн шийдвэр гараагүй. Тэгэхээр албадан чөлөөлсөн үйл ажиллагааг шүүхээс хууль бус гэж тогтоосон шийдвэр гараагүй байхад энэ ажиллагааг гүйцэтгэсэн нь буруу гээд өмгөөлөгчид нь сануулах шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй.
Хоёрдугаар үндэслэл, миний хувьд албадан чөлөөлөх ажиллагаанд үйлчлүүлэгчийн хүсэлтээр оролцсон. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр албадан чөлөөлөх ажиллагааны зөвхөн нэг хэсэг буюу *** тоот өрөөнд байсан эд хөрөнгийг бүртгэж авч, тэмдэглэл үйлдэх процесст би оролцсон байгаа. Тухайн эд зүйлсийг бүгдийг нь бүртгэж аваад, тоолоод 3 давхраас 1 давхарт байсан агуулах руу бүгдийг нь зөөсөн. Агуулахад үйлчлүүлэгч Б.Б гуай бүгдийг хүлээж авч байсан. Тухайн ажиллагааг би ганцаараа санаачилгаараа хийчихсэн зүйл биш. Үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу хийгдсэн. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас харвал *** тоот өрөөг онгойлгоход н.АБ гэдэг хүнтэй ажил гүйцэтгэх гэрээг Б.Б гуай байгуулсан. Тавилгыг н.Б гэдэг хүнээр зөөлгөсөн. Албадан чөлөөлөх үйл ажиллагааны зөвхөн нэг хэсэгт тэмдэглэл үйлдэх байдлаар оролцсоноос биш, өмгөөлөгчдийн мэргэжлийн хариуцлагын холбооны үзсэнээр шийдвэрийг гаргаад Т.У өмгөөлөгчийн ажлын байрыг албадан чөлөөлчихсөн үйлдэл биш. Үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу хийгдсэн. Б.Б болон Т.У гэсэн 2 хүний маргаанд ажиллагаанд оролцсон өмгөөлөгчийг буруутгаж байгаа нь буруу учраас мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Өмгөөлөгч Ч.Г нь үйлчлүүлэгч Б.Б, О.А-ын хүсэлтийн дагуу шүүхийн бус журмаар албадан чөлөөлсөн гэх хэдий ч өмгөөлөгчид шүүхийн бус журмаар албадан чөлөөлөх үйл ажиллагаа хийхээр эрх олгогдоогүй. Мөн албадан чөлөөлөх талаар Т.У д мэдэгдсэн гэх боловч мэдэгдэлтэй нь холбогдуулан хариу тайлбарыг тухай бүрт нь Т.У өгч байсан талаар хуралдааны явцад тайлбарласан. Т.У нь Баянгол дүүрэгт байрлах “ХС” ХХК-ийн байрны *** тоот өрөөний асуудлаар шүүхээр шийдвэрлүүлэх талаар тайлбар хүргүүлснээ хуралдааны явцад хэлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/29 тоот тогтоолоор өмгөөлөгч Ч.Г-од “сануулах” хариуцлага хүлээлгэхдээ Т.У өмгөөлөгчийн ажлын байрыг шүүхийн хүчин төгөлдөр тогтоол шийдвэргүйгээр өөрөө удирдан албадан чөлөөлөх ажиллагаа хийснийг харгалзан үзэж шийдвэрлэсэн. Ч.Г нь хуралдаанд болон өөрийн өгсөн тайлбартаа албадан чөлөөлөх ажиллагааг өөрөө удирдаж явуулснаа хүлээн зөвшөөрдөг. Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/29 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж Ч.Г-ын гомдлыг хангахгүй орхино уу.
