Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 154

 

 

2019 оны 04 сарын 10 өдөр

 

Дугаар 153/ШШ2019/00154

 

Жаргалант сум

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 6-3 тоотод оршин суух, Жадик хуланбай овогт Төмөрханы Р /ПЗ59020510/-ын нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 153/2019/00087/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ахаат нар оролцлоо.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Р нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ахаат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний төрсөн ах Т.Р 1959 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төмөрханы 2 дахь хүү болон төрсөн. Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд 1969 онд 1 дүгээр ангид элсэн орж 1972 онд 3 дугаар анги төгссөн. 1977 онд цэргийн албанд татагдаж 1980 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1981 оноос 1991 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад ногоочноор ажиллаж байсан. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд 1991-2000 онд хүртэл хамрагдсан. Миний ах Т.Рын тэтгэвэр тогтоолгох нас болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Т.Рыг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1981 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочин, тариачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.Р  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ахаат нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Т.Рын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1981 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочин, тариачнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодуурллаа.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.Р нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1981 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочин, тариачнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн 1981 оны 5 дугаар сарын 6-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч А.Авдалын ....Би 1971 онд Ховд аймгийн Мянгад сумын дунд сургуулийн 7 дугаар ангийг төгссөн. 197-1972 онд Төв аймгийн Эрдэнэ сантын Ар хустайн тракторын 6 сарын курст явсан. 1973 онд цэргийн албанд явж 1976 онд халагдаж ирсэн. Би 1976 оны 8 дугаар сараас 1991 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад тракторын жолооч, ногоочноор тус тус ажиллаж байсан....Т.Р нь нь намайг цэрэгт явахад сургуулийн хүүхэд байсан. Цэргээс ирэхэд эцэг, эхийн гар дээр байж байгаад цэрэгт явсан юм. 3 жил цэргийн албанд яваад 1980 оны хавар цэргээс халагдаж ирсэн. Т.Р нь 1981 оны 12 дугаар сараас Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад ногоочноор 1991 он хүртэл тасралтгүй ажилласан. Т.Рын аавынх нь нэрийг Төмөрхан гэдэг. Хамгийн том хүүхэд нь Р байгаа юм. Т.Р нь надтай ажиллаж байхдаа ногоочин байсан. Манай бригад нь зун нь ногоогоо тариад өвөл нь үйлдвэр бригадад ажил юу л байна, бүгдийг нь хийдэг байсан. Т.Р энэ жишгээр л нэгдэлд ажиллаж байсан. Манай Давшилт нэгдэл 1991 онд тарсан юм.... гэх мэдүүлэг, гэрч М.Хумайн ....Би Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 32 жил ажилласан. Ногоочин байсан. Одоо хүртэл ногоо тариад амьдарч байна....Т.Р нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад ногоочноор ажилллаж байсан. Нас өндөр болохоор оныг нь тодорхой хэлж мэдэхгүй мартсан байна. Р нь ямар нь байсан Тариа бригадад ногоо тарьдаг байсан. Рын эцэг эх нь мөн л ногоочин байсан. Т.Рын аавынх нь нэрийг Төмөрхан гэдэг. Ээжийнх нь нэрийг Жази гэдэг. Т.Рын эцэг, эх нь ногоочин байсан. Р мөн л ногоочин болсон....  гэх мэдүүлэг, 1988 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олгосон Баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 408 дугаартай албан бичиг, гэрч А.Авдалын ажиллаж байсан байдлыг нотолсон Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1986 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7-8, 21-2, 23-24, 26, 27 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний 01261310 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 11 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгч Т.Рын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочин, тариачнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан иргэн А.Авдал, М.Хумай нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жадик хуланбай овогт Төмөрханы Рын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1981 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочин, тариачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочин, тариачнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Рын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       С.ОЮУНЖАРГАЛ