Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/33

 

 

 

 

 

 

 

 

 

  2023               01            23                                         2023/ШЦТ/33

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

       Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Ариунболд, шүүгдэгч Г.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Харачу овогт Ганзоригийн Чулуунбаатарт холбогдох эрүүгийн 22360000000316 дугаартай, 178/2023/0020/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Орхон суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй Хөшөөтийн уурхайн “Эх газрын жинчин” ХХК-д жолоочийн ажилтай,  ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар /Тахилт/ багийн 09 дүгээр гудамжны 07 тоотод оршин суух хаягтай боловч Ховд аймгийн Жаргалант сумын 11 дүгээр /Хайрхан/ багийн 09 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух,  аминдаа хашааны газартай, 1 өрөө хувийн сууцтай, сарын өрхийн орлого 1600000 төгрөг, урьд ял шийтгэлгүй, Харачу овгийн Ганзоригийн Чулуунбаатар, регистрийн дугаар: ПЮ85022011

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ганзоригийн Чулуунбаатар нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны  өглөө  10 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын 07 дугаар /Магсаржав/ багийн нутаг дэвсгэрт байрлах "Алтайн буйлиаст" орон сууцны 0 тоотод байх иргэн Н.Аюурзанын гэрт хохирогч М Даваадоржийг эхнэртэйгээ хардаж улмаар хана руу түлхэн унагааж эрүүл мэндэд нь толгойн баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

       

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.  

1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Оюуны өгсөн... Би 2022 оны 12 дугаар сарын 02-ны өглөө гэртээ байж байтал манай хүргэн Г.Чулуунбаатар орж ирээд манай эхнэр Э.Энхриймаа байхгүй байна. Алтайн буйлиастын байрны 00 давхарт байх шиг байна хоёулаа хамт яваад ирье. Би ганцаараа очихоор зодоон хийж магадгүй гэж  хэлэхээр нь би Г.Чулуунбаатартай хамт явсан. Тэгээд нөгөө эхнэр нь  байгаа гэх газар очоод хаалгыг нь цохисон.Тэгтэл нэлээн удаж байтал М.Даваадорж гэдэг залуу хаалга онгойлгосон. Тэгээд Г.Чулуунбаатар түрээлээд би араас нь хамт яваад ортол М.Даваадоржийг манай хүргэн Г.Чулуунбаатар барьж аваад заамдалцаж байж байгаад түлхтэл М.Даваадорж нь толгойгоороо байшингийн хана мөргөөд уначихсан. Тэгээд хажууд нь байсан 2 эрэгтэй, 1 эмэгтэй, манай охин Э.Энхриймаа нар бүгд босож ирээд хоорондоо ноцолдоод хүч хүрэгдэхгүй болохоор нь би цагдаад дуудлага дуудсан. Тэгээд цагдаа ирэх хооронд М.Даваадорж нь 103-ын жижүүр дуудаад удалгүй хүрч ирээд М.Даваадоржийн толгойг боогоод эмнэлэг аваад явсан. Тэгээд бид нар араас нь эмнэлэг дээр очоод эмчид үзүүлж оёдол тавиулсан. Тэгээд цагдаа дээр ирсэн.  Хана мөргөөд унахдаа толгой нь ар хэсгээрээ хагарсан ба цус гарч байсан. Тэгээд эмч ирээд оёдол тавиулахгүй бол болохгүй юм байна гээд аваад явсан. Тухайн байранд байсан хүмүүс бүгд согтуу байсан. Тэр байранд М.Даваадорж, бас 2 залуу нэг эмэгтэй, манай охин Э.Энхриймаа нарын хүмүүс байсан. Г.Чулуунбаатар архи уугаагүй эрүүл байсан. Шууд гэрээсээ ирсэн. Манай охин Э.Энхриймаа гэрээсээ 3 хоногийн өмнө гараад явсан байсан. Манай хүргэнийх манай гэрээс нэлээн хол хашаандаа байдаг. М.Даваадорж эхлээд хаалга онгойлгосон. Тэгээд шууд барилцаж аваад түлхтэл хана мөргөөд унасан. Өөр хүн цохиогүйгэх мэдүүлэг /хэргийн 11-12 дугаар тал/