Өмгөөллийн тухай хууль, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчил гэж үзсэн зүйлд хариуцлага тооцохоор хуульчилж мөн дүрэмд зааж өгсөн. Дүрмийн зорилго угаасаа нийт өмгөөлөгч нарын ёс зүйн дүрмийг ойлгоод өмгөөлөгчийн нэр хүндийг дээшлүүлж, хариуцлагыг ойлгоход оршиж байгаа. Маргааны материалаас харахад тайлбарын 76 дугаар хуудсанд гэрч өөрөө бас ярьж байна. 7-8 жил суух санал тавьж байхад заавал 15 жил сууна гээд байсан учраас гэрээгээ цуцлаад албадан гаргасан гэж байна. Энд хохирлын яаралтай асуудал харагдахгүй байна. Хэдийгээр өөрийн хөрөнгөд бусдыг суулгаж, хохиролтой байлаа ч гэсэн хуульч, өмгөөлөгчийн хувьд ёс зүйн дүрмийн 6.2-т зааснаар өмгөөлөгч тасралтгүй хөгжиж уншиж мэдлэгээ дээшлүүлэх үүрэгтэй. Ёс зүйн дүрэмд заасан зөрчил бөгөөд өмгөөлөгч Ч.Г өөрөө хамт явсан үйлдлээ зөвшөөрсөн. Мэргэжлийн хариуцлагын хорооны 9 хуульч гишүүний бүрэлдэхүүнтэй сануулах арга хэмжээ авсан учраас хууль зүйн үндэслэлтэй тогтоол гарсан гэж үзэж байгаа. Тогтоолыг хэвээр үлдээх хүсэлтэй байна” гэв.
5. Гуравдагч этгээд Т.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Өмгөөлөгч Ч.Г нь Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ Өмгөөллийн тухай хууль, тогтоомж, гишүүний эрх, үүрэг, МӨХ-ны дүрэм, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөөгүй. Миний хувийн нууцад хамаарах орон байрны мэдээллийг хууль зөрчин олж авч мэргэжилдээ ур чадвартай, хууль зүйн мэдлэгтэй, хариуцлагатай, зарчимч, ёс зүйтэй байх, зохисгүй байдал гаргахгүй байх үүргээ зөрчсөн. Бусад гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд болон өмгөөлөгч миний хараат бус байдалд хүндэтгэлтэй хандаагүй. Миний үйлчлүүлэгчид миний тухай төөрөгдүүлсэн агуулгатай, өмгөөлөгч миний нэр хүндийг гутаасан мэдээлэл өгсөн учраас үйлчлүүлэгч Б.Б миний тухай сөрөг үндэслэлгүй тайлбар, мэдээллийг Мэргэжлийн Хариуцлагын Хороонд өгсөн. Миний үргэлжлүүлэн ажиллах байсан Т-ын нэхэмжлэлтэй Б.Б, н.А-т холбогдох Иргэний маргаанд надад мэдэгдэхгүйгээр хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн. Угтаа бол үйлчилгээ үзүүлэхээс татгалзах байсан. Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх харилцаа нь үйлчлүүлэгчийн хүсэлт, гэрээнд үндэслэх атал Б.Б тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй байхдаа *** тоот өрөөг чөлөөлөх асуудалд 2023 оны 5 сараас түүнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн ба 2023 оны 11 сард үйлчилгээ үзүүлж эхэлсэн гэдэг гэрээг хуурамчаар үйлдсэн байдаг. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Мэргэжлийн Хариуцлагын Хорооноос өмгөөлөгч Ч.Г нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсгийн “хууль дээдлэх, шударга ёсыг сахих”, 4.1.3 дахь хэсгийн “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх” зарчим, 14 дүгээр зүйлийн 14.1 9 дэх хэсгийн “үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, ёс зүйн дүрмийг баримтлах” үүрэг, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн “өмгөөлөгч нь үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхдээ гуравдагч этгээдэд хүндрэл учруулах”, цагийг нь үрэх, эсхүл “тухайн этгээдийн эрхийг зөрчиж үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 46 дугаар зүйлийн 46.3-т Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэхдээ хэд хэдэн хүчин зүйлийг харгалзахаар зохицуулсан. Эдгээр хүчин зүйлүүдээс 46.3.1, 46.3.2, 46.3.3, 46.3.4, 46.3.7 дах хэсэгт заасан хүчин зүйлсийг түүнд Мэргэжлийн Хариуцлагын Хорооноос хариуцлага хүлээлгэхдээ харгалзаагүй ба хэтэрхий хөнгөн хариуцлага хүлээлгэсэн Мэргэжлийн Хариуцлагын Хорооны МТ/2024/29 тоот тогтоол гарсан юм. Иймд дээрх үндэслэлүүдээр Ч.Г өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй болохыг тайлбарлаж байна.
