Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 149

 

2019 оны 04 сарын 09 өдөр

 

Дугаар 153/ШШ2019/00149

 

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

 

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3/9 байрлах, Жимобайл ХХК /5055873/-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 3-30 айлын орон сууцны 13 тоотод оршин суух, Номхон овогт Дашдоржийн А /ПЭ62083109/-т холбогдох,

 

NP-10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120,000 төгрөг, алданги 60,000 төгрөг, нийт 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 153/2019/00125/и индекстэй иргэний хэрэг үүсгэн  хянаад

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Жимобайл ХХК-ийн ерөнхий захирал Г.Дашням нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Д.А нь манай компанитай 2015 оны 02 дүгээр сарын 06-ны өдөр 1192988 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240000 төгрөгийн үнэ бүхий NP10+ төхөөрөмжийг урьдчилгаа 20000 төгрөг төлж үлдэгдэл 220000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Д.Аээс удаа дараа шаардсан боловч одоогийн байдлаар манай компанид NP10+ төхөөрөмжийн 120,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.

 

Иймд Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 1059 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 60,000 төгрөг буюу нийт 180,000 төгрөгийг Д.Аээс гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Моделийн үлдэгдэл 180,000 төгрөгийг 6 дугаар сард багтаан төлж барагдуулах болно гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь Д.Ат холбогдуулан NP-10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120,000 төгрөг, алданги 60,000 төгрөг, нийт 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардлага болох NP-10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120,000 төгрөг, алданги 60,000 төгрөг, нийт 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг 2019 оны 6 дугаар сард багтаан төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ХААН банкны 5866075974 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,550 төгрөгийн тал хувь болох 5,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Аээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,275 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгохоор тогтов.

 

Хариуцагч  Д.А нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ат холбогдох, NP-10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120,000 төгрөг, алданги 60,000 төгрөг, нийт 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.А нь нийт 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг 2019 оны 6 дугаар сард багтаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,550 төгрөгийн тал хувь болох 5,275 /таван мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,275 /таван мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Аээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,275 /таван мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