2. М.Даваадоржийн согтолтыг драгер багажаар шалгахад 3,67 хувийн хүнд зэргийн согтолттой байсан... гэх тэмдэглэл /хэргийн 13 дугаар тал/

3. Г.Чулуунбаатарын согтолтыг драгер багажаар шалгахад 0,00 хувьтай эрүүл байсан... гэх тэмдэглэл /хэргийн 14 дүгээр тал/

4. Э.Энхриймаагийн согтолтыг драгер багажаар шалгахад 2,71 хувийн хүнд зэргийн согтолттой байсан... гэх тэмдэглэл /хэргийн 15 дугаар тал/

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Мөнхдөлийн гэрчээр өгсөн... Би 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гараад Н.Аюурзанатай уулзах гээд гэрт нь ирсэн чинь гэрт нь Н.Аюурзана, танихгүй 2 эмэгтэй, бас М.Даваадорж нар архи ууж байсан. Тэгээд юу болсон гэхэд М.Даваадоржийн төрсөн өдөр гээд тэмдэглэж байсан. Тэгээд бид нар хамт архи ууж байгаад би орон дээр унтах гээд хэвтэж байтал хаалга цохисон байсан. Тэгээд М.Даваадорж хаалга тайлсан. Гаднаас нэг танихгүй залуу ээжтэйгээ хамт ороод ирсэн. Тэгээд орж ирэнгүүтээ нөгөө гаднаас ирсэн залуу нь М.Даваадоржийг заамдаж барьж аваад ноцолдохоор нь би босоод ирсэн. Тэгтэл намайг босох хооронд хана руу түлхээд унагаачихлаа гэсэн ээж нь зогсож байсан. Тэгтэл М.Даваадоржийн толгойн орой хэсэг нь цус гарсан гараараа дараад гар нь цус болсон байсан. Тэгээд эмнэлэг дуудаад эмнэлгийн машин ирээд аваад явсан. Би дараа нь гэрт нь үлдсэн. Тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй өдөр М.Даваадорж эргээд ирсэн байсан. Бид архи уусан байсан ч гэсэн ухаан санаа эрүүл бүх зүйлээ мэдэж байсан. Танихгүй 2 эмэгтэй, гэрийн эзэн Н.Аюурзана, М.Даваадорж бид 5 байсан. Өөр хүн байгаагүй. Гаднаас орж ирсэн залуу  М.Даваадоржоос өөр хүнийг цохиогүй. Тухайн үед М. Даваадоржийн толгой хэсэг нь хагарчихсан байсан. Өөр гэмтэл байгаагүй...гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар тал/

6.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /1991 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биологич амьтан судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ Олхон овогт Мөнхтөмөрийн Даваадоржийн өгсөн... Би Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд Ховд аймагт 2022 оны 08 дугаар сарын 20- ноос  хойш амьдарч байгаа. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр аавынхаа гэрээс гараад Алтайн буйлиастын байранд Н.Аюурзана ахын гэрт ирсэн. Тэгээд тэр өдрөө Ц.Мөнхдөл, Н.Аюурзана ах нартай хамт архи уусан. Тэгээд орой 17 цагийн үед Гүндэгмаа, Э.Энхриймаа хоёр ирээд хоол хийж идчихээд гараад явсан. Тэгээд эргэж ирээгүй. Маргааш өглөө нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 07 цагийн үед Гүндэгмаа, Э.Энхриймаа хоёр орж ирээд бид нар өглөө архи ууцгаасан. Тэгээд өглөө 10 цагийн үед хаалга цохихоор нь яваад онгойлгосон чинь нэг танихгүй эрэгтэй хүн, хажууд нь нэг настай эмэгтэй хүн хоёр орж ирээд залуу нь шууд намайг барьж аваад үгийн зөрөөгүй заамдаад хана руу шахаад цохиж түлхсэн. Би түлхэгдэж унахдаа том өрөөний баруун талын ханыг толгойгоороо мөргөөд унасан. Тэгээд босоод ирсэн чинь миний толгойны баруун талын дагз хэсгээс цус гараад байхаар нь би эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд эмч намайг үзээд эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очоод миний толгойд 5 ширхэг оёдол тавьсан.  Би архи уух нь уусан. Тэгэхдээ болж байсан үйл явдлыг санаж байна. Би юунаас болж тэр хүн намайг цохисоныг мэдээгүй. Э.Энхриймаа гээд эхнэр нь бид нартай хамт байсныг харчихаад хардаад цохисон байх гэж би бодож байна. Тухайн хүн учир зүйг олоогүй байж шууд зодоон цохион хийсэн. Миний толгой хагарсанаас өөр гэмтэл байхгүй.  Би уг хүнийг танихгүй. Бид нар хоорондоо учир зүйгээ олж эвлэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Эвлэрсэн учраас энэ хэргийг хурдан шийдэж өгөхийг хүсэж байна…гэх мэдүүлэг /хэргийн 22 дугаар тал/