Тус тогтоолыг хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж харж байгаа. Хариуцлага хөнгөдсөн тал харагддаг. Хариуцлагыг оногдуулахдаа хэд хэдэн хүчин зүйлийг харгалзана гээд ёс зүйн дүрэм, хуульдаа заачихсан байгаа. Гэтэл Ч.Г-ын хувьд зүгээр сануулаад өнгөрч байгаа нь толгойг нь илж байгаа сэтгэгдэл надад төрсөн. Яагаад гэвэл өөрөө үйлчлүүлэгч ийм санал тавьсан гээд байгаа. Үйлчлүүлэгч ямар ч санал тавьсан бид нар хуулиа барих ёстой. Ёс зүйн дүрмээ барих ёстой. Би 3 дахь жилдээ ажлаа хийж чадахгүй явж байгаа. Миний 2002 оноос эхлээд хийсэн өмгөөллийн бүх архив байгаа. Б.Б бид хоёрын хооронд ажил гүйцэтгэх гэрээгээр хаан банкны ажлыг хийсэн, хийгээгүй, гэрээг цуцаллаа гэдэг асуудал явагдаад байгаа. Ч.Г өмгөөлөгчийн хувьд 2023 оны 2 дугаар сараас эхэлж өмгөөлөгчөөр явсан. Гэрээ байгуулахгүйгээр Б.Б ын охин н.А гэдэг хүний иргэний хэрэг дээр, Б.Б тай холбоотой 9 хэрэг дээр явсан. 1 хэрэг нь амжилтгүй шийдэгдсэн. 98 сая төгрөгийг Б.Б төлөхөөр болоод төлж чадахгүйн *** тоот өрөөг аваад 60 сая төгрөгөөр зараад н.Т-ын өрийг өгнө гэдэг асуудал 3 сараас яригдахад Ч.Г өмгөөлөгч зөвлөгөө өгч байсан. Бид хоёрын 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд Ч.Г дүгнэлт хийгээд Т.У өмгөөлөгч ямар шуналтай юм бэ? Яагаад энэ байрыг авдаг юм бэ гэх зөвлөгөөнүүдийг өгөөд, гэрээний төсөл над руу явуулж байсан тэр үеэс өмгөөлөгчийн ёс зүй яригдаж байгаа. Явж байгаа хэрэгт Ч.Г орвол надаас зөвшөөрөл авах ёстой. Миний хэрэг маргаан дуусаагүй явж байсан хэрэг. Б.Б-ын эрх ашгийн үүднээс 29 сая төгрөг нэхэмжилсэн шүүхийн шийдвэр гаргуулсан. Надтай 2022 оны 9 дүгээр сард Хаан банкны 1 тэрбум 600 сая төгрөгийн асуудлыг цэгцлүүлээд дуусчихсан. 2023 оны ажил дуусчхаад байхад ажлаа хийсэнгүй гээд маргаад байгааг Ч.Г өмгөөлөгч мэдэж байсан. Хуульч хүний хувьд үйлчлүүлэгчдээ хууль ёсны дагуу зөвлөгөө өгөх ёстой. Ч.Г өмгөөлөгч тухайн цаг хугацаанд байсан атлаа энэ хүн суллахгүй гэж байна гээд тус өрөөг албадан суллуулах, нэхэмжлэл гаргах, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах ёстой. Гэтэл Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр өгсөн гэрчийн мэдүүлэгт Би өөрөө ахлаад албадан нүүлгэх ажиллагааг зохион байгуулсан гэж байгаа. Энэ нь өмгөөлөгчдийн холбоонд өгсөн тайлбараар нь нотлогддог. Зөвхөн протокол хөтлөхийн тулд байсан гээд 105 нэр төрлийн баримт бүртгэсэн гэдэг. 105 байтугай бичигдээгүй олон эд зүйл байгаа. Миний 20 жил ажилласан архив, шүүхийн шийдвэр, үйлчлүүлэгч 46 хүний хэргийн материал бүгд байгаа.