7.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхриймаагийн өгсөн…Би нөхөр болох Г.Чулуунбаатартай 2005 онд гэр бүл болсон. Тэгээд одоо 4 хүүхэдтэй. Эрдэнэт хотод амьдарч байгаад 2018 оны 08 дугаар сард Ховд аймагт ирж амьдарсан. Манай нөхөр Хөшөөтийн уурхайд том машинаар тээвэр хийдэг. Миний хувьд эрхэлсэн ажилгүй. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр найз болох Н.Аюурзаны гэрт найз нартайгаа байж байтал өглөө 10 цагийн орчим хаалга цохихоор нь М.Даваадорж онгойлгосон чинь манай нөхөр болон ээж хоёр ороод ирсэн. Тэгээд орж ирээд манай нөхөр Г.Чулуунбаатар нь М.Даваадоржийг түлхэх шиг болоод хойшоо унахдаа толгойгоогоороо хана мөргөх шиг болсон. Тэгээд М.Даваадоржийн толгойноос цус гарахаар нь түргэн дуудаад эмнэлэг авч явсан. Би болон М.Даваадорж нар архи уусан байсан. Тэгэхдээ тасартлаа уугаагүй байсан. Гэрийн эзэн болох Н.Аюурзана, Ц.Мөнхдөл, М.Даваадорж, Гүндэгмаа гэсэн 5 хүн байсан. Өөр хүн байгаагүй.  Манай нөхөр М.Даваадоржоос өөр хүнийг цохиогүй. Би ямар шалтгааны улмаас цохисоныг мэдэхгүй. М.Даваадорж нь манай нөхрийн урдаас ямар нэгэн зүйл хэлсэн учраас л цохисон байх гэж бодож байна М.Даваадоржийн толгой хэсэг нь хагарчихсан байсан. Өөр гэмтэл байгаагүй.  Би нөхөртэйгээ муудалцаад уурандаа 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гарч явсан. Би 3 хоног Гүндэгмаагийн гэрт байсан ба тэр өдөр Н.Аюурзаны гэрт өглөө 07 цагийн үед очсон... гэх мэдүүлэг /хэргийн 24-25 дугаар тал/

8. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний  албаны шинжээч эмч, цагдаагийн  ахмад Б.Цэндхүүгийн  2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1029 дугаартай ... М.Даваадоржийн биед гэмтэл учирсан байна. М.Даваадоржийн толгойн баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. М.Даваадоржийн биед учирсан дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна. М.Даваадоржийн биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид еренхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт, гэрэл  зураг / хэргийн 28-29 дүгээр тал /

9. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.Чулуунбаатарын  хэргээ хүлээн мэдүүлсэн... Би өөрийн эхнэр болох Эмээлийн Энхриймаатай 2005 онд гэр бүл болсон. Тэгээд тэрнээс хойш амьдарч байгаа ба 4 хүүхэд төрүүлж өсгөж байгаа. 2005 оноос 2018 оны хооронд Эрдэнэт хотод амьдарч байгаад 2018 онд Ховдод ирж амьдарсан. Тэгээд миний хувьд найзаасаа машин худалдан аваад Хөшөөтийн уурхайд нүүрс тээвэрлэдэг. Тэгээд сүүлийн жилийн хугацаанд манай эхнэр архи уух нь ихдээд архины хамааралтай талдаа болж эхэлсэн. Тэгээд манай эхнэр 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр бид 2 хоорондоо архи уусан гэж ам зөрж улмаар гэрээсээ уурлаад явсан. Тэрнээс хойш 3 хоносон ба 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өглөө хайж байгаад Алтайн буйлиаст байрны орчмоор хайж явтал байрны пудболд байж магадгүй дуу чимээ гарсан. Тэгэхээр нь би ганцаараа орохоо болиод төрсөн ээжтэй нь хамт орж үзий гэж бодоод төрсөн эх болох Н.Оюуны гэрт очиж дагуулан ирж уг байрны хаалгыг нь цохисон. Тэгсэн чинь нэг согтуу эрэгтэй хүн онгойлгосон ба гэрт яваад орсон чинь 3 эрэгтэй, манай эхнэр болон Гүндэгмаа нар байж байсан. Тэгээд М.Даваадорж гэдэг хүн миний урдаас босож ирээд заамдаад авсан. Тэгэхээр нь би барьж аваад түлхчихсэн чинь М.Даваадорж нь түлхэгдээд толгойгоороо хана мөргөөд унасан. Тэгээд М.Даваадорж болон манай ээж цагдаа дуудсан ба 103 бас дуудсан. Тэгтэл удалгүй дуудлагын эмч ирээд М.Даваадоржийг үзээд оёдол тавих хэрэгтэй юм байна гээд аваад явсан. Бид нар араас нь очоод байж байтал цагдаа нар ирээд бид нарыг цагдаа руу аваад явсан. Толгойны ар хэсэг хуйх нь задарчихсан байсан. Өөр гэмтэл байгаагүй. Тухайн байранд байсан хүмүүс бүгд согтуу байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Миний хувьд эхнэртээ уурлаад улмаар хүмүүстэй хардаж бухимдахдаа биеэ барьж чадалгүй түлхчихсэн юмаа. Түүнээс ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Ер нь бол эхнэрээ тэнд байгааг хараад хардах сэдэлт төрсөн.  Би М. Даваадоржийг урьд нь танихгүй. Манай эхнэр урьд нь байж байгаад гараад явчихдаг байсан. Тэгээд гараад хоног өнжүүдээр явж байгаад ирдэг байсан. ..гэх мэдүүлэг /хэргийн 8-9 дүгээр тал/

10. ЦЕГ-ын нэгдсэн хайлт эрэн сурвалжлалт гэх баримт /хэргийн 32-33 дугаар тал/

11.ПЮ85022011 дугаарын регистртэй, Харачу овогт Ганзоригийн Чулуунбаатар, ПК85083005 дугаарын регистртэй, Гарьд овогт Эмээлийн Энхриймаа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 50 дугаар тал/

12.ФД09281941 дугаарын регистртэй, Харачу овогт Чулуунбаатарын Эрхшагайгийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 50 дугаар тал/

13. ФА18271781 дугаарын регистртэй, Харачу овогт Чулуунбаатарын Нандиншагайгийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 51 дүгээр тал/

14. ФА20241065 дугаарын регистртэй, Харачу овогт Чулуунбаатарын Аминшагайгийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 52 дугаар тал/

15. ПЭ21252559 дугаарын регистртэй, Харачу овогт Чулуунбаатарын Тэгшшагайгийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 53 дугаар тал/

16. Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 461 дугаартай тодорхойлолт /хэргийн 54 дүгээр тал/

17. ПЮ85022011 дугаарын регистртэй, Харачу овогт Ганзоригийн Чулуунбаатарын “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 56 дугаар тал/

18. ПЮ85022011 дугаарын регистртэй, Харачу овогт Ганзоригийн Чулуунбаатарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 60 дугаар тал/

19. ПЮ85022011 дугаарын регистртэй, Харачу овогт Ганзоригийн Чулуунбаатарын нэр дээр гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн орон сууц байдаг тухай баримт /хэргийн 61 дүгээр тал/

20. ПЮ85022011 дугаарын регистртэй, Харачу овогт Ганзоригийн Чулуунбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 63 дугаар тал/