Мэргэжлийн хариуцлагын хорооноос Ч.Г-од хариуцлага хүлээлгэхдээ өмгөөллийн тухай хуулийн 4.1.1-г зөрчсөн гэж үзсэн. Хууль дээдлэх, шударга ёсыг сахих гэдгээр. Өмгөөлөгч хүн хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа бол иргэдэд хуульд заасны дагуу зөвлөгөө өгөх ёстой болохоос биш ямар ч сануулгагүйгээр өрөөнд нэвтэрч ороод миний эд зүйлд халдаж байгаа нь хууль бус байсан. 4.1.3 дахь хэсэгт хүний эрх, эрх чөлөө, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх гэж байгаа. Ч.Г өмгөөлөгч үүнийг бас зөрчсөн. Мэргэжил нэгтэй атлаа миний хийсэн бүх ажлыг үгүйсгэж зохисгүй үг үсэг хэлж, 1 тэрбум 600 сая төгрөгийн асуудлыг аргалахад, надад төлбөрийн чадваргүй гээд 53 сая төгрөгийн 20 метр квадрат ажлын өрөө өгснийг шуналтай авгай гээд утсаар доромжилж байсан. Би Ч.Г өмгөөлөгчийг хайж уулзах гээд явсан боловч ажлын өрөө нь тогтвортой биш, буруу хаяг өгдөг. Утсаа авдаггүй. Мессежинд хариу өгдөггүй байсан. Миний алдар хүнд, өмгөөлөгчийн нэр хүндийг доромжилж зөрчсөн үйлдэл байгаа. Хуулийн 14.1.9-д үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, ёс зүйн дүрмийг баримтлах гэж байгаа. Гэтэл Ч.Г өмгөөлөгч ёс зүйн дүрмээ баримтлаагүй. Иргэний хуулийн тус заалтаар эзэмшил дуусгавар болно гээд байгаа. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийгээд байгаа н.А, Б.Б гэдэг хүмүүс надад өгсөн өрөөний өмчлөгч биш н.Т гэдэг хүний өмчлөл байсан. Ажил гүйцэтгэх гэрээн дээр тусгачихсан байгаа. Миний хуульчийн хувьд мэдэж байсан ч мэдээгүй юм шиг өмгөөлөгч миний эрх ашгийг зөрчсөнд гомдолтой байдаг. 32.1.2-т өмгөөлөгч нь үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхдээ гуравдагч этгээдэд хүндрэл учруулахгүй байх гэдэг. Мэдэгдэл өгөөд хуулийн дагуу явсан гэж яриад байдаг. Гэтэл би 2023 оны 2 дугаар сараас өвдөөд 12 сард ажилдаа орж байгаа. Энэ хугацаанд Ч.Г өмгөөлөгч нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Өөрийнхөө зөв гээд бардам байгаа нь ёс зүй байхгүй. 20 жил өмгөөлөгч хийсэн ахмад өмгөөлөгчийнхөө өрөөг дур зоргоороо зөвшөөрөлгүй орж, надад маш их хүндрэл учруулсан. Яагаад гэвэл би бүх хэргийн материалаа ажилд ороод шинээр түүврээ хийж байна. Шинээр компьютер авч байна. 4 гэрээ цуцлагдлаа. Мөнгөн хохирол учирлаа. Өрөөнд орж уулзалт хийх боломжгүй нөхцөл байдлууд үүсчихсэн. Тухайн этгээдийн эрхийг зөрчиж, үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн. Тиймээс Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол үндэслэлтэй. Ч.Г өмгөөлөгчийн 2023 оны 3 дугаар сараас эхлээд гаргаж байсан бүх алдаагаа ухамсарлахгүй байгаа нь аймшигтай. Иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлж сайн хүн болж, хууль дүрэм зөрчиж болохгүй гэдгийг маш хариуцлагатайгаар тайлбарлахыг хүсэж байна” гэв.