21.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Харачу овогт Чойжинжавын Оюунчимэгийн өгсөн... Манайх 10 хүүхэдтэй бөгөөд Г.Чулуунбаатар нь хамгийн том хүү байгаа юм. 1985 оны 02 сарын 20-ны өдөр төрсөн. Г.Чулуунбаатар нь Ховд аймгийн 3-р 10 жилийг 2003 онд төгссөн бүрэн дунд боловсролтой. Их дээд сургуульд сураагүй. Дүйцүүлэх албанд Эрдэнэт хотод цэргийн алба хаасан. Миний хүү Г.Чулуунбаатар нь 2005 онд Э.Энхриймаа гэдэг хүнтэй танилцаж гэр бүл болсон. Эднийх 4 хүүхэдтэй бөгөөд хамгийн том охин нь одоо 14 настай, бага 3 хүүхэд нь 5, 3, 1 настай нийт 4 хүүхэдтэй. Г.Чулуунбаатар нь 2007 оноос хойш Эрдэнэт хотод ирж амьдарсан ба 2018 онд Ховд аймаг шилжиж ирсэн. Г.Чулуунбаатар нь одоо хүний том машин барьж Хөшөөтийн уурхайд нүүрс тээвэрлэдэг. Эхнэр Э.Энхриймаа нь ямар нэгэн ажил төрөл байхгүй, хүүхдээ хараад гэртээ байдаг. Тийм л амьдралтай хүмүүс байгаа юмаа. Тэгээд манай бэр болох Э.Энхриймаа нь сүүлийн үед архи их ууж гэр бүлээ, хүүхдүүдээ орхиж  явах болсон. Тэгээд би өөрийн эрхгүй хүүхдүүдийг нь харах гэж Орхон аймгаас гэрээсээ ирж байж байгаа юмаа. Энэ гэр бүлийн амьдрал их хэцүү байна. Эхнэр нь архи уугаад алга болчихдог. Нөхөр нь амьдрах гээд олон хоногоор машин бариад явчихдаг. Ард нь хүүхдүүд нь эзэнгүй орхигдож амар тайван өсөж торних эрх нь маш их зөрчигдөж байна. Тэгээд би хүүхдүүдийг нь харах гэж ирсэн. Болохгүй бол 3 хүүхдийг нь аваад явчих санаатай байна.  Манай хүү мөн л эхнэрээ хайж яваад нэг газарт байсныг нь олоод тухайн үед манай хүү эхнэртээ уурласан уурандаа хажууд нь байсан хүнийг заамдаж байгаад түлхчихсэн чинь нөгөө хүн нь гэмтэл авсан гээд шалгагдаж байгаа гэж надад хэлсэн. Ер нь энэ хэрэг бол эхнэрээс нь шалтгаалж болсон гэж бодож байна. Миний хүү даруу төлөв зантай, шулуун шударга, хэлэх гэсэн үгээ шууд хэлчихдэг, хүнд тусархаг, цагаан цайлган сэтгэлтэй, амьдралынхаа төлөө хэдэн хүүхдүүдийнхээ төлөө маш их зүтгэж хөдөлмөрлөдөг, ажилч хичээнгүй тийм хүүхэд байгаа юмаа. Ямар нэгэн төрөлхийн хууч өвчин байхгүй, нуруундаа жаахан гэмтэлтэй. Тэр нь хааяа өвдөөд байдаг. Өөр ямар нэгэн өвчин байхгүй.  Ямар нэгэн муу зуршил байхгүй. Тамхи татдаг, архи хааяа нэг найз нөхөдийн хүрээнд уудаг. Өөрийн газар, хувийн орон сууцтай, хүний машиныг зээлээр түрээсээр барьдаг. Өөр эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй. Шүүх, прокурорт хандаж хэлэхэд энэ хүний хувийн амьдралыг харгалзан үзээд хамгийн хөнгөн ялаар шийтгүүлж өгөхийг хүсэж байна. Нялх 3 хүүхэдтэй энэ хүнээс өөр гэр бүлд нь хэрэгтэй хүн алга байна... гэх мэдүүлэг / хэргийн 58-59 дүгээр тал/   зэрэг болно. 

 

                        Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж, хууль зүйн хувьд дүгнэлт хийхэд:

3.Шүүгдэгч Ганзоригийн Чулуунбаатар нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны  өглөө 10 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын 07 дугаар /Магсаржав/ багийн нутаг дэвсгэрт байрлах "Алтайн буйлиаст" орон сууцны 0 тоотод байх иргэн Н.Аюурзанын гэрт хохирогч М Даваадоржийг эхнэртэйгээ хардаж улмаар хана руу түлхэн унагааж эрүүл мэндэд нь толгойн баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий... гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

4.Шүүгдэгч Г.Чулуунбаатар нь хохирогч М.Даваадоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан... гэм буруу болон  хэргийн  зүйлчлэлийн хувьд маргахгүй байна.