5. Иргэдийн төлөөлөгч Ш.О шүүх хуралдаанд “Ойлгомжтой санагдлаа. Өмгөөлөгчдийн холбооноос гаргасан шийдвэрийг зөв гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэлийг хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1. Гомдол гаргагч Ч.Г нь Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/29 дугаартай “Өмгөөлөгч Ч.Г-од холбогдох маргааны тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2.2. Маргаан бүхий Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/29 дүгээр тогтоолоор өмгөөлөгч Ч.Г-ыг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.9, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөнд тооцож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч Ч.Год “сануулах” хариуцлага хүлээлгэжээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд өмгөөлөгч Т.У-ийн “...өмгөөлөгч Ч.Г-ын хууль бус зөвлөгөө, ёс зүйгүй үйлдлээс болж үйлчлүүлэгч Б.Б нь надтай 2021 онд байгуулсан Хаан банкны маргаан дээр өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлж байсан гэрээгээ огт үндэслэлгүй шалтгаанаар цуцалж, ажлын хөлс, зардалд өгөхөөр тохирсон өмгөөллийн үйл ажиллагаа 3 жил явуулж байсан ажлын өрөөг надад мэдэгдэхгүйгээр өмгөөлөгч Ч.Г-оор ахлуулж, ...ажлын өрөөнд байсан бүхий л нотлох баримтууд, шүүхийн шийдвэр, зөвлөмжүүд, үйлчлүүлэгч нарын архивын материалууд...гэх мэт бүх эд зүйлд хууль бусаар халдаж шүүхийн бус журмаар өрөөг маань суллаж, шилжүүлсэн, ...миний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нийгмийн баталгаа болсон ажлын өрөөг үндэслэлгүйгээр шүүхийн бус журмаар албадан чөлөөлөх ажлыг өмгөөлөгч Ч.Г нь биечлэн ахлаж гүйцэтгэсэн” гэх гомдлын дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж өмгөөлөгч Ч.Г-ыг ...үйлчлүүлэгчдээ эрх зүйн туслалцаа үзүүлэх явцдаа өмгөөлөгч Т.У-ийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан ажлын байр нь болох *** тоот өрөөг шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэргүйгээр албадан чөлөөлсөн, уг чөлөөлөх ажиллагааг ахлан гүйцэтгэсэн болох нь “Баянгол дүүрэг, *** дугаар хорооны “ХС” ХХК-ийн байранд байрлах, *** тоот өрөөг суллах ажиллагааны тэмдэглэл”-ээр тогтоогдож байна гэж дүгнээд Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмгөөллийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 4.1.1-д “хууль дээдлэх, шударга ёсыг сахих”, 4.1.3-д “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх”, 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхдээ гуравдагч этгээдэд хүндрэл учруулах, цагийг нь үрэх, эсхүл тухайн этгээдийн эрхийг зөрчиж үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж, “сануулах” арга хэмжээ авсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
2.4. Учир нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхдээ гуравдагч этгээдэд хүндрэл учруулах, цагийг нь үрэх, эсхүл тухайн этгээдийн эрхийг зөрчиж үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Өмгөөлөгч Т.У, түүний үйлчлүүлэгч Б.Б, иргэн О.Т нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр “...өмгөөллийн нийт ажлын хөлс, зардалд Баянгол дүүргийн *** дугаар хороо, ***** гудамж, “ХС” ХХК-ийн байранд байрлах, иргэн О.Т-ын өмчлөлийн үйлчилгээний барилгын 3 давхрын *** тоот 21,56 м.кв талбай бүхий өрөөг Хаан банкны төлбөр төлж дуусах хүртэлх хугацаанд 5-6 жил үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглахаар уг хугацаанд барьцаа хөрөнгөнүүдийг чөлөөлүүлснээр *** тоот үйлчилгээний зориулалттай 53.900.000 төгрөгийн үнэ бүхий өрөөний өмчлөх эрхийг өмгөөлөгчид үл маргах журмаар шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх ба уг үүрэг хүлээсэн гэрээг талууд албан ёсоор цуцлах тохиролцоонд хүрээгүй байхад өмгөөлөгч Ч.Г нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд Т.У-ийн ажлын өрөөг албадан чөлөөлж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан ажлын байранд нэвтэрсэн болох нь “Баянгол дүүргийн *** дугаар хорооны “ХС” ХХК-ийн байранд байрлах *** тоот өрөөг суллах ажиллагааны тэмдэглэл”-ээр тогтоогдож байх бөгөөд ийнхүү албадан чөлөөлсөнтэй талууд маргаагүй. Харин түүний энэ үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д заасан Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.5. Хэдийгээр гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа болон маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа “...үйлчлүүлэгч Б.Б өөрөө тус өрөөг чөлөөлөх шийдвэрийг гаргасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх ажиллагааг миний бие ахалж, ажиллагааны явцыг видео бичлэгт буулган, Т.У өмгөөлөгчийн эд зүйлсийг тус байрны агуулахын өрөөнд хурааж, жижүүрт акт үйлдэн хүлээлгэн өгсөн, ...тус оффисын өрөөг чөлөөлж өгөхийг шаардсан мэдэгдлийг хэд хэдэн удаа өгсөн боловч чөлөөлөөгүй тул 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр албадан чөлөөлөх ажиллагааг миний бие ахалж “видео бичлэг” хийн баталгаажуулж өөрсдөө гүйцэтгэсэн, тухайн ажиллагааны үр дагавартай холбоотой хариуцлагыг надад ногдуулах нь үндэслэлгүй” гэж тайлбарлах боловч Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Хууль зүйн туслалцаа” гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд явуулж байгаа хууль зүйн зөвлөгөө, лавлагаа өгөх, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах, дүгнэлт, зөвлөмж гаргах, төлөөлөх, өмгөөлөх зэрэг мэргэжлийн үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байх тул тухайн тохиолдолд өмгөөлөгч Ч.Г нь үйлчлүүлж буй этгээддээ энэ үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй талаар өмгөөлөгчийн хувьд хууль зүйн үндэслэл бүхий зөвлөгөө өгөх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
2.6. Мөн ийнхүү ажиллагааны явцыг видео бичлэгт буулган, акт үйлдэн хүлээлгэн өгснийг Өмгөөллийн тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй, харин хүчин төгөлдөр шүүхийн шийдвэргүйгээр албадан чөлөөлөх боломжгүй болохыг үйлчлүүлэгчдээ тайлбарлах, энэ үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх нь өмгөөлөгчийн хуулиар хүлээсэн үүрэг байхад энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна. Үүнээс үзвэл гомдол гаргагч Ч.Г-ыг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
2.7. Гомдлын үндэслэлдээ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасны дагуу өмчлөгч өөрийн хөрөнгийг хамгаалж албадан чөлөөлөх ажиллагааг хийснийг хуулийн байгууллагаас хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргаагүй, хариуцлага тооцоогүй, үр шим нь надад үүсээгүй гэх боловч энэ зохицуулалт нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй тухайн тохиолдолд хамаарахгүй бөгөөд үр шим хэнд үүсэхээс үл хамааран бусдын эрхэд халдсан хууль бус үйл ажиллагааг гүйцэтгэхэд хамаарахгүй тул Ч.Г-ын энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
2.8. Түүнчлэн гомдол гаргагч Ч.Г нь “...Баянгол дүүргийн *** дугаар хороо, “ХС” ХХК-ийн байранд байрлах *** тоот өрөөг Т.У өмгөөлөгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагч Т.У нь тухайн хаяг дээрээ оршин суудаггүй болох нь тогтоогдсон учраас үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийн дагуу шүүхийн бус журмаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлөх ажиллагааг хийсэн” гэж тайлбарлаж байх хэдий ч үүнтэй холбоотой нотлох баримтыг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төдийгүй шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн гаргаж өгөөгүй, гомдлын үндэслэлээ нотлох эрхээ хангалттай хэрэгжүүлээгүй байна.
2.9. Дээр дурдсан үндэслэлээр Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Ч.Г-ын Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн ёс зүйн зөрчилд “сануулах” хариуцлага хүлээлгэсэн нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасанд нийцсэн байх тул тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Ч.Г-ын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.10. Шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн “...Өмгөөлөгчдийн холбооноос гаргасан шийдвэрийг зөв гэж үзэж байна” гэх дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож хүлээн авсан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.9-д заасныг тус тус баримтлан өмгөөлөгч Ч.Г-оос Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Өмгөөлөгч Ч.Г-од холбогдох маргааны тухай” МТ/2024/29 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