5.. Иймд шүүгдэгч Г.Чулуунбаатар... хохирогч М Даваадоржийг эхнэртэйгээ хардаж улмаар хана руу түлхэн унагааж эрүүл мэндэд нь толгойн баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал...бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь шүүгдэгч , хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.   

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Чулуунбаатар нь хохирогчийг хана руу түлхэн унагааж эрүүл мэндэд нь толгойн баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан... шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... толгойн баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал... бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж  үзлээ.

6. Иймд шүүгдэгч Г.Чулуунбаатар нь хохирогч М.Даваадоржийн толгойн баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал... гэх хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

          7.Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Чулуунбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон,  улсын яллагчийн дүгнэлт хэргийн үйл баримттай тохирч байна.

8.Иймд шүүгдэгч Г.Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

1. Шүүгдэгч Харачу овогт Ганзоригийн Чулуунбаатарын /ПЮ85022011 дугаарын регистртэй/    “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”  хэргийн 56 дугаар тал/ болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Харачу овогт Чойжинжавын Оюунчимэгийн өгсөн... Манайх 10 хүүхэдтэй бөгөөд Г.Чулуунбаатар нь хамгийн том хүү байгаа юм. 1985 оны 02 сарын 20-ны өдөр төрсөн. Г.Чулуунбаатар нь Ховд аймгийн 3-р 10 жилийг 2003 онд төгссөн бүрэн дунд боловсролтой. Их дээд сургуульд сураагүй. Дүйцүүлэх албанд Эрдэнэт хотод цэргийн алба хаасан. Миний хүү Г.Чулуунбаатар нь 2005 онд Э.Энхриймаа гэдэг хүнтэй танилцаж гэр бүл болсон. Эднийх 4 хүүхэдтэй бөгөөд хамгийн том охин нь одоо 14 настай, бага 3 хүүхэд нь 5, 3, 1 настай нийт 4 хүүхэдтэй. Г.Чулуунбаатар нь 2007 оноос хойш Эрдэнэт хотод ирж амьдарсан ба 2018 онд Ховд аймаг шилжиж ирсэн. Г.Чулуунбаатар нь одоо хүний том машин барьж Хөшөөтийн уурхайд нүүрс тээвэрлэдэг ... гэх мэдүүлэг / хэргийн 58-59 дүгээр тал/, ПЮ85022011 дугаарын регистртэй, Харачу овогт Ганзоригийн Чулуунбаатарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 60 дугаар тал/, ПЮ85022011 дугаарын регистртэй, Харачу овогт Ганзоригийн Чулуунбаатарын нэр дээр гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн орон сууц байдаг тухай баримт /хэргийн 61 дүгээр тал/, ПЮ85022011 дугаарын регистртэй, Харачу овогт Ганзоригийн Чулуунбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 63 дугаар тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг  зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Г.Чулуунбаатар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3.Шүүгдэгч Г.Чулуунбаатар нь бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2-т зааснаар  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4. Шүүгдэгч Г.Чулуунбаатарыг...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, Хөшөөтийн уурхайд жолооч ажилтай зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч Г.Чулуунбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр  торгох ял  шийтгэв.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чулуунбаатарт оногдуулсан  таван зуун  мянган төгрөгийн торгох ялыг  шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан  дүгнэлт,  улсын яллагчийн дүгнэлт зэргийг  харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт заасан... Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Чулуунбаатарт  тайлбарлаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Гурав: Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Даваадорж нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.Чулуунбаатар нь бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шийдвэрлэв.                 

Эрүүгийн 2236000000316 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.Чулуунбаатарт 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 , 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

       

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Харачу овогт Ганзоригийн Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Харачу овогт Ганзоригийн Чулуунбаатарт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун  мянган  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч Г.Чулуунбаатарт оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн 2236000000316 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт   зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Чулуунбаатарт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар  шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чулуунбаатарт  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хэвээр хэрэглэсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА